Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/71

 

 

 

 

 

 

   2023       9          27                                                2023/ДШМ/71                                        

 

                                              Б.Г, Г.М нарт холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Наранхүү

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Х

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.М

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.Мөнхтулгын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г, Г.М нарт холбогдох эрүүгийн 2234000000467 дугаартай 2 хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай,

өмнө ньТөв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 сарын хорих ялаар,

-мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, хорих ялаа эдэлж дууссаны дараагаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ,

 

Боржигон овогт Баатарын Г, 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, түр оршин суух хаягтай, өмнө нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар: .

 

Шүүгдэгч Б.Г, Г.М нар нь бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир” гэх газарт иргэн З.Ганхуягийн эзэмшлийн хаваржааны байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 14 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хормойн мөнгөн боолт зэргийг машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ш.Мөнхтуулын эзэмшлийн хаваржааны байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 12 цагаантай, мөнгөн тоногтой эмээл, 2 ширхэг хурганы арьсан дотортой дээл, 1 ширхэг ишигний арьсан дотортой дээл зэргийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 10,940,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Г, Г.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ганцэцэгийн М, Боржигон овогт Баатарын Г нарыг “бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганцэцэгийн Мийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Баатарын Гг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Гд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож 53 /тавин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 6 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 жил 2 сар 3 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 жил 7 сар 26 хоногийн хорих ял эдэлж дууссаны дараагаар тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийн цагдан хоригдсон 240 /хоёр зуун дөч/, шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон шүүгдэгч Г.Мийг Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Мийг Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Шүүгдэгч Г.Мийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.Г нараас хохирогч З.Ганхуягт 4,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 2,125,000 төгрөгийг, хохирогч Ш.Мөнхтуулд 10,940,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 5,470,000 төгрөгийг тус тус гаргуулж олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Болорцэцэгийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 86-54 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 9,471,000 төгрөгийг шүүгдэгч Г.М, Б.Г нараас хувь тэнцүүлэн 4,735,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн 2234000000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг эмээлийн модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Ш.Мөнхтуулд буцаан олгож, иргэний нэхэмжлэгч хариуцагч Л.Болорцэцэгийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 86-54 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдсан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт 240 хоног, шүүгдэгч Б.Г нь 128 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г, Г.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.М давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдааЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн шүүгдэгч Ганцэцэгийн Мтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Бодит байдалд шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Б.Ггийн гуйлтаар түүнтэй хамтдаа Эрдэнэсант сум руу эхнэрийнхээ машинаар явсан байдаг. Энэ үйл баримтын талаар хэн аль нь маргадаггүй. Шүүгдэгч Б.Г нь эгчийндээ очиж мал хийнэ гээд Г.Мээс мөнгө зээлж бензин, уут, шуудай авсан боловч очоод 1 шил архи хүргэн ахтайгаа хувааж уугаад оройны 19-20 цагийн үед хот явна мал өгсөнгүй гээд хөдөлсөн байдаг. Ингээд буцах замдаа 2 удаа зогсоогоод хувцсаа аваадахъя гээд шуудайтай зүйл ачдаг. Үүнийхээ дараа хот руу явж байх замдаа эд зүйл хулгайлснаа хэлсэн байдаг. Шүүгдэгч Б.Г нь бид хоёр хоёулаа хулгай хийсэн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүх хуралдааны явцад намайг уучлаарай би найзыгаа хэрэгт оруулчихлаа миний буруу гэж, хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх та хоёр хамтдаа явсан гэдэг агуулгаар Г.Мийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Мөн яллах дүгнэлтийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсан бөгөөд шүүгдэгч Г.Мийг хулгай хийсэн гэх нотлох баримт авагдаагүй болно. Зөвхөн шүүгдэгч Б.Ггийн мэдүүлгээр түүнийг ялласан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ггийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогоогүй болно. Мөн гэрч байж болох Б.Ггийн эгч, хүргэн хоёрыг гэрчээр татаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүй, хэргийн газрын үзлэг хийсэн боловч цас орсон байхад байшинд орсон гарсан мөрийг баталгаажуулаагүй, машины мөр байсан гэх боловч дугуйны хээтэй харьцуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэхэд дээрх олон олон эргэлзээтэй асуудлуудыг дагуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй юм. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Х тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манай үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лүн өнгөрөөд хотруу явж байх замдаа Гг хулгай хийснийг нь мэдсэн. Өөрийнхөө юмыг авч байна гэж хэлж байсан. Хамт явсан гэдгээр нь намайг шийтгээд байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ анхнаасаа маргаагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн 22234000000467 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.М, Б.Г нар нь бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир” гэх газарт иргэн З.Ганхуягийн эзэмшлийн хаваржааны байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 14 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хормойн мөнгөн боолт зэргийг машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ш.Мөнхтуулын эзэмшлийн хаваржааны байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 12 цагаантай, мөнгөн тоногтой эмээл, 2 ширхэг хурганы арьсан дотортой дээл, 1 ширхэг ишигний арьсан дотортой дээл зэргийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 10,940,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч З.Ганхуягийн: “...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Цахир 2 дугаар багт оршин сууж байх үед өөрийн хаваржааны байшингаас өвөлжөөндөө нүүж очсон. Тухайн үед 2022 оны 10 дугаар сарын 09-ний 17 цагаас 10 дугаар сарын 12-ны 11 цагийн хооронд эзэнгүй байх үед хулгай орж эд зүйл алга болсон байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. Том гарын 4 мөнгөн аяга, бусад нь дунд гарын аяга байсан...” /1хх-н 19/ гэх,

Хохирогч Ш.Мөнхтуулын “...Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар баг Овоотын энгэр гэх газар хаварждаг. Тэндээ хаваржааны байшинтай. Тэгээд өвөл болоод хүйтрээд ирэхээр өвөлжөө рүүгээ нүүдэг. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өвөлжөө рүүгээ нүүсэн. Тэгээд буцаад хаваржааны байшин дээрээ очиж чадаагүй байж байгаад хулгай орсон гэдгийг нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдээд очиж шалгатал хивсэн гөлөмтэй, мөнгөн тоногтой, дөрөөгүй эмээл хулгайд алдагдсан. Өөр хулгайд алдагдсан зүйл байгаагүй. Тухайн хулгайд алдагддаг эмээл манай өөрийн эмээл. Би өөрөө чимэглэж байсан. Одоо 20 гаруй жил болж байгаа эмээл. Би тухайн эмээлээ 20,000,000 төгрөгөөр үнэлж байна. 8 цагаан мөнгөн жижиг баавар, 4 ширхэг том мөнгөн баавар, хэвсэн гөлөмтэй, бүүрэгний хүрээг мөнгөөр бүрсэн эмээл байсан...” /1хх-н 71/ гэх,

Хохирогч Ш.Мөнхтуулын дахин өгсөн: “...Манай байшинд хулгай ороход ваакум цонхны төмөр хаалтыг эвдсэн байсан. Тэр төмөр хаалтыг 100,000 төгрөгөөр нэхэмжилж байна. Мөн манайд хулгай ороод зарим зүйлээ бүртгэж үзэхэд хар хурган дотортой дээл 1 ширхэг, хүүхдийн улаан хүрэн, хурган үстэй дээл, ишигний арьсан улаан хүрэн дээл тус тус алдагдсан байсан. Би дээлнүүдийг зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна...” /1хх-н 70/ гэх,

Гэрч З.Ганхуягийн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Эрдэнэсант сум Угалзат 4 дүгээр багт байх Цахир гэх газар хаваржааны байшиндаа ирсэн. Тэгээд түлхүүрээр хаалгаа онгойлгоод ортол үүдний өрөөний жижиг хаалга онгорхой байсан. Цааш гэртээ ортол байшингийн баруун урд байх авдарны цоожийг эвдсэн байдалтай, доторхийг нь ухаж сэндийсэн байдалтай, байшингийн баруун хойно байх авдар дотроос том, жижиг нийлсэн 16 мөнгөн аяга байхгүй байсан... Манайхаас 16 ширхэг жижиг мөнгөн аяга, муу хээтэй том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын 10 ширхэг мөнгөн аяга, жижиг хэмжээтэй бага гарын 3 ширхэг, үлдсэн 3 ширхэг нь том гарын мөнгөн аяга. Тэгээд муу хүрээтэй тавгийн идээний том мөнгөн аяга тус тус алга болсон байсан...” /1хх-н 10-11/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Л.Болорцэцэгийн: “...Миний нөхөр Г.М болон түүний найз Б.Г нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан буюу унаж явсан 86-54 УБТ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь “Омни капитал” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би дээрх тээврийг хэрэгслийг анх 2019 онд ББСБ-аар дамжуулж өөрийнхөө нэр дээр зээлээр гаргуулж худалдаж авч байсан бөгөөд одоо зээлээ төлөөд дууссан. Гэхдээ тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлж авч амжаагүй байна. Тиймээс би энэ хэрэгтэй холбогдуулж өөрийнхөө тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахгүй байх хүсэлтэй байгаа болохоор иргэний нэхэмжлэл гаргаж байгаа болно...” /1хх-н 187-188/ гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /1хх-н 1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 2-8, 48-53, 60-66/,

Мөрдөн байцаалтыг нэгтгэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаартай прокурорын тогтоол /1хх-н 56-57/,

   “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №Т22-180 дугаартай “15 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хормойн боолтны үнэлгээг тогтоосон” /1хх-н 22-23/, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №Т22-183 дугаартай “12 цагаантай мөнгөн эмээлийн үнэлгээг тогтоосон” /1хх-н 81-82/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Т22-186 дугаартай “3 ширхэг дээл, цонхны төмөр хаалтны үнэлгээг тогтоосон” /1хх-н 85-86/,“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07/83 дугаартай “Тоёота приус20 маркийн 86-54 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон” /1хх-н 165-174/ дүгнэлтүүд,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 132-134 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан хохирогч Ш.Мөнхтуулын эзэмшлийн мөнгөн тоногтой эмээлийн модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 220/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г, Г.М нарын бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г, Г.М нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.Мас “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухай: ...Зөвхөн Б.Ггийн мэдүүлгээр Г.Мийг ялласан. Түүний эгч, хүргэн ах хоёрыг гэрчээр татаагүй, мэдүүлэг аваагүй. ...Хэргийн газрын үзлэг хийхдээ байшинд орсон, гарсан мөрийг баталгаажуулаагүй, машины мөрийг дугуйны хээтэй харьцуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд олон эргэлзээтэй асуудлууд дагуулж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шийтгэх тогтоолын Г.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан байдаг бөгөөд мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан бусад шинжүүдээр нь хэргийг хүндрүүлж зүйлчилдэг. Гэмт хэрэг үйлдэхэд хоёр, түүнээс дээш хүн санаатай нэгдсэнийг хамт оролцох гэж үздэг. Гэмт хэрэг үйлдэх талаар санаа, сэдэлт, зорилгоороо нэгдсэн, эсхүл урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед тодорхой үйлдлээрээ санаатай нэгдсэн байхыг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Г.Мийн сэжигтнээр өгсөн “...Надад бол мэдэх зүйл байхгүй. Би сүүлд нь мэдсэн. ...Тэгээд Б.Г бид хоёр ...явж байгаад Б.Г уулын орой дээр зогсож бай гээд зогсоосон. Тэгээд цаг орчим Б.Г машинаас буугаад ирэхдээ 2 боодолтой зүйл авчраад машины арын суудал дээр тавьсан. Тэгээд цааш хөдлөөд явж байсан чинь 500 метр газар хэртэй яваад ахин зогсоосон. Тэгэхдээ дахиад машинаас буугаад жижигхэн боодолтой зүйл авч ирсэн. Тэгээд бид хоёр хот руу явсан. 9 мөнгөн аяга, эмээл зэргийг үзүүлээд бүгдийг нь Налайхад хамт амьдардаг хүүхнийдээ аваад буусан...” /1хх-н 77-78/ гэх,

Түүний яллагдагчаар өгсөн “...Төв аймгийн Эрдэнэсант суманд 2 айлын байшингаас эд зүйл хулгайлсан гэх хэрэгт би ямар ч хамааралгүй. ...Би тэр хоёр айлын байшин руу ороогүй. Гадна машин дотор сууж байсан. Б.Г байшин руу орж ирээд гарч ирэхдээ хүнээс авах зүйлээ л авсан гэж хэлж байсан. Тухайн эд зүйлээ хотод ирсний дараа Б.Г өөрөө аваад буусан. Би хальт харахад мөнгөн тоногтой дөрөөгүй эмээл байсан. Мөн хэдэн ширхэг мөнгөн аяга байсан. ...Тэр эмээлийг Б.Г намайг зараад өгөөч гэхээр нь би нэг хүнд үзүүлэхэд тухайн эмээлийг 6,000,000 төгрөгөөр авъя гэхэд хямдхан байна гээд өгөөгүй. Өөрөө аваад явсан. Тухайн эмээл нь яалтч үгүй дээр үеийн эмээл байсан...” /1хх-н 198-199/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Б.Гг бусдын оронд байранд хууль бусаар нэвтэрч байгааг мэдсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хохирогч З.Ганзориг, Ш.Мөнхтуул нарын байшингаас эд зүйлс хулгайлах талаар үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Б.Гтэй  гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Б.Гг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгааг мэдэж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, шүүгдэгч Б.Гг шөнийн цагаар хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр өөрөө захиран зарцуулах эрхгүй атлаа бусдын өмч хөрөнгө, эд зүйлсийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд халдаж байхад нь түүнд татгалзах боломж байсан гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэдэг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байгаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээгүй шүүгдэгч Б.Ггийн эгч, хүргэн хоёроос гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт зайлшгүй хийгдэх ажиллагаа биш юм.

Мөн хэргийн газрын үзлэг хийгдэх үед машины мөрнөөс хэв авах ажиллагаа хийгдээгүй. Одоо энэ мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон байна.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.

 

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарахааргүй байх тул шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгана” гэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.М, Б.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг тусгаагүй орхигдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Г Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дуусахаас өмнө дахин 2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны хооронд хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс түүний өмнөх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялд нэмж нэгтгэхдээ орхигдуулсан нь буруу болжээ.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад шүүгдэгч Г.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байхад хуулийн зүйл, заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар” гэж, нийт эдлэх 6 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг 6 жил 7 сар 26 хоног гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байгаа тул зохих өөрчлөлт оруулан зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан уг ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээ авсан байхад сүүлийн шийтгэх тогтоолоор дахин зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг давхардуулан тогтоож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8, 9, 10 дугаар заалтуудыг хасаж, дугаарлалтыг 1-17 гэснийг 1-13 гэж өөрчлөн дугаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.М, Б.Г нарын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Боржигон овогт Ганцэцэгийн М, Боржигон овогт Баатарын Г нарыг “бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Боржигон овогт Ганцэцэгийн М, Боржигон овогт Баатарын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан “бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Гд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож 53 /тавин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус  тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож 53 /тавин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж,

5 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 жил 7 сар 26 хоногийн хорих ял эдэлж дууссаны дараагаар тусад нь эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 жил 8 сар 26 хоногийн хорих ялаа эдэлж дууссаны дараагаар тусад нь эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, 7, 8, 9, 10 дугаар заалтуудыг бүхэлд нь хасаж,  тогтоох хэсгийн 1-17 хүртэлх дугаарлалтыг 1-13 гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.Г нарын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ