| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00734/И |
| Дугаар | 192/ШШ2025/01443 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01443
|
2025 02 19 |
192/ШШ2025/01443 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 зайсан, 27а дугаар байр, 302 тоот хаягт оршин суух Таргад овогт Октябрийн Хашхүү/регистрийн дугаар: УЕ73081255/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Рэнцэн-Одыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Хашхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Хашхүү нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Рэнцэн-Одыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: А.Рэнцэн-Од нь нэхэмжлэгч О.Хашхүүгээс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 183,348,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 167,350,000 төгрөг, нийт 350,698,000 төгрөгийг зээлж авсан боловч тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Нэхэмжлэгч О.Хашхүү нь А.Рэнцэн-Одыг зээлсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардсаны эцэст А.Рэнцэн-Од нь тус мөнгийг төлөхийг зөвшөөрөн 2024 оны 03 дугаар сард төлбөрийн хуваарь гаргаж, 350,698,000 төгрөгийг 2024 оныг дуустал хуваан төлөхийг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч А.Рэнцэн-Од нь тохиролцсон хугацааны дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүй тул 2024 оны 08 дугаар сард түүний албан ёсны бүртгэлтэй хаягаар Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 350,698,000 төгрөг гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг даргын захирамжийг үндэслэн түүнийг тус хаягтаа оршин суудаггүй хэмээн нэхэмжлэлийг буцаах захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс эрж хайсан боловч А.Рэнцэн-Одыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг гэдгээс өөр мэдээлэл олж чадахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу А.Рэнцэн-Одыг эрэн сурвалжилж өгнө үү.гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШЗ2024/05803 дугаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч О.Хашхүү нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 зайсан, 27а дугаар байр, 302 тоот хаягт оршин суудаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
2. Нэхэмжлэлд дурдсан А.Рэнцэн-Од нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШЗ2024/05803 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Амарбаясгалан овогтой Рэнцэн-Од/регистрийн дугаар: ФМ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Амарбаясгалан овогтой Рэнцэн-Од/регистрийн дугаар: ФМ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР