Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00327

 

Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02436 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бын хариуцагч ХНХЯанд холбогдуулан гаргасан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 708 984 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр 21-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Мөн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалинг хуулийн хугацаанд шаардаж нэхэмжилсэн. Ингээд шийдвэр хүчин төгөлдөр болж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, намайг өнөөдрийг хүртэл ажилд аваагүй байна. Тийм учраас шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо уг шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 708 984 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү. Мөн хариуцагчийг сайд гэж тодорхойлсныг яам болгон тодруулж байна. Өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд миний нэг өдрийн цалинг 47 747 төгрөг гэж тогтоосон байдаг гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХНХЯанд даалгаснаар өмнөх шүүхийн шийдвэрүүдийг буюу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгосон байгаа. Одоо ажилд эгүүлэн томилсон захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХНХЯнаас 18 708 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Д.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХНХЯанд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХНХЯнаас 251 494 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ХНХЯ нь өмнөх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Д.Бын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгосон. Ажилд эгүүлэн томилох шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа, мөн нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Буянтогтох нь хариуцагч ХНХЯанд холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 708 984 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч тал маргахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна гэсэн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Быг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21ний өдрийн 865 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01ний өдрийн 91 дүгээр магадлалаар Увс аймгийн Улаангом Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 955 890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 5-16 дугаар тал/ Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг одоог хүртэл ажилд нь эгүүлэн томилоогүй талаар талууд маргаагүй.

 

 

 

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21ний өдрийн 1353 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10ны өдрийн 1990 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14ний өдрийн 210 дугаар тогтоолоор Д.Бын 2017 оны 11 дүгээр сарын 21ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 440 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгажээ.

 

 

 

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19ний өдрийн 695 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19ний өдрийн 1163 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 09ний өдрийн 370 дугаар тогтоолоор Д.Бын 2018 оны 5 дугаар сарын 01ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 404 486 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ. /хэргийн 17-29 дүгээр тал /

 

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Д.Бын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 47 727 төгрөгөөр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 3 дугаар сарын 01ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31ний өдөр хүртэлх хугацааны буюу 392 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 18 708 984 төгрөгийг хариуцагч ХНХЯнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бод олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХТӨР