Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/65

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        9        26                                                 2023/ДШМ/65

                      

 

Т.Г, Л.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

 

               Прокурор Л.Наранхүү

               Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат 

               Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Г, Л.Н нарт холбогдох эрүүгийн 2134000000251 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 27-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г

 

Л.Г, Т.Г нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр, нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Т.Г, Л.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шаавай овогт Бгийн Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Олонхууд овогт Тын Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Олхонууд овогт Тын Гийг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг улсын орлого болгож,

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Т.Г нар нь энэ хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно...” гэснийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих энэ хуулийг хэрэглээгүй мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцогч Л.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчимтай байхад бүлэглэн мал хулгайлсан хоёр шүүгдэгчийн нэгийг нь хэрэгсэхгүй болгож нөгөөд нь ял оногдуулсан.

Л.Г утсаар эхэлж ярьж урьдчилан тохиролцоод цагаан өнгийн портер машинаар угтаж аваад хулгайн үхрүүдийг машин механизм ашиглаж тууж яваад машинаа шаварт суулган орхиж улмаар Д.Гыг дуудаж явганаар тууж яван Д.Гтай хамтран 3 үхрийг нядалж махыг зарсан. Цагаан өнгийн портер машинаар үхэр туугаад явж байсныг гэрч мэдүүлдэг. Энэ талаар яллах дүгнэлтэд бичсэн байгаа. Энэ хэрэгт хамтран оролцсон хулгайн 3 тооны үхрийг зүсэлж аваад явсан Д.Гы хэргийг прокурор хэрэгсэхгүй болгоод аваад үлдсэн, Л.Гд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгоод аваад үлдлээ. Шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна.

 

2. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй. Хоёр шүүгдэгч байхад нэгэнд нь “ашигтай байдал” гэсэн хуулийг хэрэглэдэг. Нөгөөд нь хэрэглэдэггүй, хэрэглэх ёсгүй хуулийг Л.Гд хэрэглэсэн. Л.Г мал хулгайлах тухайгаа урьд өдөр нь буюу 2021 оны 6 дугаар сарын 29-нд Т.Гтой утсаар ярьж тохиролцсон байдаг. Энэ нөхцөл байдлыг тогтоохын тулд тэдгээрийн утсаар ярьсан мэдээллийг зохих оператороос нь авах шаардлагатай байна.

 

3. Прокурор “энэ хэрэг үхрийг өөрийн эзэмшилд оруулан тууж явснаар төгссөн” гэж маргаж байгаа. Энэ мэтгэлцээнээс үзвэл Т.Г мориор хулгайн үхрүүдийг тууж явсан. Л.Г цагаан өнгийн тээврийн хэрэгслээр тууж явсан. Д.Г явганаар тууж өөрийн хашаандаа аваачиж нядалсан. Эндээс үзвэл гурван этгээд гурвуулаа л тууж яваад малыг өөрийн эзэмшилдээ оруулаад байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Ггийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг маш тодорхой тайлбарлан дүгнэж Л.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Л.Г нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярьж тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байтал Т.Гийн өмгөөлөгч Л.Гг анх ярьсан гэж төөрөгдүүлж байгаа нь үндэслэлгүй. Мөн Т.Гийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг яллах боломжгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Г, Л.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Д.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” үүрэгтэй.

 

4. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Өөрөөр хэлбэл материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох”-ыг хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлон заасан.

5.1. Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт этгээдүүд нь үүргээ хуваарилах болон хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдэл гэж үздэг.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба ингэх нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

5.3. Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг ба энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир уг нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлох ёстой. 

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт өөрийн адуугаа хайн явж байх үедээ хохирогч Ш.Шийн 9 тооны, П.Бгийн өмчлөлийн 7 тооны буюу бусдын нийт 16 тооны үхрийг өөрийн унаж явсан хээр зүсмийн мориор туун явж байхдаа Л.Гтай утсаар ярьж “Дарцагтын ар” гэх газарт очих үед Л.Г нь цагаан өнгийн “Маяти” маркийн автомашинтай ирж тосож авч уг машин нь шаварт хий эргэн цааш явах боломжгүй болсон тул Л.Г нь машинаа орхин явганаар Т.Гийн хамт үхрүүдийг туун “Хавцгайтын эх” буюу “Хөтөл” гэх газарт Д.Гд хүргэн өгч, Д.Г нь уг үхрүүдийг туун явж малынхаа хашаанд оруулан хашсан байдаг.

Улмаар Д.Г, Л.Г нар нь өөрсдийн эхнэрүүдийн хамт дээрх үхрүүдээс 3 тооны үхрийг нядлан, Д.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу зээл төлөх гэж байгаа хэмээн хэлж Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ч.Ганчимэгээс малын гарал үүслийн бичиг гаргуулан авч махыг нь тээвэрлэн Улаанбаатар хотод аваачин худалдан борлуулсан үйл баримтын талаар тусгагдсан байдаг.

 

7. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот тогтоолоор яллагдагч Д.Гд холбогдох хэргийг “...Т.Г, Л.Г нартай санаатай нэгдэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй...” гэх,

7.1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Гд холбогдох хэргийг “...хулгайлах гэмт хэрэг бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд Л.Ггийн хувьд шүүгдэгч Т.Гийг хууль ёсны өмчлөлийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж буй болгосны дараа буюу гэмт хэрэг төгссөний дараа Л.Г, Д.Г нар ирсэн талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог...” гэх Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж тэдэнд холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

8. Иймд энэ талаар дурдсан шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

9. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул урьд шүүгдэгч Т.Гт хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч Л.Гд хэрэглэсэн хувийн баталгаа хэрэглэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг учрал болох үед шүүгдэгч Л.Ггийн “Дарцагтын ар” гэх газарт шүүгдэгч Т.Г дээр жолоодон очсон тээврийн хэрэгслийн талаар хөрөнгө хамгаалах ажиллагаа огт хийлгүй орхигдуулсан байгааг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Т.Гт хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч Л.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

                             ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                               ШҮҮГЧИД                                                          З.ТҮВШИНТӨГС

           

                                                                                                           

                                                                                                            М.МӨНХДАВАА