Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0669

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0669 

Улаанбаатар хот

         Ж.У-ын нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Ж.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0575 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.У-н нэхэмжлэлтэй, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0575 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан иргэн Ж.У-н нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах  шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай” 16/11  дүгээр тушаалыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 сард 13 хоног, 2017 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал 4 сар, нийт 4 сар 13 хоногоор тооцож, энэ хугацааны цалинг холбогдох хууль, журмын дагуу олгох, ингэхдээ мөн холбогдох суутгал хийхийг, түүнчлэн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Уас ажилгүй байсан хугацааны цалинд илүү нэхэмжилсэн 2017 оны 5 сарын 01-ээс 7 сарын 28-ны хооронд хамаарах цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай” 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргахгүйгээр уг акт хүчингүй болсон тохиолдолд энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалт хүчин төгөлдөр болж, хэрэгжихийг мэдэгджээ.

Нэхэмжлэгч Ж.У давж заалдах гомдолдоо: “ … Шүүх ... маргаан бүхий актыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 ... заалтыг тус тус үндэслэн гаргаж, Ж.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ, “... төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасныг үндэслэсэн нь учир дутагдалтай.” гэж дүгнэсэн боловч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.

Харин Төрийн албаны тухай хуулийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор, 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, 27.2.3-д албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд үүсэх харилцааг зохицуулж өгсөн. Мөн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглосон. Гэвч Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт баримтлан ажлаас халсан захиргааны акт нь хууль бус юм.

Хөдөлмөрийн тухай хууль буруу хэрэглэсэн: ХтХ-ийн 69.1-д 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Гэвч шүүх Ж.У нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын /цаашид ХХҮЕГ гэх/ даргын тушаалаар ажилд томилогдсон тул төрийн албан хаагчийнх нь хувьд уг газар ажиллаж буй хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцохгүй болно. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан хугацааны цалин, хөлсийг авах эрхтэй, харин илүү нэхэмжилсэн буюу 2017 оны 5,6,7 дугаар сард хамаарах цалин, хөлсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэжээ.

Миний хувьд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ХХҮЕГ-ын даргын тушаалаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэст гэрээт ажилд 3 сарын хугацаатай томилогдсон боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр шүүхээс материалаа татаж ав үгүй бол ажлаас гар гэж сүрдүүлсэн. Улмаар ХХҮЕГ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний дугаар 5/136 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тушаал гарч дахин ажилгүй болсон.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоос гадна бага цалинтай ажил хийж байсан хугацааны зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ж.У нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд өөрийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй тул үргэлжлүүлэн ажиллуулах ёстой атал төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн” гэж маргажээ.

Засгийн газрын 2016 оны 278 дугаар тогтоолоор “Хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын төвийн төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосонтой холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар тус төвийн ажилчдыг төрийн захиргааны албан тушаалуудад шинэчлэн томилоход Ж.У-г БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн “нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэсэн төрийн захиргааны албан тушаалд томилжээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг ажиллаж байсан албан тушаалын болон шинээр байгуулсан бүтцэд чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэх ажлын байрны тодорхойлолтыг цуглуулж, үнэлэлгүйгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/115 дугаар тушаалаар баталсан орон тоог үндэслэн “... гурван мэргэжилтэн ажиллаж байсан бол шинэ бүтцээр хоёр болж орон тоо цөөрсөн” гэж дүгнэн, үүнтэй холбоотой албан тушаалын шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа мэргэжилтнийг шалгаруулах үйл явдал болсон, болоогүй эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэн дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 760 дугаар албан бичигт Ж.У-г “Нийгмийн даатгалын хамралт, шимтгэл, орлого хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд нэр дэвшүүлсэн, 2016 оны Үр дүнгийн гэрээнд “Нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэлийн орлого төвлөрүүлэлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь яг ямар захиргааны албан тушаалд ямар чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. Мөн түүний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь шинээр батлагдсан аль албан тушаалын орон тоонд хэвээр хадгалагдсан нь тодорхойгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн “мэргэжилтэн”-үүдийн албан тушаалын болон Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу тус төвийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэгчийн үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзэж байгаа албан тушаалын ажлын байрны тодорхойлолтууд, өөрчлөгдсөн гэх албан тушаалд ямар журмаар иргэдийг томилсон талаар, мөн нэхэмжлэгчийг чөлөөлсний дараа ямар үндэслэлээр түүнийг өөр ажилд томилон ажиллуулсантай холбоотой баримтуудыг цуглуулж, түүний ажиллаж байсан орон тоо “цөөрсөн, хэвээр хадгалагдсан, хасагдсан”-ы аль нь болохыг тогтоож, төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөх үед төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ