| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0158/З |
| Дугаар | 128/ШШ2024/1017 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/1017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ай Ди Си проперти ХХК
Хариуцагч: Сангийн яам
Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Амгалан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.2. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтанд Ай Ди Си проперти ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Ай Ди Си проперти ХХК нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗТХТ/202101002 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй зам тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил гэрээг байгуулжээ.
2.2. Зам тээврийн хөгжлийн яамнаас Ай Ди Си проперти ХХК-ийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 03/2430 тоот, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1386 тоот, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 тоот албан бичгээр ирүүлсний дагуу улсын байцаагчаас хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна.
2.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 03 дугаар[1], 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр[2] удирдамжийн дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар дүгнэлт[3]-ээр Ай Ди Си проперти ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоожээ.
2.4. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар Ай Ди Си проперти ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна.
2.5. Нэхэмжлэгч Ай Ди Си проперти ХХК нь Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн АБ-23/407 дугаартай албан тоотооор гомдол гаргасныг Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9445 дугаартай албан тоотоор бүртгэлээс хасах хууль, эрх зүйн боломжгүй болохыг мэдэгдсэн байна.
2.6.Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Ай Ди Си проперти ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн АБ/24/005 дугаартай албан тоотоор Сангийн сайдад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул Ай Ди Си проперти ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/01262 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын Сангийн сайдын 213 дугаартай тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтанд орсон болохыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн байдаг.
Тухайн 213 дугаартай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4,2.5 дахь заалтуудыг үндэслэсэн байна.
Манай компани нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн /ЗТХТ/202101002 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй зам тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил гэрээг нийт 1,897,547 төгрөгөөр байгуулсан. Ажил гүйцэтгэж эхлэх үед тухайн барилгын ажлын гадна шугам сүлжээ, инженерийг зураг төсөл нь хийгдээгүй байсан бөгөөд 2022 оны 5 сард техникийн нөхцлийн дагуу хийгдэж дууссан бөгөөд барилгын төсөвт өртөг өсч 2,518,000 төгрөг болсон.
Тухайн зураг төслийг захиалагч тал баталгаажуулж өгөөгүйгээс гадна ажлын гүйцэтгэлийг удаа дараа баталгаажуулаагүй зургаар хийж байна гэж тасалдуулж, буулгуулах зэргээр саад болж хугацаа алдсаар байсан. Энэ тухай захиалагч талд бичгээр болон амаар мэдэгдэж ажлаа цааш нь үргэлжлүүлэх бодит боломжийг хайсан.
Зураг төсөв уддаг, төсөвт өртөг өсдөг нь манай компаниас шууд шалтгаалаагүй бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед барилгын материалын үнэ хэт өссөн, хилийн хориг, ачаа тээвэрлэлт байхгүй, нийтийг хамарсан хөл хорио таарсан зэргээс шалтгаалсан болно.
Захиалагчид удаа дараа хүсэлт явуулж ажлын гэрээний хугацааг сунгуулсан 2023 оны 6 сар хүртэлх хугацаанд манай компани өөрийн бүхий л боломжит нөхцлөөр гэрээт ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч тал гүйцэтгэгч талд бүхий талын дэмжлэг зөвлөгөөг үзүүлэх үүрэгтэй боловч зөвхөн шаардах эрхээ хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн.
Манай компани нийт 1,351,560,408 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд бодит байдал дээр 1,547,112,994.23 төгрөгийн ажил хийж гүйцэтгээд байгаа бөгөөд зөрүү 195,552,586.43 төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа болно. Үүнийг захиалагч тал маш тодорхой мэдэж байгаа бөгөөд санхүүжилтийг нэмэх тухай удаа дараагийн уулзалтаар тохирсон боловч гэрээний дүнг нэмээгүй.
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд зөвхөн захиалагчийн өгсөн тайлбар, мэдээллийг үндэслэж сонсох ажиллагааны явцад гаргасан гүйцэтгэгч талын тайлбар, мэдээлэлд дүгнэлт хийлгүй төрийн байгууллагын мэдээлэл бодит үнэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон байдаг.
Улсын байцаагчийн акт гарсан тухай бидэнд мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаартай мэдэгдлээр энэ тухай мэдэгдсэн. Энэ нь 2019 оны 274 дугаар тогтоолын хавсралт 1-ийн 5.4. Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулах бөгөөд дүгнэлтийг шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулан, нэг хувийг түүнд өгнө. Заалтыг зөрчиж бидэнд өөрийн эрх ашгаа хамгаалах эрхээ алдахад хүргэсэн байна. Манай компани энэ тухай мэдэгдэл хүлээж авмагц 2023 оны 12 сарын 11-ний өдөр АБ-23/407 дугаартай бичгээр Сангийн яаманд гомдол хүргүүлсэн хэдий ч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9445 дугаартай албан тоотоор хүлээн авах боломжгүй талаар хариу ирүүлсэн.
2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн АБ-24/005 дугаартай албан тоотоор арга буюу Сангийн сайд Б.Жавхланд хаяглан хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Иймээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын сангийн сайдын 213 дугаартай тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтанд манай компанийг оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ай Ди Си Проперти ХХК нь Зам тээвэр хөгжлийн төвтэй 2021 оны 7 сарын 9-ний өдрийн ЗТХТ/202101002/ дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Зам тээвэр хөгжлийн төвийн конторын барилгын шинэчлэлт ажлын зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулахад, гадна шугам сүлжээ, инженерийн зураг төсөл хийгдээгүй байсан бөгөөд 1,351,560,408 төгрөгийг ЗТХТ-өөс авсан боловч нэхэмжлэгч Ай Ди Си Проперти ХХК-ийн үнийн хэт өсөлт, цар тахлаас үүдэн 1,547,112,994.43 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Уг ажлыг хийхдээ өөрийн компаниас 195,552,586 төгрөгний санхүүжилт илүү гаргаж ажлыг гүйцэтгэж, тендерийн гэрээ өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй байхад Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14,1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол тендерийн ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан байна. Гэтэл захиалагчаас ирүүлсэн огт үндэслэлгүй мэдэгдэл баримтыг үндэслэн хууль зөрчсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн Улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ хууль болон холбогдох журмыг зөрчсөн. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж хяналт шалгалт хийх журмыг тогтоосон. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Мөн хуулийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.
Гэтэл хяналт шалгалт хийхдээ Ай Ди Си Проперти ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд шалгалтын талаар мэдэгдээгүй, шалгалттай холбогдуулж өөрийн гаргасан дүгнэлтдээ Ай Ди Си Проперти ХХК-ийн захирал Ш.Батбаатар 2023 оны 09 сарын 11-ний өдрийн сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд тус компаниас энэ асуудалтай холбогдуулан тайлбар өгөөгүй болно .... гэх боловч тус сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгаснаас харахад тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд тайлбар авахдаа хүртэл Ай Ди Си Проперти" ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээс бус ямар ч хамааралгүй Ш.Батбаатар гэх хүнийг сонсох ажиллагаанд хууль зөрчин оролцуулж, тайлбараа үндэслэж хяналт шалгалтын дүгнэлтээ гаргасны улмаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх нөхцөл үүсэж байна.
Худалдан авах улсын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх үүрэгтэй гэж заасан. Улсын байцаагч нь хууль, дүрэмд заасан хяналт шалгалт хийхдээ бодитой хандах, нотлох баримт дээр тулгуурлаж дүгнэлт гаргах үүргээ ноцтой зөрчиж, шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулалгүй хууль бус дүгнэлт гаргаж, зөвхөн Зам тээвэр хөгжлийн төвөөс өгсөн тайлбар мэдээллийг үндэслэн манай компанийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээний үүрэг биелүүлээгүй гэх дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Уг хууль бус захиргааны актаас болж манай компани цаашид хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орсноор эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд ямар ч тендерт оролцох боломжгүй болж их хэмжээний хохирол учирч байна.
Иймд Сангийн Яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн №100 дугаартай дүгнэлт, 2023 оны 11 сарын 22-ны өдрийн Монгол Улсын Сангийн Сайдын 213 тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтанд манай компанийг оруулсан хэсгийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан бөгөөд ажил үргэлжилж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барилгын ажил хүлээлцэх акт гарч, талууд ажлыг хүлээлцсэн. Тухайн ажил хүлээлцэх актаар нийтдээ 1,351,560,408 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгч, санхүүжилтийг олгохоор тохиролцсон. Санхүүжилтийг тогтоосон хугацаандаа олгоогүй. 2022 онд олгох санхүүжилтийг 2023 онд олгосон бөгөөд ажил удаашралтай байсан. Өөрөөр хэлбэл, захиалагч тал төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Тухайн ажлыг хүлээж авснаас хойш ажил хэвийн үргэлжилж, гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болох байсан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буюу гэрээ дуусах үед нэхэмжлэгч компани төсөвт өртгөөсөө хэтэрсэн ажлыг гүйцэтгэсэн байсан. Тухайлбал, 1,897,976,547 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 525,000,000 төгрөгөөр илүү үнийн ажил гүйцэтгэсэн байсан. Уг асуудлыг захиалагч талд удаа дараа албан бичиг өгч мэдэгдэж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23298 дугаар бүхий мэдэгдлээр ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн буюу 1,542,000,000 төгрөгийн ажил хийгдсэн гэдгээ мэдэгдсэн. 2023 онд манай компани ажлыг 80 хувь гүйцэтгэсэн, санхүүжилт 1,351,560,408 төгрөг орж ирсэн, 1,547,000,000 төгрөгийн зардал гарсан гэдгийг захиалагчид амаар ч, уулзалтаар ч хэлж байсан. Үүнийг захиалагч тал өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Учир нь захиалагч талын өгсөн бичгүүдэд 1,500,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй гэх албан бичиг огт байхгүй буюу үгүйсгээгүй. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дууссан байтал захиалагч талаас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1859 дүгээр тоот албан бичгээр ажлаа хийж дуусгахгүй бол гэрээний алданги тооцно гэж мэдэгдсэн. Мөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23257 дугаар албан тоотдоо барилгын зураг төслийн ажлыг хариуцахгүй, үлдэгдэл ажлуудаа хийж дуусгаж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон байтал захиалагч тал сунгасан буюу уг мэдэгдлүүдийг явуулсан. Үүний дараа хяналт, шалгалт хийх удирдамж гарсан бөгөөд гол агуулга нь хэн буруутайг тогтоох гэсэн үүрэг даалгавар өгсөн юм.
Тухайн хяналт шалгалт 2021 оны гэрээний биелэлтийг төрийн байгууллагаас шалгаж буй зүйл юм. Захиалагч тал санхүүжилт олгох үүргээ зөрчсөн буюу гэрээний үүргийг биелүүлээгүйгээс ажил явагдахгүй байгаа гэдгийг байцаагч шалгаагүй бөгөөд энэ нь тус хяналт, шалгалтын алдаа дутагдал юм.
Гэрээнд ажлыг биелүүлж, хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Гэрээнд өөрөө санхүүжилт 80 хувьд хүрэхээр 284,500,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно гэж заасан. Гэтэл гүйцэтгэл 80 хувьд хүрсэн байтал удаа дараа үлдэгдэл санхүүжилт төлбөрийг шаардахад, захиалагч санхүүжилт өгөөгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ нөхцөл байдлыг улсын байцаагч шалгаагүй бөгөөд талуудын тэгш байдлыг хангаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг зөрчсөн гэх боловч ямар зөрчил гаргасан талаар тодорхой дүгнээгүй. Тухайн дүгнэлтэд хоёр хүн ажиллуулж байсан, бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй гэж тусгагдсан. Хоёр хүн ажиллаж байсан талаар байцаагч фото зураг авч баталгаажуулах ёстой. Гэтэл баталгаажсан баримт байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайдын 213 дугаар тушаалыг гарахдаа хяналт, шалгалт явуулсан улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл байцаагчийн дүгнэлт нотлох баримт дутуу буюу үндэслэлгүй. Хяналт, шалгалтын нотлох баримт, үр дүн, байхгүй байхад Захиргааны хэргийн шүүх хуралдааны явцад улсын байцаагчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэх тайлбар нь утгагүй юм.
Мөн 195,000,000 төгрөгийн илүү гүйцэтгэлийн ажил хийсэн гэдгийг улсын байцаагч Л.Амгалан болон захиалагч компани мэдэж байсан бөгөөд хүлээн зөвшөөрсөн. Сонсох ажиллагаанд хэд хэдэн алдаа гарсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Үүнд, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад Сангийн яамны 405 тоот өрөөнд сонсох ажиллагааг явуулна гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч барилга хариуцсан захирал Ш.Батбаатар очсон.
Барилгын компанийн гүйцэтгэх захирал Ш.Батбаатар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн сонсох ажиллагаанд оролцсон. Сонсох ажиллагааг өглөө явуулсан гэх боловч мэдэгдэлд 13 цаг 30 минут гэж тусгагдсан. Мөн сонсох ажиллагаа болсон газрыг тусгаагүй. Сонсох ажиллагааг хэзээ, хаана явагдсан талаар тодорхой бичих ёстой. Хуульд заасан заалтууд бүгд зөрчигдсөн гэдэг нь харагдаж байна. Мөн итгэмжлэлийг шалгаагүй. Ш.Батбаатар нь итгэмжлэлээ өгнө гээд өгөөгүй гэж тайлбарласан нь төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг зүй ёсоор хийгээгүй байгаа юм.
Мөн хуульд зааснаар хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоног байх ёстой. Гэтэл хяналт, шалгалтын удирдамжийн хугацаа дууссан буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот удирдамжаар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай удирдамжийн шалгалт хийх хугацааг 30 хоногоор сунгасан. Хариуцагч талаас бичиг хэргийн алдаатай үйл ажиллагаанаас болсон гэх тайлбарыг өмнөх шүүх хуралдааны явцад тайлбарласан. Алдаатай баримтыг залруулсан гэх удирдамжийг мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Удирдамжийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг 2 хувь үйлдэж, 1 хувийг гардуулж өгөх ёстой байтал өгөөгүй. Ш.Батбаатарт танилцуулсан гэж бичсэн ч гарын үсэг зуруулаагүй. Тухайн дүгнэлтийг дээд шатны улсын байцаагчид танилцуулах ёстой байсан ч танилцуулаагүй, мэдээгүй. Энэхүү зөрчил, алдаа дутагдлаас үүдэн хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхийг нэхэмжлэгч компанид олгоогүй. Нэхэмжлэгч компани хар жагсаалтад орсон гэдгийг Сайдын тушаал гарснаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр анх мэдсэн. Улсын байцаагчийн дүгнэлтийг гардаж аваагүй учраас дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй. Илт хууль зөрчсөн улсын байцаагчийн дүгнэлтийг Сангийн яам харгалзан үзэлгүйгээр шууд хар жагсаалтад оруулж, тушаал гаргасан нь нэхэмжлэгч компанийн бизнесийн үйл ажиллагаа болон бусад эрх ашигт сөргөөр нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
3.4. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 тоот албан бичгээр Ай Ди Си Проперти ХХК-ийг Зам, тээврийн хөгжлийн төвтэй байгуулсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Зам, тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай хүсэлтийг тус яаманд ирүүлсэн.
Дээрх хүсэлтийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамж гарч худалдан авах ажиллагааны улсын байцаагч хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 тоот дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлттэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гараагүй тул Сангийн сайдад санал хүргүүлсэн.
2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн дагуу эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн Сангийн сайд тушаал гаргахаас өөр шийдвэр гаргах боломжгүй ба хяналт шалгалтын явцтай холбоотой асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч холбогдох хууль, журамд нийцүүлэн бие даан шалгалт хийсэн байна.
Иймд Сангийн сайдын 213 тоот тушаал нь холбогдох хууль журамд нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.5. Хариуцагч улсын байцаагч Л.Амгалан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Бурмаа уг асуудлаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн АБ-24/055 тоот албан бичгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй ба уг улсын байцаагчийн дүгнэлтийн талаар тодорхой мэдэж байсан байна.
Тухайлбал, нэхэмжлэлд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргаж, нэхэмжлэлийн 2 дахь талд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд зөвхөн захиалагчийн өгсөн тайлбар, мэдээллийг үндэслэж сонсох ажиллагааны явцад гаргасан гүйцэтгэгч талын тайлбар, мэдээлэлд дүгнэлт хийлгүй төрийн байгууллагын мэдээлэл бодит үнэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон байдаг гэж дурдсан нь нэхэмжлэгчээс анхны гаргасан нэхэмжлэлдээ худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлттэй маргаагүй ба хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулсан сонсох ажиллагаанд оролцсон тухайгаа дурдсан баримт юм.
Дээрх тохиолдолд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан М.Бурмаагийн гарын үсэгтэй 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АБ-24/234 тоот албан бичигт Ай ди си проперти ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд шалгалтын талаар мэдэгдээгүй, ... тайлбар авахдаа хүртэл Ай ди си проперти ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээс бус ямар ч хамааралгүй Ш.Батбаатар гэх хүнийг сонсох ажиллагаанд хууль зөрчин оролцуулсан" гэж дурдсан нь урьд өмнө мэдэгдэж байсан тайлбар, үйл баримтаас илэрхий зөрүүтэй байна.
Ш.Батбаатар нь тухайн компанид хамааралгүй гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй болохыг дараах баримтаар нотлох боломжтой.
-Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай удирдамж гарсны дараагаар Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчаас Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т хамаарах 6 гэрээтэй холбоотой баримт бичиг, мэдээлэл гаргуулах тухай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11/6154 тоот албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т хүргүүлсэн Тус албан бичигт хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хаяг, харилцах утасны дугаар, хяналт шалгалтын ажиллагаанд захиалагчийг төлөөлөн харилцан албан тушаалтны мэдээллийг ирүүлэхийг анхаарна уу гэсний дагуу Зам, тээврийн хөгжпийн төв ТӨҮГ-аас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/1136 тоот албан бичгээр ирүүлсэн хариунд Ай ди си проперти ХХК-тай холбоотой мэдээллийг ирүүлсэн. Гүйцэтгэгч байгууллагын мэдээлэл: Захирал Т.Баярхүү Б.Батбаатар Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11/6316 тоот албан бичгийг үйлдэж дээр дурдсан утасны дугаар болон бусад утасны дугаараар холбогдож, сонсох ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13:30 цагт товлон улмаар шуудангаар мэдэгдлийг хаягийн дагуу хүргүүлсэн.
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцаж байсан захиалагч байгууллага Батбаатарыг тухайн компанийн харилцах албан тушаалтан гэж мэдэгдсэн байх тул түүнийг Ай ди си проперти ХХК-тай хамааралгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаар сонсох ажиллагаанд оролцуулах мэдэгдэл хүргүүлсний дагуу тус компаниас уг асуудлыг хариуцсан Батбаатар ирж оролцсон ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үйл явц тул түүнийг Ай ди си проперти ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй гэдэг үндэслэлээр оролцуулахгүй байх нь оролцогчийн эрхийг хязгаарласан үйл явдал болох байсан.
Ш.Батбаатарын сонсох ажиллагааны үеэр өгсөн тайлбар, мэдээллийг улсын байцаагчийн дүгнэлтэд тодорхой дурдсан ба түүний тайлбар, мэдээлэл нь тухайн гэрээний үйл явцын талаар тодорхой тайлбарласан байхад түүнийг Ай ди си проперти ХХК-тай мөн хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй.
-Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн Сангийн сайдын тушаалыг мэдэгдсэн албан бичгийн хариуд түүнийг Ай ди си проперти ХХК-ийн хэвлэмэл хуудас, албан ёсны тэмдэг бүхий Хүсэлт хүргүүлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн АБ-23/407 тоот албан бичиг Сангийн яаманд ирсэн байдаг. Тус албан бичигт Гүйцэтгэх захирал Ш.Батбаатар гэж гарын үсэг зурж, тэмдэг дарсан ба тухайн компанийн нэрийн өмнөөс албан ёсны баримт бичиг үйлдэж хүргүүлж буй этгээдийг тухайн компанитай хамааралгүй гэх нь мөн үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн АБ-24/055 тоот албан бичгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлд Манай компани энэ тухай мэдэгдэл хүлээн авмагц 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр АБ-23/407 дугаартай бичгээр Сангийн яаманд гомдол хүргүүлсэн гэж дурдсан нь Гүйцэтгэх захирал Ш.Батбаатар гэсэн гарын үсэг, тэмдэгтэй баримт бичгийн тухай компанийн албан ёсны баримт бичиг болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
Улсын байцаагчийн дүгнэлт нь дан ганц сонсох ажиллагааны мэдээлэлд бус захиалагчаас ирүүлсэн бодитой, нотлох баримтын шаардлага хангасан мэдээлэлд үндэслэн гарсан ба Ай ди си проперти ХХК, түүнийг төлөөлөн оролцсон этгээдээс нэмэлтээр баримт материал гаргаж ирүүлэхийг хязгаарлаагүй болно.
Түүнчлэн нэхэмжлэлд захиалагчаас ирүүлсэн аль баримт бичигт үндэслэн дүгнэлт гаргасан нь бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй гэх талаар тодорхой үндэслэл байхгүй байгааг тэмдэглэж байна. Иймд дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль журамд нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.5. Хариуцагч Л.Амгалангийн өмгөөлөгч Т.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Ай Ди Си проперти ХХК-д улсын байцаагч Л.Амгалангийн дүгнэлтийг хүргүүлээгүй гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгчээс гаргасан анхны нэхэмжлэлд энэ тухай байгаагүй учир улсын байцаагчийн зүгээс хэрэгт монгол шуудангаар хүргүүлсэн талаарх тайлбарыг гаргаж өгсөн. Уг асуудлаар маргаагүй. Нэгэнт шүүх хуралдааны явцад шинэ процесс эхлүүлж, энэ талаар шалгах үндэслэлгүй. Тухайн компанийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол, Дандарбаатарын гудамж, 10к плаза, 13 давхар тоот хаягт 2023 оны 08 дугаар сарын мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч компани шуудангийн хаяг дээр өөрсдөө мэдэгдлийг хүлээж аваагүй юм уу, эсхүл албаар хүлээж авахаас татгалзсан юм уу, ямар нөхцөл байдлын улмаас хүлээж аваагүй нь ойлгомжгүй.
Эхний мэдэгдлийг мэдэгдэхдээ Ш.Батбаатарыг албан бус журмаар дуудаж та Ай Ди Си проперти ХХК-ийг төлөөлөх эрхгүй ч гэсэн төлөөлөөд оролц гэж албадсан, хэлсэн зүйл байхгүй. Тухайн компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн мэдэгдлийн дагуу ирсэн ажилтан нь Ш.Батбаатар байсан. Ш.Батбаатар нь Зам тээврийн хөгжлийн төвтэй байгуулсан гэрээг байгуулахад захиалагчтай харилцаж байсан этгээд болохыг Зам тээврийн хөгжлийн төв нотолсон. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тайлбар, мэдээлэл өгөх боломжоор хангах хуулийн зохицуулалттай. Заавал итгэмжлэлтэй этгээдийг сонсох ажиллагаанд оролцуулна, оролцуулахгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд сонсох ажиллагааг уян хатан, оролцогч этгээдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулсан.
Ш.Батбаатар нь гэрээ байгуулахад гарын үсэг зурсан нь илт байсан тул итгэмжлэлээ авчрахгүй бол сонсох ажиллагаа явуулахгүй гээд буцаасан бол эсрэгээрээ маргаан үүсэх эрсдэлтэй байсан. Нэхэмжлэгчээс тайлбарлаж буй тайлбар нь хоорондоо зөрчилдөөнтэй. Тухайлбал, эхний итгэмжилсэн төлөөлөгч Ш.Батбаатарын хэлсэн тайлбарыг нэг бүрчлэн уншиж нэхэмжлэгч компани төлөөлөх эрхтэй этгээд мөн гэж тайлбараа өгсөн байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч компанид хамааралгүй хүнийг оролцуулаад сонсох ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Сонсох ажиллагаанд Ш.Батбаатар нь төлбөр мөнгөтэй холбоотой ерөнхий зүйлүүд ярьсан боловч баримтаар нотлоогүй. Мөн эрх ашгаа хамгаалахтай холбоотой баримтуудаа ирүүлсэн зүйл байхгүй. Тухайлбал, хэзээ төлбөр нэхэмжилж, захиалагч өгөөгүйгээс шалтгаалан барилгын ажил зогсож байгаа тухай, захиалагч байгууллагатай харилцсан нотлох баримт зэргийг сонсох ажиллагааны явцад бичгээр авчраагүй.
Үүнээс үзвэл улсын байцаагч Л.Амгалан захиалагч байгууллагаас ирүүлсэн баримтад үндэслэж дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчээс нэг талыг баримталсан гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр сонсох ажиллагаа хийхдээ аль, алинаас нь тайлбар, баримт мэдээллийг гаргаж өгөх боломжийг олгосон.
2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа сунгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар талууд удаа дараа тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгаж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компани гэрээний үүргээ гүйцэтгэнэ гэдгээ хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байна.
Гэтэл анхнаасаа зураг, төсөвгүй байсан, магадлалаар ороогүй гэдэг үндэслэлээр барилгын ажил удааширсан гэж тайлбарлаж байгаа нь аль эрт 2021 онд илэрхий болчихсон үйл баримт юм. 2021 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Мөн зураг, төсөв магадлалаа баталгаажуулах асуудал байсаар байтал дараагийн сунгалт хийхдээ энэхүү нөхцөл байдлыг нь харгалзаж зураг, төслийг магадлалаар баталгаажуулахгүй бол гэрээг сунгахгүй, гэрээнд заасан барилгын ажлыг гүйцэтгэхээс татгалзаж байна гэж Иргэний хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Талууд тухай бүрд өөрөөс шалтгаалах асуудалд хариуцлагатай хандах ёстой зарчим байгаа. 2023 оны 06 дугаар сарын 30-ны гэрээ дуусгавар болсноос хойш хяналт, шалгалтын дүгнэлт хийгдэх хугацаа хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний хооронд нэхэмжлэгчээс захиалагчид дээрх асуудлаар гомдол гаргаж, маргасан үйл баримт байхгүй.
Улсын байцаагч Л.Амгалан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үүрэг биелүүлээгүй талаар дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 521 дугаар зүйлийн 521.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг тогтоосон улсын байцаагч шууд санал гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээний үүрэг биелэгдээгүйтэй холбоотойгоор шууд санал гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч санал гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс сайдын тушаалыг гардаж авсны дараа улсын байцаагчийн дүгнэлтийг мэдсэн гэх тухайд, Ай Ди Си проперти ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Уг гомдлыг улсын байцаагч танилцаад хэдийгээр хуульд заасан хугацаа өнгөрсөн ч гомдол гаргах эрхийг нь хэрэгжүүлж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсгээгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-д үндэслэн дүгнэлтээ гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн Сангийн сайд тушаал гаргахаас өөр шийдвэр гаргах боломжгүй ба хяналт, шалгалтын явцтай холбоотой асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч холбогдох хууль, журамд нийцүүлэн бие даан шалгалт хийсэн байна. Иймд Сангийн сайдын 213 дугаар тушаал холбогдох хууль, журамд нийцүүлэн гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ, 14.1.4-т сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгааргуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, мөн хуулийн 521 дүгээр зүйлд Худалдан авах ажиллагааны улсын байцаагч гээд 521.1-д Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна, 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж тус тус заасан.
4.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь тендерт оролцогч нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, эсхүл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх нь хяналт шалгалтын үндсэн дээр тогтоогдсон тохиолдолд уг компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр санал гаргахаар заасан байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ай Ди Си проперти ХХК нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗТХТ/202101002 2021/130 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй зам тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил гэрээг байгуулан, уг гэрээт ажлыг гэрээний үнэ болох 1.897.976.547 төгрөгийн өртөг санхүүжилтаар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримт байна.[4]
Уг гэрээ байгуулсан цагаас хойш 2021 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар захиалагчаас Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүрэг болох техникийн нөхцлүүдийг хуулийн дагуу бүрдүүлээгүйгээс үүдэн хугацаа алдсан[5],мөн тухайн цаг мөчид Ковидтой холбоотойгоор тус гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхэд саад учирсан нөхцөл байдалтай холбоотрой Ай Ди Си проперти ХХК-иас ирүүлсэн хүсэлт[6] зэргийг харгалзан дээрх үндсэн гэрээний 4 дэх заалтад 2022 оны 05 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэн бүрэн дуусгана-хаар харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ХА21/07 дугаар өөрчлөлт бүхий гэрээг байгуулжээ[7].
4.5.Гэвч гүйцэтгэгч байгууллага буюу Ай Ди Си проперти ХХК-иас дахин 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн АБ-22/356 дугаар албан бичгээр ирүүлсэн ...хил гаалийн асуудлын улмаас барилгын бараа материалын үнэ өсөхөд хүчтэй нөлөө үзүүлж өнөөгийн байдлаар 56-62 хувь өсөлттэй байна, ... ЗТХТ/202101002 2021/130 тоот гэрээний дагуу 1.897.976.547 төгрөгийн санхүүжилтаар хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, бидний зүгээс 283,999,999 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг авч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гадна тохижилтын зургийн дагуу хийж, үлдсэн ажлаа дуусгах хүсэлтэй байна гэх гэрээний сунгалт хийх тухай хүсэлтийг[8] захиалагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хүлээн авч, Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.3-д заасныг баримтлан гэрээгээр тохиролцсон гэрээт ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар үндсэн гэрээнд 2 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулсан[9] боловч хожим 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн гэрээний 40 дэх хэсгийн 40.1-ийн (ё)-д заасны дагуу нэмэлт ажлыг гүйцэтгэхтэй[10] холбогдуулан ажил гүйцэтгэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байна[11].
4.6.Харин нэхэмжлэгч компанийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний үнийн дүнгийн 72.2 хувь буюу 1,351,560,408 төгрөгийн санхүүжилтийг авсан боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд Зам тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй байжээ.
4.7.Энэ тухай нэхэмжлэгчээс Төсөвт өртгөө 2,518,000,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн саналыг Зам тээврийн хөгжлийн төвд удаа дараа хүргүүлж байсан., ...маргаан гарах үед 1,547,112,994 төгрөгийн зардал гарсан байсан. Гэтэл 1,351,560,408 төгрөгийн санхүүжилт авсан... хэмээн тайлбарлан маргаж байгаа бол хэрэгт авагдсан баримт болон маргаан үйл баримтаас харахад ...нэхэмжлэгч компаниас төсөвт өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай, бодит байдалд 2,518,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотой нотлох баримт буюу баталгаажуулсан магадлалын төсөв байдаггүй, мөн талууд 2,060,000,000 төгрөгөөр тохиролцсон[12] гэх боловч тухайн ажлын гүйцэтгэлдээ таарсан хэмжээний санхүүжилтийг олгох асуудлаар маргаан үүсгэсэн зүйлгүй болно.
4.8. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоол[13]-оор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай 66 дугаар тогтоол[14]-оор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.
4.9. Уг нөхцөл байдал нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗТХТ/202101002 2021/130 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй зам тээврийн хөгжлийн төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил гэрээг байгуулах цаг хугацаанд үргэлжилж байсан зэрэг нийтэд илэрхий үйл баримт байхад гүйцэтгэгч Ай Ди Си проперти ХХК нь захиалагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу ажлын нийт өртөг болох 1.897.976.547 төгрөгийн санхүүжилтийг авч үйлчилгээ үзүүлэхээ хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн.
4.10. Энэ тохиолдолд гэрээгээр тодорхойлсон эрх, үүргээ талууд биелүүлэхгүй бол хуульд заасан холбогдох арга хэмжээ [15] авах нь зүй ёсны.
4.11. Гэтэл корона вирусын тахалын улмаас 2021, 2022 он нь хорио цээр тогтоосон үед хамаарах хэдий ч 2022 оны 2 дугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал хүчингүй болж, улс орны нөхцөл байдал ердийн байдалд шилжсэн байтал 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусах үед нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна.
4.12.Тиймээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Зам тээвэр хөгжлийн яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 дугаар албан бичгийн[16] дагуу холбогдох ажиллагааг хийж хэрэгжүүлэн[17]талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хяналт, шалгалт хийж, нэхэмжлэгч компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн буюу худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй нөхцөл үүссэн болохыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг актыг хууль бус хэмээн хүчингүй болгох үндэслэл байхгүй.
4.13. Дээрх дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэж гарсан Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын Ай Ди Си проперти ХХК-д холбогдох хэсэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.5-д заасантай нийцэж байна.
4.14. Эцэст нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хяналт шалгалт хийх тухай шалгалтын удирдамжийн хугацааг сунгасан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй холбоотой бичилтийн алдаатай холбоотой болон Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлсэн талаарх үйл ажиллагаатай холбогдох үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл биш гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу Тендерийн тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.4, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн 52.1.14 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ай Ди Си проперти ХХК-иас гаргасан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтанд Ай Ди Си проперти ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР