Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 419

 

Ц.Г, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 238 дугаар магадлалтай, Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай хэрэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 784 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолтой, Б.Ат холбогдох эрүүгийн 201726020168 дугаартай хэрэг, Ц.Г, Б.А нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн 1706012800407 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн дүгнэлтүүдийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2007 оны 4 дүгээр сарын 3-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 оны 11 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ял,

2014 оны 4 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2018 оны 1 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтүүлсэн, Боржигон овогт Ц.Г,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2015 оны 5 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2017 оны 9 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Тогоруутан овогт Б. А нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг 1705000000153 дугаартай эрүүгийн хэрэгт бичсэн дүгнэлтдээ: “Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОС-74” тоотод оршин суух иргэн О.Мийн эзэмшлийн орон сууцны цонхоор нэвтэрч … эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 673.300 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1705000000153 дугаартай хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл Ц.Г нь Д.Э, Н.Э, Б.А нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад хотхон”-ны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Л.Бын “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлгийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.А, Т.А, З.Б нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхоны 305 дугаар байрны 201 тоотод оршин суух А.Гийн байшингийн тагтны вакум цонхыг хагалан орж … эд зүйлсийг хулгайлж нийт 12.906.300 төгрөгийн хохирол учруулсан,

Т.А, З.Б нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 орцны 33 тоотод оршин суух иргэн Я.Оийн байранд цонхоор нь нэвтэрч ... эд зүйлийг хулгайлж нийт 2.939.900 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Ц.Г нь ганцаараа 2017 оны 10 дугаар сараас 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 3 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Ш.Оын өмчлөлийн байрны цонхоор нэвтрэн орж ... эд зүйл хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

Д.Э, Н.Э, Б.А нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад хотхон”-ны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.О, Ж.Б нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, айфоне 6 маркийн гар утас, Ж.Бы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Ц.Гад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1706012800407 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг 201726020168 дугаартай эрүүгийн хэрэгт бичсэн дүгнэлтдээ: “Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвд ... П.Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч ...1.250.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрт ... Т.Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч ... 1.066.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд В.Тт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч ... 1.800.000 төгрөгийн үнэ бүхий булган шуба шилжүүлэн авсан,

2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “All stаг” нэртэй спорт барааны дэлгүүрт Сонорчимэгт төлбөрийг мобайлаар төлнө гэж хууран ... 2.070.000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртка, фудволк, өмд зэргийг шилжүүлэн авсан гэх эрүүгийн 201726020168 дугаартай хэрэгт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл Б.А нь Н.Э, Д.Э, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад хотхон”-ны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Л.Бын “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлгийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад хотхон”-ны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.О, Ж.Б нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оийн цагаан алтан ээмэг, айфоне 6 маркийн гар утас, Ж.Бы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Б.Ат эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1706012800407 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Б.Ат холбогдох эрүүгийн 201726020168 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтийг дэмжихгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх боломжтой, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын дүгнэлтүүдийг үндэслэн хэргийн материалыг хянахад Ц.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 238 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн ба 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОС-74” тоотод оршин суух иргэн О.Мийн эзэмшлийн орон сууцны цонхоор нэвтэрч 673.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

Б.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн ба 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвд П.Бийн 1.250.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрт Т.Бийн 1.066.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд В.Тийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий булган шубыг,

2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “All stаг” нэртэй спорт барааны дэлгүүрт Сийн 2.070.000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртка, фудволк, өмд зэргийг тус тус залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

-Яллагдагч Ц.Г, Б.А нарын үйлдсэн гэмт хэргүүд нь тэдгээрийн шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгч нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 238 дугаар магадлал,

мөн Б.Ат холбогдох эрүүгийн 201726020168 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 238 дугаар магадлал,

мөн Б.Ат холбогдох эрүүгийн 201726020168 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Ц.Гад холбогдох эрүүгийн 1705000000153 дугаартай, Б.Ат холбогдох эрүүгийн 201726020168 дугаартай хэргийг тус тус прокурорт буцаалгах тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн дүгнэлтүүдийг хүлээн авахаас татгалзсугай.

2.Ц.Г, Б.А нарт холбогдох эрүүгийн 1705000000153, 201726020168, 1706012800407 дугаартай хэргүүдийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                  

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН