Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

А, С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А. Н.Болормаа, Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: А,

Шүүгдэгч: А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Аын өмгөөлөгч Эийн давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч А, өсвөр насны  шүүгдэгч С нарт холбогдох 2219000000354 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.1. ***А,

 

1.2. ***С,

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

2.1. Шүүгдэгч А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Саруул цонхны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Штэй  хардалтын улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “... духны шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт...” бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, мөн өсвөр насны шүүгдэгч Сыг 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, 2022 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө, 2022 оны 11 дүгээр сарын 05-ноос 06-нд шилжих шөнө буюу нийт 3 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** хаягт байх Огийн эзэмшлийн “***” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 2,283,360 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

 

2.2. өсвөр насны шүүгдэгч С нь 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, 2022 оны 11 дүгээр сарын 02- ноос 03-нд шилжих шөнө, 2022 оны 11 дүгээр сарын 05-ноос 06-нд шилжих шөнө буюу нийт 3 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** хаягт байх Огийн эзэмшлийн “***” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 2,283,360 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***нутаг дэвсгэрт байх “***” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 83,300 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***нутаг дэвсгэрт байх “***” гэх нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 838,500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, өсвөр насны шүүгдэгч Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ***Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

өсвөр насны шүүгдэгч ***Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

 

Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ст ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар, 9 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ат оногдуулсан 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ст энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ст оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх Л.Мөнхтуяад тус тус даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 176 хоногийг, өсвөр насны шүүгдэгч Сын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Саас 41.650 /дөчин нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, ***од оршин суух Гд, 570.840 /таван зуун далан мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын ***од оршин суух Од, 254.500 /хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын ***од оршин суух Нд, иргэний хариуцагч Эгаас 570.840 /таван зуун далан мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Од, 254.500 /хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Нгийн нэхэмжилсэн үнэлгээний хөлс 50.000 /тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч А, иргэний хариуцагч Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Н нь үнэлгээний хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгч Аын өмгөөлөгч Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...Аын хувьд эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ болон хулгайлах 3 үйлдлийн эхний үйлдэл буюу 10 сарын 31-нээс 1-нд шилжих шөнийн үйлдлийг мэдэж байсан, нэлээдгүй эд зүйлийг нь авсан болохоо мэдүүлдэг. Харин 2, 3 дахь удаагийн үйлдлийн тухайд манай гэрт дахиж эд зүйл авчраагүй учраас би хамтран оролцоогүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр ... гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэхээс гадна хохирогч Од учирсан хохирлоос өөрт оногдох хохирол 571,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал гаргасныг шүүх хүлээн аваагүй бөгөөд ямар үндэслэлээр дээрх хуулийг хэрэглэх боломжгүй байсан талаар тогтоолдоо тусгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Аын хувьд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтсон амьдралтай, Цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож, ухамсарлаж, чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байдал нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.” гэв.

 

6. Шүүгдэгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цагдан хоригдож байхдаа маш их зүйлийг ойлгосон. Надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

7. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаар шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу, хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Тухайлбал шүүгдэгч Аын хувьд урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 01 жил 04 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Цагдаагийн байгууллагаас өсвөр насны хүүхэдтэй хулгайлах гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг шалгаж байх хугацаанд өөрийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Шийн биед халдсан. Эдгээр нөхцөл байдал буюу шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь харж дүгнээд шүүгдэгч А ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Аын өмгөөлөгч Эийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Шийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь духны шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

 

мөн 2022 оны 10 дугаар сарын 31-11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө буюу нийт 3 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** хаягт орших “***” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2,283,360 төгрөгийн эд зүйл хулгайлах гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд Сыг татан оролцуулсан буюу  хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

 

Өсвөр насны шүүгдэгч С нь 2022 оны 10 дугаар сарын 31-11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө буюу нийт 3 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** хаягт орших “***” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч  2,283,360 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ***нутаг дэвсгэрт орших “***” хүнсний дэлгүүрт нэвтэрч 83,300 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын ***нутаг дэвсгэрт байх “***” дэлгүүрт нэвтэрч 838,500 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйл баримтууд болсон.

 

Эдгээр үйл баримтуудад үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Аыг хамтран амьдрагч Шийн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар, мөн өсвөр насны шүүгдэгч Сыг хулгайлах гэмт хэрэгт санаатай татан оролцуулж  гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хулгайн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж,

 

Өсвөр насны шүүгдэгч Сыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

2. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Аын өмгөөлөгч Э эс зөвшөөрч “ ... шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж хохирогчийг хохиролгүй болгосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзсэн.

 

Учир нь шүүгдэгч А, өсвөр насны шүүгдэгч С нарын үйлдсэн Сайншанд сумын ***, *** хаягт орших “***” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 3 удаагийн үйлдлээр 2,283,360 төгрөгийн эд зүйл хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Сын насанд хүрээгүй хүүхдүүд болох М, Б нартай бүлэглэж  үйлдсэн “***” хүнсний дэлгүүрт нэвтэрч 83,300 төгрөгийн эд зүйл,   “***” дэлгүүрт нэвтэрч 838,500 төгрөгийн эд зүйлүүдийг тус тус хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ... энэ гэмт хэргийг  ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ... үйлдсэн бол” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

 

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Аыг өсвөр насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хулгайн гэмт хэрэгт санаатай татан оролцуулж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хулгайн гэмт хэрэгт хатгагчаар  хамтран оролцсон гэж,

 

өсвөр насны шүүгдэгч Сыг хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ насанд хүрээгүй М, Б нартай бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тодорхойлж тогтоосон нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй ба хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь өсвөр насны шүүгдэгч Сын “... хамгийн эхний үйлдэл дээр А ах байсан, ах утсаар залгаж асуусан, зааварчилсан” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Бгийн “...анх хулгай хийх санааг С нь Б гэх тэр ахтай ярилцаж байгаад хулгай хийхээр болсон юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Мгийн “ ... анх С, Б ах 2 хоорондоо тэдний гэрээс гарахаас өмнө ярилцсан байсан ба тэднийхээс гараад С бид 2 ... Бтэй уулзаж ... би хүн харахаар, С тог таслахаар, Б цонхыг онгойлгохоор болсон” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон,  

 

Шүүгдэгч Аын хамтран амьдрагч Штэй маргалдаж цохиж зодсоны улмаас түүний биед “...духны шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд” нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч Шийн “... миний хамтран амьдрагч А нь надад ямар ч шалтгаангүйгээр уурлаад байсан, ... орой нь элдэв үгээр доромжилж уурлаад байсан, ... маргааш нь дахин уурлаад байсан, хий хоосон хардаад байсан, ... А өөр лүү нь муухай харлаа гэж миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, дахиад хөл рүү 2-3 удаа өшиглөсөн” гэсэн /2хх 206-207, 233/ мэдүүлэг,

 

гэрч Т.Лхагвасүрэнгийн “...Ш нь А намайг шоглоод хэрүүл хийгээд ажилд явуулахгүй байна, бас утас нуучихсан, ... би таньтай хамт явъя, танайд унтъя гэсэн ... А нь Шийг надтай хамт явлаа гээд уурлаад байсан, ... би Даариймаа эмээгийнд орж ирсэн чинь Ш араас орж ирээд сууж байтал А араас нь орж ирээд чи миний өөдөөс муухай харлаа гээд Шийн хацар хэсэг рүү 2-3 удаа алгадсан ба зүүн талын гуя болон шилбэ хэсэг рүү нь өшиглөөд байсан, Шийн нүүрнээс цус гараад эхэлсэн” гэсэн /2 хх 214/ мэдүүлэг,

 

хохирогч Шийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай 02/003 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 217/ зэргээр нотлогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ ...хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулж, хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, гутаан доромжлох зэргээр бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн” нь хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Аыг хохирогч Шт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “ ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ... энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... үйлдсэн бол” гэх гэм буруутайд тооцох шинжид тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байна.

 

5. Шүүгдэгч Ат анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил гурван сарын / 2 жил 3 сарын/ хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын /2 сар/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсан ба шүүгдэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 2022/ШЦТ/39 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар, 9 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам тус тус зөрчигдөөгүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.

 

Шүүгдэгч А нь урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд /2хх 178-194/  дахин хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохоос гадна түүнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх тухай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн үйлчлэл хамаарахгүй юм.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ …ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэж заасан.

 

Шүүгдэгч А нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд /2хх 178-194/ буюу 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 12 дугаар сарын 06-ны хугацаанд 2 гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны 2023/ХМШЗ/02 дугаартай захирамж /3хх 19-21/-аар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх явцдаа цахим бугуйвчийг унтраахгүй байнгын цэнэгтэй байлгах, зөвшөөрөгдсөн бүсээс гарахгүй байхыг шүүхээс даалгасан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял хорих ялаар солигдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай журам хэрэглэгдэхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

Иймд энэ үндэслэлээр гаргасан өмгөөлөгч Эийн гомдол хангагдах үндэслэлгүй юм.

 

Өсвөр насны шүүгдэгч Ст анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хяналт тавьж хүмүүжүүлэхийг шүүгдэгчийн төрсөн эх Л.Мөнхтуяад хариуцуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д мөн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар “***”, “***” , “***” нэртэй хүнсний дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байхад анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэх хэргийн бодит байдалд нийцэх шинжийг хэрэглээгүй нь буруу болсныг магадлалд тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Аын өмгөөлөгч Эийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Аын цагдан хоригдсон 42 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС