| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0372/З |
| Дугаар | 128/ШШ2024/1050 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/1050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо
Хариуцагч: Сангийн яам
Хариуцагч: Улсын 1 дүгээр төв эмнэлэг,
Гуравдагч этгээд: "*******" ХХК-ийн нарын хоорондын тендертэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Ц.*******, А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., О., хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбилгүүн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.2. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад "*******" ХХК чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноотой тендер ирүүлсэн гэж үзэн "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж байна" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох",
1.3. Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаартай "*******" ХХК-ийн гомдлыг хянахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,
1.4. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" гэрээг хууль бус байсан болохыг тогтоох,
1.5. "Захиалагч" Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № А-1/3422 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад ирүүлсэн албан мэдэгдэл "тендер"-ийн агуулгыг бүрэн агуулахгүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдэж байна" гэсэн дээрх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох гэж эцсийн байдлаар шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд тодорхойлсон болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.******* нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, /2005 оны/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн[1] 46 дугаар зүйлийн 46.1.1 энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах, захиалагчид энэ хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/43 дугаар тушаалыг гарган,[2] Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах 15 багц төсөл тендер шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9.-д заасан үнэлгээний хороог байгуулан, тус үнэлгээний хорооны даргаар Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.*******г томилсон байх бөгөөд худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг түүнд даалгажээ.
2.2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх УНТЭ/202304046 дугаартай тендерийн урилгыг[3] 2023 ны 04 дүгээр сарын 13-ны өдөр tender.gov.mn цахим хаягтаа нийтэлсэн байна.
2.3. Үүний дараа удаа дараа нэхэмжлэгч компанийн зүгээс тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гарсан гэж үзэн Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу бүтээгдэхүүнд үндэслэлгүй хэт бага үнийг төсөвлөсөн талаарх гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, тус газраас гомдлыг мөн хуулийн 55.2-т заасны дагуу шийдвэрлэн, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/793 дугаар Тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичгээр[4] тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын Багц 1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид мэдэгдсэн болно[5].
2.4. Захиалагчаас дээр шаардлагыг хүлээн авч, холбогдох өөрчлөлтүүдийг оруулан, сонгон шалгаруулалтыг явуулан Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрээр Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад "*******" ХХК-ийг чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноотой тендер ирүүлсэн гэж үзэн "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж[6], гэрээ байгуулах эрх олгох тухай №01 саналыг[7] гаргасны дагуу Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-1/3426 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг ******* ХХК-д хүргүүлэн,[8] 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" гэрээг байгуулжээ[9].
2.5. Харин нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд энэхүү маргаан бүхий тендерт Дээрх захиалагч Төрийн Худалдан авах ажиллагааны газрын байгуулсан Үнэлгээний хорооны ажлын хэсгийнхэн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал, холбогдох баримтыг Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 тендерийг хянан үзэх, үүргээ хэрэгжүүлэх явцад "*******" ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/292 дугаар албан бичгээр Манай ******* нь танай байгууллагаас зарласан УНТЭ/202304046 Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл тендер шалгаруулалтад 1 төгрөгөөр тендерийн баримт бичигт заасан хуваарийн дагуу бараа нийлүүлэхээр, дор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендер (цаашид "тендер" гэх)-ийг хүргүүлж байна. Үүнд:
1.Тендерийн баримт бичиг,түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл,тусгай нөхцөл, гэрээний маягт)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон.
2.Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүнтэй холбоотойгоор тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй.
3.Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна.
4.Тендерт үнийн хөнгөлөлт: үзүүлэхгүй.
5.Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
6.Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6 дугаар зүйл, 13.4 болон 17.1-д заасныг зөрчсөн,эсхүл тендерт хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна.
7.Тендерт санал болгосон ажил болон тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа, үйлчилгээ нь оюуны өмчийн зөрчилгүй, эрхийн болон биет байдлын доголдолгүй болохыг баталж байна.
8.Тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч,тендерийг нууцлах аливаа үүргээс захиалагчийг бүрэн чөлөөлж байна.
Тендерт оролцогчийн нэр:******* Тус компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл' нэртэй УНТЭ/202304046 дугаартай цахим нээлттэй тендер шалгаруулалтад оролцож байна.
Иймд өөрийн тендерийн саналтай холбогдуулан дараах үндэслэл бүхий тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Тендерт оролцогч нь нээлттэй тендерээр худалдан авах эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт болон нэг бүрийн төсөвт өртгийн хязгаарлалтын талаар Захиалагч болон Мэргэжлийн байгууллага-д хандан удаа дараа гомдол гаргаж /2023.07.18 -ны №01/280 тоот/ тодруулга хүссэн боловч, гомдол ба тодруулгад хариу өгч шийдвэрлэлгүй тендерийг нээж хууль зөрчиж байна.
2.Тухайлбал, Нэг талаас Багц 9, 10, 11 -д заагдсан Эмтэй стент гэдэг эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг хольж бичсэн. Өөрөөр хэлбэл, 10 төрлийн стент байхад стент бүрийн нэг үзүүлэлтийг техникийн тодорхойлолтод заасан. Ингэснээр нэг бол техникийн тодорхойлолтод стент бүр таарахгүй хасагдах, эсхүл бүх 10 төрлийн стент нийлж байж техникийн тодорхойлолтод нийцэхэд хүрч байна.
3.Нөгөө талаас 10 төрлийн стент нь дэлхийн топ үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн байх ба орчин үеийн шинжлэх ухааны ололт шингэсэн, түүхий эд, чанар, аюулгүй ажиллагаа, үр ашиг нь өндөр болсон зэргээс шалтгаалан үйлдвэрлэгчийн зах зээлд тогтоосон үнэ нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг бүр нь 800,000 - 6.000,000 төгрөгийн хооронд байна. Манай захиалагч нэгж үнийн төсвийг 810,810 төгрөг гэж хязгаарласнаар хамгийн хямд өртөгтэй стентийг худалдан авахад хүрч байгаа ба сансрын пуужингийн эрин үед морин тэрэгнээсээ салах тун дургүй байгаагаас эмнэл зүйн хувьд анагаахын шинжлэх ухааны ололтоос 20 жилээр хоцорч явна.
4.Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийг ноцтой зөрчиж, зөвхөн худалдан авалтын хуульд захирагдаж буй нь өнөөдөр нэгэн илэрхий бөгөөд баримтаар нотлогдож байна. Та бүхэн 8 -р багц Аблаци шиг технологи зөрчихгүй гэж бусад багцуудыг багцлахгүй байгаагаар, эсвэл 8 -р багцыг эмнэлгийн хэрэгсэл тус бүрээр салгаж багцлахгүй, асар өндөр үнийн зөрүүг мэдсээр байж санаатай нэг аж ахуй нэгжид давуу байдал үүсгэж байна. Цаашид уг асуудлыг дараагийн шатны байгууллагуудаар шалгуулах болно.
5.Энэ нь эрүүл мэндийн салбарт хуваарилж байгаа төсөв мөнгөний дутагдлаас болж байгаа асуудал огт биш бөгөөд тендерийг зөв зохион байгуулахгүй, үр ашиггүй зүйлд их мөнгө зарцуулах, ихэнх тохиолдолд боловсноор хулгай хийх зарим этгээдийн хүсэл сонирхолтой холбоотой юм. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй УГТЭ, ТХААГ, ******* ХХК-тай холбоотой "тендер зарлаагүй цахим дэлгүүрээс худалдан авсан эмнэлгийн хэрэгслийн үнийн зөрүүг нээлттэй тендерийн худалдан авч байсан үнийн зөрүүтэй харьцуулан гаргасан баримтыг та бүхэн үзсэн, мэдсэн. Одоо энэ бүх зүйл Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр давтагдаж буй эмгэнэлтэй үйл явдлаар үргэлжилж байна.
6.Ийнхүү хамгийн хямд өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг өвчтөн, үйлчлүүлэгч нарын мэс заслын эмчилгээнд ямар ч мэдээлэлгүйгээр, ямар ч сонголтгүйгээр хэрэглүүлж, ашиглаж ирсэн гашуун түүх энэ удаа ч бас үргэлжлэх нь тодорхой байх ба эцсийн хохирогч нь гадаад улсад эмчлүүлэх төлбөрийн чадваргүй, Монголын жирийн иргэд гэдгийг дахин дахин сануулах нь зүйтэй байна.
7.Эрүүл мэндийн тусгай салбар гэдэг утгаараа нээлттэй тендерээр худалдан авах эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт болон нэг бүрийн төсөвт өртөг, багцлалт-ыг Захиалагч эмнэлгийн байгууллага (УНТЭ) боловсруулан бэлтгэж байгаа явдал, нөгөө талдаа худалдан авах тендер шалгаруулалтыг Мэргэжлийн байгууллага (ТХААГ) зохион байгуулж байгаа явдал нь хожим гарах хор уршгийн үр дагаврыг аль байгууллага хариуцах вэ гэдгийг эзэнгүйдүүлэх, хариуцлагагүй байлгах, улмаар монгол хүний эрүүл мэндийг хэзээ ч нар үзүүлэхгүй байлгах бодлого байна гэж бид үзэж байна.
8.Иймд хамгийн хямд өртөгтэй эмнэлгийн хэрэгслээр мэс засал хийж байгааг бид дүгнэхдээ өвчтэй иргэн бүрийг баталгаатай эмчилж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санг үр ашиггүй зарцуулж байна гэж үзэж байна. Бодит үйл явдал болон түүний үр дагаврыг тайлбарлав.
Хавсаргасан: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүсэлтийн дагуу хүргүүлсэн үнийн мэдээлэл ******* ХХК-ийн 2023.03.02 №01/86 дугаартай албан тоот гээд, үнийн мэдээлэл 1 төгрөгөөр тендерийн баримт бичигт заасан хуваарийн дагуу бараа нийлүүлэхээр, дор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендерийг хүргүүлж байна агуулга бүхий №УНТЭ/202304046 дугаартай тендерт холбогдуулан тайлбар илгээсэн байжээ.
2.6.Тус УНТЭ/202304046 дугаартай тендерт тайлбар гаргах нь гэх 2 хуудас албан бичгийг Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 хуралдаанаар тендер мөн гэж үзэж үнэлэх эсэхийг хэлэлцээд[10] гишүүн Г.гийн "*******" ХХК-ийн Багц-1-д ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг; гэж заасан тендер мөн гэж үзэх үндэслэлгүй байна гэх саналыг нийт гишүүд дэмжсэнээр нийт гишүүдийн саналын дагуу тус компанийг тендер ирүүлээгүй тул албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэсэн аж.[11]
2.7. Улмаар үнэлгээний хорооны Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл"-д "*******" ХХК-ийг тендер ирүүлээгүй тул хариу хүргүүлэх"[12] хэмээх татгалзлыг тус сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хянасан тайлангийн дүгнэлтээр *******" ХХК-ийг Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" тендерт 1,00 төгрөгийн үнийн санал ирүүлсэн[13] маргаан бүхий үйл баримтыг тендер биш гэж үзсэн тул хариуцагч энэ тухайгаа Төрийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-1/3422 дугаар албан бичгээр Багц-1-д ирүүлсэн албан мэдэгдэл тендер-ийн агуулгыг бүрэн агуулахгүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байгаа-г тус компанид мэдэгдсэн байна[14].
2.8.******* ХХК-иас энэ мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргахад Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаар албан бичгээр ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх /5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг; гэж заасан тендер ирүүлээгүй байна. Иймд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу тус яам танай ирүүлсэн гомдлыг хянан үзэх боломжгүй байна хэмээн хариуг[15] буцаан хүргүүлсэн тул тус компаниас дээрх байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж хандсан болно.
2.9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа захиргааны хэрэг үүсгэн хуульд заасан холбогдох ажиллагаа хийх явцад нэхэмжлэгчээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, тодотгох, багасгаж байснаас гадна хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хүсэлт хэлэлцэх байдлаар болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан заасан хугацааг хэтрүүлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд Үнэлгээний хорооны эрх үүргийг заасан. Үүнд: 1. Тендерийг үнэлэх 2. Тендер материалыг буцаах 3. Тендерээс татгалзах гэсэн 3 үндэслэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо эрх хэмжээгээ хэтрүүлж, хурал зохион байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу ******* ХХК-ийн ирүүлсэн материалыг тендер биш гэж дүгнэсэн. "Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл"-д "*******" ХХК тендер ирүүлээгүй тул хариу хүргүүлэх" шийдвэр гарсан. Иймд "*******" ХХК ирүүлсэн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо тендер мөн эсэхийг үнэлэх эрх хуулиар олгогдоогүй тул хууль бус шийдвэр гэж үзэж байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал хангаагүй. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар ******* ХХК-н санал болгосон бараа, бүтээгдэхүүн дутуу буюу 3 төрлийн сонголтоор санал болгохоос 1 төрлийг санал болгосон. Мөн тодорхой нэг бүтээгдэхүүний хэмжээ 10 см гэж техникийн тодорхойлолтод тусгасан байхад 9см, 11см урттай бараа бүтээгдэхүүн санал болгосон нь шаардлага хангахгүй талаар хуралдаанаар хэлэлцэж бараа бүтээгдэхүүнийг орлуулж болно гэж дүгнэсэн. Тендерийн тухай хуульд зааснаар захиалагчийн техникийн тодорхойлолтод заагдсан бараа бүтээгдэхүүнийг шалгаруулах ёстой. Техникийн тодорхойлолтод тодорхой нэг төрлийн барааг хэмжээ, төрөл, бүх үзүүлэлтийг зааж, түүнтэй дүйцэхүйц бараа байж болно гэсэн томьёолол байдаг. Гэтэл маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтын техникийн тодорхойлолтод дүйцэхүйц гэдэг үг ашиглагдаагүй учир дээрх байдлаар өөр хэмжээтэй бараа бүтээгдэхүүнийг шаардлага хангасан гэж тендерт шалгаруулсан нь илт хууль бус бөгөөд ******* ХХК-д давуу байдал олгосон.
3. Захиалагч болох Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн бүх оролцогчдод хуульд заасны дагуу тендерт шалгарсан болон шалгараагүй шалтгааныг тайлбарлаж тендерийн мэдэгдлийг хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тухайлбал, Тендерийн агуулгыг бүрэн агуулахгүй байх тул тендер гэж үзэхгүй гэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргэх боломжгүй байгааг мэдэгдэж байна гэх хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч компанийг тендерт шалгаруулаагүй шалтгааныг тайлбарлаж мэдэгдэл хүргүүлээгүй.
4. Монгол улсын Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалд заасны дагуу ******* ХХК дээрх асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаартай шийдвэр гаргаж "*******" ХХК-ийн гомдлыг хянахаас татгалзаж эс үйлдэхүй гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж заасан. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Монгол улсын Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 1. Дараах 4 үндэслэлээр гомдлыг буцаана: 1. хуулийн хугацаа хэтрүүлсэн бол 2. гомдол гаргасан асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн Сангийн яамны шийдвэр байгаа бол 3. тендерийн баталгаа хүчингүй болсон бол 4. гомдолд заасан бүрдүүлбэр хангагдаагүй бол буцаах шийдвэр гаргана. 2. Гомдлыг хүлээн авахаас татгалзана 3. Гомдлыг хангаж шийдвэрлэнэ. Дээрх 3 үндэслэлээр Сангийн яам шийдвэр гаргадаг байтал хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материал тендер биш тул гомдлыг хянахгүй гэдэг хууль бус эс үйлдэхүй гаргасан.
5. Дээрх хууль бус үндэслэлээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" захиргааны гэрээг байгуулсан нь мөн адил тус гэрээг илт бус гэж үзэж байна гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүн бүрийн өвчлөл өөр, биеийн өндөр, жин өөр. Иймд эмч нар ажилбар хийхэд ашиглагдах бүх багаж, хэрэгсэл нь сонголттойгоор байх ёстой. Тодорхой төрлийн сантиметр, диаметртэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хүн болгонд адилгүй. Эмнэлгүүд тендер сонгон шалгаруулалт зарлаж тодорхойлон заасан материал авахдаа хамгийн их өвчлөлтэй, хамгийн их өргөн хэрэглэгддэг багаж хэрэгслүүдийг техникийн тодорхойлолтдоо тусгаж байгаа. Үүнд нь тохирсон бараа бүтээгдэхүүнийг сонгох ёстой байтал оролцогчдоос ирүүлсэн материалуудыг харахад сонголт байхгүй. 2 эсхүл 3 бүтээгдэхүүн авна гэхэд ганцхан бүтээгдэхүүн санал болгодог. Бүх хүний өвчлөл, биеийн жин, өндөр нам, судасны диаметр өөр тул тэдгээр хүмүүст багаж хэрэгслийн стандартад тааруулж ажилбар хийхэд маш өндөр эрсдэлтэй байдаг. Жишээлбэл хүний судсыг гэмтээхгүйгээр дамжуулагч гуурс ашиглах ёстой. Гэтэл махир үзүүртэй гуурс болон шовх үзүүртэй гуурсын хооронд маш их ялгаа бий. Үүнээс үүдэн хүний судас гэмтэх, цус алдах, нас барах эрсдэлүүд ихэснэ. Техникийн тодорхойлолтод маш тодорхой заасан байгаа. Тухайлбал, Жи чигтэй үзүүртэй чиглүүлэгч авна гэхэд шулуун үзүүртэй чиглүүлэгч санал болгож байгаа эрсдэлтэй. Эмчийн хийж буй тодорхой төрлийн ажилбар маань нүдээр харж хийдэггүй. Эмч гарынхаа мэдрэмжээр дэлгэцэн дээр хийдэг. Шовх үзүүртэй чиглүүлэгчээр судас цоолоод нэвтлээд гараад явахад мэдрэмж байдаггүй. Аюулгүй байдлын үүднээс техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүн санал болгоогүй оролцогчийг шалгаруулсан нь ойлгомжгүй гэв.
3.3.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар тендер шалгаруулалттай холбоотой захиалагчийн шийдвэрт гомдол гаргах эрхийг тендерт оролцогч эдэлдэг.
******* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан УНТЭ/202304046 дугаартай Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад ******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/311 тоот албан бичгийг тус яаманд ирүүлсэн.
Тус албан бичигт хавсаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-1/3422 тоот албан бичиг нь тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад цахим системээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/292 дугаартай Тайлбар гаргах тухай албан бичиг хүргүүлснийг тендер-ийн агуулгыг бүрэн агуулахгүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдсэн албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-1/3436 тоот албан бичиг нь цахим системээр ирүүлсэн дээрх бичигт хариу хүргүүлсэн агуулгатай байсан болно.
Тус компанийн гомдолд өөрийг нь тендер ирүүлээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэртэй маргасан аливаа агуулга байгаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад заасан тендерт оролцогч бус этгээд нь хуулийн 55.1 дэх хэсэгт заасан гомдлыг гаргах эрхгүй тул гомдлыг хянан үзэх боломжгүй тухай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 тоот албан бичгийг хүргүүлсэн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны акт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагыг тавих ба гомдол хянан шийдвэрлэх боломжгүй тухай тус яамны албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар бий болгоогүй. Түүнчлэн Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган шийдвэрлүүлж буй тул Сангийн яамтай холбоотой шаардлага нь түүний эрх, ашиг сонирхлыг сэргээхтэй хамааралгүй байна. гэжээ.
3.4.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын даргын 2023 оны А/43 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах 15 багц төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn болон үндэсний хэмжээний өдөр тутмын сониноор олон нийтэд зарлан мэдээлж, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тендерийг нээхэд 15 багц төсөл, арга хэмжээний 14 багцад нийт 4 оролцогчийн 25 багц санал ирүүлсэн.
Үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2012 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаар тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний заавар-ын дагуу үнэлсэн.
Нэхэмжлэгч ******* ХХК нийт 9 багц тендерт материал ирүүлсэн бөгөөд Багц-3: "Ангиографийн иж бүрдэл /angiopack/"-д ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дах заалтад заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон.
Харин Багц-1: "Зүрхний Ангиографийн оношилгооны хэрэгсэл", Багц-2: "Зүрхний Ангиографийн эмчилгээний хэрэгсэл", Багц-6: "Ангиографийн жижиг хэрэгсэл-2", Багц-8: "Аблацийн хэрэгсэл", Багц-9: "Эмтэй стент", Багц-10: "Эмтэй стент (титэм судасны салаа эмчлэх)", Багц-11: "Эмтэй стент (өндөр эрсдэлтэй титмийн ажилбар)", Багц-12: "Хатуу чиглүүлэгч" багцуудад Худалдан авах ажиллагааны цахим системээр илгээсэн ******* ХХК-ийн тендер-ийг нээхэд УНТЭ/202304046 дугаартай тендерт тайлбар гаргах нь гэх гарчиг бүхий 4 хуудас албан бичгээс өөрөөр тендерийн агуулгыг бүрэн агуулсан материал илгээгээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралт Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.3.2.Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон хэлбэрээр буюу "PDF" форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх; заалтуудыг хангаагүй, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно: 5.1.б.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд гэж заасан тул ******* ХХК-ийн ирүүлсэн Тайлбар гаргах нь гэх албан мэдэгдэл тендер-ийн агуулгыг бүрэн агуулаагүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн.
Иймд ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дах заалтад тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно: 5.1.6.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд гэж заасан тендерт оролцогч биш тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана., гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй тендерт оролцогч биш тул ******* ХХК гомдол гаргах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагч Улсын 1 дүгээр төв эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 4-д Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №******* дугаартай Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах гээд энэ шаардлагын үндэслэлээ Тендерт оролцогч ******* ХХК-ийн тендерийг үнэлээгүй хасаж байгаад тендерийн шаардлагад нийцэхгүй ******* ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, уг шийдвэрээ үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь буруу гэсэн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийг худалдан авах УНТЭ/202304046 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтыг тус эмнэлэг зохион байгуулаагүй. Манай эмнэлгийн захиалгаар Төрийн худалдан авах ажиллагааны газар буюу тус газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/43 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо тендерийг зохион байгуулсан.
Иймд ирүүлсэн тендерүүдийг хүлээн авах, хянан үзэх, үнэлэх, шалгаруулах үйл ажиллагааг дээрх Үнэлгээний Хороо зохион байгуулсан тул тус эмнэлэг энэ талаар тайлбар өгөх боломжгүй байна.
Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/-1/3509, А/-1/3511, А/-1/3512 тоот Зөвлөмжийн дагуу ******* ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №******* дугаартай 522,780,500 төгрөгийн үнийн дүнтэй,13 төрлийн эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Талууд гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байна. Тус Гэрээний 4.1-д зааснаар гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусах бөгөөд энэхүү тайлбарыг бичиж байгаа өдрийн байдлаар ******* ХХК нь гэрээний дагуу нийлүүлбэл зохих эмнэлгийн хэрэгсэл нь 85,7% хувийг нийлүүлсэн байна.
******* ХХК-ийн нийлүүлэх эмнэлгийн хэрэгсэл нь шаардлага хангаагүйн улмаас нийлүүлээгүй, гэрээ хэрэгжээгүй, эмчилгээ үйлчилгээ доголдсон гэж ******* ХХК нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй байна гэжээ.
3.6.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагаа тодорхойлохдоо УНТЭ/202304046 дугаартай Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын Багц-1: Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл багцад ******* ХХК шалгарсан гэсэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 сарын 08-ны өдрийн №А-1/3422 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэвч, нэхэмжлэгч ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.6-д заасан тендерт оролцогч" биш байх тул тус тендертэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Иймд манай компанийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчид хамааралгүй байх тул *******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус байсныг тогтоолгох гэж бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй.
Маргааны гол үндэс бол ******* ХХК-ийг тендерийн оролцогч биш гэж хассан. Үүнтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч компанийн зүгээс тендерийн оролцогч мөн байхад хассан гэх үндэслэлээ тодруулж Сангийн яаманд гомдол гаргаагүй. Тендерийн тухай хуульд 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлагын дагуу ирүүлсэн материалыг хэлнэ. Захиалагч нөхцөл шаардлагаа тогтоож, боловсруулсан. Тендерийн баримт бичгийн 14.1.5-т бүрдүүлэх баримтуудын жагсаалтууд, тендерийн шалгаруулалт зааварчилгааны 15-т маягт, итгэмжлэл байх ёстой, 16-т хувилбарт санал байх ёстой, шалгуур үзүүлэлт шаардлагыг хангахыг нотолсон баримт байх ёстой зэрэг шаардлага тавьсан. Гэтэл эдгээр баримтыг огт ирүүлээгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх сэргэх нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээд 1 жилийн хугацаа өнгөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахад ямар үр дагавар үүсэх нь тодорхой байх ёстой. Дүйцүүлэх асуудлын тухайд, Тендерийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт ...барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй... гэж заасан бөгөөд зөвхөн нэг компанийн тодорхой төрлийн нэр заасан бүтээгдэхүүнийг авахгүй гэж хуулиар тодорхойлоогүй. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт ...энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэнэ... гэж заасан. Нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл"-д "*******" ХХК тендер ирүүлээгүй тул хариу хүргүүлэх" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын тухайд:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргэх журамтай.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн санал-ыг, 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; ойлгохоор зааснаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй захиалагч нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ 11.1.1-11.1.4-т заасан шаардлагыг хангасан байх, 12 дугаар зүйлийн 12.2-т ...захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг ... хуульд ... нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 19 дүгээр зүйлийн 19.2-т Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана гэж тус тус заасны дагуу захиалагчийн тогтоосон шалгуур үзүүлэлт, шаардлага бүхий тендерийн баримт бичиг боловсруулагдсан[16].
2.Харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, захиалагчаас баталсан тухайн тендерт тохирсон тендерийн баримт бичгийг шаардлага хангасан байдлаар
ирүүлээгүй байх тул хариуцагч үнэлгээний хорооны гишүүдээс Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасны дагуу боловсруулсан тендерийн баримт бичиг буюу захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулсан баримт материалын шаардлагыг ханган ирүүлээгүй, мөн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргахүндэслэл байхгүй байна хэмээн албан бичгээр мэдэгдэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн үндэслэл зөв байна.
3.Хариуцагчаас энэхүү дүгнэлтээ гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан, хориглосон зүйлгүй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас хууль зүйн хангалттай няцаалт бүхий үндэслэл гаргаагүй.
4.Энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ээс бид үнийн саналаа 1 төгрөг гэж өгсөн, шалгаруулсан бол та бүхэн энэ үнийн дүнгээр бараа нийлүүлэхийг шаардах боломжтой байсан хэмээн тайлбарласан боловч бодит байдалд энэ нөхцөл хэрэгжих боломжгүй, үнэнээс туйлын хол байна.
5.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхээс үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг зөв болохыг дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.3. Захиалагч Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № А-1/3422 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад ирүүлсэн албан мэдэгдэл "тендер"-ийн агуулгыг бүрэн агуулахгүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдэж байна" гэсэн дээрх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын тухайд:
1.Нэгэнт захиалагчийн байгуулсан үнэлгээний хорооны нийт гишүүдийн саналаар нэхэмжлэгч компанийг Тендерийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер ирүүлээгүй гэх дүгнэлтийг Захиалагч Төрийн Худалдан авах ажиллагааны газраас Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах гэх эрхийнхээ хүрээнд "*******" ХХК-ийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад ирүүлсэн албан мэдэгдлийг "тендер"-ийн агуулгыг агуулаагүй гэж, энэ талаарх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй болохыг мөн хуулийн 46.4-т Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана гэж заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № А-1/3422 дугаар албан бичгээр мэдэгдсэн захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл байхгүй.
4.4. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад "*******" ХХК чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноотой тендер ирүүлсэн гэж үзэн "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж байна" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын тухайд:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаа нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтална, 27 дугаар зүйлийн 27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: гээд 27.1.1-27.1.3-д заасан хангасан эсэхийг хянан үзээд, 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж зааснаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж "*******" ХХК-г тус тендер шалгаруулалтад шалгаруулсан байна.
2.Харин ******* ХХК-ийг тус багцад тендер ирүүлээгүй гэж үзсэн тул Тендерийн үнэлгээний хорооноос хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж, тус багцын ганц тендерийн оролцогч болох ******* ХХК-ийн тендерийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Улмаар Тендерийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д гэрээ байгуулах эрх олгох гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг; ойлгоно гэж заасан болон мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
4.5.Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаартай "*******" ХХК-ийн гомдлыг хянахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заажээ.
2.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгохоор байна.
3.Хавтас хэрэгт авагдсан Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг болон маргааны үйл баримтаас үзэхэд Тендерийн тухай хуулийн 55 дугаар зүйлд Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах харилцааг зохицуулсан байх бөгөөд 55.1-д ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ..., гэж тус тус заасны дагуу хариуцагч Сангийн яамнаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/311 албан бичигтэй танилцаад холбогдох хариуг өгсөн байна.
4.Ингэхдээ үнэлгээний хороо, болон захиалагчаас *******" ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/292 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан УНТЭ/202304046 Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл тендер шалгаруулалтад 1 төгрөг үнэ бүхий тендерийн баримт бичиг бүхий материалыг хуульд заасан тендер гэж дүгнэн, үнэлэх ажиллагаа хийгээгүй тул хариуцагч Сангийн яамнаас дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэн гомдлыг хянан үзэлгүйгээр буцаасныг буруутгах боломжгүй.
5.Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.
4.6. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" гэрээг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.Маргааны үйл баримтаас үзвэл маргаан бүхий Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" нийлүүлэх багцад "*******" ХХК дангаар оролцож, тухайн барааг 148,423,000,00 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн тендерийг Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан зэргийг харгалзан чанар ба үнэлгээний харьцуулалтаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгож,Тендерийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны 2023 оны 08 дугаар сарын 08-ын өдрийн А-1/3426 дугаар албан бичгээр ******* ХХК-д олгосон.
2.Дээрх албан бичгээр олгосон эрхийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон тус хэргийн гуравдагч этгээд "*******" ХХК-ийн хооронд ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" гэрээг байгуулсан байх бөгөөд энэ үйл ажиллагаа нь Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэж заасантай нийцсэн.
3.Улмаар уг гэрээний гүйцэтгэл хэрэгжиж дууссан зэрэг нөхцөл байдлаас үзвэл дээрх гэрээг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.Эцэст нь нэхэмжлэгчээс хууль бус байсан болохыг тогтоолгох-оор тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж зааснаар хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхын сацуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ гэж зааснаар тендерийг зохион байгуулах тухай бүр тухайн тендерт тохирсон тендерийн баримт бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зарим нэг багцад тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн атлаа үлдэх багцад хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор эрх зүйн зөрчилтэй байдлыг үүсгэсэн санаа зорилгыг шүүх гүйцэлдүүлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 52 дугаар зүйлийн 52.1 дэх заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "*******" ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, түүний үнэлгээний хороо, Монгол Улсын Сангийн яам, Улсын 1 дүгээр төв эмнэлэгт тус тус холбогдуулан гаргасан "Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл"-д "*******" ХХК тендер ирүүлээгүй тул хариу хүргүүлэх" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад "*******" ХХК чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноотой тендер ирүүлсэн гэж үзэн "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж байна" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох", Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6005 дугаартай "*******" ХХК-ийн гомдлыг хянахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай "Зүрхний төвийн судасны мэс засалд хэрэглэгдэх өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх" гэрээг хууль бус байсан болохыг тогтоох, "Захиалагч" Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № А-1/3422 дугаартай шийдвэрийн Багц-1: "Зүрхний ангиографийн оношилгооны хэрэгсэл" багцад ирүүлсэн албан мэдэгдэл "тендер"-ийн агуулгыг бүрэн агуулахгүй тул тендер гэж үзэж хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдэж байна" гэсэн дээрх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.