| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0657/э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2016-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч В.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В.Дид холбогдох эрүүгийн 1711011720327 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч В.Д РД:/...................., улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч В.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр сургуулийн орчимд О.Алтансүхтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч В.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч В.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр студийнхээ байрыг тохижуулсан. Тэгээд студи дотроо найзуудтайгаа 2, 2 шил пиво уусан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 207 оны 11 дүгээр сарын 01-нийг шилжих шөнө үүрийн 05 цагийн үед харихаар ганцаараа Нарны зам орчмоос такси бариад замаараа их дэлгүүрийн баруун талын АТМ ороод мөнгө аваад эргэж таксиндаа суугаад 24 дүгээр сургуулийн орчимд гэрийнхээ үүдэнд ирсэн. Тэгтэл таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан бэ гэж асуутал 3800 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгээд би км-ийн заалтаа хартал 3.8 км гарсан байсан. Би 1000 төгрөгөөр явж байгаа юм уу гэж асуутал таксины жолооч тиймээ 1000 төгрөгөөр 1 км-г бодож явдаг биз дээ гэтэл тэр таксины жолооч залуу өөрийгөө би 1000 төгрөгөөр явдаг ш дээ гэж хэлэхээр нь нээх маргалдалгүй 5000 төгрөг өгсөн. Тэгээд хариулт 1200 төгрөгөө аваад машинаас нь буухдаа машины хаалыг хүчтэй хаагаад буутал нөгөө жолооч уурлаад намайг учраа мэдэхгүй бацаан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тоолгүй, цаашаа яваад замын хажууд зогстол жолооч араас нь ирснээ хөөё гээд намайг заамдаад авсан. Тэгээд заамдахаа лавшруулаад боолтонд оруулахаар нь би гарнаас нь бариад тавиулах гэж оролдсон ч дийлээгүй. Тэгээд надад боолт ороод байхаар нь би өөрийгөө хамгаалаад нөгөө жолоочийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол хамарнаас нь нилээн их цус гоожсон. Тэгтэл нөгөө залуу цагдаа дуудна гэхээр нь би заза тэгвэл цагдаагаар шийдүүлье гээд хүлээгээд тэгээд удалгүй цагдаа ирсэн…“гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Хохирогч О.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих -шөнө би өөрийн эзэмшлийн 57-88 УБН дугаартай Приус.маркийн машинтайгаа такси үйлчилгээнд явж байсан. Тэгээд 03 цагийн орчимд Нарны зам дагуу дэлгүүрийн үүднээс нэг залуу аваад Бөмбөгөрийн хажуу талын ..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч П.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн үед би нийтийн байрны галаа түлэх гээд гарчихаад ороод ирсэн чинь гэрт маргаан болоод байсан. Тэгээд нэг мэдэхэд л зодоон болоод эхэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ¹13680 дугаартай дүгнэлтэнд: О.Алтансүхийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: В.Д нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч В.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дуга ар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр сургуулийн орчимд О.Алтансүхтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13680 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч В.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр сургуулийн орчимд О.Алтансүхтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч О.Алтансүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь /хх-ийн 29 дүгээр хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч В.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч В.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Дийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Дид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар В.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. В.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Дид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА