Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00369

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03219 дугаар шийдвэртэй “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Эдод холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12 735 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Э.Б, хариуцагч Э.Эд, хариуцагчийн өмгөөлөгч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь Э.Эдтой орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Уу хотхон, Дүнжингарав гудамж ррр дугаар байрны жжжж тоот хаягт байршилтай 157 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлсөлж, сарын 5 600 000 төгрөгийн төлбөртэй орон сууцны хөлсийг төлөх үүрэг хүлээсэн.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны хөлс болох нийт 8 490 ррр төгрөгийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Талууд гэрээний 14-т “төлбөрийг хугацаа хоцорсон тохиолдолд төлөх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө” гэж тохиролцсон.

Иймд орон сууц хөлсөх гэрээний төлбөр 8 490 ррр төгрөг, алданги 4 245 200 төгрөг, нийт 12 715 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧингисЭко тур” ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулах үед “Т” ХХК-ийн захирал Т.А, ерөнхий продюсер С.Буяг байхгүй байсан.

Би “Т” ХХК-д продюсероор ажиллаж байсан бөгөөд Т.А, С.Буяг нар “гэрээнд чи гарын үсэг зураад гэрээг байгуулчих” гэсэн учраас би гэрээг байгуулсан.

Би “Т” ХХК-ийн санхүүгийн талаар мэдэхгүй, уг төлбөрийг “Т” ХХК-ийн захирал Т.А, ерөнхий продюсер С.Буяг нар хариуцна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д зааснаар хариуцагч Э.Эдоос 12 464 515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эдоос 214 382 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарын чухал хэсгийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт оруулалгүй орхигдуулсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт бүрэн өгөөгүйгээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх бүрэн бодитой дүгнэлт агуулсан шийдвэр гаргаагүй.

Талууд Уу хотхоны ррр дугаар байрны жжжж тоот 157 м.кв орон сууцыг сарын 5 600 000 төгрөгийн төлбөртэй 2019 оны 04 дүгээр сарын 10-ы өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар хөлслөхөөр харилцан тохиролцож, “Ч” ХХК-иас орон сууцыг “Т” ХХК-ийн төлөөлөгч Э.Эдод хүлээлгэн өгсөн ба орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр болсон.

Анхан шатны шүүх талууд алданги төлөхөөр тохиролцсон гэрээний заалтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Хариуцагч Э.Эдод “Т” ХХК-тай байгуулсан гэрээ, бичмэл нотлох баримт байгаагүй тул нотлох баримт бүрдүүлэх зорилгоор Т.А, С.Буяг нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх гэрчийн мэдүүлэг авах шаардлага байхгүй, хэрэгт хамааралгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүух хариүцагчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хааж шүүх хүралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Э.Эдод холбогдуулан гэрээний үүрэгт 12 735 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д зааснаар хариуцагч Э.Эдоос 12 464 515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл болон хариуцагч Э.Эд нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд хариуцагч Э.Эд нь 12 464 515 төгрөгийг “Ч” ХХК-ийн эзэмшлийн 2010000452 тоот дансанд тогтоосон хуваарийн дагуу буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 4 464 515 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг тус тус төлнө гэж зааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл, хариуцагч Э.Эд нар гарын үсэг зурж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн байна.

 

“Ч” ХХК-ийн захирал Ж.Уранцэцэгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эдлэх эрхийг олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ашиг сонирхолыг зөрчөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.Эд нэхэмжлэгч “Ч” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4 464 515 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 214 383 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА