| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0036/З |
| Дугаар | 109/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 109/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл
Гуравдагч этгээд: “Г” ХХК нарын хоорондын “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, В.У, М.Б, хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О (цахим), гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Б” ХХК-иас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. “Б” ХХК нь 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан, худалдаа үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын халаалтын төвд дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулахаар Архангай аймгийн Эрчим хүчний зөвлөлд 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр татгалзсан хариу хүргүүлжээ.
2.2. Үүний дараа Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Г” ХХК-д дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тухай зөвшөөрөл олгосон байна.
2.3. Дээрх үйл баримтаас хойш нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/02 дугаар албан бичгээр дахин хүсэлт гаргаж, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 41 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн, мөн нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12/01 дүгээр албан бичгээр тайлбар гаргуулахаар хүсэлт гаргаж, мөн тус зөвлөлөөс 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хариу хүргүүлжээ.
2.4. Дээрх тусгай зөвшөөрлийг асуудлаар Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Б” ХХК-д (сүүлд) 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн ба “Б” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль болохыг тогоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч тайлбар, татгалзал, гуравдагч этгээдийн тайлбарын тухайд:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д- миний бие “Б” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан. 2011 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн халаалтын зууханд механикчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Архангай аймгийн Ихтамир сумын төвлөрсөн халаалтын зуух нь Ерөнхий боловсролын сургуулийн өмчлөлд байдаг. Би “Б” ХХК буюу хуулийн этгээдээр 2022, 2023, 2024 онуудад Архангай аймгийн Ихтамир суманд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох баримт бичиг, материалыг бүрдүүлэн, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд удаа дараа хандсан бөгөөд миний өргөдөл хүсэлтийг хүлээн авсан боловч тусгай зөвшөөрөл олгоогүй учраас 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад хандахад аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1444 тоот албан бичгээр материалаа бүрдүүлж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд ханд гэсэн хариуг өгсөн. Гэтэл аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/02, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр хариуг өгсөн. Ингээд би 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад “Б” ХХК-ний буюу манай компанийн гаргасан гомдлыг Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд шилжүүлсэн. Үүний дагуу 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өгөхөд “Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтай хангах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлж ирүүл гэсэн жагсаалт өгсөн. Үүний дагуу материалыг бүрдүүлж өгөхөд Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл болон Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуультай өмч түрээслэх гэрээг тусгай зөвшөөрөл хүссэн материалд хавсаргаж ирүүл гэсэн шаардлага тавьсан. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай албан бичиг авсан. Ихтамир сумын ерөнхий боловсролын сургууль нь аймгийн Орон нутгийн өмчийн газраас манай компанид тухайн уурын зуухыг ашиглуулж болох эсэх талаар албан бичгээр асууж тодруулсан бөгөөд аймгийн Орон нутгийн өмчийн газар 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 235 дугаартай албан бичгээр манай компанид түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэсэн хариуг хүргүүлсэн. Ийм байдлаар Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь манай компанид тусгай зөвшөөрөл олгохгүй маш их чирэгдүүлж байна. Гэтэл Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь манай компанийн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна. Ийнхүү тусгай зөвшөөрөл олгохдоо 1. Техник эдийн засгийн үндэслэл нь буруу хийгдсэн, 2. Манай компаниас ерөнхий боловсролын сургуультай уурын зуух ашиглах, гэрээ болон орон нутгийн өмчийн байгууллагын зөвшөөрөл шаардсан атлаа “Г” ХХК нь уурын зуух ашиглах гэрээ байгуулаагүй, өмчийн байгууллагын зөвшөөрөл аваагүй, 3. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д заасан “нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэснийг илтэд зөрчиж “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна. Ийнхүү “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй, илт хууль зөрчиж зөвшөөрөл олгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос Архангай аймгийн Ихтамир сумын халаалтын зуухыг ажиллуулсан. Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2016, 2017, 2018 онд шалгуулаад явж байсан. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн халаалтын үйл ажиллагаа төрийн өмчит төсвийн байгууллагад хүндрэл учруулснаас хойш орон нутгийн байгууллага эзэмшиж ашиглах нь зүйтэй гэсэн шаардлагыг зохицуулах зөвлөлийн дарга Б.А-т удаа дараа тавьж байсан. Тэр ч байтугай Өвөрхангай аймагт болсон бүсийн зөвлөгөөнд хүртэл саналаа хэлж байсан. Тэр үед Баянхонгор аймгийн бүх сумууд төр хувийн хэвшилтэй хамтарч байгаа гэсэн саналаа хэлж байсан. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ихтамир сумын миний нэр дээр ажиллуулж байсан сургуулийн тусгай зөвшөөрөл 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дуусах гэж байхад 180 хоногийн өмнө “Б” ХХК-иас хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн хариуг 10 хоногийн дотор өгөх байтал 120 хоногийн дараа 2023 оны 6 дугаар сарын 6-нд өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас сургуулийнхаа захиралтай зөвшилцөөд сургуулийн захирал хүсэлт тавьсан, та бүхэнд энэ уурын зуухаа тусад нь аваад гар, тусгай зөвшөөрлөө ав гэж зөвлөж хэлж байсан. Ингээд Ихтамир сумын сургууль 3 дугаар сарын 1-ний өдөр бичиг хийж өгсөн. Сумын захиргаа 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 64 тоот бичгээр Эрчим хүчний зохицуулах зөвлөлд бичиг хийж өгсөн. Ингээд энэ уламжилсан бичгээ тусгай зөвшөөрөл аваад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Б” ХХК-иас эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Б.А материалаа аваад ороход миний материалыг үзээд орон нутгийн өмчийн газрын бичиг байхгүй байна гэж хэлсэн. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Архангай аймгийн үе үеийн орлогч дарга нар даргалж байсан. Тэр үеийн дарга байсан М дарга дээр орсон. Танай орон тооны гишүүнд материалаа өгөх гэсэн авахгүй байна гэтэл Мөнхбат дарга би Хайрхан сумыг хариуцсан Засаг даргын хувьд “Г” ХХК нь манай сумтай эрчим хүчний талаар маргаантай байгаа, би энэ асуудалд оролцохгүй намайг хассан байна лээ гээд миний бичгийг аваагүй. Тэгээд 3 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын бичгээ аваад дахин хандсан. Тэгээд хариу ирэхгүй байхаар нь 5 дугаар сарын 20-ны өдөр хандахад танай тусгай зөвшөөрлийг сургууль руу чинь явуулсан гэсэн. Ер нь тусгай зөвшөөрлийн материал авахад ажилчдаа бэлтгэсэн, сургуулийн 2015, 2018 оны тусгай зөвшөөрлийг бүрдүүлж өгсөн. Ингээд 2023 онд хариугаа хүлээгээд байж байтал ажил 6 дугаар сарын 15-нд хааж дууссан байхад сургуулийн нягтлан дуудаад та ажилчдынхаа бүх анкетуудыг өг, уурын зуухны бүх мэдээллээ өг гэсэн. 10-ны өдөр ингэж хэлэхээр нь санаад ороогүй. Тэгээд тооцоо эдийн засгийн үндэслэл бүх баримтаа өгсөн. Сургуулийн захирал 4 дүгээр сарын 4-нд Эрчим хүчний зохицуулах зөвлөлд миний бичгийг хуулаад өгчихсөн. Хавтаст хэргийн материалд Эрчим хүчний зөвлөлөөс 5 дугаар сарын 26-ны өдрийн 198 тоотоор “Г” мэргэжлийн байгууллага ажиллах болсон гэсэн бичиг хийж өгсөн. “Г” ХХК-ийн хүсэлт, сумын захиргааны бичиг, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргасан бичгийг үндэслээд өгсөн. Намайг болохоор Орон нутгийн өмчийн газраас бичиг, сургуулиасаа гэрээ аваад ир гэж шаарддаг. Ингэж шаардаж байгаа бол үүнийгээ энэ цаасан дээрээ бичиж өг гээд бичүүлсэн. Тэгээд Орон нутгийн өмчийн газраас бичиг авчирсан. Дараа нь дахиад сургуульд очоод гэрээгээ авъя гэтэл чамд хийж өгч болохгүй гэж хэлсэн. Энэ нь илт хууль бус юм. “Г” ХХК-д илүү үйлчлээд “Б” ХХК-ийн ажлыг замхруулсан. Үүний үнэн мөнийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага гаргасан. “Б” ХХК нь аж ахуйн нэгжийн хувиар 2022, 2023, 2024 онуудад Архангай аймгийн Ихтамир суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд удаа дараа хандсан. Энэ үйл явдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүрхэг байгаа. Шийдвэрлэхгүй байгаа гол нөхцөл байдлыг харахаар нэгдүгээрт нь “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо техник эдийн засгийн үндэслэл буруу хийгдсэн. Мөн “Б” ХХК-иас өмчлөлийн байгууллагын зөвшөөрөл шаардсан атлаа “Г” ХХК нь уурын зуух ашиглах гэрээ байгуулаагүй, орон нутгийн өмчийн байгууллагын зөвшөөрөл аваагүй байхад зөвшөөрөл олгосон. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэснийг илтэд зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд гэдэг нь “Б” ХХК болон “Г” ХХК-ийн хоорондох нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр зөвшөөрөл өгсөн асуудал харагдаад байгаа юм. Энэ зөвшөөрлийг олгохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрөл олгосон уу гэдэг нөхцөл байдлыг харж үзэх ёстой. Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар хуулийн зорилтод хүрээлэн байгаа орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгоно гэж заасны дагуу олгосон юм шиг байгаа юм. Гэхдээ Зөвшөөрлийн хууль тогтоомжид заасан хэрэглэх эх сурвалжийг нь хараад үзэхээр Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар бүрдүүлнэ гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэдэг зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна. Ялангуяа “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх үүргийг зөрчсөн. Мөн Иргэний хуульд заасан нөхцөл байдлыг бас зөрчсөн байгаа. Зөвшөөрөл олгохдоо Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нэгдүгээрт хуулийг дээдлэх ёстой. Хууль дээдлэх гэдэг нь Үндсэн хуулийн суурь зарчим, Зөвшөөрлийн тухай хуульд заасан зарчим орж ирж байгаа. Хууль шүүхийн өмнө эрх, тэгш байна гэж зааснаар эдгээрийн эрх тэгш байдлыг хангаж аль нь үндэслэлтэй, аль нь үндэслэлгүй гэдгийг шийдвэрлэх ёстой. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байгаа. Дараа нь ил тод шударга байх. “Б” ХХК-д ил тод байдал гаргачхаад “Г” ХХК-д ил тод, шударга хандах эрх зүйн нөхцөл үүссэн. Хуульд зааснаас бусад бичиг баримт төлбөр хураамжийг “Б” ХХК-иас шаардаад байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хэлснээр тодорхой харагдаж байна. Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж өгсөн. Зөвшөөрөл хүссэн өргөдөл түүнд хамааралтай баримтаа эрх бүхий этгээдэд гаргана гэсний дагуу “Б” ХХК-д гаргаж өгөөд байхад яагаад шийдэхгүй, өөр компанийн асуудлыг шийдвэрлээд байгаа юм бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Эрх бүхий этгээд шийдвэр гаргахаасаа өмнө Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх гэсэн байна. Гэтэл “Б” ХХК-иас ийм зүйлийг шаардаад байгаа. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх эрх бүхий этгээд хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдүүлж энэ тухай бүртгэлд тусгана. Энэ нөхцөлд “Б” ХХК-ийн хувьд байхгүй байгаа. Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаад дараах арга хэмжээ авна гэж байгаа. Зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана гэж байгаа. Шийдвэр яаж гарах нөхцөл байдал нь Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулж Эрчим хүчний тухай хуульд тодорхой заасан. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг хуульд зааснаар 3 гишүүнтэй байгаа байх гэж бодож байна. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно гэж заасан. 2 хүн хурал хийсэн ч юм хийгээгүй ч юм уу тэмдэглэл хөтлөөд эрх бүхий акт гаргаж болохгүй байх. Ийм нөхцөл “Г” ХХК-д олгогдож байгаа. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг гаргахдаа ийм нөхцөл байдал гаргасан харагдаж байна. 2 гишүүнтэй 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан байна. Захиргааны акт болох 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2 гишүүнтэй хуралдсан. Эцэст нь хэлэхэд “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илтэд хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хангагдах үндэслэлтэй байна. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргасан. Н.Д гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн уурын зуухыг хариуцан ажиллаж байсан. “Б” ХХК 2022 онд өөрийнх нь тайлбарлаж байгаагаар хандсан гэдэг нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хариуг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 29 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлснээс тодорхой харагдаж байдаг. Нөхцөл шаардлагыг дүрэмд заасан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг ийм хариуг ирүүлсэн байдаг. Гэхдээ энэ хариу албан бичгийг тухайн үед нь Н.Д гуайд өгөөгүй. Н.Д- 2023 оны 3 дугаар сард мөн хандсан байдаг. Гэтэл тухайн үед материалаа бүрдүүлээд хандахад нь хүлээж аваагүй. Таны материал дутуу байна гээд аваагүй. Ингээд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Г” ХХК хандсан байдаг. “Г” ХХК-ийн захирал биш хүн 6 дугаар сарын 12-ны өдөр Д.П-д хандаж түүнд хавсарган өгсөн материалд яг ямар материал хавсарган өгсөн нь тодорхойгүй гэж үзэж байгаа. Бидний зүгээс хэдхэн албан бичгийг үндэслээд ерөнхий боловсролын сургуулийн албан бичиг цөөн хэдэн баримтыг үндэслээд олгосон. Яагаад ингэж үзэж харж байгаа вэ гэхээр “Г” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл хүсэж бүрдүүлж өгсөн материалуудыг сүүлд нь цуглуулж, нөхөн өгсөн байх магадлал өндөртэй. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 15 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрөл олгосон гэж байгаа мөртлөө тусгай зөвшөөрөл хүсэхэд хавсарган өгдөг баримт материалууд нь Байгаль орчны яамнаас Байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг дандаа 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны материал харагдаж байгаа. “Г” ХХК-ийг 2016 оноос хойш эзэмшиж 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Г байсан. Энэ хүн хариуцагч Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А-ийн эхнэрийнх нь төрсөн ах юм байна. Ийм харилцаатай учраас 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тухайн компанийг эзэмших хувьцаагаа шилжүүлж 15-ны өдөр дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Үүний дагуу шилжээд “Г” ХХК-ийн Д.П гэх хүний эзэмшилд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжсэн улсын бүртгэлд гэрчилгээг бүртгэж авсан. Тэгэхээр 6 дугаар сарын 12-ны өдөр Д.П гэх захирлын нэрээр албан бичиг үйлдэж тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгээ явуулсан. “Б” ХХК-ийг удаа дараа хүсэлт тавьж хандаж байхад нь яг ямар материал дутуу байгаа юм бэ гэдэг арга зүйгээр хангаж ашиг сонирхлоо илэрхийлсээр хүсэлтээ тавьсаар байхад нь өөрийнхөө хамаарал бүхий этгээдийнхээ компанид тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тэгэхээр хүсэлтээ илэрхийлээд байгаа ийм компани байсаар байтал ямар нэгэн байдлаар өрсөлдүүлж сонгон шалгаруулах гэсэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөд энэ компанид давуу байдал олгоод “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Бид ийм үндэслэлээр “Г” ХХК-д олгож байгаа энэ процесс хуулиа зөрчсөн, олгох хууль зүйн үндэслэл байхгүй байхад олгосон нь илт хууль бус байна гэж үндэслэлээ тодорхойлж оруулж ирж байгаа гэв.
3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон. Тухайн маргаан бүхий акт буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх хэсэгт заасан аймгийн зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээтэй гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн. Гэхдээ энэ эрхээ хариуцагч талаас хэрэгжүүлэхийн тулд хуулийн холбогдох нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэсэн байх ёстой. Нэгдүгээрт Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д зааснаар нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд гаргасан бол сонгон шалгаруулалт хийх замаар тусгай зөвшөөрлийг олгоно гэж зохицуулсан. 2022, 2023, 2024 онд удаа дараа хандаж байсан. 2023 оны 3 дугаар сард ч гэсэн мөн хандаж байсан. Гэтэл өөрийнх нь хүсэлтийг хүлээж аваагүй. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журам гэж байгаа. Үүний 1-д зааснаар эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгдэж мэдэгдэж энэ тухай бүртгэлд тусгана гэж заасан. “Б” ХХК нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулалт манайх одоо тусгай зөвшөөрөл авмаар байна гээд өргөдлөө өгөхөд А.А даргын хувьд яадаг вэ гэхээр наад өргөдөл чинь ийм баримт дутуу байна гээд амаар хэлээд буцаачихдаг. Гэтэл хуулийн зохицуулалтын хүрээнд өргөдөл ирсэн бол нэгдүгээрт амаараа буцаах биш хүлээн аваад тэмдэглэлд нь тусгах ёстой. Тэмдэглэлд тусгасны дараа хоёр дахь зохицуулалт нь эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаад дараах арга хэмжээ авна гэж байгаа. Нэгдүгээрт баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзэх юм бол магадлан шалгах ажиллагаагаа эхлүүлэх, хоёрдугаарт өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь шаардлага хангаагүй эсвэл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэхдээ тодорхой хугацаа олгож өгөхөөр бас хуульд зохицуулсан байгаа. Хуулийн энэ хугацаандаа өргөдлөө буцаж гаргаагүй бол өргөдөл гаргаагүйд тооцохоор ийм хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл хуулийн энэ зохицуулалтыг нэхэмжлэгч талаас хэрэглэх гэхээр яаж байна вэ гэхээр анхнаасаа өргөдлийг нь үндэслэлгүйгээр хүлээж аваагүй энэ хуульд заасан үндэслэлээрээ хүлээж аваад хуулийн дагуу татгалзах ёстой бол татгалзаад хугацаагаа зааж өгөх ёстой байтал энэ талаар хариуцагч эрчим хүчний зохицуулах зөвлөл энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас хуулийн энэ зохицуулалт бол нэхэмжлэгчийн хувьд хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд яах вэ гэхээр өргөдөл хүсээд байгаа “Г” хувьцаат компаниас тусгай зөвшөөрөл өргөдөл хүсэхээр ирсэн тохиолдолд нэхэмжлэгчийн мөн өргөдөл гаргасан ийм нөхцөл байдал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэхээр анхнаасаа өөрөө хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цаашлаад бусад хариуцагчид оногдуулах хариуцлагын бусад нөхцөл байдал хэрэгжих боломжгүй ийм нөхцөл байдал учирч байгаа учраас сонгон шалгаруулалт явуулаагүй гэдэг нэг дэх зохицуулалтыг хариуцагчийн зүгээс хэрэглээгүй байгаа. Хоёрдугаарт Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар өргөдөл хүсэж байгаа ямар ямар баримт бичгийг хавсаргах вэ гээд тусгайлан 21.2.1-21.2.10 хүртэл холбогдох баримтуудыг заасан байгаа. “Г” хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нь 2023 оны 6 дугаар сарын 19-нд Д.П гэдэг хүний захирлаар томилогдсон. Гэтэл “Г” хувьцаат компани нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргахдаа Д.П- гэдэг хүн захирлаар томилогдоогүй байсан хүн нь өргөдөл гаргаад тусгай зөвшөөрөл хүсчихсэн байгаа. Эрчим хүчний тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар холбогдох бичиг баримтыг нягтлан шалгах үүрэг нь хариуцагч тал буюу Эрчим хүчний зохицуулах зөвлөлд байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй ямар шалтгаанаар “Г” ХХК-ийн захирал биш хүнээс ийм хүсэлт гаргах эрх хэмжээгүй хүнээс өргөдөл гаргаад байхад чинь тэр өргөдлийг нь хүлээгээд авчихдаг ийм нөхцөл байдал өнөөдөр хууль зөрчиж байгаа. Гэтэл Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн зохицуулалтад хамаарч байгаа. Тэрнээс гадна хэрэгт хавсаргаж өгсөн зарим нэг баримтыг нөхөн бүрдүүлсэн нөхцөл байдал харагддаг. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах тухай 28 дугаартай албан бичиг мөн байгаль орчны үнэлгээний дүгнэлт нь 2023 оны 6 дугаар сарын 22-нд гарсан байдаг. Үүнээс гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 онд батлуулсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ямар ямар баримт бүрдүүлэх ёстой энэ шаардлагыг огт хангаагүй байхад тусгай зөвшөөрөл олгочихсон байдаг. Үүнээс гадна мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн дадлага туршлага гэж байгаа. Хэрэгт өгсөн баримтаар хэдэн дипломын хуулбар гаргаад өгсөн. Гэтэл шүүхээс үзлэг хийсэн “Г” ХХК-д өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдээр татагдаж оролцож байгаа энэ Ц.З гэдэг хүн ажиллаж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Бусад боловсон хүчний хувьд яадаг вэ гэхээр бүгдийг нь сургуулиас аваад ажиллуулчихсан цаашид энэ хүмүүсээ ч гэсэн үргэлжлүүлээд ажиллуулна гэдэг. Тэгэхээр тухайн компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн боловсон хүчин дадлага туршлагатай гэх нөхцөл байдал нь ч өнөөдөр тогтоогдоогүй ийм нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглээгүй. Үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. 3 гишүүний нэг нь орон тооны зохицуулах зөвлөлийг байгуулах түүний гишүүд томилох журмыг зохицуулах зөвлөл тогтооно гэж байгаа. Энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг олгохдоо хоёр гишүүнтэй олгохгүй. Хуулиар гурван гишүүн байхаар зохицуулсан байхад л хоёр гишүүн олгож байгаа нь тухайн эрх зүйн акт гаргах үндэслэл байхгүй. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийг “Г” хувьцаат компанид олгохдоо нэхэмжлэгч “Б” ХХК-иас өргөдөл гаргаагүй гэж үзвэл “Г” хувьцаат компани ч гэсэн тухайн үед өргөдөл гаргаагүй гэж үзэх боломжтой. Тийм учраас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” хувьцаат компанид олгохдоо хууль зөрчиж олгосон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна гэв.
3.6. Хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрлүүдийг олгох, олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тухайн орон нутагтаа эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч болох халаалтын төвд дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхлэх дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авахаар “Б” ХХК 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 тоот албан бичгийг ирүүлсэн. Тухайн үед тусгай зөвшөөрөл авах баримтын бүрдэл дутуу байсан тул баримтуудыг бүрдүүлж ирэх талаар албан бичиг хүргүүлсэн. /”Б” ХХК нь өөрийн компанийн өмч биш орон нутгийн өмч ашиглан дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүсэж байсан тул Зохицуулах зөвлөлийн зүгээс орон нутгийн удирдлагаас тус компанитай хамтран ажиллах боломжтой талаар албан бичиг ирүүлэхийг захирал Н.Д-д хэлсэн/. Гэтэл Зохицуулах зөвлөлд өмчийн эзэн болох Ихтамир сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/198 тоот албан бичгээр “Г” ХХК нь сумын халаалтын төвийн ашиглалтыг хариуцах болсон тул холбогдох тусгай зөвшөөрлүүдийг олгож өгнө үү” гэж хүсэлт ирүүлсэн. Иймд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1 дах заалтыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар “Г” ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоосон бөгөөд одоогоор тус тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. “Г” ХХК 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн материал ирүүлэхэд “Б” ХХК-иас энэ хугацаанд дахин материал ирүүлээгүй байсан тул холбогдох тусгай зөвшөөрлүүдийг сумын Засаг даргын хүсэлтийн дагуу “Г” ХХК-нд олгосон. Гэвч тус халаалтын төвд тусгай зөвшөөрлүүд олгогдсоны дараа “Б” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл хүссэн материал ирүүлэхэд нь Зохицуулах зөвлөлөөс тус халаалтын төвийг ашиглан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өөр байгууллагад давхцуулж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй талаар тайлбар албан бичгийг хүргүүлсэн. “Б” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргаж дахин тусгай зөвшөөрөл хүссэн учир Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авах бүрдүүлэх материалыг хүргүүлсэн. Дахин материал бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн учир нь өмчийн эзэн зөвшөөрсөн хүсэлт болон өмч ашиглах гэрээг бүрдүүлж ирүүлэхийг “Б" ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл холбогдох материалуудыг бүрдүүлэн ирүүлээгүй байна. Өмчийн эзэн өмнө нь “Г” ХХК-иар үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн тул тэр хүсэлтээ хүчингүй болгож “Б” ХХК-тай хамтран ажиллах хүсэлт ирүүлэх шаардлагатай болсон. Өмчийн эзний хүсэлтийг үндэслээд Зохицуулах зөвлөлөөс “Б” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох тул холбогдох материалуудыг бүрдүүлэх шаардлагыг хүргүүлсэн болно гэжээ.
3.7. Хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-д зөвшөөрөл олгоогүй тухайд, “Б” ХХК нь анх эрчим хүчний зохицуулах зөвлөлд Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн өмч болох халаалтын төвд дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхлэх, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл авахаар 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Тухайн үед тусгай зөвшөөрөл авах баримтын бүрдэл дутуу байсан буюу өмчийн эзний зөвшөөрөл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл захирал Н.Д-д та сумынхаа Засаг дарга юм уу сургуулийнхаа захирлаас энэ өмчийг ашиглаж болно гэсэн зөвшөөрлөө аваад ир гэж хэлсэн. Учир нь “Б” компани нь өөрийн компанийн өмч биш орон нутгийн өмч ашиглан дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэж байгаа тул Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зүгээс орон нутгийн удирдлагаас тус компанитай хамтран ажиллах боломжтой талаар албан бичиг ирүүлэх шаардлагатайг захирал Н.Д-д хэлсэн байдаг. Яагаад гэвэл Ихтамир сумын ерөнхий боловсролын сургууль нь 2022 онд тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хэвээр байсан ба сургууль өөрөө ямар нэгэн байдлаар “Б” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлэх талаар мэдэгдээгүй. Мөн сургуулийн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болоогүй байсан учраас эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дур мэдэн “Б” компанид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол нэг зөвшөөрлийг нэг хүн хуулийн этгээдийн нэр дээр олгоно гэж заасны дагуу давхардуулан “Б” компанид олгох боломжгүй учраас сургуулийн захиргаанаас зөвшөөрөл аваад ир гэж хэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 2.2 хэсэгт заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно гэж заасан байдаг. Харин зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу дутуу материал бүрдүүлсэн бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгч буюу Н.Д-д мэдэгдсэн. 2022 оны 6 сарын албан бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа. Ингэж мэдэгдсэнээс хойш Н.Д нь нэг жил найман сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохицуулах зөвлөлд ирүүлсэн. Энэ хүсэлт нь ирэх үед эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээг “Г” компанид олгосон байсан өөрөөр хэлбэл өмнө нь тусгай зөвшөөрөл өмнөх тусгай зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан учраас “Б” компанийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан. “Г” компанид зөвшөөрөл олгосон тухайд, 2023 оны 3 дугаар сард Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.Цэрэннадмид нь Ихтамир сумын Засаг даргад ерөнхий боловсролын сургууль нь цаашид халаалт дулааны үйл ажиллагаа явуулах боломжгүй тул өмчийн гэрээ түрээс менежментийн хувьчлал хийж мэргэжлийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэлт явуулсан ба уг хүсэлтээ 2023 оны 4 дүгээр сард Эрчим хүчний зохицуулах зөвлөлд ирүүлсэн.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан сургуулийн хүсэлтийн дагуу Ихтамир сумын Засаг дарга нь манай зөвлөлд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай албан бичгээр “Г” компани нь сумын нэгдсэн халаалтын төвийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон тул холбогдох тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дараа 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Г” ХХК нь зохицуулах зөвлөлд 10 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн. Эрчим хүчний зохицуулах зөвлөлд ирүүлсэн материалыг хянаад 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хурал зохион байгуулан хуралдаж “Г” компани нь тусгай зөвшөөрөл олгох шаардлагатай баримтыг бүрэн гаргаж ирүүлсэн тул 5 жилийн хугацаатайгаар “Г” компанид эрчим хүчний тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгосон. Мөн тус хурлаар сумын ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрлийг хүсэлтийнх нь дагуу хүчингүй болгосон. Сонгон шалгаруулалтын талаар Эрчим хүчний тухай хуулийн 21.8 дугаар зүйлд нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэж заасан байдаг. Гэхдээ мөн хуулийн 21.5 дугаар зүйлд энэ хуулийн 21.4-т тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 2.2-т заасан бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно гэж заасан байдаг ба “Б” компани нь тус хуулийн хугацааг хэтрүүлсэн учраас өргөдөл гаргасан гэж үзээгүй юм. Эрчим хүчний тухай хуулийн 21.8 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгох шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл тухайн цаг хугацаанд “Б” “Г” хоёр нь нэгэн зэрэг өрсөлдөж тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаагүй гэв.
3.8. Гуравдагч этгээд “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-д Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл шаардлагыг тогтоох тухай" 15 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Ихтамир суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх 08/2023, 09/2023, 10/2023 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгосон. Улмаар Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуультай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг байгуулж, нэгдсэн халаалтын төвийн өмч хөрөнгийг шилжүүлэн авч, тус төвийн үйл ажиллагааг хариуцан явуулж эхэлсэн. Ийнхүү тус уурын зуухыг хүлээн авч танилцахад үйл ажиллагаа шууд явуулах боломжгүй байсан тул том оврын буюу 1.8 м.кв зуухыг бүрэн шинэчилж засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийсэн. Мөн өөрийн зардлаар мэргэжлийн ажиллах хүчнээр хангаж, урсгал засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манай компани нь Зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тавьсан тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд холбогдох материалын шаардлагад нийцүүлэн нэг жил 6 сарын өмнө уг тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 2023 оны 9 дүгээр сард манай компани Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай уулзаж, уурын зуух болон дагалдах эд хөрөнгийг хүлээн авч, үйл ажиллагааг хариуцах талаар хэлэлцээр хийх үеэр тус сургуулийн механик Н.Д нь тухайн үед өөрийн “Б” ХХК-иараа тусгай зөвшөөрөл авч, уурыг зуухыг ажиллуулах хүсэлт өгсөн хэмээн маргаан үүсгэсэн тул манай компани ийм маргаантай уурын зуухны үйл ажиллагаа, эд хөрөнгийг хүлээн авч ажиллах боломжгүй гээд татгалзсан. Ингээд 2024 оны 10 сарын эхээр тус сумын захиргаа “Манай сумын уурын зуух ашиглах боломжгүй болсон тул танай компани хэвийн болгож үйл ажиллагааг хариуцан ажиллах” тухай саналыг дахин тавьсан. 2023-2024 онд Н.Д- сургуулийн уурын зуухны механикчаар хариуцан ажиллаж байхдаа уурын зуухны ашиглалтын горим удаа дараа зөрчсөнөөс уурын зуухны тогоо хагарах буюу “фаарлуулсан” гэж сумын захиргаанаас мэдэгдээд манай компанийг хүйтний эрч чангарахаас өмнө, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, нэн яаралтай засвар үйлчилгээ хийж хариуцан ажиллах хүсэлт тавьсан тул манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч дээр дурдсан засвар үйлчилгээг хариуцан явуулж байгаа юм. Тодруулбал Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газраас: “Сумын онцгой комиссын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн эрхлэн гүйцэтгэж буй сумын төвийн нэгдсэн халаалтын зуухны 2024-2025 оны халаалтын улиралд төвлөрсөн халаалтыг тусгай зөвшөөрлийн хүрээнд танай байгууллагатай менежментийн гэрээ хийж гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан тул бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.” гэж 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн болно. Өөрөөр хэлбэл манай зүгээс өвөлжилтийн бэлтгэл хүндэрсэн, уурын зуух нь ажиллах боломжгүй болчихсон хүнд нөхцөл байдалд өөрсдийн хөрөнгөөр засварлаж шинэчлэх, мэргэжилтнээр хангаж дулаан үйлдвэрлэх, түгээх ажлыг цаг алдалгүй эхлүүлж, өнөөдрийг хүртэл дулаанаар хангаж, ашиглалт, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна. Иймд манай компанийн хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэх нэг ч шалтгаан, үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Г” ХХК нь Архангай аймгийн Ихтамир суманд дулааныг үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалтайгаар хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 5 жилийн хугацаатай авсан байдаг. Ингэж аваад 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуультай орон нутгийн өмчийн эзэмшүүлэх гэрээг байгуулж нэгдсэн хамгаалалтын төвийн өмч хөрөнгийг шилжүүлэн авч тус төвийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хариуцан явуулж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой тодорхойлсон. Архангай аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл буюу хууль зүйн үндэслэлгүй байна, хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн хариу тайлбарыг хэлье гэж бодож байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор тухайн хуулийн заалтыг хэрхэн яаж ойлгох вэ талаар тодорхой тайлбарласан байдаг. Энэ нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг л ойлгоно. Хэн ч гарсан илэрхий алдаатай тохиолдолд хэрэглэгдэх учиртай гэж дээд шүүхийн тогтоолоор маш тодорхой тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл энэ 15 дугаар тогтоолыг уншиж үзээд хуульд огт үндэслээгүй хуулийн зүйл заалт огт байхгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус гэж үзэх боломжтой байдаг. Гэтэл энэ актыг уншаад үзэх юм бол Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.1-д буюу тусгай зөвшөөрөл олгох түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх хүчингүй болгох эрх хэмжээг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл энэ эрхийг эдэлж хэрэгжүүлнэ гэсэн энэ заалтыг үндэслээд эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан ийм илт хууль бус шинжийг агуулаагүй захиргааны акт байна гэж харж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч, хариуцагчийн хариу тайлбарыг сонсохоор шийдвэр гаргах ажиллагааны журмын талаар тайлбарлаад байна. Өргөдөлд ийм ийм баримтууд хавсаргах ёстой байсан. Ийм хуулийн заалт энэ баримтууд байсан, 3 гишүүнтэй хурал хийх ёстой байтал 2 гишүүнтэй хурал хийчихсэн ч гэдэг юм уу шийдвэр гаргах ажиллагааны журмын асуудлыг ярьж байна. Энэ нь илт хууль бус актын шинжид огт хамааралгүй асуудал юм. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийхийг хориглосон байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэгчийн өөрсдийнх нь хамгийн эхэнд нэхэмжлэлийн шаардлага тодруулах хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа юу гэхэд энэ дэмжиж байгаа гэдэг хариултыг хэлсэн. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж дүгнэлт хийх учиртай. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх хуулиар олгогдсон эсэх, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэх, маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох нөхцөл хангагдсан эсэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
1. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус байх шинжийг агуулсан эсэх тухайд
1.1. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3. дахь хэсэг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна., 11.3.1.-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заажээ.
1.2. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 12.1.1.-д “цахилгаан үйлдвэрлэх”, 12.1.4.-т “дулаан дамжуулах”, 12.1.7.-д “дулаан түгээх”, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно.”, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1.-д “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”, 8.1 дүгээр зүйлийн 14. дэх хэсэг Эрчим хүчний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: 14.26.-д дулаан үйлдвэрлэх, 14.27.-д дулаан дамжуулах, 14.28.-д дулаан түгээх зөвшөөрлийг “Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл” олгохоор зохицуулжээ.
1.3. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх хэмжээ олгогдсон байна.
1.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж тус тус зохицуулсан.
1.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэл нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан, хуулийн тодорхой заалт баримтлаагүй зэрэг хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг хамааруулан ойлгоно.
1.6. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “....., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан.
1.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.
1.8. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэл болгон тодорхойлж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх нөхцөл нь хариуцагчаас тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь хэнд ч тодорхой байх тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох учиртай.
1.9. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алиныг нь дурдаж маргасан.
1.10. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
1.11. Тухайлбал, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “ ... 2023 оны 3 дугаар сард хандаж байсан, хүсэлтийг нь хүлээж аваагүй, Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна гэтэл 2 хүн хурал хийсэн нь хууль бус, “Г” ХХК-ийг Д.П гэх хүний эзэмшилд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжсэн, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Д.П гэх захирлын нэрээр албан бичиг үйлдэж тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгээ явуулсан нь компанийг төлөөлөх эрхгүй байсан, мөн “Г” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл хүсэж бүрдүүлж өгсөн материалыг сүүлд нь цуглуулж нөхөн өгсөн, бүрдэл дутуу байсан, тухайн компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн боловсон хүчин, дадлага, туршлага дутмаг, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглээгүй ...” гэх тайлбарууд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, хууль зүйн үндэслэлд хамаарах буюу захиргааны актыг хүчингүй болгуулах агуулгад хамаарах үндэслэл байх тул шүүх дүгнэлт өгөхгүй.
1.12. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа, хууль хэрэглээний алдаа нь захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болох боловч энэ нь захиргааны актыг илт хууль бус байх “ноцтой алдаа” шинжийг бүрдүүлэхгүй юм.
1.13. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбарт дурдаж буй дээрх үйл баримт, үндэслэл нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн, хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэрэг нөхцөл, шаардлагад хамааралгүй байна.
1.14. Нэхэмжлэгчийн шүүхэд маргасан асуудлаар гэрч Б.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... хуралдсан тухайн үед нөгөө хүн гэж томилогдоогүй байсан, тэгээд хоёулаа болж тухайн нөхцөл байдалтайгаар л хуралдаад сумаас хүсэлт нь ирчихсэн учраас үүнийг яаралтай шийдвэрлэхгүй бол болохгүй гэж үзээд хоёулаа хуралдаж шийдвэрлэсэн, миний гарын үсэг мөн ... Н.Д Тамгын газрын байранд таарч байсан. Хүсэлтээ өгнө гэдгийг надад хэлж байсан. Яг албан ёсоор хүсэлт гаргаад “Б” ХХК-ийн асуудал яригдаж байгаагүй ...” гэх тайлбар гаргасан болно.
1.15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан, “Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д заасан “нэгж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэсний илтэд зөрчиж “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлийн тухайд
1.16. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд анх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд Архангай аймгийн Ихтамир суманд халаалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 дугаартай албан бичгээр хандсан байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал)
1.17. Улмаар хариуцагч байгууллагаас 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр “Б” ХХК-ны захирал Н.Д-д дулааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал)
1.18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 29 дугаартай тус албан бичгийг надад албан ёсоор өгөөгүй, 2023 оны 9 дүгээр сард л сумын дулааны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон болохыг мэдсэн, 2023 оны 3 дугаар сар, 2023 оны 9 дүгээр сард манай компанийн зүгээс дахин хандсан гэж тайлбарлаж буй боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх хугацаанд дахин хандсан болох нь нотлогдохгүй байна.
1.19. Тухайлбал, нэхэмжлэгч “Б” ХХК нь анх 2022 оны 6 дугаар сард тусгай зөвшөөрөл олгох талаар хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй гэх боловч уг асуудлаар өргөдөл гомдол гаргаагүй, шүүхэд хандаагүй бөгөөд “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон талаар 2023 оны 9 сард мэдсэн гэж, мөн 2023 оны 3, 9 дүгээр сард дахин хандсан гэх боловч эдгээр саруудад “Б” ХХК-иас ямар нэгэн албан бичиг ирж байгаагүй талаар хариуцагчаас бичгээр тайлбар гаргаж, холбогдох бүртгэлийг ирүүлсэн, дээрх хугацаанд хариуцагч байгууллагад хандаж байсан талаарх албан бичиг, холбогдох бүртгэлийг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаагүй.
1.20. Харин нэхэмжлэгч “Б” ХХК-ны зүгээс анх 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 дугаартай албан бичгээр дулаан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч хандсанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/02 дугаартай албан бичгээр дахин тусгай зөвшөөрөл хүсч хандсан болох нь тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 33, 36 дахь тал)
1.21. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4.-т “Энэ зүйлийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно.”, 11.-д “Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн зөвшөөрөл хүсэгчээс зургаан сарын дотор уг чиглэлээр хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.” гэж зохицуулжээ.
1.22. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьд 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл хүсч хандсанаас хойш шүүхэд нотлогдсон баримтаар дахин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/02 дугаартай албан бичгээр гаргасан байна.
1.23. Улмаар энэ хугацаанд гуравдагч этгээд “Г” ХХК-ны зүгээс Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2023 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 29 дугаартай албан бичгээр дулааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч хандсан байх бөгөөд хариуцагч байгууллагаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай” тогтоолоор тус компанид тусгай зөвшөөрөл олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 39-45, 47 дахь тал)
1.24. Нэхэмжлэгч “Б” ХХК-ны хувьд анх Архангай аймгийн Ихтамир суманд халаалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 6 дугаартай албан бичгээр хандсанаас хойш дахин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/02 дугаартай албан бичгээр хандаж гаргасан байх бөгөөд гуравдагч этгээд “Г” ХХК-иас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2023 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 29 дугаартай албан бичгээр өргөдөл гаргаж дулааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч хандсан, улмаар Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор тус компанид тусгай зөвшөөрөл олгох цаг үед өөр этгээд тухайлбал, нэхэмжлэгч “Б” ХХК-ны зүгээс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байсан болох нь тогтоогдож байна.
1.25. Дээрх үйл баримтат тулгуурлан дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлон, маргаж буй Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д заасан “нэгж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэснийг илтэд зөрчиж “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэл бодитой бус, эл үндэслэлээр хариуцагч байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
1.26. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-ээс “Г” ХХК нь уурын зуух ашиглах гэрээ байгуулаагүй, орон нутгийн өмчийн байгууллагын зөвшөөрөл аваагүй байхад зөвшөөрөл олгосон гэх боловч хариуцагч маргаан бүхий 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг гаргахдаа Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар албан бичиг, Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар албан бичиг, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны 01/138 дугаар албан бичигт дурдсан хүсэлтийг үндэслэн “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Мөн дээрх асуудлаар Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 368 дугаар албан бичгийг Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 46, 114, 128, 150, 2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал)
1.27. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А-т холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргасан, шалгаж байгаа, тусгай зөвшөөрлийг олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа, энэ нь маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох нэг үндэслэл болно гэж тайлбарлан маргаж буй боловч хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А буюу нийтийн албан тушаалтанд холбогдох дээрх гомдол, мэдээлэл гаргасан, шалгаж буй асуудал нь энэ захиргааны хэрэгт шууд хамааралгүй, эл үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй байх тул шүүх энэ талаарх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй болно.
1.28. Иймд маргаан бүхий Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.1.7, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1. дэх хэсгийн 1.1 дэх заалт, 8.1 дүгээр зүйлийн 14.26, 14.27, 14.28 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-иас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА