Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 27

 

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2016/0027

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн иргэн Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэргэлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэргэлэн сумын сонгуулийн хороонд Г.Сүхбаатарыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Төв аймгийн Сэргэлэн суманд 1985 онд төрсөн, Сэргэлэн сумын цэцэрлэг, сургуульд суралцаж төгссөн. 1985 оноос 2009 он хүртэл Сэргэлэн суманд 24 жил оршин сууж, тэндээ хаягийн бүртгэлтэй байсан. 2004-2008 онд Улаанбаатар хотод ОУЭЗБДСургуулийг эдийн засагч мэргэжлээр сурч төгсөөд 2008 оноос Хас банкны Зуунмод салбарт ажилд орж, ажлын шаардлагаар 2009 онд Төв аймгийн Зуунмод суманд шилжин ирсэн. Сэргэлэн сум руу хаягаа шилжүүлэх гэсэн боловч хөлний зөөлөн эдийн гэмтэжулмаар нэгдсэн эмнэлэгт 2016 оны 04 сарын 18-аас 04 сарын 27-ны өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2016 оны 04 сарын 27-нд эмнэлгээс гарсан бөгөөд энэ өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багаас хаягийн шилжилтийн хасалт хийлгэж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт 2016 оны 04 сарын 28-нд бүртгүүлсэн. Өвчний улмаас Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаас 6 хоногийн дараа хоцорч хаягаа шилжүүлэн бүртгүүлсэн. Иймд Г.Сүхбаатар миний өвчтэй байсан хугацааг хүндэтгэн үзэж Төв аймгийн Сэргэлэн сумын сонгуулийн хороонд Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэргэлэн сумын Сонгуулийн хорооны дарга С.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Сэргэлэн сумын 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Монгол ардын нам, Төв нутаг эвсэлд тус сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №01 дугаар албан тоотоор хуулийн дагуу сонгуульд оролцох тухай чиглэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хувьд Сэргэлэн суманд төрж өссөн Сэргэлэн сумын уугуул иргэн. Г.Сүхбаатар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн үе шилжилт хөдөлгөөн хийж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь Сэргэлэн сумын сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би Сэргэлэн суманд төрж 24 жил оршин суусан, албан ёсоор бүртгэлтэй байсан, ажлын шаардлагаар шилжсэн, ажлаасаа гарч сумандаа шилжих гэсэн боловч бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас сонгуулийн хуульд заасан хугацаанаас 6 хоногийн дараа шилжилт хийлгэсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтэрч бүртгүүлсэн гэжээ. Харин хариуцагч нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар 1985 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрж 24 жил оршин сууж, албан ёсоор бүртгэлтэй байсан, 2009 онд Зуунмод суманд ажиллахаар шилжин явсан бөгөөд 2016 оны 3 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэргэлэн суманд шилжин ирсэн, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг 2016 оны орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Сэргэлэн суманд байнга оршин суугчаар бүртгүүлсэн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан 25 нас хүрсэн, тухайн суманд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан шаардлага хангасан иргэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймээс хуульд заасан шаардлага хангасан иргэн Г.Сүхбаатарыг нэр дэвшигчээр бүртгээгүй, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй Сэргэлэн сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Г.Сүхбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхийг тус Сонгуулийн хороонд даалгах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ганбаатарын Сүхбаатарыг нэр дэвшигчээр бүртгээгүй Сэргэлэн сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ганбаатарын Сүхбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Төв аймгийн Сэргэлэн сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Сэргэлэн сумын Сонгуулийн хорооноос гаргуулж Г.Сүхбаатарт буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН