Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч  Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч  
Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1703000010128

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г холбогдох 1703000010128 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: А.Г /РД:..................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их Тойруугийн гудамж Баянбүрдийн урд замд Toyota Prius маркийн 26-91 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 30 минутын үед Сансараас Бөмбөгөр рүү ээж Алтанцэцэгийг авахаар ээжийн эзэмшлийн 26-91 УНӨ дугаартай автомашинтай ганцаараа явж байсан, тухайн үед Баянбүрдийн тойргийн гэрлэн дохио дээр зогсож байгаад, зөвшөөрсөн гэрлээр урагшаагаа эргээд 2-р эгнээгээр явж байхад эсрэг урсгал түгжрэлтэй байсан, тэгтэл гэнэт эсрэг урсгалд зогсож байсан автомашины голоо зүүнээс баруун чигт явган хүний гарцаар нэг хүүхэд гүйгээд гараад ирэхэд нь чигналдаад, гэрлээ шилжүүлж дохиод, тоормосоо гишгээд, 1-р эгнээ рүү ортол нөгөө хүүхэд дагаад гүйсэн мөртлөө автобусны буудал руу хөндлөн гүйж байгаад автомашины урд хэсэгт мөргүүлээд газарт шидэгдэж унасан, би машинаа зогсоогоод, хүүхэд дээр гүйж очоод биеийн байдалыг нь асуусан, хөл нь өвдөөд байна гэж байсан, тэр хавьд явж байсан үл таних хүнийг гуйж байгаад түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд, тэр хүнээр түргэн дуудуулсан бас тэнд явган явж байсан цагдааг гуйж байгаад түүний утсаар хүүхдийн ээж рүү би өөрөө залгаж хүүхдийг мөргөсөн талаараа хэлж, ээжийн дуудсан, удаагүй 103 машин ирсэн эмч хүүхдийн биеийн байдалыг үзээд эмнэлэг аваад явсан, удаагүй цагдаа нар хэргийн газарт ирж үзлэг хийсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэсайханаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“…Би Баянбүрдийн урд талын явган хүний гарцаар ганцаараа зүүнээс баруун тийш алхаад зам гарч байтал гэнэт машины гэрэл орж ирээд мөргөсөн. …хурдтай орж ирээд л мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Ц.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“…2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Баянбүрдийн урд талын замын явган хүний гарцаар найз Гантулгын хамт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ гарч байтал миний урд талд явган хүний гарцаар явж байсан эрэгтэй хүүхдийг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин урд хэсгээрээ аягүй хүчтэй мөргөөд, хүүхэд хүчтэй мөргүүлээд газарт шидэгдээд унасан, машин нь явган хүний гарц өнгөрөөд л зогссон, хүүхэд урд талд нь унасан. …Надад осол болохоос өмнө чигналдах, тоормослох чимээ сонсогдоогүй харин осол болж хүн мөргүүлсний дараа л машины тоормосны чимээ сонсогдсон. …Тухайн үед орой болчихсон байсан боловч замын хажуугийн гэрэл асаалттай байсан, зам шулуун тэгш байсан, замын хөдөлгөөн бага сийрэг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/

Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Баянбүрдийн урд талын зам хөндлөн гарцаар гарахаар алхаж явсан, миний урд талд найз Билгүүн явж байсан би түүний ард талд 3 метрийн зайд гар утсаараа яриад явж байтал хүчтэй дуу гарсан, хартал хүн мөргүүлээд аягүй хол шидэгдээд унаж байгаа харагдсан. Тухайн үед орой болчихсон байсан гэхдээ замын хажуугийн гэрэл асаалттай байсан, замын хөдөлгөөн бага сийрэг л байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн хүний биед шинжилгээ хийсэн 11219 дугаартай дүгнэлтэнд: Б.Эрдэнэсайханы биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун чихний шарх, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн алга, бүсэлхийнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/

Шинжээчийн 585 дугаартай дүгнэлтэнд: Toyota Prius маркийн 26-91 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 15 настай Б.Эрдэнэсайхан нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/

Ял шийтгэлийн талаар: А.Г нь 2017 оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 119 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн хуульзүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их Тойруугийн гудамж Баянбүрдийн урд замд Toyota Prius маркийн 26-91 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Билгүүний мэдүүлэг, гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их Тойруугийн гудамж Баянбүрдийн урд замд Toyota Prius маркийн 26-91 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч А.Гээс баримтаар тогтоогдсон 2.638.371 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаад олгож, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1.000.000 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр, гэр бүлийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхууруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай .

5. А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйин 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гээс 2.638.371 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаа нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА