| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2022/0024/З |
| Дугаар | 111/ШШ2025/0001 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2025/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ ” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч ,
Хариуцагч Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Засаг дарга “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот “тогтоол хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ ” ХХК нь “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот “тогтоол хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баянхонгор аймгийн иргэдийн Нийтийн хурал 2022 оны 08 дугаар сарын 10 өдөр хуралдаж 02 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор багийн иргэдийн Нийтийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “ ” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авсан тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Тус “ ” ХХК нь Канадын Erdene Resourse Development Corporation компанийн дахь охин компани бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутагт байрлах тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг билээ.
Уртын гол 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар албан тоотоор тус Багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 08 дугаар сарын
10-ны өдрийн 12:00 цагт болох бөгөөд хурлын хэлэлцэх асуудалд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талаарх танилцуулга хийх асуудал орсон тул БИНХ-д оролцож, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөхийг манай компаниас хүссэн юм.
Бид уг мэдэгдлийн дагуу БИНХ-д оролцохоор бэлтгэж байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Амарбуянтын хүрээ байгуулагдсаны 327 жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцож байсан манай компанийн ажилтнуудыг Баян-Өндөр сумын иргэд хэл амаар доромжлон, биед нь халдаж гэмтэл учруулсан, компанийн өмчлөлийн 2 гэрийг нурааж олон нийтийн газарт танхайрсан үйл явдал болсон тул олон нийт цуглах арга хэмжээнд дахин ийм үйл явдал болохоос сэргийлж, БИНХ-д оролцох боломжгүй болохоо 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг дарга болон Багийн Засаг даргад албан бичгээр мэдэгдсэн болно.
Гэхдээ 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт товлогдсон багийн иргэдийн Нийтийн хурлаар тус багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшдэг уул уурхайн компаниудыг үйл ажиллагааныхаа талаар танилцуулахыг хүссэн тул багийн иргэдийн Нийтийн хурал бусад уул уурхайн компаниудын хамт оролцохоор хүлээж байтал 18:00 цаг өнгөрч, ажлын цаг дууссан бөгөөд тухайн үед хурлын ирц хүрээгүй, хурал нээгээгүй тул манай компанийн Орон нутгийн харилцааны ажилтан Б. нь Багийн Засаг дарга д албан ёсоор мэдэгдээд явсан байдаг.
Гэтэл үүнээс хойш ирц хүрээгүй байхад буюу 21:00 цаг өнгөрч байхад багийн иргэдийн Нийтийн хурлыг нээж, багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр тусгагдаагүй асуудал болох “ ” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулсан 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцүүлж, хууль зүйн үндэслэлгүйгээр 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, “ ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон, хууль бус захиргааны актыг эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээд болох манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог хангалгүй гаргасан байна:
Бид энэ талаар хурал болсноос хойш 7-10 хоногийн дараа нутгийн иргэдээс мэдээлэл өгсний дагуу мэдэж, улмаар Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль бус хурлын тогтоолд хориг тавьж өгөхийг хүсэж 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 177/22 тоот албан бичгээр Багийн Засаг даргад, мөн өдрийн 178/22 тоот албан бичгээр сумын Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг дарга нар өнөөдрийг хүртэл гомдолд хариу өгөөгүй болно.
Манай компанийн зүгээс Багийн Засаг даргад хандан Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэлийг танилцуулах шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй бөгөөд хурлаас хойш бүтэн нэг сарын хугацаа өнгөрсний дараа 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Багийн Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг бидэнд гардуулсан.
Ингээд багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг гардаж авснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 201/22 тоот албан бичгээр Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гомдол гаргасан ба гомдлын хариуд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 42 дугаар албан тоотоор “.. Багийн иргэдийн нийтийн Хурлын шийдвэрт оролцох боломжгүй" гэх хариуг өгсөн.
Эцэст нь багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тус багийн иргэдийн Нийтийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр хэрэгжиж, уг тогтоолыг үндэслэн “ ” ХХК-ИЙН Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдан, төрийн захиргааны байгууллагууд болон “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа атал багийн иргэдийн Нийтийн хурлаар нэгэнт хэрэгжиж, мөрдөгдсөн, хүчин төгөлдөр захиргааны актыг бүтэн нэг жил гаруй хугацааны дараа хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Багийн иргэдийн нийтийн хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, хууль бус захиргааны акт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1,106.3.12 дахь заалтуудыг тус тус баримтлан Баянхонгор аймгийн, Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлын 02 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол багийн Засаг дарга миний бие “ монгол’’ ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, хариу тайлбар гаргаж байна.
Манай Уртын гол баг нь нийт 398 өрхтэй, тус багийн нутагт 10 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг.
2022 оны 08 сарын эхээр “ ” ТББ-ын удирдлагын зүгээс багийн хурлаа хийж, уул уурхайн компаниудыг цаашид ажиллуулахыг иргэд дэмжих эсвэл дэмжихгүй болох талаарх асуудлыг нэг талд нь гарга гэдэг шаардлагыг надад тавьсан юм.
Ингээд багийн хурлыг 2022 оны 8 сарын 10-ны өдөр 12:00 цагт хийхээр товлож, хурлын зарыг ажлын 5 хоногийн өмнө “” фэйсбүүк групп, “Уртын гол” фэйсбүүк групп дээр тавьж, багийнхаа иргэд рүү утсаар ярьж зар хүргэсэн, багийн хурлын хэлэлцэх асуудалд уул уурхайн асуудлыг оруулах шаардлага тавигдсан учраас багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талаарх танилцуулга хийх асуудлыг хурлын зард оруулж, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өгөхийг “ монгол” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК зэрэг 10 компанид албан тоотоор мэдэгдсэн. Мэдэгдэл өгөх ажлыг манай сумын байгаль орчны байцаагч хариуцаж хүргүүлсэн.
“ монгол” ХХК-д мэдэгдэл өгсний дараахан хуралд оролцох боломжгүй гэдэг албан бичиг ирсэн бөгөөд энэ талаар ТББ-ын тэргүүн д хэлэхэд өөрөө тухайн компанийн хүмүүстэй холбогдоно гэсэн.
Багийн малчин иргэдийн 90 орчим хувь нь багийн төвөөс зайтай нутагладаг учраас 2022 оны 8 сарын 10-ны өдөр 12:00 цагт багийн хурлаа хийхээр багийн байранд очиж бэлтгэлээ хангасан боловч иргэдийн ирц хүрэхгүй байсан тул хурлаа эхэлж чадахгүй хүлээсэн.
“ монгол” ХХК хуралд оролцох боломжгүй гэдэг бичиг өгсөн ч хурлын өдөр тус компанийн ажилтан багийн байранд ирсэн байсан, тэгээд 18:00 цаг өнгөрч байхад ирц хүрсэн эсэх, хурал хэзээ эхлэх талаар асуусан ба ирц хүрээгүй гэдгийг хэлэхэд “тэгвэл хурал болохгүй юм байна гэж ойлголоо, бид дараагийн хуралд оролцож мэдээлэл өгье” гэж хэлээд явсан, үүний дараа мөн “ ” ХХК-ийн хүмүүс ирээд дараагийн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа хэлээд явсан, харин “ ” ХХК-ийн хүмүүс үлдсэн.
Багийн Засаг даргын хувиар ирсэн иргэдэд хандаж, ирц хүрээгүй учраас хурлаа дахин товлох талаар хэлж саналыг нь асуухад ТББ-ын тэргүүн хүмүүс авчирхаар говь руу явсан, иртэл нь хүлээнэ гэсэн тул цаг гаруй хүлээгээд ирэхээр нь хурлаа эхлүүлсэн бөгөөд үүгээр багийн дарга миний хурлын өмнө хүлээсэн үүрэг дууссан юм.
Ингээд багийн хурлыг манай багийн иргэдийн нийтийн хурлын дарга даргалж, хурлын тэмдэглэлийг хөтлөхөөр сонгогдсон ба багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, ингээд хурал эхлэхэд хэдэн компанид зар хүргэсэн талаар, “ монгол” ХХК-иас ирүүлсэн албан бичгийг уншиж сонсгосон.
Хурлын хэлэлцэх асуудалд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг лицензтэй уул уурхайн компаниудын танилцуулгыг сонсох асуудал орсон байсан ч хурлын явцад “ ” ХХК-ийн 2021 оны 6 сарын 27-ны өдрийн БИНХ-аар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хэлэлцсэн хурлын тогтоол хууль ёсны болсон эсэх талаар иргэн санал гаргаж, хэлэлцүүлэхээр болсон юм.
Учир нь “ ” ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг 2021 оны 06 сарын 27-ны өдөр хуралдсан Уртын гол багийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар дэмжсэнийг тус багийн хурлын тогтоолоор баталсан байсан.
Багийн Засаг дарга, хурал зарласан хүний хувьд энэ нь хуульд нийцэхгүй талаар хурал даргалагч болон сумын ИТХ-ын даргад хэлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга надтай санал нэгтэй байсан боловч иргэд цугласан дээр энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн.
Ингээд багийн хурал 23 цагийн үед дуусч, хурал даргалагч тогтоолоо уншиж танилцуулснаар хурал дууссан юм.
Миний бие Багийн Засаг даргын хувиар нутгийнхаа ТББ болон иргэдээс тавьсан санал, шаардлагын дагуу хурлаар хэлэлцэх асуудалд уул уурхайн компаниудын үйл ажиллагааны танилцуулга сонсох асуудлыг оруулж, хурлыг хуульд заасан хугацаанд зарлаж, иргэдэд хүргэсэн, гэхдээ 2022 оны 8 сарын 10-ны өдрийн хурлыг би даргалаагүй, багийн хурлын тогтоол гаргасан албан тушаалтан биш учраас “ монгол” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд өөрийгөө хамааралгүй, багийн Засаг даргын хувьд тус компанийн эрх ашгийг хөндөөгүй гэж өөрийгөө үзэж байна.” гэжээ
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зарлаж 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулж маш олон хууль журмуудыг зөрчсөн шийдвэр тогтоол гаргуулсан болно. Иргэдийн оролцоог хангалгүй багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлахаасаа авахуулаад хурлын дэг болон гаргасан шийдвэрүүд нь маш олон хуулийг зөрчиж гаргасан асуудлыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхийн саналаараа хэлэлцээд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болгосон болно.
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэдийн олонхийн саналаар миний бие хурал даргалагч хийсэн нь үнэн. Тухайн багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэж олонхоороо гаргасан тогтоол шийдвэрийг миний бие дан ганцаар хүчингүй болгох эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. 2022 оны 8 дугаар сарын 10-ны багийн иргэдийн Нийтийн хурлаар “ ” ХХК-ны асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар албан ёсны зарыг багийн дарга , байгаль орчны улсын байцаагч нар албан бичгээр “ ” ХХК-д хүргүүлсэн. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар “ ” ХХК-ийн хууль зөрчсөн асуудлыг таслан зогсоох цаашид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан тогтоол шийдвэр гаргасан гэж миний бие ойлгож байна. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар гаргасан шийдвэр тогтоолыг хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй уул уурхайн компани зөв бурууг шүүж тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэсгүй гэж миний бие ойлгож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ ” ХХК-иас тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч , багийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар “Тогтоол хүчингүй болгох” тухай тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг ирц бүрдээгүй байхад зохион байгуулсан гэж маргаж байгаа тухайд:
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон хуралдаан нь улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр юм. Анх манай байгууллагад багийн Иргэдийн Нийтийн Хурал болно, манай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүх кампаниуд оролцох ёстой гэсэн зар ирүүлсэн. Манай байгууллагаас хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдсэн хэдий ч тухайн өдөр нь уурхайн ажилтан ыг оролцуулахаар явуулсан. ******* 18 цаг өнгөртөл хурал эхлэхийг хүлээгээд явсан, явахдаа хамгийн сүүлийн байдлаар ирц бүртгэлийг шалгаж, үзэхэд 80 гаран хүн гарын үсэг зурсан байсан гэж хэлдэг. Гэтэл хуралдаан нь 19 цагт эхэлсэн байсан. Энэ хооронд хурал эхлэхэд 1 цаг хүрэхгүй хугацаа өнгөрсөн байна. Өдөржин ирц нь бүрдээгүй хурал 1 цаг хүрэхгүй хугацаанд ирц бүрдэж эхлэх боломжгүй юм. Тийм учраас ирц бүрдээгүй байхад хурал хуралдсан нь хууль зөрчсөн гэж тайлбарладаг.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хуралдаан эхлэхгүй удсан нь үнэн. 19 цагт хурлын ирц хангалттай бүрдсэн. Ирц бүрдээгүй бол бид хурлаа эхлүүлэх боломжгүй гэдгийг бид бүгд мэдэж байсан. Хуралдааны ирцийг багийн дарга миний бие, хуралдаан даргалагч бид хоёр ээлжлэн бүртгэж байсан.
2021-2022 онуудад манай баг ойролцоогоор 298-302 орчим өрхтэй байсан. яг хэдэн өрхтэй байснаа нарийн сайн мэдэхгүй байна. Манай багийн 300 өрхөөс 107 өрхийн төлөөлөл ирж хуралдаан эхэлсэн гэсэн тайлбар гаргав.
Шүүх захиргааны хэрэг үүсгээд уг өдрийн хуралдааныг хэрхэн, яаж, хаана зарласан баримт, ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл, тогтоол бусад нотлох баримтуудыг гаргуулахаар хариуцагч нарт болон Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газарт албан тоот явуулсан, мөн утсаар ярьсан боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ирүүлээгүй, архивт уг хуралдаантай холбоотой ямар ч баримт байхгүй гэсэн хариуг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай албан бичгээр Уртын гол 2 дугаар багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тогтоолын хувийн хэрэг, холбогдох нотлох баримтууд хаана хадгалагдаж байгаа талаар дахин багийн Засаг даргаас тодруулахад хуралдаан дууссаны дараа багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалсан бүх баримтуудыг аваад явсан гэж тайлбарладаг.
Шүүх 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн гэх *******оос шүүгчийн туслах утсаар холбогдон хуралдаантай холбоотой нотлох баримтууд хаана байгааг тодруулахад хуралдаан даргалсан бүх баримтуудыг аваад явсан гэсэн хариу өгсөн.
Мөн шүүхэд энэ талаар бичгээр тайлбар гаргаж ирүүлсэн болно.
Хуралдаан даргалсан тэй шүүхээс удаа дараа холбогдох гэсэн боловч утас нь холбогддоггүй.
Хариуцагч гийн амьдардаг сум болох Шинэжинст сум нь Баянхонгор аймгийн төвөөс 265 км зайд оршдог бөгөөд сумаасаа цааш 90 км зайд амьдран суудаг малчин учир шүүхээс тус сумын цагдаатай холбогдон хариуцагч г 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр товлосон шүүх хуралдаанд дуудан ирүүлсэн.
Уг шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг.
2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас ирүүлсэн хүсэлтийг хангаж хойшилсон.
Энэ шүүх хуралдааны дараа шүүхэд дуудаад ирэхгүй байсан хариуцагч ирсэн учраас хэрэгт ач холбогдолтой бичгийн нотлох баримтыг хаана байгааг тодруулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарыг оролцуулан уулзалт, хэлэлцүүлгийг шүүх хуралдааны зааланд зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж оролцсон болно.
Уг хэлэлцүүлэгт “2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны ирцийн бүртгэл, хурлын тэмдэглэл, тогтоол зэрэг холбогдох баримтуудыг хуралдаан даргалагч миний бие аваад явсан, сум руу ямар ч баримт явуулаагүй, бүх баримтуудыг гэртээ хадгалж байгаад алга болгосон, хайгаад олдохгүй байгаа, хүүхдүүд алга болгосон байхаа, би дараагийн шүүх хуралд ирэхдээ хайж олоод аваад ирье” гэсэн тайлбар гаргасан.
2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах ******* хэргийн оролцогчдод өөрийн утсаар мэдэгдсэн байна. Мөн шүүх хуралдаанд биеэр ирж оролцсон хариуцагч гээс хариуцагч яагаад шүүх хуралдаанд ирээгүй талаар тодруулахад “..шүүгчийн туслах над руу ярьсан өдөр би сумын төв дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч, хариуцагч тэй тааралдсан шүүх хурлын тов мэдэгдсэн чамд хэлсэн үү гэж хэлэхэд “би мэдэж байгаа” гэж хариулсан яагаад ирээгүйг нь мэдэхгүй байна гэсэн тайлбар гаргасан.
Эндээс дүгнэхэд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд ирэхдээ авч ирнэ гэсэн баримтуудыг хайж олоогүй, бөгөөд эдгээр нотлох баримтууд олдох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд ирээгүй байна гэж дүгнэлээ.
Хэдийгээр шүүх хуралдаанд хариуцагч ирц бүрдсэн байсан, хуралдаан эхлэхдээ багийн нийт 300 өрхийн 107 өрхөөс оролцогч ирсэн, энэ нь хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа гэж маргаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтаас 107 өрх оролцсон гэдгийг нотлох баримт байхгүй, хариуцагч 107 өрх оролцсон гэдгийг нотолж чадахгүй байх тул хурлын ирц хуулийн дагуу бүрдсэн гэж үзэх боломжгүй байна.
улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6.-т Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна гэж заажээ. Иймд ирц бүрдээгүй байхад хуралдсан Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчинтэйд тооцох боломжгүй байна гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны ирц бүртгэсэн бүртгэл, тэмдэглэл, тогтоол алга болсон байхад шүүхэд хариуцагчаас хурлын тэмдэглэл, тогтоолыг авчирч өгсөн байна. Энэ баримтууд нь хуурамч байх магадлалтай гэж маргаж байгаа тухайд:
Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох хуралдааны тэмдэглэл нь хуурамч байх магадлалтай учир нь уг хуралдаан хуралдсаны дараа Шинэжинст сумын нотариат дээр нотариатаар батлуулсан байсан. Энэ тэмдэглэл нь нийт 6 хуудастай. Харин хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тэмдэглэл нь 5 хуудастай тэмдэглэл байна гэсэн тайлбарыг гаргаж, 6 хуудас бүхий Шинэжинст сумын нотариат Өлзийбат гэх хүн баталсан гэж харагдах канондсан тэмдэглэлийг гаргаж өгсөн.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу нотариатын үүрэг гүйцэтгэгч ******* шүүгчийн туслах ******* өөрийн ******* дугаар утсаар холбогдож маргаан бүхий тэмдэглэлийг нотариатаар баталсан гэх бүртгэл байгаа эсэхийг тодруулахад /шүүгч хамт байсан болно/ “би сайн санахгүй байна. Манайд энэ баримтын эх хувь, энэ баримтыг бүртгэсэн бүртгэл ч байхгүй, манай байгууллага өөрийн дотоодод гаргасан тогтоол тэмдэглэлийг батлахдаа бүртгэлд бүртгэдэггүй гэж хариулсан.
Шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 6 хуудас бүхий 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн хурлын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд эх хувь биш канондсан хувь байв.
Энэ тэмдэглэл 3 дугаар хуудас хүртлээ хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тэмдэглэлтэй тохирч байх бөгөөд 4 дүгээр хуудаснаас эхлэн өөрчлөгдсөн байв.
Маргаан бүхий тэмдэглэлийн нүүр хэсгийн баруун доод буланд шрифтээр бичсэн тооны тэмдэглэл байна. Энэ тоонууд бүтнээрээ харагдах боломжгүй тооны дээд хэсгүүд мэдэгдэх төдий байх бөгөөд шифрлэгдэн дугаарлагдсан байх хамгийн сүүлээс 2 дахь орны тооны дээд талаас харахад 1 эсвэл 4-н тоо байхаар харагдаж байв.
Шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн тэмдэглэлийн нүүр хэсгийн баруун доод буланд байгаа шифр нь 2019050 дугаар бүхий тоотой байна.
Эндээс дүгнэхэд маргаан бүхий тэмдэглэлийн 6 хуудастай тэмдэглэл нь түрүүлж гарсан байх боломжтой байна.
Бичиг хэргийн стандартаар шифрийг дараалан шивдэг бөгөөд 1 эсвэл 4 нь 5-ын өмнөх тоо байдаг учир 6 хуудастай тэмдэглэл нь эхэнд гарч шифрлэгдсэн байна гэж үзлээ.
Маргаан бүхий тэмдэглэлтэй холбогдуулан уг хуралдааны тэмдэглэл хөтөлсөн *******оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа “..энэ 2 тэмдэглэл хоёулаа гарсан, энэ 2 тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг мөн, гэхдээ энэ тэмдэглэлүүд хаана байгааг би мэдэхгүй” гэжээ.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нотлох баримт гаргуулах хэлэлцүүлэгт хариуцагч “Эхлээд бичмэлээр байж байгаад шивэхдээ зарим хүний хэлсэн үг дутуу шивсэн. Тэгээд нэг тэмдэглэл 5 хуудастай гарсан, харин засвар орсон тэмдэглэл 6 хуудастай гарсан юм. Би 2 удаа гарын үсэг зурсан нь үнэн гэсэн тайлбар гаргасан болно.
Үүнийг дүгнэхэд нэг нь 5 хуудас, нөгөө нь 6 хуудастай 2 тэмдэглэл гарсан болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны явцад бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах явцад маргаж буй 6 хуудас бүхий тэмдэглэлийн 4 дүгээр хуудсанд ******* гэх тус багийн иргэн “энэ хурал хүчингүй хурал” болохыг дурьдсан байна. Энэ талаар хариуцагчаас ******* гэх хүн уг хуралдаанд оролцсон эсэхийг тодруулахад “би сайн мэдэхгүй байна, хэлсэн байдлыг харахад аль хурал хүчингүй болохыг тодорхой хэлээгүй байна. “ ” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хүчингүй шүү гэж хэлсэн үү, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг хүчингүй шүү гэж хэлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс өөрөөс нь тодруулах нь зүйтэй” гэж тайлбар гаргав.
Шүүх энэ хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш шүүх хуралдааныг товлож, шүүх хуралдаан 16 удаа хойшилсон. Шүүх хуралдааныг дахин хойшлуулж, *******аас энэ хурлын тэмдэглэлд дурьдсан хурал хүчингүй шүү гэснийг тодруулж асууснаар хуралдааны ирцийн бүртгэл, тэмдэглэл нотлох баримтаар гарч ирэх боломжгүй. *******ын хуралдаанд оролцсон эсэхийг тодруулсан ч нэг л өрхийн ирц ирснээр бүртгэгдэх боломжтой бусад өрхүүд хуралд ирж оролцсоныг нотлох боломжгүй учраас нотлох баримтаар авах шаардлагагүй гэж үзлээ.
Уртын гол 2 дугаар багийн иргэн хуралдаанд хэлэлцэх асуудал санаачлах эрхтэй, хэлэлцэх асуудал санаачлах эрхгүй этгээд багийн иргэдийн нийтийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг санаачлаад үг хэлээд санал оруулаад байна гэж маргаж байгаа тухайд:
Нэхэмжлэгч тал хуралдааны тэмдэглэлд тус багийн иргэн биш Э.Дагвасамбуу нь хурлаар хэлэлцэх асуудал санаачлаад, санал гаргаад байгаа хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Гэвч Э.Дагвасамбуу Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэн биш бөгөөд багийн хурлын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх санаачлах эрхгүй этгээд гэсэн тайлбарыг гаргав.
Хариуцагч “Э.Дагвасамбуу нь манай багийн иргэн биш гэдэг нь үнэн, багийн Иргэдийн Нийтийн Хурлыг зарлахад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар улиралд 1 удаа ээлжит хурал зарлана. Ээлжит бус хурлын товыг багийн засаг дарга гаргаж болно гэж заасан байдаг. “ ” ТББ-аас санал гаргаж Шинэжинст сумын засаг дарга *******, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, “ ” ТББ-ын дарга н.Дагвасамбуу зэрэг холбогдох албан тушаалтнууд Шинэжинст сумын 2 дугаар багт уул уурхай болон ард иргэдийн дундах өрөөсгөл ойлголтыг арилгах зорилгоор “ ” ТББ-ын хуульчаар мэдээлэл хүргүүлэх санал гаргахад зөвшөөрсөн., “ ” ТББ-ын хүсэлтээр ард иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ээлжит бус хурал зарласан.” талаар тайлбарласан.
Шинэжинст сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, “ ” ТББ-ын тэргүүн Э.Дагвасамбуу нар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудал санаачлан хуралдуулсан нь улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно., 32.5-д Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна,32.5.1-д хэлэлцэх асуудал санаачлах эрхтэй.” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн бүх компаниудын ажлын тайланг сонсох, мэдээлэл авах, үйл ажиллагааны талаар танилцуулга хийх зорилгоор зарлан хуралдуулсан нь хэргийн оролцогч нарын тайлбар, хуралдаан зарласан зар болон “ ” ХХК -д хүргүүлсэн багийн Засаг даргаас 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа байна.
Гэтэл тус хуралдаанаар зөвхөн “ ” ХХК -ийн 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх тухай тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, бусад уул уурхайн компаниудын талаар ямар ч асуудал хэлэлцэлгүйгээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар “Тогтоол хүчингүй болгох” тухай тогтоолыг гаргасан нь зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзлээ.
Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 зүйлийн 4.2.5-д заасан “..захигааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн байна.
Маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр заалтад Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэл болгожээ.
Тус Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хэсэгт Коронавируст халдварын батлагдсан тохиолдлууд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар батлагдсан тохиолдлууд илэрсэн сумдад хорио цээр хязгаарлалтын арга хэмжээ авахыг сумдын Засаг дарга нарт зөвшөөрсөн байна. Тухайн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол илрээгүй, хорио цээрийн хязгаарлалтын арга хэмжээ авагдаагүй байсныг дурьдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******, Э.Дагвасамбуу нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд итгэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2 хугацаатайгаар олгосон байна.
Тус итгэмжлэлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд дахин итгэмжлэл гаргаж ирүүлээгүй болно. Шүүхэд итгэмжлэлийн хугацаа дууссан, багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хугацааг сунгуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Э.Дагвасамбуу гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхгүй этгээд гэж үзэж шүүх хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Нэхэмжлэгч хэрэгт 2 хариуцагчийг тодорхойлж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч багийн Засаг дарга нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны даргалагчийг шүүх хуралдаанд байлцуулах нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
Шүүхээс хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан.
Уг шүүх хуралдаан товлон зарласнаас хойш нийт 16 удаа хойшилсон. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан.
Тус шүүх хуралдаан хойшилж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлож, шүүх хуралдаан дахин хойшилж 2025 оны 1 дүгээр 13-ны товлосон. Хариуцагч энэ хугацаанд өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан. Шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангасан боловч шүүх хуралдааныг хойшлуулсан энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа нь шүүх хуралдааныг дахин дахин хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байна гэж үзсэн учраас шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д ”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан байна.
Тус шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан ч шүүх хурал энэ үндэслэлээр хойшлогдохгүй байсныг дурьдах нь зүйтэй.
Хариуцагчийн БНХАУ руу томилолтоор явах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг онгоцны тийзний хамт ирүүлсэн боловч яг ямар ажлаар, хэдий хугацаанд явж байгаагаа тодорхой заагаагүй нотлох баримтыг хавсаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5.1, 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ