| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2022/01271/И |
| Дугаар | 192/ШШ2025/01227 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01227
| 2025 02 12 | 192/ШШ2025/01227 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, 30-1-6 тоот хаягт байрлах Таванхан оргил ХХК /регистрийн дугаар: 54*******5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 27а дугаар байр, 1203 тоот хаягт оршин байрлах Дэвшилтэт эрин констракшн ХХК/регистрийн дугаар: 55*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,976,219 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц.Гэр*******а, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ар*******н, шинжээч Ц.Түв*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Таванхан оргил ХХК хариуцагч Дэвшилтэт эрин констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,976,219 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Таванхан оргил ХХК-ийн зүгээс Дэвшилтэт эрин констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэдэг байдлаар нэхэмжилсэн. Хэргийн үйл баримтын тухайд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дэвшилтэт эрин констракшн ХХК-ийн захирал Ц.Гэр*******а, түүний нөхөр н.Сүхболд нартай Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх төслийн 107 дугаар барилгын карказ, угсралтын ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны дараа тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Зоорь болон суурийн давхрыг хийж гүйцэтгэх явцад талуудын хооронд үнийн дүнд маргаан гарсан. Өөрөөр хэлбэл манай зүгээс танай 50,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ үнийн дүн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн жишиг үнэ болон Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан холбогдох барилгын төсөв, норм дүрэмтэй холбоотой үнийн дүнгээс хэт бага үнэлгээгээр тогтоож байна. Тийм учраас үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх асуудлыг ярьсан. Тус маргаан нь зоорь болон суурийн давхрыг гүйцэтгээд дууссаны дараа буюу 06 дугаар сард гарсан. Маргааны асуудал нь энэ ажлыг гүйцэтгэж байх явцад хариуцагчийн зүгээс үл ялиг хэрүүл маргаан үүсгэх, шалтаг шалтгаан хайх асуудлыг тавьснаас болсон. Хэрүүл маргаантай ажлын хүнд нөхцөлд ажиллаж байна. Та нар бид нарын ажилд оролцох шаардлага байхгүй бөгөөд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани тул тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байна гэх асуудлыг тавьсан. Үүний дараагаар ажлаа больсон учраас бид нар үнийн дүнгээ зах зээлийн жишиг үнээр нэхэмжилнэ гэх асуудал үүсээд, хариуцагч талаас төлөхгүй гэсэн. Талууд зоорь болон суурийн ажлыг гүйцэтгэсэн талаар маргаан байдаггүй. Хамгийн гол нь үнийг хэрхэн тогтоох, тооцох вэ гэдэг дээр маргаантай байдаг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д заасны дагуу ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэж тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлсийг төлнө гэж заасан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д ажил гүйцэтгэгчийн төсвөөс захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан боловч тухайн хөлс нь гүйцэтгэсэн зах зээлийн жишиг байдалд нийцэх үндэслэлтэй гэсэн зохицуулалттай. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс нийтдээ өөрсдийн төсөвт өртгийг 88,976,219 төгрөгөөр тооцож, 60,976,219 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Дэвшилтэт эрин констракшн ХХК-ийн төлөөлөгч Ц.Гэр*******а нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: 2021 онд манай нөхөр хөдөө ажилладаг байсан. Тухайн үед би анх удаа барилгын салбарт орсон ба тус ажлын өмнө гэртээ суудаг байсан бөгөөд ийм ажил хийх боломж манайд гарсан. Гүйцэтгэгч компаниуд манай нөхөртэй холбогдож, хавар болохоор барилгын ажил хийдэг хүмүүс ажил хайдаг үе байсан. Манай нөхрийн хамт ажилладаг н.Ундрах-Оргил гэх залуу өөрийнхөө хамаатны хүнийг барилгын ажил хийдэг гэж танилцуулсан. Тэр хүн нь Э.Бямбасүрэн болон түүний эхнэр юм. Өмнө нь нөхөр уулзсан бөгөөд хөдөөнөөс над руу яриад Э.Бямбасүрэн инженертэйгээ ирсэн байна уулзаад, ажлын туршлага, ажиллах хүчийг нь сонсоод тохиролцоорой гэж ярьсан. Нарны хороололд Э.Бямбасүрэнгийн машинд Э.Бямбасүрэн, түүний эхнэр, инженер гэх н.Байгалмаа би хадам дүүтэйгээ хамт очиж уулзсан. Ажлын туршлагыг асуухад 30 үндсэн хүнтэй, туршлагатай хүмүүс байсан болохоор м.квадратыг 50,000 төгрөгөөр барилгыг сууринаас дуустал нь барихаар тохирсон. Тухайн үед сууринд ямар нэгэн үнэлгээ байгаагүй. Манайх захиалагчаас суурийн үнэлгээ гэж зоориноос барилга дуустал буюу техникийн давхрыг дуустал гэсэн үнэлгээгээр ажлын хөлсөөр гэрээ хийсэн. Тэр гэрээний хамгийн сүүлийн хуудсанд байгаа. Би 80,000 төгрөгөөр тооцож авсан, танайд 50,000 төгрөгөөр тооцож өгье, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгвөл 55,000 төгрөг байж болно гэж 03 дугаар сарын дундуур ярилцаж тохиролцоод, 04 дүгээр сарын эхэнд ажил эхлэх үед холбогдохоор болсон. 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Эвт өндөр ХХК газар шорооны ажил хийж эхэлсэн бөгөөд танай угсралт хийх компани бэлтгэл ажлаа хийгээрэй гэсэн. Манай нөхөр Э.Бямбасүрэнтэй яриад, н.Байгалмаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан н.Тулгуур-Үндэс нар ирсэн. Манайх ажилчдын амрах байр, гал тогооны өрөөг зохицуулж өгөөд, манай компаниас нярав гараад, бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн. Таванхан оргил ХХК манай компанийн дор ажилласан хугацаа нь 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хамаарна. Ковидын үеийн 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 сарын амралт энэ дунд таарсан. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр суурийн ажил дуусаад, зоорийн ажилд орсон. Энэ хугацаанд инженер гэх н.Байгальмаа болон Э.Бямбасүрэн хоёр ажлын талбай дээр ирдэггүй байсан. Захиалагч надтай гэрээ хийсэн учраас танай ажил удаашралтай байна, ажлаа хурдан явуул гэдэг. Барилгын ажил тодорхой график өгөгдсөн байдаг бөгөөд суурийн ажлыг хэд хоног, зоорийн ажлыг хэд хоног, үндсэн давхруудаа хэд хоногт гэж урьдчилсан графикийн хугацаанд амжихааргүй байна гэж над руу байнга залгаж байсан. Би Э.Бямбасүрэн рүү залгахаар ирдэггүй. Хамгийн сүүлд 05 дугаар сарын 21-ний өдөр залгаж чи ажил дээрээ ирээч гэх шаардлагыг тавихад би очиж чадахгүй, ерөөсөө манайх зоорийн ажлаа хийгээд болилоо гэж ярьсан. Э.Бямбасүрэн, н.Байгалмаа нар ирдэггүй байсан боловч ажил явуулж байсан мужааны, арматурын бригад байнгын талбай дээр ажилладаг, энэ хүмүүсийг ерөнхийд нь хариуцаж байсан хүн болох хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гэх н.Тулгуур-Үндэс байсан. Манайхаас нярав ажиллуулдаг байсан. Би туршлага муутай боловч шинэ инженер авчирч ажиллуулсан. н.Байгалмаа нь вакцинаас болоод бие өвдлөө гээд эмнэлэгт хэвтэж, түүнээс хойш ажилдаа ирээгүй. Би болон бригадын дунд нь Э.Бямбасүрэн байгаа учраас би харьцахад үл ойлголцол гардаг тул Э.Бямбасүрэнг шаарддаг байсан. Э.Бямбасүрэн зоорь хийгээд болъё гэсэн саналыг өөрөө тавьсан. Бригадын хүмүүс үргэлжлүүлээд барилгыг барьж дуусгасан. Энэ барилга 12 давхар биш 9 давхар барилга баригдсан. Э.Бямбасүрэн болилоо гэж хэлээд, н.Тулгуур-Үндэс нь 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ирээгүй. 05 дугаар сарын 24-ний өдөр зоорийн давхрын бетон цутгалт хийгдээд, суурь болон зоорь дуусаж, Э.Бямбасүрэн гэх нэр тэр ажлаас гарсан. Анх тохиролцохдоо м.квадратаар тохиролцохоос гадна миний хувьд анх удаа барилгын салбарт орж байгаа учраас мөнгө санхүүгийн хувьд асуудалтай байгаа, ажилчдын хоол ундыг компани өөрсдөө гаргах чадамжтай юу гэхэд бүрэн боломжтой гэж орсон. 05 дугаар сарын 27-ны өдөр бригадын хүмүүс бензен, хоолны мөнгөгүй байна гээд, надаас 1,000,000 төгрөг зээлье гээд 2,000,000 төгрөг урьдчилж авсан. Тэр хүмүүс 1 давхраас хойш надтай хамт ажиллахаар тохирсон. 05 дугаар сарын 27-ны өдөр бетон аваад, тус өдөр Хурд пропертийз ХХК-аас би хийсэн ажлын гүйцэтгэлээ авсан. Суурь, зоорийн ажлыг ийм хөлсөөр хийсэн гэж м.квадратыг 80,000 төгрөгөөр 403 м.кв гэж ажлын хөлс орсон. 5 хувийн барьцааг үлдээгээд, манай компанийн дансанд 30,642,440 төгрөг орсон. 05 дугаар сарын 28-ны өдөр н.Байгалмаа, Э.Бямбасүрэн нар 44,332,090 төгрөгийн нэхэмжлэх барьж ирсэн. Би энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тохирсон мөнгөөрөө тооцвол 20,150,000 төгрөг өгөх ёстой байсан. Бид нар 9 давхрыг хийж ашигтай ажиллах байсан, одоо больж байгаа учраас суурийн давхар дээр үнэлгээ бодож өг гэсэн. Нийтийн жишиг нь суурийн давхар нь үндсэн давхрын талаар нь тооцдог юм байна. Би талаар тооцож нэмж өгч болно гээд 30,225,000 төгрөгийг өгч болно гэсэн. Зоорийн давхрын 403 м.квадратаа 50,000 төгрөгөөр үржихээр 20,150,000 төгрөг болж байна, суурийн давхраа үүний талаар тооцъё гэхээр 10,075,000 төгрөг, нийт 30,225,000 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрсөн. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 000015431 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, БУ11-216/15, БУ11-47/19 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 5001047415 тоот дансны хуулга, 2021 оны 07 дугаар сарын 05-01/2021 дугаар ажлын гүйцэтгэлийн төсвийн тайлан, 2021 оны 07 дугаар сарын 05-02/2021 дугаар ажлын гүйцэтгэлийн төсвийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, 000168965 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 54*******5 дугаар нэхэмжлэх, төлбөрийн баримт, 5003312625 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5805014752 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21/10 дугаар барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт, хавсралтын хамт, орлогын мэдүүлэг, 453172158 тоот харилцах дансны хуулга, тооцоо нийлсэн акт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн хуулбар, хариуцагчаас ирүүлсэн нэмэлт тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын ажил гүйцэтгэлийн акт.
5. Шүүхийн журмаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ХП/2021/003 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн барилга угсралтын ажлын тоо хэмжээ, Дэвшилтэт эрин констракшн ХХК-ийн компанийн дүрэм, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, цалин хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ноогдуулан суутгасан албан татварын тайлан, 2021 оны 03 дугаар сарын цалин хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ноогдуулан суутгасан албан татварын тайлан, 2021 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23-217 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Таванхан оргил ХХК хариуцагч Дэвшилтэт эрин констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,976,219 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 1 м.кв талбайн цутгалтын ажлыг 55.000 төгрөгөөр тооцож, нийт 9 давхар барилгын төмөр бетон каркас цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр хариуцагчтай 2021 оны 03 дугаар сард амаар тохирсон. Суурь болон зоорийн давхрын ажлыг хийж гүйцэтгэж дууссаны дараа гэрээ хариуцагчийн буруугаар цуцлагдсан тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ажлын хөлс 60,976,219 төгрөгийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, нийт 9 давхар барилгын цутгалтын ажил хийхээр 2021 оны 03 дугаар сард амаар тохирсон. Ажлын үнэлгээг тохирохдоо, 1 м.кв талбайг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр 55.000 төгрөгөөр, ороогүй бол 50.000 төгрөг байхаар тохирсон. Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулсан, гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсний улмаас маргаан үүсэж гэрээ цуцлагдсан. Суурийн давхрын ажлын хөлс нь нийт барилгын цутгалтын ажлын хөлсөндөө багтдаг тул суурь болон зоорийн давхрын ажлын хөлсөнд 28.000.000 төгрөг, нэхэмжлэгч компанийн ажилчдад 2.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг төлж ажлын хөлсийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Зохигчид 2021 оны 03 дугаар сард амаар тохирч Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хурд группын Нисэх төслийн барилгын 107 дугаар блокийн төмөр бетон каркас цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь барилгын суурийн болон зоорийн давхрын цутгалтыг хийж гүйцэтгэсний дараа гэрээ цуцлагдсан, захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид 28.000.000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг үнэн зөв буюу тогтоогдсон гэж үздэг.
5. Шүүхийн зүгээс хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж /яагаад гэрээний үнээр бус жишиг үнэлгээгээр буюу гэрээний үнийг нэмэгдүүлж тооцож нэхэмжилж байгаа талаар/, талуудыг мэтгэлцээнд чиглүүлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс суурийн цутгалтын ажил үнэлгээ багатай байдаг буюу нийт ажлын хөлсөндөө багтдаг, хөлсөө бүрэн авсан тохиолдолд алдагдлаа нөхөж ашигтай ажилладаг хэмээн тайлбарласан.
6. Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг өөрийн өмгөөлөгчдөө олгосон гэж үзэхээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцож байгаа бол төлөөлөгчийн байр суурийг төлөөлүүлэгчийн байр суурьтай адилтган үздэг.
7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, тэрээр гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хийж гүйцэтгэсэн ажил /суурь болон зоорийн давхрын цутгалт/-ын хөлсийг жишиг үнэлгээгээр нэхэмжилсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс суурь болон зоорийн давхрын цутгалтын ажлыг гэрээний үнээр биш, хийж гүйцэтгэсэн ажлын жишиг үнэлгээгээр буюу нэмэгдүүлэн тооцож нэхэмжилсэн нь гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол байдлаар шаардсан гэж үзэхээр байна.
8. Дээр дурдсанаар гэрээ цуцлагдахад хэн буруутай байсан, улмаар цуцлагдах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний үнээр тооцох, эсхүл жишиг үнэлгээгээр буюу нэмэгдүүлсэн байдлаар тооцох эсэх нь талуудын маргааны үндэс болжээ.
9. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсантай холбоотойгоор талуудад тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцэх боломжит хугацаа олгох, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой талаар шүүхээс тайлбарласан.
Зохигчдын зүгээс гэрээ цуцлагдахад хэн нь буруутай байсан эсэх, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний үнэ болон жишиг үнэлгээний алинаар тооцох эсэх талаар өнгөрсөн хугацаанд хангалттай мэтгэлцсэн болохоо тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хууль хэрэглэж маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
10. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т: Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, захиалагч гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй ба ийнхүү захиалагч гэрээг цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг л шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс гэрээг цуцалсантай холбоотой гэм буруугийн асуудал яригддаггүй учир хохирол төлөх үндэслэлгүй болох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаас харагдаж байна.
11. Нөгөө талаас, гэрээ цуцлагдсанд захиалагч талыг гэм буруутай гэж үзсэн бол энэ үндэслэлээ гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч нь баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь: захиалагч тал гүйцэтгэгчийг ажлын талбайд оруулаагүй, ажлын хөлсийг төлөөгүй гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
12. Тодруулбал, ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэсэн ажлын хөлсийг 44,332,090 төгрөг гэж үзэж захиалагч болох хариуцагчаас нэхэмжилсэн байна. Захиалагч тал нэхэмжлэхийг хүлээн авч мөн өдөрт нь 28,000,000 төгрөг төлсөн байна. Гүйцэтгэгч энэ төлбөрөөс хойш ажлын хөлс нэхэмжилсэн баримтыг захиалагч талдаа өгсөн, улмаар барилгын талбайд оруулаагүй зэрэг тайлбараа баримтаар нотлоогүй.
Ийнхүү гэрээ цуцлагдсанд захиалагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул гүйцэтгэгч болох нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг жишгээр тооцож ихэсгэсэн үнийн дүнгээр биш, гэрээгээр тохирсон үнийн хэмжээнд шаардах эрхтэй байна.
13. Зохигчид 1 м.кв цутгалтын ажлын хөлсийг 55.000 төгрөгөөр, эсхүл 50.000 төгрөгөөр тохирсон хэмээн зөрүүтэй тайлбар гарган маргажээ. Нэхэмжлэгч тал гэрээний үнийг 50.000 төгрөгөөр тохирсон гэж маргахдаа энэ үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй, хэрэв оруулж тооцвол 55.000 төгрөг байх нь зөв хэмээн тайлбарласан. Энэ нь талууд гэрээний үнийг тохирч чадаагүй буюу гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл биш юм.
14. Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүйгээр ажлын хөлсийг тохирсон гэх тайлбараа захиалагч буюу хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүйгээс гадна хуулиар тогтоосон албан татвар ногдуулах орлогыг хасаж тооцох талаар тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд талууд 1 м.кв цутгалтын хөлсийг 55.000 төгрөгөөр тохирсон байна гэж үзнэ.
15. Захиалагч буюу хариуцагч нь гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч талыг буруутай буюу гүйцэтгэгч нь ажилдаа ирээгүй, хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй, мэргэжлийн боловсон хүчингүй хэмээн буруутгасан боловч гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, барилга ашиглалтад оржээ. Энэ тохиолдолд захиалагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.
16. Зохигчид зоорийн давхрын талбай 403.19 м.кв, зоорь болон суурийн ажлын талбай нийт 806.38 м.кв мөн эсэх талаар маргаагүйгээс гадна талбайн хэмжээ нь хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн барилга угсралтын ажлын тоо хэмжээний хүснэгтээр тогтоогдсон.
17. Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн цутгасан нийт 806.38 м.кв талбайн хэмжээг 55.000 төгрөгөөр тооцвол захиалагч нь гүйцэтгэгчид 44,350,900 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэ үнээс захиалагч 28,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
18. Захиалагч нь гүйцэтгэгчийн ажилчдад 2.000.000 төгрөг өгсөн гэх боловч энэ төлбөрийг гүйцэтгэгчийн ажлын хөлснөөс хасаж тооцох үндэслэлгүй байна. Тодруулбал, гүйцэтгэгч нь ажлын хөлсөө өөр этгээдэд өгч болохыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөөгүйгээс гадна хариуцагч буюу захиалагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд энэ төлбөрийг өөрөө сайн дураар гүйцэтгэгчийн ажилчдад төлсөн болохоо тайлбарласан.
19. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул дутуу төлсөн 16,350,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
20. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 462,832 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дэвшилтэт эрин констракшн ХХК-аас 239,704 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таванхан оргил ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан Дэвшилтэт эрин констракшн ХХК-иас 16.350.900 төгрөгийг гаргуулан Таванхан оргил ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44.625.319 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дэвшилтэт эрин констракшн ХХК-аас 239,704 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таванхан оргил ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР