Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/70

 

 

 

 

 

 

  2023        9          27                                             2023/ДШМ/70                

 

                                         Т.Эд холбогдох эрүүгийн

                                            хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Ээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Л.Наранхүү,

               Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүй,

               Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Ү,  

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн 2234000000217 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Тн Э, 1971 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Б суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:,

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Б сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Эийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт хавсарч цохисоны улмаас “баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Тн Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2234000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн эрэгтэй Эийн Үүрцайхыг 18 нас хүртэл асран хамгаалагчийг тогтоолгохоор Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Тн Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж...,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Тн Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлгүүд эрс зөрүүтэй талаар:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Г.Алгаамаа, М.Цэцэгмаа, Ү.Чанарбек нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, хэрэг учрал гарах үед гэрээс гарахад амь хохирогчийн биед ил харагдах гэмтэлгүй байсан мөн нас барах үед хохирогч шүүгдэгч 2 хамт байсан, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн боловч гэрчүүдийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй гэж дүгнэж Т.Эийг эхнэр Ч.Эийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон.

Гэтэл Ч.Эийн амь нас хохирох үед хажууд харж байсан нэг ч гэрч байхгүй ба прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа хэрэг учрал болох үед гэр дотор байсан гэрч Г.Алгаамаа, М.Цэцэгмаа, Ү.Чанарбек нарын мэдүүлэг нь шууд нотлох баримт биш, мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр гэрчүүд тус бүр 2-3 удаа мэдүүлэг өгсөн ба нэг гэрчийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, гэрч нарын мэдүүлэг хоорондоо мөн зөрүүтэй, шүүхэд өгсөн мэдүүлэг нь хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Тухайлбал:

Гэрч Г.Алгаамаа анхны мэдүүлэгтээ: “...Эийн нөхөр нь ирээд харъя гэж хэлээд Эийг аваад гарсан. Удалгүй би араас нь гарсан чинь гэрийн гадаа дээшээ хараад хэвтэж байсан” гэж

Дахин мэдүүлэг:

“...Э, Э нар манай гэрээс гараад явсан, удалгүй Э орж ирээд би эхнэрээ цохиод алчих шиг боллоо гэж хэлхээр нь би гараад хартал гэрийн үүдэнд цемент дээр талийгаач хэвтэж байсан” гэж,

Гэрч Ү.Чанарбек анхны мэдүүлэгтээ:

“...талийгаач Э нэлээн согтоод нөхөр Ээгээ хоёулаа харъя гээд гарсан. Удалгүй нөхөр Э нь гаднаас орж ирээд эхнэр маань ухаан алдаад уначихлаа гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг та гараач гэж эхнэр Цэцэгмаа хэлээд гаргасан Алгаамаа эгч ганцаараа гарсан” гэж

Дахин мэдүүлэг:

 “...Т.Э Ч.Эийг гэр рүүгээ явъя гээд дагуулаад гарсан гэрт эхнэр Цэцэгмаа, Андуу ах, түүний эхнэр Алгаамаа бид нар үлдсэн. Удалгүй Э сандарсан байдалтай орж ирээд хувинтай ус аваад гэрээс гараад удалгүй мөн орж ирээд би эхнэрээ алчихлаа гэж хэлчхээд гараад явсан. Түүний араас Алгаамаа, Цэцэгмаа нар араас нь гарсан” гэж,

Гэрч М.Цэцэгмаа анхны мэдүүлэгтээ: “...талийгаач Э нэлээн согтоод нөхөр Ээгээ хоёулаа гаръя гээд гарсан. Удалгүй нөхөр Э нь гаднаас орж ирээд эхнэр маань ухаан алдаад уначихлаа гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг гараач гээд гаргасан. Алгаамаа эгч ганцаараа гарсан” гэж

Дахин мэдүүлэг:

“...Э эхнэр Этэйгээ харихаар болж гараад явсан. 10 минутын дараа Ээ ганцаараа орж ирээд би эхнэрээ цохиод алчихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байна гээд Алгаамаагийн хамт гүйгээд гартал талийгаач гэрийн урд хэсэгт хэвтэж байсан” гэж

Дахин мэдүүлэг: “...Э гэгээтэй байхад Эт хандаж ханиа явъя гэртээ харъя гэж хэлээд дагуулаад гарсан. Гэрээс гарснаас хойш 20-30 минутын дараа Ээ эргэж гэрт орж ирээд эхнэрээ алчихлаа гээд орилсон. Тэгээд Алгаамаа эгч бид 2 сандраад гэрээс гарч харсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус мэдүүлсэн байдаг.

Гэтэл дээрх гэрчүүд шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхдөө “талийгаач Э эхлээд ганцаараа гэрээс гарсан, хэсэг хугацааны дараа Э араас нь гарсан, удалгүй Э орж ирээд талийгаач ухаан алдаад уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд Алгаамаа ганцаараа гарч харсан чинь талийлгаач гэрийн гадаа хэвтэж байсан” талаар буюу мөрдөн байцаалтын үед өгснөөс зөрүүтэй мэдүүлдэг.

Дээрх байдлаар мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх удаа дараагийн тогтвортой мэдүүлэг өгсөн гэж дүгнэж эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Ийм нотлох баримтуудыг үндэслэж гэрчүүдийн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Т.Э, Ч.Э 2 гэрээс хамт гараад хэсэг хугацааны дараа Т.Э эхнэрээ цохиод алчихлаа гэж хэлж орж ирсэн үү эсвэл талийгаач Ч.Э түрүүлж гэрээс гарснаас хойш 20-30 минутын дараа Т.Э араас нь гараад талийгаачийг ухаан алдаад уначихсан байна гэж хэлж орж ирсэн үү, гэрчүүдийн олон удаагийн өөр өөр зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нь үнэн болохыг хөдөлбөргүй тогтоож эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах ёстой.

2. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй талаар:

-Хэргийн газрын үзлэг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цаг 48 минутад эхэлж 04 цаг 10 минутад дууссан ба уг үзлэгт мөрдөгч дэслэгч О.Сайханбилэг, дэд ахлагч Л.Лувсандондог, хошууч М.Алтансүх нар оролцсон байдаг. Гэтэл 1-р хх-ийн 25-р хуудсанд гэрч Г.Алгаамаагаас авсан мэдүүлгийн тэмдэглэл байх ба мэдүүлгийн эхлэл хэсэгт хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч С.Энхмөнх гэсэн боловч мэдүүлгийн төгсгөлд мөрдөгч цагдаагийн дэд ахлагч Л.Лувсандондог мэдүүлэг авч гарын үсэг зурсан байгаа нь хэн гэдэг ямар албан тушаалтанд мэдүүлэг авсан нь ойлгомжгүй.

Мэдүүлгийг Б сумын цагдаагийн хэсгийн албан өрөөнд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03 цаг 33 минутад эхэлж 04 цаг 28 минутад дууссан байна. Дээрх мэдүүлгийн тэмдэглэлээс харахад хэрвээ мөрдөгч гэх дэд ахлагч Л.Лувсандондог гэрчээс мэдүүлэг авсан бол 1-т Л.Лувсандондог нь мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, 2-т хэргийн газрын үзлэгт оролцож байх явцдаа гэрчээс мэдүүлэг авч байсан уу, 3-т Л.Лувсандондог нь гэрчээс мэдүүлэг авч байсан бол хэргийн газрын үзлэг, мэдүүлэг авч буй газар нь хоёр өөр газарт нэгэн зэрэг хэрхэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан зэрэг ойлгомжгүй нөхцөл байдал харагдаж байна.

-Мөрдөгч цагдаагийн дэслэгч О.Сайханбилэг Т.Ээс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагт Б сумын Цагдаагийн хэсгийн байранд гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлгийн тэмдэглэл 1-р хх-ийн 54-56-р хуудсан авагдсан. Гэтэл 58-р хуудсанд Т.Эийг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 13 минутад Төв аймгийн Цагдаагийн газарт ахлах мөрдөгч цагдаагийн хошууч М.Алтансүх сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг.

Дээрх 2 мэдүүлгээс үзвэл мөн цаг хугацааны хувьд уялдаагүй, Т.Эийг эхлээд Төв аймгийн Цагдаагийн газарт сэжигтнээр тооцон мэдүүлэг авсны дараа түүнийг Б сумын Цагдаагийн хэсгийн байранд авч очиж гэрчээр мэдүүлэг авсан гэж ойлгогдохоор байна.

-Хэргийн газрын үзлэгээр 28 кадр гэрэл зураг авч бэхжүүлсэн гэх боловч хэргийн материалд 40 зураг буюу тэмдэглэлд тусгагдаагүй 12 гэрэл зургийг хэргийн материалд хавсаргасан.

-Шүүгчийн захирамжийн 12 дахь заалт болон Давж заалдах шатны шүүхийн 85 дугаартай магадлалд дурдагдсан шүүхийн шинжилгээний 3909, 3908 дугаартай дүгнэлтүүд хэрэгт авагдаагүй, уг заалт огт биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шинжилгээний 3909 болон 3908 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хавсаргагдаагүй байна. 1-р хх-ийн 78-р хуудсанд Биологийн шинжилгээнд илгээх хуудас байгаа болохоос биш хариу болох дүгнэлт нь хэрэгт авагдаагүй.

-Шүүх шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо асран хамгаалах, харгалзан дэмжигчийг тогтоох талаар дурдаагүй мөртлөө шийтгэх тогтоолд Э.Үүрцайхыг 1 нас хүртэл асран хамгаалагчийг тогтоолгохоор сумын засаг даргад даалгах талаар тусгагдсан нь уншиж сонсгосон шийдвэр бичигдсэн шийтгэх тогтоолоос зөрүүтэй. 3. Нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоогоогүй.

- Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уг гэмтлийг авсан цаг хугацааг тодорхойлж чадаагүй байж хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дурдсан нь мөн л учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл үзлэг хийж байгаа цаг хугацаанаас

урагш хэдэн цаг, хэдэн өдрийн өмнө гэмтлүүд үүссэн гэх мэтээр цаг хугацааг маш тодорхой тодорхойлох ёстой. Тэгж байж талийгаачийн нас барсан цаг хугацаа тодорхой болж хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд уг гэмтлүүд үүссэн гэж дүгнэх үндэслэл бий болно.

Гэмтэл үүссэн цаг хугацааг тодорхой тогтоогоогүй байж шинжээч эмч “хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн” гэж дүгнэж байгаа бол гэмт хэрэг гарсан газар тухайн цаг үед шинжээч эмч хамт байсан болоод тухайн цаг хугацаанд гэмтэл үүссэн гэж дүгнэж байгаатай адил ойлголт болж байна. Иймд шинжээч эмчийн хэрэг учрал болсон гэх цаг хугацааг хэзээ хэдэн цагт гэж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн 85 дугаартай магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Яллагдагч Т.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн.

Хэдийгээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч шүүгчийн захирамж болон магадлалд заасан ажиллагааг нэр төдий хийж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, тогтооход чиглэсэн ажиллааг огт хийгдээгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Т.Э нь өөрийн эхнэр Ч.Эийн амь насыг хохироосон гэх хангалттай нотлох баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтад хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Т.Эд холбогдох хэргийг цагаатгаж өгөхийг хүсье” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчүүд хэргийн талаар эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байдаг гэв.

  

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн санаа байгаагүй. 1 шил архийг 8 хүн хувааж уусан. Ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан үүсгээгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Б сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Н.Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Эийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт нь хавсарч цохисны улмаас “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн “хүнийг алсан үйл баримт нь хэрэгт авагдсан:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүйн: “...Надад өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр утсаар танай дүү болох Э ухаан алдаж унаад сэрэхгүй байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Б сумын нутагт байх “Сөгнөгөр” гэх газарт ирэхэд цагдаа нар ирсэн хэргийн газрыг хамгаалалтад авсан байдалтай байсан...” /1хх-н 15-16/ гэх,

гэрч Э.Хулангийн: “...Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний ...17 цаг 40 минутын орчимд ээжийг чинь аваад ирье гээд мотоциклтой явсан. ...20 цагийн орчимд аав Т.Э орж ирээд ээж чинь “өнхрөөд унасан, ухаан орохгүй байна” гэсэн... Ааваас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ...“ээж чинь дотор муухай оргиод” гэж байсан. Тэгсэн гэрээс гарсан байсан. Аав нь араас нь гарсан чинь ээж чинь гадаа гэрийн гадаа унасан байсан. ...аав нь түргэн дуудах гээд утас олдоогүй гэр рүүгээ ирсэн гэсэн юм...” /1хх-н 19-20/ гэх,

гэрч Э.Хосбаярын: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны орой ...аав Т.Э мотоциклтой 21 цагийн орчимд гэрийн гадаа ирсэн. Би өөдөөс нь тосоод очтол аав “ээж чинь ухаан алдсан, босохгүй байна” гэсэн би хаана байгаа юм гэсэн чинь Андуу ахын чинь хашаанд гэсэн. Би өөрийн 37-34 УБУ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ...дүү Үүрцайхыг  машиндаа суулгаад Андуу ахын хашааны гадаа очоод байшин руу нь орох гэтэл байшингийн хажууд байсан гэрийн үүдэнд хүн байсан ба очтол ээж гэрийн үүдэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Би Уламбаяр ах руу залгаад гэрээс аав Т.Э, эгч Хулан нарыг аваад ир гээд Андуу ахын гадаа авчруулсан. Тэд нар эмнэлэг, цагдаа дуудсан...” /1хх-н 22-23/ гэх,

гэрч Г.Алгаамаагийн” “...манайд орж ирэхдээ талийгаач Э тортой юм барьчихсан халамцуу орж ирсэн. Орж ирээд л шууд л цаасан аяга гаргаж ирээд Хараа нэртэй 0.75 литрийн архи, Кука нэртэй рашаан, чихэр гаргаад архиа өөрөө аягалаад бид тавуулаа архиа аяглаж хамт хувааж  ууцгаасан. Цэцэгмаа, Чанарбек хоёр эрүүл  байсан. ...талийгаач Эийн нөхөр нь удалгүй хойноос ирээд гэр рүүгээ харья гэж хэлээд талийгаач Эийг авч гарсан. Удалгүй би хойноос нь гарсан чинь гэрийн гаднах цемент дээр хэвтэж байсан, би очоод бос гэхэд хөдлөхгүй тэгээд урагшаа харахад нөхөр нь мотоциклоо унаад гэрийн чиг рүү явж байсан...” /1хх-н 25/ гэх,

гэрч Г.Алгаамаагийн дахин өгсөн: “...Тухайн үед бол талийгаач Ч.Э нь манай гэрт байсан ба Ч.Эийг нөхөр Т.Э нь одоо харья гэж хэлээд талийгаач Ч.Э нар манай гэрээс гараад явсан ба би тэр хоёрыг гэр рүүгээ харьсан байх гэж бодсон. Удалгүй Т.Э орж ирээд “би эхнэрээ цохиод алчих шиг боллоо” гэж хэлэхээр нь гадаа гараад хартал байшингийн хажууд барьсан байсан гэрийн үүдэнд цемент дээр талийгаач Ч.Э нь дээш харсан байдалтай хэвтэж байсан ба хашааны үүдэнд Т.Э мотоциклоо асаагаад доошоо уруудаад явж байсан. ...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ яагаад энэ тухайн хэлээгүй вэ гэхээр би тухайн үед их айж сандарсан байсан болохоор Т.Э манай гэрт орж ирээд эхнэрээ алчих шиг боллоо гэж хэлсэн талаар хэлээгүй юм...” /1хх-н 26-28/ гэх,

гэрч Ү.Чанарбекийн: “...Өдөр 14 цаг өнгөрч байхад талийгаач Ч.Э гэх эмэгтэй өөрийнх нь төрсөн дүү Батаагийн хамт машинтай Түмэнгийнд хүргүүлж ирсэн. Ирэхдээ талийгаач Ч.Э халамцуу байсан. Тэгээд ...эхнэр М.Цэцэгмаагийн хамт бид 3 мотоциклтой сундлаад ...Андуу ахынд очсон. Андуу ах Алгаамаа эгч хоёр гэртээ эрүүл байсан ба бид нарын авчирсан архи бүгдээрээ хувааж уусан. Уугаад сууж байтал Андуу ахын гадаа хоёр мотоциклтой талийгаачийн нөхөр гэх Ээ үл таних хүний хамт гаднаас орж ирсэн... Ч.Э нэлээн согтоод нөхөр Ээгээ хоёулаа гарья гээд хамт гарсан. Удалгүй нөхөр Ээ нь гаднаас орж ирээд эхнэр маань гадаа ухаан алдаад уначихлаа гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг “та гараад үз дээ” гээд эхнэр М.Цэцэгмаа хэлээд гаргасан. Алгаамаа эгч ганцаараа гарсан. Гаднаас Алгаамаа эгч орж ирээд “архиндаа л согтсон юм шиг байна хоолой нь хоржигноод дуугараад байна амьсгалж байна” гэж хэлж орж ирсэн. Тэгээд Э байхгүй болсон байсан...” /1хх-н 32/ гэх,

гэрч Ү.Чанарбекийн дахин өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө ...эхнэр Цэцэгмаа бид хоёр талийгаач Ч.Эийг мотоциклтой голдоо сундлаад ...бид гурав Андуу ахынд ороход гэрт нь Андуу ах, эхнэр Алгаамаа эгч нар байсан. ...17-18 цагийн орчимд байх талийгаач Ч.Эийн нөхөр Т.Э гаднаас нэг танихгүй залуугийн хамтаар орж ирээд талийгаач Ч.Эийг 2,3 хоног хаашаа явчихдаг юм гэр рүүгээ харья гэсэн. ...Т.Э, Ч.Эийг гэр рүүгээ явъя гээд дагуулаад гарсан ба ...удалгүй Т.Э сандарсан байдалтай орж ирээд хувинтай ус аваад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй мөн эргэж орж ирээд “би эхнэрээ алчихлаа” гэж хэлчхээд гэрээс буцаад гараад явсан. Түүний дараа юу болов гээд манай эхнэр Цэцэгмаа, Алгаамаа эгч хоёр араас нь гараад эргэж орж ирээд эхнэр нь өнгөрчихсөн байна гэсэн бид нар сандраад гэрээс гараагүй байж байтал цагдаа ирсэн юм...” /1хх-н 34-35/ гэх,

гэрч М.Цэцэгмаагийн: “...өдөр 14 цаг өнгөрч байхад талийгаач Ч.Э өөрийнх нь төрсөн дүү Батаагийн хамт машинтай манай дүү Түмээгийнд хүргүүлж ирсэн. Ирэхдээ талийгаач Ч.Э халамцуу байсан. Тэгээд миний хийсэн хоолноос идээд намайг Андуу, Алгаамаа эгч дээр хүргээд өг би гэртээ тэр хоёроор хүргүүлнэ гээд тэгээд хамтран амьдрагч Ү.Чанарбектэй бид гурав мотоциклтой сундлаад ...Андуу ахынд очсон... Уугаад сууж байтал Андуу ахын гадаа хоёр мотоциклтой талийгаачийн нөхөр Ээ, Дамбаа нар гаднаас орж ирсэн. Нөгөө мотоциклтой хүмүүс нь Андуу ахын гаднаас яваад өгсөн. ...талийгаач Ч.Э нэлээн согтоод нөхөр Ээгээ “хоёулаа гарья” гээд гарсан. Удалгүй нөхөр Ээ нь гаднаас орж ирээд “эхнэр маань гадаа ухаан алдаад уначихлаа” гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг та гараад үзээдэх гээд гаргасан... Гаднаас Алгаамаа эгч орж ирээд “архиндаа л согтсон юм шиг байна хоолой нь хоржигноод дуугараад байна, амьсгалж байна” гэж хэлж орж ирсэн. Тэгээд Э байхгүй болсон байсан...” /1хх-н 38/ гэх,

гэрч М.Цэцэгмаагийн дахин өгсөн: “... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ...архиа хувааж уугаад байж байтал талийгаачийн нөхөр болох Ээ нь найз болох Дамбатай халамцуу орж ирсэн. Тухайн үед бол Э нь эхнэр болох талийгаач Этэй байсан ба удалгүй гэртээ харихаар дагуулаад гараад явсан. 10 орчим минутын дараа Ээ буюу талийгаачийн нөхөр нь ганцаараа орж ирээд “би эхнэрээ цохиод алчихлаа” гээд ороод ирсэн. ...гүйгээд гартал талийгаач Э нь бидний байсан байшингийн баруун талд байх гэрийн урд хэсэгт цементэн дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. ...талийгаач Эийг биедээ ил харагдах шарх сорив болон цус болсон хэсгийг анзаараагүй... миний бодлоор талийгаач Э нь Ээгээс айгаад байна гэхийг бодоход талийгаачийг нөхөр болох Ээ нь зоддог байсан байх гэж боддог...” /1хх-н 39-40/ гэх,

гэрч М.Цэцэгмаагийн дахин өгсөн: “... Андуу ахынд гэрт 1 шил 0.75 граммтай архийг Андуу аx, Алгаамаа, Чанарбек, талийгаач Э, Цэцэгмаа, би бид нар хувааж уусан. ...оройн 18 цагийн үед талийгаач Эийн нөхөр болох Э нь Дамба хоёр халамцуу мотоциклтой ирсэн... Ээ нь 19 цаг өнгөрч байхад гэгээтэй байхад эхнэр Эт хандан “ханиа явъя, гэртээ харьяа” гэж хэлээд дагуулаад ар араасаа гарсан..., гэрээс гарснаас хойш 20-30 минутын дараа Ээ эргэж гэрт орж ирээд “эхнэрээ алчихлаа” гээд орилсон...,  Алгаамаа эгч бид хоёр сандраад гэрээс гарч харахад Андуу ахын гэрийн гадна үүдэнд байх цементэн талбай дээр Э нь дээш харсан байдалтай, гэдэс нь ил гарсан байдалтай байсан...” /1хх-н 42-43/ гэх,

гэрч Г.Мөнхбатын: “...2022 оны 4 сарын 29-ний орой 17 цагийн үед малын тэжээлд явж байгаад Сөгнөгөрийн гүүрний ойролцоо Дамба, Э нарыг мотоциклтой явж байхад нь Андруушийнх руу явъя гэхээр нь бид гурав Андруушийн гэрт очсон чинь Андрууш, түүний эхнэр, Э нар архи уугаад сууж байсан. Надад хийж өгөхөөр нь би амсчхаад ганцаараа 17 цаг өнгөрч байхад гарсан. Миний араас Э, Дамба хоёр харилаа гээд гарч байсан...” /2хх-н 96/ гэх,

гэрч Ш.Зоригтбаатарын: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 16 цаг өнгөрч байхад Т.Эийг мотоциклтой явж байхад нь тааралдсан. Би хаашаа явж байгаа юм гэж асуухад Э “Андруушийнд очиж эхнэрээ авах гэж байна” гэж хэлэхээр нь би Андрууштай уулзах гээд Этэй хамт Андруушийн гэрт очсон. ...Би удаагүй 1 цаг орчим болоод гэр рүүгээ малын ажил болох гээд алхаад явсан. Бид нарыг сууж байхад Батаа /Мөнхбат/ орж ирээд гараад явсан...” /2хх-н 98/ гэх,

Шинжээч Э.Эрхэмбаярын: “...Талийгаач Ч.Эийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл юм. Талийгаач Ч.Эийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шууд хүч үйлчлэх үед үүсэж нас барах боломжтой гэмтэл юм...” /1хх-н 84-85/ гэх, мэдүүлгүүд,

Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай “...талийгаачийн биед баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй...” /1хх-н 64-65/ гэх,

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Т.Э нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Т.Э сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Т.Э нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай болно...” /1хх-н 92-93/ гэх,

2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 229 дугаартай “... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №88 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...” /2хх-н 88-32/ гэх дүгнэлтүүд зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог. Шүүгдэгч Т.Эийн бусдын хийсэн үйлдлийн улмаас хохирогч Ч.Эийн амь нас хохирсон байх тул түүний үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл байна.

Шүүгдэгч Т.Эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч М.Үгаас “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох” утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч нь Г.Алгаамаа, М.Цэцэгмаа, Ү.Чанарбек нараас удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан байна. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэрч нар шүүгдэгч Т.Эийг гаднаас орж ирээд “манай эхнэр ухаан алдчихлаа”, “би эхнэрээ цохиод алчихлаа” гэж хэлсэн хэмээн зөрүүтэй мэдүүлдэг боловч хэрэг учрал гарах үед гэрээс гарахад амь хохирогчийн биед ил харагдах гэмтэл шархгүй байсан, мөн нас барах үед хохирогч шүүгдэгч хоёр хамт байсан талаар бүгд гэрчлэн мэдүүлсэн тул гэрчүүдийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглох ба хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. Хэрэв талууд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журам зөрчиж цуглуулсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргах эрхтэй ба хэрэгт энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ямар нэг хүсэлт анхан шатны шүүхэд гаргаж байгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.Эийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭЭ