Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/69

 

 

 

 

 

 

 2023            9            27                                                   2023/ДШМ/69       

 

                                            Б-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Уянга

хохирогч М,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х,

иргэний хариуцагч Б.О,

шүүгдэгч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тус тус гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х, шүүгдэгч Б түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 176/2022/0327/7 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овогт Б Б, 1964 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 7 дугаар баг Баруунсайханы 20-31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ширээгийн булаг” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Мын жолоодож явсан Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч М.Н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Төв аймгийн прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Я овогт Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я овогт Б Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б нь гэмт хэргийн хохирол 42,890,650 төгрөгийг төлсөнг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хд 4,374,990, хохирогч Ц.Зд 4,510,581 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 15,276,354 төгрөгийг,  Ц.Згийн үлдэх 7,034,382 төгрөг, Эгийн 7,540,000 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Бын 441810 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я овогт Б Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амь хохирогч М.Н хууль ёсны төлөөлөгч М Х миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар 22-ны едрийн 344 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х миний бие дараах үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна. Учир нь, 1 дүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байна" гэж заажээ.

Гэтэл оршуулгын зардлыг баримтаар 27,252,897 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн үзэж байгаа 4,552,000 төгрөгийн баримтууд нь байгууллага болон хувь хүний тамга тэмдэг, гарын үсэгтэй байхад 4,527,907 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй ойлгомжгүй байна.

Оршуулгын зардалын баримтад 9 ширхэг нийт 442,920 төгрөгийн баримт л ямар нэгэн тамга болон гарын үсэггүй баримт байсан. Тэр баримтуудыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн гэм хорын хохиролд хамаарч байна гэж дүгнэчихээд яагаад тамга тэмдэгтэй баримтуудыг хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн бүхэл бүтэн хүний амь нас хохирч эргэн нөхөгдөх боломжгүй, 2 хүүхэд өнчирч хоцроод нөхөр М нь хүнд бэртэж их хэмжээний хохирол авсан атал оршуулагын зардлыг шүүх буруу тооцож гарсан зардлаас хасаж гаргаж байгаа нь ойлгомжгүй, гомдолтой байна.

2 дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно" гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн яллах, хүндрүүлэхтэй холбоотой асуудлаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х миний санал, хүсэлтийг сонсохгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг явуулсан гэж үзэхээр нөхцөл байдал үүсч байна

3 дугаарт Бын буруутай үйлдлийн улмаас 3 хүний биед хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нэг хүний амь нас хохироод байхад анхан шатны шүүх 2 жилийн хорих ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж дээрхи гомдлыг гаргаж байгаа болно

Иймд тус шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрийг зөв тооцож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 344 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Я овогт Б Б би давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өмнө яваа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаар зорчин ирж буй Тоёото  приус маркийн тээврийн хэрэгслийг (цагаан өнгөтэй) (нарны эсрэг тусгалд гялбаж харагдаагүйгээс) мөргөсөн. Миний болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь хохирч, бусдын эрүүл  мэндэд гэм хор учруулсандаа туйлын их гэмшиж харамсаж явдаг ба одоо ч энэ гомдлоороо дахин уучлалт гуйж байна. Хохирогч нарт учирсан бодит хохирлыг нэн даруй барагдуулах үүднээс хувь хүнээс болон банкнаас зээл авч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 42,890,650 төгрөг, шүүхийн шатанд 8,885,571 төгрөг, нийт 53,637,283 төгрөг барагдуулж дэм туслалцаа үзүүлэхийг хичээж яваа.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 344 тоот шийтгэх тогтоолын хэргийн нөхцөл байдал, болсон харамсалтай явдал хийсэн дүгнэлт нь миний үйлдлийн улмаас хор хохирлын талаар хийсэн дүгнэлт нь Монгол улсын холбогдох хуулийн дагуу  шийдвэрлэгдсэн гэж үздэг хэдий ч шүүгдэгч Б миний биеийн эрүүл мэндийн байдал болон хохирогч нарын маань цаашид хуулийн дагуу гаргаж болох материаллаг хохирлыг төлж барагдуулах талаарх зүйлүүдэд давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүх бүрэлдэхүүнд хандаж энэхүү гомдлыг бичиж байна. Үүнд:

1. Шүүх хурал дээр хохирогч М, Ц.З нар цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, анхан шатны шүүхийн 244 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар төдийгүй хуульд зааснаар хохирогч нарт цаашид гарах хохирлыг тухай бүрд өөрийн биеэр барагдуулах сэтгэл зүтгэл байвч шүүгдэгч Б би хорих ял биечлэн эдлээд явахад урьдын адил шийдвэрлэх боломж хязгаарлагдана. Түүнчлэн хохирогч нартай тухай бүр хуульд зааснаар тооцон гаргасан хохирол төлбөрийг өөрөө хөдөлмөрлөж барагдуулах нь тэдний эрх ашгийг бүрэн хангах, эерэг нөхцөл байдал бий болно гэж ойлгож байна.

2. Шүүгдэгч Б би гэмт хэрэг үйлдсэн цаг мөчөөс жолоочийнхоо үүргээ чадлынхаа хэрээр биелүүлж бэртэж гэмтсэн хохирогч нартаа эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхийн тулд замд яваа тээврийн хэрэгслийг гуйж эмнэлгийн яаралтай тусламж дуудах эмнэлэгт хүргэх зэрэг арга хэмжээг авсан. Хохирогч нар тухай бүрт гаргасан материаллаг хохирлыг барагдуулсан, цаашид мөн барагдуулах болно гэдгээ илэрхийлж байна.

3. Шүүгдэгч Б би 15 гаруй жил тээврийн хэрэгсэл жолооч хийхдээ захиргааны болон замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй, ямар нэг хэрэгт  холбогдож байгаагүй бөгөөд анх удаа санамсар болгоомжгүй хэрэг үйлдсэн ба өөрийн биед ослын улмаас өвчүү цуурч, нуруу гэмтсэн тул гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, Хуучин нурууны гэмтэл сэдэрч нурууны гэмтэл нь мэдрэлийн судсаа дарсан. Нурууны хагалгаанд орсон уушгины хүнд өвчтэй тул хүндрэлтэй гэж үзсэн. Энэ талаарх эмнэлэгт хэвтсэн баримтыг нотлох баримтад хавсаргаж өгсөн. 2021 оны 02 дугаар сард уушги унаж амьсгалын цочмог дутагдалд орж хагалгаа хийлгэж байсан. 2022 оны 5 дугаар сар, мөн оны 8 дугаар сард үзүүлсэн хоёр удаагийн давтан үзлэгээр уушгины цэврүү 7 см хүртэл томорч, уушгинд олон тооны цэврүү уйланхайтай, хэмжээ томорсон, хүнд юм өргөх, ханиалгаж найтаахад хагарах магадлал өндөр, хагарвал амьсгал зогсох амь насанд аюултай эрсдэлтэй тул яаралтай хагалгаанд орох эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсныг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Би сүүлийн гурван жилийн хугацаанд архаг үений үрэвсэл болох тулай өвчнөөр эмчлэгдэж байгаа. 2021 оны 5 дугаар сард элэгний цочмог, хурц үрэвслээр өвдөж, гепатит В,С вирустэй, халдвар судлалын эмнэлэгт байнгын хяналтад байдаг. Вирусийн тоо өндөр өөрчлөлт ихтэй эмийн болон эмийн бус байнгын эмчилгээтэй дэглэм барьдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Б намайг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан гурван үндэслэл, эдгээрт хамааралтай нотлох баримтуудын талаар дурдаж дүгнэлт өгөөгүй. Иймд миний насны байдал биеийн эрүүл мэндийн байдал, өөрөө маш их хэмжээний өр зээлтэй үлдсэн, хохирогч нарт цаашид гарах хохирлыг тухай бүрд нь хуулийн дагуу төлөх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа миний бие Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд бодит байдлаар нь харьцуулан судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв гэж бичсэн байна.

Шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэсэн.

Шүүгдэгч Бын өмгөөлөгч би шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн цагаас эхлэн хохирогч нарт учирсан материаллаг /бодит/ хохирлыг шүүх хурлаас өмнө ямар нэг аргаар төлж шүүх хуралд орвол ял шийтгэл жаахан ч гэсэн хөнгөрнө гэж зөвлөж ирсний дагуу Б шүүх хурлаас өмнө хохирогч нарт учирсан шууд /бодит/ хохирлыг өөрийн чадах чинээгээр хувь хүн, банкнаас зээл авч төлж шүүх хуралд орсон. Энэ талаар шийтгэх тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж дурдсан байсан.

Шүүгдэгч Бын талаас 1. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн комиссын шийдвэрт “2 талын уушгины олон тооны буглаа өвчний учир мэс заслын эмчийн хяналтад байдаг, цаашид 3 дугаар шатлалд 2 талын уушгины буглаа авах мэс засал хийлгэх шаардлагатай”.

2. Мөн эмнэлгийн комиссын шийдвэрээр “гэмтлийн онош тавьж гэмтлийн эмчийн хяналт болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн гэмтлийн эмчийн хяналтад байгаа нь үнэн болно”.

3. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Бод цээжний хөндийн компьютерт томографын шинжилгээнд: “Хоёр уушгины уг орчмоор байрласан олон тооны янз бүрийн хэмжээтэй, агаар бүхий хөндийнүүдтэй. Хамгийн том нь баруун угийн дээр байрласан 7,1 см хэмжээтэй.

4. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн томограф бичлэг “Б Бүсэлхий нурууны бүх түвшинд нугалам хоорондын диск дегенеравив өөрчлөлтөд орсон. Бүсэлхий нурууны L2/L3.L4/L5 нугалам хоорондын диск арагш нугасны суваг руу тархмалаар цүлхийсэн. 2 талын форминал зай нарийссан. Мэдрэлийн гарах ёзоор шүргэсэн. 14.1.5 нугалмын арын шар холбоос зузаарсан өөрчлөлттэй. Нугасны суваг нарийссан”.

5. “Лазер мед” эмнэлгийн компьютерт томографын шинжилгээгээр “Б “Бүсэлхийн 1, 2 дугаар нугалам арагш мултарсан. 12/1, 3 нугалам хоорондын зай намссан. Бүсэлхий 15/51 дүгээр нугалмын түвшинд нугалам хоорондын жийргэвч мөгөөрс нугасны суваг руу тархмал байрлалтай цүлхийсэн. Бүсэлхийн 1, 3, 14 дүгээр нугалмууд бага зэрэг зүүн тийш мурийлттай” гэж бичигдсэн эмнэлгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн талаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд огт дурдагдаагүй явдалд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын санкци дээд хэмжээ 5 жил, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт хуульд хуульчлагдсан ба мөн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зүйл ангид хорихоос өөр төрлийн ял болох 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор хуульчилсан байхад шүүхээс шүүгдэгч Бын ялыг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ялын доод хэмжээнээс дээш 2 жилийн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсгийн 1.1 “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх заалтуудыг хэрэглэх боломжтой байсан.

Бын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүйн хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн ангиллын хөнгөн хэрэгт хамааруулсан байдаг. Б энэ гэмт хэргийн улмаас өвчүү нь цуурч нуруу гэмтсэн тул гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хуучин нурууны гэмтэл нь сэдэрсэн. Нурууны хагалгаанд ороход уушгины хүнд өвчтэй тул хүндрэлтэй гэж үзсэн. 2021 оны 02 дугаар сард уушги унаж, амьсгалын цочмог дутагдалд орж хагалгаа хийлгэж байсан. 2022 оны 5 дугаар сар, 8 дугаар саруудад үзүүлсэн хоёр удаагийн үзлэгээр уушгины цэврүү нь 7,1 см хүртэл томорч уушгинд олон тооны цэврүү уйланхайтай, хэмжээ томорсон, хүнд юм өргөх, ханиалгаж найтаахад хагалгаанд орох эмч нарын комиссын шийдвэртэй, Б нь сүүлийн гурван жилийн хугацаанд архаг үений үрэвсэл болон тулай өвчнөөр эмчлэгдэж байгаа, 2021 оны 5 дугаар сард элэгний хурц үрэвслээр өвдөж гепатит В, С вирустэй халдвар судлалын эмнэлэгт байнгын хяналтад байдаг. Вирусийн тоо өндөр, өөрчлөлт ихтэй эмийн болон эмийн бус байнгын эмчилгээний дэглэм барьдаг.

Өмгөөлөгч би цагдан хорих төвд очиж уулзахад түүний биеийн байдал сайнгүй, цэртэй цус гарч, хоёр хөлд нь нэлэнхийдээ тууралт гарч цээжээр нь сүүлийн хоёр хоног хатгаж өвдсөн гэсэн зовуурьтай, хорихын эмч чагнаж үздэггүй, гаднаас нь үзээд тэмдэглэл хөтөлж бүртгэж авсан гэсэн өгүүлэмжтэй байсан учир эмчтэй нь уулзаж хүсэлт өргөдөл гаргасан. Хорихын эмч өвчний талаар шүүхэд баримтаа өгсөн гэсэн биз дээ. Дээд шатны эмнэлэгт хэвтүүлэх асуудлыг шүүх шийднэ. Аймгийн эмнэлэгт үзүүлээд зураг авхуулахад нарийн гарахгүй, имрай хийлгэж байж нарийн гарна гэж хэлсэн. Шүүгдэгч Б хохирогч нарт учирсан бодит хохирлын мөнгийг шүүх хурлаас өмнө төлөх зорилгоор хувь хүн болон банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн өртэй байдал, биеийн эрүүл мэндийн байдал, хохирогч нарт цаашид гарах зардлыг төлөх байдал, насны байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Гэмт хэргээс болж эд хөрөнгөөрөө хүртэл их хохирч байна. Дээд сургуульд орсон охиныхоо төлбөрийг хүртэл төлж чадахгүй энэ жил сургуульд нь явуулаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Б.О нар тус шүүх хуралдаанд: Хэлэх тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

Төв аймгийн Прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулгыг “...Б Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ширээгийн булаг” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Гранд Старекс” маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Мын жолоодож явсан Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч М.Н амь насыг хохирсон...” гэж тусгасан /2хх-н 9/.

Анхан шатны шүүх шүүгдэгч Бод холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн хянан шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Бын холбогдсон зам тээврийн ослын улмаас М.Н амь нас хохирсноос гадна Т.М /1хх-н 134-135/, Э /1хх-н 155-156/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.З /1хх-н 175-176/, Д.Батцэрэн /1хх-н 178-179/, О.Б/1хх-н 184-185/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх ба мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар дээрх хүмүүсийг хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж, мэдүүлэг авсан байна.

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /1хх-н 217-219/ хүргүүлсний дагуу прокурор 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2134004420108 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /1хх-н 220-225/ гаргасан. Энэ тогтоолд Быг зам тээврийн осол гаргаж М.Н амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь уг гэмт хэргийн улмаас бусад хохирогч нарын эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй гэж үзэхээр байна.

Мөн прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтэд 2 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаар тогтоох хэсэгт болон хавсралтад зарим хохирогч /Д.Б, О.Б зэрэг/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаар тусгаагүй нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 5.3-т заасан шаардлагыг хангаж гараагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хэд хэдэн /хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон г.м/ шинжийг хангасан тул хуульд заасан аль хүнд хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчлэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэргийн үйлдэл тус бүрийг заавал тусгана. Ингэснээр уг гэмт хэргийн бусад хохирогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэл гаргах, шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон, эсхүл цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой хохирлыг түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах боломжтой болох бөгөөд хохирогч нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан үндсэн эрх эрх чөлөөг баталгаатай эдлэх учиртай юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х, шүүгдэгч Б түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах зүйтэй.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД                                З.ТҮВШИНТӨГС

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ