Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00323

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ггын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02629 дугаар шийдвэртэй, Т.Ггын нэхэмжлэлтэй,  “К” ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүү мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ггыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч байгууллага нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан ба шалгалт зохион байгуулах тухай гэсэн цахим шуудан ирсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан. Үнэлгээг мөн оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээллэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн.

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах тухай гэсэн гарчигтай “зарим ажилтны мэргэжлийн мэдлэг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, ажилтныг тухайн албан тушаалд тэнцэж буй эсэхийг тодорхойлох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна” гэх цахим шуудан ирсэн.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон мэргэжил ур чадварын тогтоох комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд 59%-аас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил ур чадварын түвшинд тэнцэхгүй болох нь тогтоогдсон, тиймээс таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгч, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан.

Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журмаар комисс нь ажиллахдаа хууль тогтоомжид нийцсэн, хараат бус, шударга байх, эрх тэгш байх зарчмыг баримтлан шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй.

Анхны шалгалт авах удирдамж чиглэлд шалгалтын үнэлгээнээс хамааран ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдсэн атлаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй, шалгалт авах, шалгалтыг хэрхэн яаж дүгнэх нь ойлгомжгүй, шалгалтын дүнг бидэнд албан ёсоор, эрх зүйн бичиг баримтын шаардлага хангаснаар танилцуулж гарын үсэг зуруулаагүй ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж, ажилтаны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж байсан атлаа 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байна гэсэн. Энэ бүрэлдэхүүнд ажилтны төлөөлөгч нэг ч байхгүй байдаг.

2020 оны 07 дугаар сарын 10-ны мэдэгдэл, гүйцэтгэх захирлын Б/289 дугаартай тушаалын анхны үндэслэл нь 05 дугаар сарын 01-ний өдрийн шалгалт байдаг. Уг мэдэгдлийг өгөхдөө ямар шалгалт дээр хэдэн оноо авсан болохыг хэлээгүй танилцуулаагүй, эксель дээр бичсэн зүйл өгсөн. Зүй нь бол ажилтанд комиссын дүгнэлт, эрх зүйн хүчин төгөлдөр баримтыг өгч түүнийгээ үндэслэх ёстой гэж үзэж байна.

Хариуцагч албан ёсны дүгнэлт, шийдвэрийг танилцуулаагүй, гардуулаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сард гарсан ерөнхийлөгчийн зарлигт цар тахал корона вирусын тархалтын үед ажилтныг өөрийнх нь хүсэлтээс бусад үндэслэлээр ажлаас нь халахыг хориглосон байгаа.

Иймд 2020 оны 08 дугаар сарын 12 өдрийн Б/289 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Гга нь “К” ХХК-ийн Галакси салбарын харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч Т.Гга нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн банктай хөдөлмөрийн гэрээг байгуулсаны үндсэн дээр харилцагчийн менежерийн албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил, үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан.

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн.

Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр и-мэйлээр хүргэж ажилласан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, комиссын дүгнэлт гаргуулна гэдгийг урьдчилан мэдэгдсэн.

Тус шалгалтад нэхэмжлэгч Т.Гга нь хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд өөрт нь энэ тухай албан ёсны и-мэйлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр илгээсэн.

Ингээд дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийн дунд гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг байгуулж, холбогдох шалгалтыг зохион байгуулж ажилласан. Мэргэжил, yp чадварын түвшин тогтоох комисс нь батлагдсан төлөвлөгөө, удирдамж, холбогдох журмын дагуу ажилласан бөгөөд хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг тухай бүр гаргаж баталгаажуулсан байдаг.

Батлагдсан удирдамжид заасны дагуу шалгалтыг 3 арга, хэлбэрээр явуулсан бөгөөд тест-50 оноо, Assessment center буюу өгөгдсөн сэдвийн хүрээнд багаар эсвэл дангаар ажиллан кейс, дасгал даалгавар хийх, түүнийг илтгэл тавих байдлаар танилцуулах, ур чадвар тодорхойлох ярилцлага хийх зэргийг ашиглан хувь хүнийг үнэлэх арга-40 оноо, шууд удирдлагын үнэлгээ (хариуцсан зээлийн багц, үзүүлэлтүүд)-10 оноо, нийт 100 оноогоор дүгнэсэн.

Нэхэмжлэгч Т.Гга нь дээрх шалгалтад буюу тест-т 29 оноо, Assessment center-т 25 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 4.8 оноо, нийт 58.8 оноо авч шалгалтад тэнцээгүй тул мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан. Т.Гга нь шалгалтын дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 29-нд банкинд гаргасан өргөдөлдөө банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдсан ба ажилтны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1339 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Т.Ггад нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг хүлээн авч танилцсан гэдгээ Т.Гга нь гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тушаалын 1-д Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, түвшин тогтоох, дүгнэх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 12- ны өдрөөс эхлэхээр хугацааг тусгайлан заасан, 2-т 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллах комиссын бүрэлдэхүүнийг байгуулсан, мөн А/93 тоот тушаалаар комиссын ажиллах эрх зүйн баримт бичгийн мөрдөх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэхээр тус тус зохицуулсан тул уг  комисс нь хүчин төгөлдөр бүрэн эрхтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан “К” ХХК-ийн Галакси салбарын Харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Т.Ггын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Гга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халахад ажилтан мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно, ажил олгогчийн комиссын дүгнэлт албан ёсоор гарсан, ажилтанд мэдэгдэл хүргэгдсэн, сарын тэтгэмжийг олгосон, шалгалт авах аргачлалыг баталсан зэргээр ажил олгогчоос хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэж анахн шатны шүүх дүгнэсэн боловч шалгалт авах болсон гол шалтгаан, зорилго, шалгалтын дүнг бодитой өгсөн эсэх, шалгалтын дүн гаргахад ажил олгогчийн зүгээс субьектив байдлаар хандсан эсэх, шалгаллтын үнэлгээг гаргахдаа батлагдсан аргачлалын дагуу гаргасан эсэх зэрэгт огт дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 2006 оны 33 тоот тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжид заасны дагуу дүгнэлт өгөөгүй нь нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэлүүдийн нэг болсон гэж үзэж байна. “К” ХХК-аас явуулж буй мэргэжлийн түвшин тогтоох шалгалт нь орон тоог цөөрүүлэхийн тулд хэрэгжүүлсэн арга хэмжээ мөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд ажил олгогч мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг олон ажилтчдаас зэрэг авч хэд хэдэн ажилчдыг Т.Ггатай ижил үндэслэлээр ажпаас нь халсан болно.

Үүнийг ажил олгогч анхнаасаа зарим ажилчдын ажпаас халах субьектив хүсэл зориг агуулж үүнийгээ ажилтан мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй болсон гэх хууль зүйн үндэслэлийг ашигласан гэж үзэж байна. Энэ шатгалтад муу авсан ажилтнуудад авах дараагийн арга хэмжээг зааж, комисс байгуулан шалгалтад хамруулж байгаа нь өөрөө ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, орон тоог багасгах зорилго агуулж байх бөгөөд энэхүү үйл баримтыг нотолсон баримтуудын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй болсон гэдэгт албан ёсны дүгнэлт гарсан байхаас гадна яг мэргэжлийн хувьд хэрхэн тэнцэхгүй байгаа, ур чадварын хувьд хэрхэн тэнцэхгүй байгаа зэргийг ялгаж салгаж дүгнэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардагдах боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй байх нь мэргэжпийн хувьд тэнцэхгүй шалтгаан болно үзэж байна. Хэрэв дээд боловсролын үнэмлэхтэй боловч мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзвэл тухайн албан тушаалын ажпын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох нь чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх ажил олгогчоос авсан шалгалтын агуулга тухайн ажлын байранд тавигдах шаардлагатай нийцэж байгаа эсэхийг дүгнээгүй. Энэ нь ажилтан тухайн ажпын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа хэдий ч ажил олгогчийн зүгээс ажпын байранд тавигдах шаардлагаас халисан шалгалтыг авахад ажилтан хохирох боломжтой байгааг шүүх анхаараагүй.

Хэрэв үнэхээр ажилтан Т.Гга миний бие 58.8 хувийн үнэлгээ авсан нь бодитой гэж үзвэл тухайн шалгалтын үнэлгээг яг баталсан үнэлэх аргачлалын дагуу тавигдсан эсэх, түүнчлэн үнэлгээ гаргахад ажил олгогчийн зүгээс субьектив байдлаар хандаж үнэлэх боломж байгаа эсэхийг эцэслэн дүгнэсний үндсэн дээр тухайн гарсан үнэлгээг бодитой эсэхэд үнэн зөв дүгнэлт өгөх боломжтой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх яг энэ байдалд дүгнэлт өгөөгүй.

Т.Гга надад өгсөн дээрх үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ажил олгогчийн зүгээс асуудалд субвектив байдлаар хандсан гэж үзэж байна. Түүнчлэн шууд удирдлагын зүгээс өгсөн үнэлгээ нь илтэд бодит байдалд нийцэхгүй, ажилтан Т.Гга миний мэргэжил, ур чадварыг бодитой дүгнэх бус үнэлгээ гаргахдаа субеьктив байдлаар гаргасан нь илэрхий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шууд удирдлагаас өгөх 10 онооноос 4.8 оноо авсан нь ажилтан Гантулга миний бие тухайн үнэлгээг өгсөн шууд удирдлагын удирдлагад ажилласан нийт хугацааны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 48 хувь ба түүнээс доош байсан мэтээр ойлгогдохоор байна. Гэтэл миний ажпын гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч 48 хувьтай муу гарч байгаагүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчиннгүй болгож, нэхэмжпэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Гга нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Гга нь “К” ХХК-ийн Галакси салбарт харилцагчийн менежерээр ажиллаж байсан, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хх25-25/

 

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Мэргэжил, ур чадвар тогтоох комиссын ажиллах журмын 2.1, уг комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/2020 тоот дүгнэлт, ажил олгогчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.10.4.2, 6.3.5-д заасныг баримтлан Т.Гга нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-99/

 

Нэхэмжлэгч Т.Гга нь хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргасан 1 сарын хугацаанд багтсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/134 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.10.5-д “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоосон байхыг хэлнэ. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм болон холбогдох бусад журам зааврыг үндэслэн дүгнэлт шийдвэр гаргана” гэж заажээ.

 

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/71 тоот тушаалаар банкны салбар нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг томилж, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг гаргаж, шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах, тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байх ба /хх46/ уг тушаалын дагуу ажлын хэсэг шалгалтын удирдамжийг гаргаж, уг удирдамжид шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цагт онлайнаар зохион байгуулах журам, судалгаа авах хугацааг тогтоож шалгалтыг мөн сарын 14-ний өдрөөс эхлэн ажилтан бүрт мэдээлэх ба зөвхөн энэ шалгалтын үнэлгээнээс хамааран ажилтныг шууд ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй бөгөөд харин “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс” ажиллуулах талаар дурджээ. /хх 47-49/

 

Улмаар шалгалтыг удирдамжийн дагуу зохион байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Т.Ггад [email protected] цахим хаягаар “хангалтгүй” үнэлгээ авсан тухай шалгалтын үнэлгээг мэдэгджээ. /хх61/ Үүний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Зарим ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох шалгалттай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/89 тоот тушаалаар мэргэжил ур чадварын, түвшин тогтоох комиссыг зохих журмын дагуу байгуулж, хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг шалгалтанд хамруулах, үр дүнг танилцуулах ажлыг 2020 оны 07 дугаар сард багтаан зохион байгуулахыг үйл ажиллагааны газарт үүрэг болгожээ. /хх62/

 

Дээрх шийдвэрт үндэслэж хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар “хангалтгүй” үнэлгээ авсан буюу энэ тушаалын хавсралтад заасан ажилтануудыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамруулж, түвшин тогтоох, дүгнэх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулах, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг байгуулж, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг гаргаж, зохион байгуулах, үнэлж дүгнэх, үр дүнг тогтоосон хугацаанд тайлагнах, шалгалтыг холбогдох журмын дагуу зохион байгуулж ажиллахыг үүрэг болжээ. /хх64/ Уг тушаалын дагуу гаргасан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжид “2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажилтаны борлуултын ур чадвар, илтгэх ур чадвар, асуудалд бодитоор хандаж, богино хугацаанд шийдвэр гаргах уг чадварыг илрүүлэх ярилцлагыг авах, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тестийн шалгалтыг авахаар тусгаж, “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүртэл арга хэмжээ авна” гэжээ.

 

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/93 дугаартай тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс томилогджээ. /хх151, 68-72/

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын зохион байгуулсан шалгалтад Т.Гга нь 58.8 хувийн оноо авч журамд заасан 59 хувиас доош оноонд хамаарч байх тул шалгалтад тэнцээгүй байна. Тэрээр уг үнэлгээтэй холбоотой гомдлыг мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисст гаргаагүй байна. /хх97/

 

“К” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад 59 хувиас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил, албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил, ур чадварын түвшинд тэнцэхгүй болохыг тогтоосон байна. Иймд хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөө дуусгавар болгож, ажил олгогчийн санаачлагаар цуцлах болсныг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасантай нийцжээ. /хх98/

 

Иймд “К” ХХК-ийн захиралын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/289 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Ггын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА