2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01367

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 13 191/ШШ2025/01367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ч.Ж нь манай компанитай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр МЕ-СТГ/2023-120066 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,949,900 /Хоёр сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Ч.Ж нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 14 Pro Max Deep Purple 128GB MQ9T3ZP/A загварын гар утсыг "П" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Ч.Ж нь МЕ-СТГ/2023-120066 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 28-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,061,593.63 /Долоон сая жаран нэгэн мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг төлөх байснаас 50,000 /Тавин мянган/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 7,011,593.63 /Долоон сая арван нэгэн мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран гурван мөнгөн/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 588 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32024/23865 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ч.Ж-ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Ч.Ж нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ч.Ж-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.Х, Ж.Э, Т.Т, Г.Э нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн МЕ-СТГ/2023-120066 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-ний хуулбар, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, Ч.Ж-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/23865 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь Ч.Ж-тай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн МЕ-СТГ/2023-120066 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ч.Ж-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж нь санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байр, 21 тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/23865 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу М овогт Ч.Ж /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар М овогт Ч.Ж /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М овогт Ч.Ж /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. М овогт Ч.Ж /РД:/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х ХХК /утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАЯР