| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0038/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/56 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал
Улсын яллагч П.Итгэл
Хохирогчийн хууль ёсны Б.Сарантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Л.Тэрбиш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1738004640020 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Б-,
Шүүгдэгч Л.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр ...улсын дугаартай Киа Бонго-Жи 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Б-ын амь нас хохирсон гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр ...улсын дугаартай Киа Бонго-Жи 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Б-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.М-н: “...Би талийгаач нөхөртэйгээ хамгийн сүүлд өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн барагцаанд утсаар ярьсан. Тэгээд талийгаач би одоо сумын төв орлоо гэж байсан. Тэгээд гэрээсээ гарсан байх. Тэгээд намайг сумын төв дээр байсан чинь оройн 19 цагийн барагцаанд манай нөхрийг аваарт орчихсон байна гэж манай төрлийн хүн болох Энхбат гэх хүн намайг ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Гэрч А.У-ийн: “...Би өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн барагцаанд өөрийн нөхрийн эзэмшлийн ...улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр нөхрийн хамт Мөрөнгийн төв рүү орж ирсэн. Ингээд оройн 17 цагийн барагцаанд нөхөр бид 2 машинаараа Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд гэртээ харихаар гарсан. Ингээд сумын төвөөс 3-4 километр зайд явж байсан чинь манай нөхрийн машины өөдөөс нэг суудлын жижиг машин зөрж өнгөрөөд манй нөхөр машиныхаа гэрийг шилжүүлээд тухайн машинтай дөнгөж зөрсөн чинь манай нөхрийн машины урд мотоцикль тулаад ирсэн. Тэгээд намайг нөхөртөө хүүе мотоцикль гэж хэлэхийн зуургүй тухайн мотоциклийг манай нөхөр мөргөчихсөн. Тэгээд миний нүдэнд том хар юм зүүн гар тийш унах шиг болсон. Мотоцикль нь машины урд яваад байсан. Тэгээд замаас гараад машины урд унасан. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад талийгаач дээр очсон. Манай нөхрийг очиход талийгаач дуугараад байгаа бололтой чимээ гараад манай нөхөр түргэн дуудаарай гэж байсан. Тэгээд 10-аад минутын дараа цагдаа ирсэн. Түргэний эмч нилээн удаж байж ирээд талийгаачийг нилээн үзэж байснаа нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Гэрч Л.Т-н: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны оройн 18 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байж байхад 4 дүгээр багийн эмч Наранчулуун утсаар яриад Тосонцэнгэл сумын хойд талд засмал зам дээр аваар гарчихсан байна гэх дуудлагыг өгсөн. Дуудлагыг хүлээж аваад би захиргааны жолооч Бадарчийн хамт хэргийн газарт очсон. Намайг хэргийн газарт очиход талийгаач ертөнийн зүгээр зүүн талын эгнээн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Харин хажууд нь талийгаачийг дайрсан гэх хүн сууж байсан. Намайг очиход талийгаач амьсгаатай байсан. Тэгээд намайг хэргийн газарт очсноос хойш 10 гаран минутын дараа эмч ирж талийгаачийн биеийг үзээд амьсгал хураасан байна гэсэн. Би эмч ирэхгүй болохоор нь хурдлаарай гэж 2 ч удаа мэдэгдсэн. Тэгээд талийгаачийг нас барсан талаар 7038102 дугаарын утас руу залгаж мэдэгдээд бүрэлдэхүүн гарч байна гэсэн. Тэгээд би хэргийн газрыг хамгаалалтанд авсан...” хх-ийн 42-р тал,
Гэрч М.Х-ийн: “...2017 оны 12 дугаарсарын 12-ны өдөр 18 цаг 31-минутын орчим намайг гэртээ байж байхад сумын хүн эмнэлгээс хот хоорондын зам дээр мотоцикль, машин мөргөлдөөд хүний биеийн байдал муу б айна, яаралтай ирээрэй гэсэн. Дуудлагыг хүлээн авч 18 цаг 40 минутын орчим эмнэлэг дээр очиж шаардлагатай эм тариа аваад эмнэлгийн машинтай хэргийн газар луу явсан. Хэргийн газарт очиход талийгаач зам дээр хэвтэж байсан ба биеийг нь үзэхэд гэрэлд нүдний урвал нь хариу үйлдэл байхгүй, зүрх судсыг чагнахад зүрх судас орж ирээгүй, хамрын амьсгал болон амны амьсгал байхгүй байсан. Тэгээд нас барсан байна гээд сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 001 дугаартай дүгнэлт
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01дугаартай дүгнэлт /хх-ийн 43-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14-р тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36-р тал/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн, цаашид 2018 оны 08 дугаарсарын 25-ны дотор 5.000.000 төгрөгийг хохирогч нарын ар гэрт бэлэн мөнгөөр төлж барагдуулахаа илэрхийлсэнийг дурьдлаа.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн ...улсын дугаартай Бонго Жи 2 маркийн автомашиныг битүүмжи лсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангилалын жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1738004640020 дугаартай хэрэгт битүүмжилсэн ...улсын дугаартай Бонго Жи 2 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Б-ын В ангилалийн жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Л.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 6.500.000 төгрөгийг бэлнээр төлж 2018 оны 08 дугаар сарын 25-ны дотор 5.000.000 төгрөгийг төлөлхийг илэрхийлсэн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ