Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        10       05                                               2023/ДШМ/73

 

 

                                                           

 Ч.Гт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Л.Наранхүү,

            Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

            Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Гт холбогдох эрүүгийн 1934005310207 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Галт суманд, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 11 дүгээр байр, 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, Төв халх овогт Ггийн Г, регистрийн дугаар:,

 

Ч.Г нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 2.661.382 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын баруун дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдаж улмаар байгаль орчинд 252.504 төгрөгийн, нөхөн сэргээлтийн 21.961 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Төв халх овогт Ггийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий а нгийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Гоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7599 ХӨҮ улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгсэл, 7992 ТӨВ улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгсэл, 5120 УН улсын дугаартай Robex 3000 LC-7 маркийн экскаватор, усан бууны үнэ болох нийт 99.689.300 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч нь “Эй Жэй Жэй Эм” ХХК-д үнэлгээ гаргасны төлбөр 380.000 төгрөг төлснийг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гт холбогдох хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Тус шийтгэх тогтоолд манай байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр А.Цэнд-Аюуш оролцсон тухай бичсэн боловч иргэний нэхэмжлэлээр нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийг гэм буруутай талаас гаргуулах талаар орхигдуулсан байх тул үүнийг залруулан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал. Шүүгдэгч Ч.Г нь гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдсон тул түүнээс уг зардлын 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч нь нэр бүхий хүмүүстэй хамтран уг газраас ашигт малтмал олборлосон асуудал яригддаг. Түүний хувьд байгаль экологид учруулсан хохирлоо 3 дахин нугалж төлсөн учир шинжээчийн нэхэмжлээд байгаа зардлыг төлөх үндэслэлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Ч.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” үүрэгтэй байдаг.

 

4. Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэл байх шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

 

5. Ч.Гт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох доорх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь буруу болжээ.

 

6. Үүнд: 6.1. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 68 дугаар талд /дугаарлагчаар дугаарласан/ мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Заамар сумын “Туулын баруун дэнж” гэх газраас 7599 ХӨҮ улсын дугаар бүхий “Howo” маркийн автомашинд ачигдсан шороог баяжуулсан гэх тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд гялгар уутанд хийсэн шар өнгийн металл мэт зүйлийг хавсарган үдсэн байх ба мөрдөн шалгах болон прокурорын шатанд уг металл бүхий зүйл нь химийн ямар элемент болохыг нотлон тогтоож хэрэгт хавсаргасан, уг зүйлийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаарх асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн нь буруу болжээ.  

 

6.2. Ч.Гийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын баруун дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хууль бусаар явуулсан гэх үйлдэлд нь н.Бямбаа, н.Баасанжаргал нар нь манай талбай хэмээн зааж өгч оруулсан гэх болон уг үйлдэлд нь Д.Пүрэвсүрэн, Д.Балдорж, С.Баасанбат, Ц.Мөнхжаргал нар нь тус бүртээ өөрсдийн болон бусдын техник хэрэгслийг ашиглан оролцож байгаль экологид нийт 1.262.522 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/18 дугаар шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтас 133-163-р тал/ тогтоогдсон байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг үйлдэлд нь оролцсон гэх зарим этгээдүүдийн үйлдэл холбогдлыг огт шалгахгүй орхигдуулсан, зарим этгээдүүдэд холбогдох хэргийг буруу тусгаарлан Ч.Гийн энэ үйлдлийн улмаас байгаль экологид 252.504 төгрөгийн, нөхөн сэргээлтийн 21.961 төгрөгийн хохирол учирсан хэмээн үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Учир нь: Гэмт хэрэгт хамтран оролцогчид нь хоорондоо бодит ямар тохироо хийсэн, уг тохиролцооныхоо хүрээнд өөр өөрсдийн үүргээ хуваарилан ямар зорилгод хүрэх зорилготой байсан, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн шинжийг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог ба дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлон тогтоох учиртай.

 

6.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох талаар хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Төв аймгийн Заамар сумыг хохирогчоор тогтоож, хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтныг иргэний нэхэмжлэгчээр томилон ирүүлэх агуулга бичгийг хохирогч байгууллагад хүргүүлж, өөрөөр хэлбэл хохирогчгүйгээр шууд иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хохирогч хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор хязгаарлажээ.

Мөн тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлт гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэн оролцож буй шинжээчийг дахин иргэний нэхэмжлэгчээр тогтоон, давхар эрх эдлүүлэн, үүрэг хүлээлгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

6.4. Түүнчлэн шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь уг ялаа эдэлж дууссан эсэх болон уг ял шийтгүүлсэн гэх шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзнэ.

 

7. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, шүүгдэгч Ч.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ, 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                           ШҮҮГЧИД                                      З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                   

                                                                                                М.МӨНХДАВАА