| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0659/э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Цэд холбогдох эрүүгийн 1711013540336 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Ц РД:/................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1175б тоотод 17 настай Д.Сугарыг гал түлсэнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...Хуягаа ахын гэрт очиход манай найман настай дүү галдаа нүүрс хийх гэж байсан. Тэгэхээр нь гэрт байсан залууг ахын дүү чи нүүрс хийчих гэсэн чинь би чиний зарцуу гээд бид хоёр маргадсан. Тэгээд нөгөө залуу руу дөхөөд очтол намайг толгойгоороо мөргөсөн. Тэгээд би газар унагаагаад нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Сугар бид хоёр эвлэрсэн. Эмчилгээний 200.000 төгрөг өгсөн…“гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Д.Сугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Хуягаа ахын гэрт орон дээр хэвтэж байсан чинь Хуягаагийн эхнэрийн дүү болох Б.Цэд гаднаас орж ирээд чи хэдэн настай юм жоохон хүүхдээр нүүрс хийлгэлээ гараад нүүрс хий гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь би танай зарцуу гэж хэлсэн чинь миний нүүр лүү дахиж цохиод хоолой боож хуруугаараа нүдэн дээр дарсан. Тэгээд би гэрээс гарч яваад 5 минутын дараа буцаж орж ирсэн чинь Б.Ц надад хандаж нүүр гараа угаа гэж хэлээд гараад явчихсан. Надад эмичлгээний мөнгө 200.000 төгрөг өгсөн гомдолгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Сугар гэрт хөгжим сонсоод хэвтэж байхад манай дүү Чимэдцэрэн орж ирээд Сугарт хандаж “хөөе залуу чи гараад нүүрс хийчих” гэж 3 удаа хэлсэн. 4 дэх удаагаа хэлсэн чинь Сугар болсч ирээд би чиний зарцуу гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдоод унахаар нь би салгаад гэрээс гаргасан. Тэгээд тэр хоёр таамбар дотор зодолдоод байсан. Чимэдцэрэн Сугарын нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Б.Цийг бид Ойнбаяр гэж дууддаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ¹14504 дугаартай дүгнэлтэнд: Д.Сугарын биед баруун, зүүн нүдний зовхи болон зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, хүзүүний баруун, зүүн хэсэг, эгэмний баруун хэсэг, зүүн бугалга, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч .Цэрэнчимэд нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1175б тоотод 17 настай Д.Сугарыг гал түлсэнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Сугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14504 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч .Цэрэнчимэд нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1175б тоотод 17 настай Д.Сугарыг гал түлсэнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи болон зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, хүзүүний баруун, зүүн хэсэг, эгэмний баруун хэсэг, зүүн бугалга, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч Д.Сугар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хохиролд 200.000 төгрөг авсан гэсэн нь /хх-ийн 29 дүгээр хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Цийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цэд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА