Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/68

 

 

 

 

 

 

   2023        9        27                                              2023/ДШМ/68                                           

 

                                                 Ц.Төд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Одгэрэл,

            Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Р.Оюунбадам,

            Хохирогч Б.Пүрэвсүрэн,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Төд холбогдох эрүүгийн 2334000000176 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Т, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд өмнө нь ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

 

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газар “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос өвч хадагч хадуур, тармуур зэрэг биеэр авч чадахгүй эд зүйлсийг зөөж тээвэрлэх зорилгоор машин, механизм ашиглан нууцаар хулгайлан авч 2.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Төв аймгийн прокурорын газраас Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334000000176 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Боржигон овгийн Цын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Төд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334000000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ц.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Боржигон овгийн Цын Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг, 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн (процессийн хууль зөрчсөн).

Үүнд: хх-21, 22 “Э” ХХК-ийн хашааны хүлэмжид ногоо тарьж байсан залуутай очиж уулзаад ах нь хадланд гарах гэсэн юм. Энэ хадуур тармуурыг хэрэглээд өгье гэж хэлтэл дуугарахгүй байхаар нь аваад явсан. Э ХХК-ийн хашаанд байсан Ноолой (Норолхоо) гэх хүнд хэлсэн чинь дуугарахгүй болохоор нь аваад явсан, буцааж өгье гэж бодож байтал цас орчихсон.

Хх-50, 51 2022 оны 8 дугаар сард Т Э ХХК-ийн хашаанаас гэрээ нүүлгэхдээ өөрийнхөө бага оврын пад трактороор чирээд авч явсан гэж гэрч Б.Гэрэл гэх хүн шууд л хэлсэн байдаг.

Хх-17 Би (Содном) Төрөөг жижиг улаан өнгийн практор пад тракторыг ав гэж хэлсэн.

Хх-16 тракторыг 2021 онд Э ХХК-ийн захирал С.Жаргалсайханы аав Содном 500,000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан.

Хх-21, 22 шүүгдэгч “Э” ХХК-д 2013 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэл 9 жил малчин болон харуулаар ажилласан. Хулгайн зүйл болох өвс хадах хадуур, тармуурыг 2013 онд компани худалдан авсан, шүүгдэгч есөн намар энэ тармуур хадуураар компани болон өөрийнхөө малдаа хадлангаа авдаг байсан.

Содном ах гэдэг хүн Тийн авга ах, Содномын хүү нь Э компанийн ерөнхий захирал С.Жаргалсайхан өмгөөлөгч надад ярихдаа тухайн үед би гадаадад байсан, манай шинэ ажилтнууд мэдэхгүйгээс ийм зүйл боллоо, ийм үл ойлголцол гарсан байна. Төрөө ах тэр хадуур, тармуураар намрын намарт хадлангаа аваад буцааж тавьдаг нь бидний хооронд уламжлагдсан зүйл шүү, ийм болно чинээ бодсонгүй дээ даанч харамсалтай байна гэлээ.

Ц.Тийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтэц бүрдээгүй. Хулгайлах санаа зорилго байгаагүй нууцаар хууль бусаар авч явах сэтгэл санаа байгаагүй. Гуравын гурван хүний нүдэн дээр хэлээд авч яваад буцаад өгье гэдгээ хэлж авсан нь нотлогдоно.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэм хор нь хүн үхсэн, хүний эрүүл мэнд нь гэмтсэн хохирол учруулсан, эд хөрөнгө гэмтсэн, устсан байхгүй болсон байхыг шаардана.

Хх-12 авагдсан нотлох баримтаас харвал хохирол хор уршиг учраагүй байна.

Хх-17 хохирогч: Хадуурыг надад өгөөд хх-52, 2022.10.02-ны өдөр тармуурыг “Э”  ХХК-нд Төрөө би хүлээлгэн өгсөн.

Хх-12 (2023.05.09-ний өдөр) одоо манай байгууллагын зүгээс Төөс хадуур тармуурыг буцааж авсан байгаа. Манай “Э” ХХК-ийн зүгээс болон хохирогч Пүрэвсүрэн миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэснээр нотлогдоно.

Гурав. Шүүгч гэм бурууг дүгнэхдээ шүүгдэгч Тийн мэдүүлгийг үндэслэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.3, 16.11 дүгээр зүйлүүдэд дүгнэлт хийснийг хүлээн зөвшөрөхгүй. Процессийн хуулийг зөрчсөн тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Иймд эрхэм шүүгч та бүхэн энэ бүхнийг анхааран хянан үзэж Ц.Төд оногдуулсан нэг жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Тийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооллогоор очиход хадуур, тармуур байгаагүй. Төрөө ах аваад явсан гэж хэлж байсан. Манай компаниас гомдол, саналгүй гэсэн байгаа гэв.

  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд шүүгдэгч Ц.Т бичиг үсэг мэдэхгүй хүн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулахгүй хууль зөрчсөн байдаг гэв.

  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компанид 9 жил ажилласан. Би дарга нарт хэлж байгаад хадуур, тармуур авсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Төд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээрх хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болно.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрч, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг.

 

Ц.Т нь зарж борлуулах, ашиг хонжоо олох ямар нэгэн зорилгогүйгээр 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газар өмнө ажиллаж байсан “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос тус компанийн өвс хадагч хадуур, тармуур зэргийг өөрийн өмчлөлийн бага оврын пад трактораар чирч авч явсан. Ингэж авч явахыг нь тухайн үед тус компанийн малчнаар ажиллаж байсан Б.Гэрэл, түүний эхнэр Г.Ягаанхүү нар мэдсэн гэх үйл баримт нь

Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн: “...2022 оны намар тухайн мод үржүүлгийн хашаанаас компанийн эзэмшлийн хадуур, тармуур алга болсон юм. Тухайн эд зүйлс алга болсныг бид нар 2023 оны хавар буюу 3 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн. Тэгээд бид нар асууж сураглахад хуучин манай “Э” ХХК-ийн манаач ажилтай байсан Т гэх хүн авч явсныг сонссон. Тэгээд бид нар Тийн хашаанд очиход Тийн хашаанд хадуур байж байсан тармуур нь байгаагүй. Тухайн үед Төөс авах гэтэл байхгүй, өгөхгүй гээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 12 дугаар хуудас/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн: “...Манай “Э” ХХК-ийн хашаанд ...үхэрчин Гэрэл гэх хүн гэр бүлийн хамт байдаг байсан. Би Гэрэл ахаас энд байсан хадуур, тармуур яасан юм гэж асуухад надад Гэрэл ах миний өмнө манаач хийдэг байсан Төрөө гэх хүн намайг байхгүй байхад манай хашааны хаалга онгойлгон аваад явсан гэж надад хүн хэлсэн гэж Гэрэл ах ярьж байсан юм. ...Төрөө ахаас асуухад Содном ах ав гэж хэлсэн гээд надад худлаа яриад байгаа юм. ...Намайг очоод компанийн эд зүйл болох хадуур, тармуурыг авч явна гэхэд надад хадуур өгөөд тармуурыг бол өгөхгүй байгаа. Иймд тармуураа нэхэмжилж олж авмаар байна...” /хх-ийн 16-17/ гэх,

Гэрч Ц.Норолхоогийн: "...миний өмнөх манаач Т ...хадуур, тармуур ...аваад явсан байсныг фермийн малчин Гэрэл гэх хүн ажлаасаа гараад нүүх болоод компаниас хүмүүс ирж эд аж ахуйг хүлээлцэн тооллого явуулахад алга болсныг мэдэж хайж эхлээд манай компанийн хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгсэн урд өмнө компанийн харуул хийдэг Т гэх хүнийг авсныг олж тогтоосон юм. Намайг аж ахуйн хашаанд байх үед Т гэх хүн надаас хадуур, тармуур авна гэж ирж байгаагүй надад хэлээд авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх гэж бодож байна...” /хх-ийн 19/ гэх,

Гэрч Ц.Тийн: “...би тухайн ажиллаж байсан компанийн хашаанд байсан жижиг тракторын хадуур, тармуурыг “Э” ХХК-ийн хашааны хүлэмжид ногоо тарьж байсан Ноолой  гэх залуутай очиж уулзаад ах нь хадланд гарах гэсэн юм. Энэ хадуур, тармуураа өгөөч, хэрэглээд өгчий гэж хэлтэл дугарахгүй байхаар нь би компанийн хашаанд байсан хадуур, тармуур хоёрыг “Э” ХХК-аас худалдан авсан байсан улаан өнгийн жижиг тракторын ард зүүгээд хашаанаас нь аваад гарсан юм. Тэгээд хадлангаа хадаж дуусаад буцаагаад “Э” ХХК-ийн хашаанд авчирч орхино гэж бодож байгаад мартаад хашаандаа өвөлжүүлсэн байсан юм...” /хх-ийн 21-22/ гэх,

Гэрч Г.Ягаанхүүгийн” “...Ц.Т нь намайг “Э” ХХК-ийн Байгаль суурин гэх газар 2022 онд нөхөр Гэрэлийн хамт ажиллаж байхад өвс хадагч хадуур, тармуур зэрэг эд зүйлсийг Гэрэл бид хоёрыг Батсүмбэр сум орж сүү зарахаар явах үед ирээд хашаан дотроос бага оврын пад трактораар чирээд авч явсан байсан. Гэрэл бид хоёр тухайн үед нь Т өөрийнхөө хадуур, тармуурыг авч явсан байна гэж бодсон Гэрэл бид хоёрт тухайн компаниас хадуур тармуурыг хүлээлгэж өгөөгүй...” /хх-ийн 49/ гэх,

Гэрч Б.Гэрэлийн: “...Намайг ажиллаж байхад тус компанийн хашаан дотор өвс хадагч хадуур, тармуур зэрэг эд зүйлс байсан. 2022 оны 8 дугаар сард Т нь “Э” ХХК-ийн хашаанаас гэрээ нүүлгэхдээ өөрийнхөө бага оврын пад трактораар чирээд авч явсан байсан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй, би эхнэр Ягаанхүүгийн хамт Батсүмбэр сум орж сүү зарахаар явсан байсан. Би тус компанийн ажилтан Пүрэвсүрэн гэх хүнд 2023 оны 3 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөөд явах гэсэн чинь Пүрэвсүрэн надаас хадуур тармуур хаана байна гэж асуухаар нь би Т аваад явсан гэж хэлсэн. Би тухайн үедээ Т өөрийнхөө эд зүйлийг авч явж байна гэж бодсон. ...Т тухайн хадуур тармуур зэрэг эд зүйлсийг “Э” ХХК-ийн удирдлагад буцааж хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 49/ гэх,

Гэрч Я.Нагаржунайгийн: “...би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төөс өвс хадагч хадуур, тармуур гуйж авч хадлангийн ажилд хэрэглэсэн. Би Төд тухайн хадуур, тармуурыг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Би Тийн хадуур тармуур гэж бодсон...” /хх-ийн 54/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Ц.Тийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн обьектив талын гол шинж болох нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг авсан болон уг эд хөрөнгийг захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл эс үйлдэхүйг тусгайлан заадаг.

 

Иймд Ц.Т нь хадлан бэлтгэх зорилгоор 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газарт байрлах өмнө нь ажиллаж байсан “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос тус компанийн өвс хадагч хадуур, тармуур зэргийг өөрийн өмчлөлийн бага оврын пад трактораар чирч авч явсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан “Ц.Төд оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул цагдан хоригдож байгаа Ц.Тийг суллаж, эрүүгийн 2334000000176 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, түүнийг 86 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т  зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Төд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

2. Ц.Т нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 86 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн 2334000000176 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа Ц.Тийг сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Прокурорын газраас А.Элмуратад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогч К.Жамбал Төв аймгийн цагдаагийн газарт “...миний машины дугуйг хутгаар хагалж явсан байсан..., ...олон хүмүүсийн хажууд танхайрч хутга барьж айлган сүрдүүлсэн..., ...гар нь хүрэхгүйн улмаас миний эмзэг эрхтэн төмсөг рүү өшиглөсний улмаас миний баруун төмсөг хавдаж хөхөрсөн, маш их өвдсөн...” гэх 3 агуулга бүхий өргөдөл гомдлыг гаргасан байна.

 

Гэтэл иргэний бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дутуу шалгаж, зөвхөн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасан хийвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй байна.

 

Энэхүү ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” нотлогдоогүй байна.

 

Үүнээс шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ариунзул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэрэгт ямар ажиллагаа хийх талаар тодорхой тусгалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хурлын тов гаргаагүй.

 

Мөн Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч К.Жамбалын мэдүүлэг, гэрч З.Хаянжамал, Б.Авзаль нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Элмурат нь хохирогч К.Жамбалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

 

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болсон. А.Элмуратын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Харин түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн гэж үзвэл энэ талаар тусад нь шалган шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч К.Жамбалын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлуудын талаар дурдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодруулалгүй орхигдуулсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Элмуратын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хэлэлцээд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэх ёстой байтал шүүхээс мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Мөн шүүх нь мөрдөн шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага биш, зөвхөн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг байгууллага учраас аль нэг талд нь хандаж хавтаст хэрэгт авагдсан ажиллагаануудаас өөр ажиллагаа хийлгэхээр захирамжилж байгаа нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх А.Элмуратад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хохирогч К.Жамбалаас Төв аймгийн цагдаагийн газарт хандан гаргасан “...А.Элмурат нь олон хүмүүсийн хажууд хутга барин танхайрч миний эмзэг эрхтэн рүү нь өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулсан, автомашины дугуйг хутгаар хагалсан...” гэх агуулга бүхий гомдол хавтаст хэргийн 1-р талд авагдсан байдаг.

 

Хохирогчийн дээрх гомдол, мэдээлэлд тусгагдсан зарим асуудлуудын талаар мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй атлаа прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд шалгалгүй орхигдуулсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлэхээр заасан ба мөн хуулийн 32.3 дугаар зүйлээс 32.10 дугаар зүйл хүртэл прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар хуульчилсан.

 

Гэтэл прокурорын шатанд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан үзэж хохирогчийн гомдол мэдээлэлд тусгагдсан асуудлуудыг бүрэн гүйцэд хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байхад хуулийг зөрчин яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, зөв байна.

 

Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах ёстой ба, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг хянан үзэх ба уг нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байвал шүүхээс хэргийг мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс А.Элмуратад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийнхаа “Захирамжлах  нь” хэсэгт хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг баримтлалгүй орхигдуулсан нь буруу байх боловч хэргийн оролцогч нарын гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг ханган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг баримталсныг буруутгах хууль зүйн боломжгүй юм. 

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхийг тодорхойлсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл бүрддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” нь хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэхээр заасан бол нөгөө талаасаа нотолж чадаагүй бол “гэм буруугүй” гэх зарчим үйлчилдэг болно.

 

Иймд хяналтын прокурор Г.Ариунзулын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, А.Элмуратад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                                      З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                          М.МӨНХДАВАА