Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 305/ШШ2025/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ******** өдөр Хөхморьт суманд төрсөн. Аав, ээжээс 6-лаа, айлын том охин. Багаасаа аав ээжийн хамт мал маллаж байсан. 1990-2000 оны хооронд аав, ээжийн хамт Хөхморьт сумын Цоохор нуур багт өвөлжөө, хаваржааны хөвч, Хүрэн босго гэх газраар нутаглаж мал маллаж байсан. Аав ******** маань нутаг орондоо нэр хүндтэй, ажилч хөдөлмөрч хүн байсан тул олон шагнал баярын бичиг гардаж авч байсан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөхморьт сумын малын А данс татвар төлсөн баримт архивт болон татварын албанд байхгүй гэсэн тул нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны мал маллаж байсныг тогтоолгож ир гэсэн юм гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Төрсний бүртгэлийн лавлагаа/********/

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/6347 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/6348 дугаартай архивын лавлагаа

- Монгол Улсын Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/02 дугаартай албан бичиг

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дугаартай тодорхойлолт

- Диплом/********/, баярын бичгүүд/********/

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/23 дугаартай тодорхойлолт

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/********, ********/

- Татварын тооцоолол/********/

- Гэрч ********, ******** нарын мэдүүлэг

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, журналын хуулбар

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн төгсөгчдийн нэрсийн жагсаалт

- Нийгмийн даатгалын дэвтэр/********/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ******** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдов. Үүнд:

- Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/6347 дугаартай 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Цогт сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүн ********, эхнэр ********, охин С********, хүү ********, охин ********, охин ********, охин ********, охин ******** нар тоологдсон архивын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/6348 дугаартай 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор багийн хөдөөд оршин суух, өрхийн тэргүүн ********, эхнэр ********, охин ********, охин ********, охин ********, хүү ********, охин ******** нар тоологдсон архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/02 дугаартай тус сумын 1-р багийн малчин ******** нь Цоохор нуур багтаа 1989-2000 онуудын хооронд өвөлжөө-Хөвч, хаваржаа-Хүрэн босго зэрэг газруудаар нутаглаж мал маллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дугаартай тус сумын 1-р багийн малчин ******** нь Цоохор нуур багтаа 1989-2000 онуудад мал маллаж байсан бөгөөд тухайн онуудын А данснуудыг сумын Засаг даргын тамгын газрын архивт хүлээлгэж өгөөгүйгээс материалууд нь устаж үгүй болсон нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ардын гүйцэтгэх захиргаанаас 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******** 1989 онд мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд өндөр амжилт гаргаж, сумын Ашиг шимийн аварга малчнаар шалгарсан тул диплом, мөнгөн шагналаар дурсгаж, 1990 оныхоо ажилд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе гэх диплом,

- Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Намын хороо, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо, Ахмадын хороо, Нэгдлийн зөвлөлөөс 1990 оны 07 дугар сарын 10-ны өдөр ******** аймаг байгуулагдсаны 50 жилийн ой угтаж малчид, хөдөлмөрчдийн дунд зарласан мал онд оруулалт, төл бүрэн бойжуулалтын аяны болзолд ажил, хөдөлмөртөө амжилт гарган шалгарсан тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэх баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн ерөнхий хорооноос 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******** мал сүргийг онд оруулах, төл бойжуулах ажилд өмнөх жилүүдийн ажлын амжилтаа ахиулан ажилласан учир баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав. Таны цаашдын ажилд ажлын амжилт, аз жаргал, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе гэх баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн ерөнхий хорооноос 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******** хариуцсан мал сүргээ отор нүүдлээр таргалуулан ажиллаж Отор онгийн хүч-90 уралдаанд шалгарсан учир болзлын шагналаар шагнав. Таны цаашдын ажилд ажлын шинэ амжилт хүсье гэх баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн ерөнхий хорооноос 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ******** мал сүргийг онд оруулах төл бойжуулах ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж төллөх малын сууриудаас Ардын хувьсгалын 70 жилийн ой угтаж зарласан социалист уралдааны болзолд 3-р байранд шалгарч ажилласан учир болзлыг шагналаар шагнав. Таны цаашдын ажилд ажлын шинэ шинэ амжилт хүсэн ерөөе гэх 100 хувьтан,

- Говь-Алтай аймгийн Засаг даргаас Хөхморьт сумын малчин ******** 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1992-1993 оны өвөл, хаврын бэлтгэлийг бүрэн хангаж, мал сүргийг өвөлжүүлж, хаваржуулах, төл бойжуулах ажилд өндөр амжилт гаргасан сум, аж ахуйн удирдах ажилтан, мал аж ахуйн мэргэжилтэн, малчдыг шалгаруулах аймгийн болзлыг биелүүлж, нэг ч том мал, төлийн хорогдол гаргаагүйг сайшааж, аймгийн Засаг даргын тамгын газрын баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав. Таны цаашдын ажил амьдралд аз жаргал, сайн сайхныг хүсье гэх баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хүүхдийн байгууллагаас 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******** таныг үр хүүхдийнхээ боловсрол хүмүүжлийн төлөө байнга анхаарч нэг ч хүүхдээ сургууль завсардуулалгүй сургаж байгааг тань талархав гэх баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/23 дугаартай тус сумын 1-р багийн малчин ******** нь Цоохор нуур багтаа 1989-2000 онуудад мал маллаж байсан бөгөөд тухайн онуудын А данснуудыг сумын Засаг даргын тамгын газрын архивт хүлээлгэж өгөөгүйгээс материалууд нь устаж үгүй болсон нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********, ******** нар гэр бүл болсныг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн-ийг гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- ******** 1991-2007 онуудын татварын тооцоололын хүснэгт, Говь-Алтай аймгийн Татварын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Хөхморьт сумын 1990-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул ********-д лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай ******** 1990 онд тус сургуулийг ******** багштай 8б ангид суралцаж төгссөн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт, журналын нэрсийн 26, 27, 26-рт Цэрэндэжид,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн төгсөгчдийн нэрсийн жагсаалтын 43-рт Сандуйн ********,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Нийгмийн даатгалын байцаагчаас ********-д олгосон 1104781 дугаартай 1990 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал 9 жил 6 сарын ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай тэмдэглэл хийгдсэн нийгмийн даатгалын дэвтэр,

Гэрч ******** Манай том хүүхэд байгаа юм. 1990 оноос хойш 8 төгсөөд мал малласан гэх мэдүүлэг,

Гэрч ******** Тэр үед чинь нэгдэл гээд бид нар чинь 450-500 төллөх малтай байдаг байлаа. Хүүхэд сургууль сурдаг томоос нь гаргаад л хажуудаа аваад гарын үзүүр хийж байсан. Тэр бол үнэн. ******** 1990 онд аав, ээж нь сургуулиас гаргаад мал маллуулсан. Айлын эхнэр болж тусдаа гарах хүртлээ аав ээжтэйгээ мал малласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ******** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт эцэг ******** өрхөд харьяалагдан, малчнаар ажиллаж байжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ******** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэгч ******** малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Харин нэхэмжлэгч ******** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэгч ******** нь 1990 оны 01-06 дугаар саруудад Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, журналын нэрсийн 26, 27, 26-рт ********, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн төгсөгчдийн нэрсийн жагсаалтын 43-рт ******** гэсэн баримтуудаар тус тус нотлогдож байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******** 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА