| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0339/э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Амаржаргал,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З нарт холбогдох эрүүгийн 201701000040 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Г.З /....................... улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.Б /РД:................... амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сард БНСУ-ын визэнд орох зорилгоор “Төгсийн эрэлхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос Пирамид” ХХК-ниудын нэр дээр өөрөө болон төрсөн дүү Б.Болортуяа, хамтран амьдрагч Д.Төртүвшин нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд 3.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус тус өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Г.Зд албаны чиг үүрэгтэй нь холбогдууулан нийт 8.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Г.З нь нийтийн албан тушаалтнаар буюу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс буюу Б.Болортуяа, Д.Түвшинтөр, Б.Б нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 3.000.000 төгрөгийг, мөн иргэн Г.Мөнхбаатар, О.Эрдэнэбулган, С.Отгонжаргал нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 5.000.000 төгрөгийг буюу нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Згоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.
Шүүгдэгч Б.Бас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.
Эрүүгийн төлөөлөгч хошууч Н.Жамъянгийн "Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын Нийгмийн даатгалын санд хуурамч шивэлт хийсэн аж ахуй нэгжийн жагсаалт" /1 хх-ийн 7х/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл:
"...Нэгжлэгийн ажиллагааг эхлэхийн өмнө оролцогч Ганбаттулгын Золбоогоос өөрийн сайн дураар гэмт хэргийн замаар олсон эд зүйл, баримт бичиг байвал гаргаж өгнө үү гэж асуухад надад аж ахуйн нэгжийн тамга, тайлан байгаа түүнийгээ өөрийн сайн дураар гаргаж өгье гээд "Эм Си Эйч Ар" ХХК /МСНR LLС/ХТА2442 5316006, "Хос Пирамид констракшн" ХХК, ХТУ6257 5778492 гэсэн 2 тамга, "Эм Си Эйч Ар" ХХК-ний шимтгэл төлөлт, тооцооны тайлан гэсэн хаягтай цагаан өнгийн цаасан хавтастай тайлан-34 хуудас, 2016.11.17-ны ХААН банкны 5003440919 тоот дансны дугаартай 700,000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, эх хувь баримт-2 ширхэг, "Хос пирамид" ХХК-ний шимтгэл төлөлт, тооцооны тайлан гэсэн хаягтай цагаан өнгийн хавтастай тайлан-38 хуудас, 2016.11.17-ны Капитал банкны 2118000002 тоот дансны дугаартай 1,500,000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг-1 ширхэг, "Төгсийн эрэлхийлэл" ХХК-ний шимтгэл төлөлт, тооцооны тайлан нэртэй цагаан өнгийн хавтастай тайлан-40 хуудас, 2016.11.17-ны Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер. Түүн доор төрийн банкны 10210000156 тоот дансанд 1,300,000 төгрөгийн баримт эх хувь-1 ширхэг баримт бичгүүдийг хураан авав.Нэгжлэгийн ажиллагааг цааж үргэлжлүүлэн хийхэд Г.Згийн оршин сууж буй орон сууцны 2 өрөө байх бөгөөд ....шаргал өнгий стенк шүүгээ, уг шүүгээний доод хэсэгт 4 ширхэг шургуулгатай зүүн талын эхний шургуулганд өнгөгүй тунгалаг гялгар уутанд "Голден блок констракшн" ХХК-нд ажиллаж буй даатгуулагчийн 2016.09-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэсэн 2016.09-12 сарын Нэргүйн Отгонзаяа...нэртэй тамга тэмдэг гарын үсэг зурагдаагүй тайлан 16 хуудас материал байсныг хураан авав. Нэгжлэгийн ажиллагааны явцад сэжигтэн Г.З өөрийн барьж байсан хар өнгийн хавтастай цагаан өнгийн нүүртэй уг нүүр буюу дэлгэц хэсэг нь хагархай ар хэсэг нь шаргал өнгийн корпустай 1рпопе маркийн ...гар утсыг Болортунгалагаас хээл хахууль шан харамжинд авсан түүнийгээ одоо сайн дураараа өгч байна..." гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Хураан авсан тамганы дардас /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/, Г.З нь орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа ашиглаж байсан ЧДНД-0569 дугаартай дардасыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр М.Шинэжилд хүлээлгэн өгсөн баримтын хуулбар /2 хх-ийн 1 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны үнэлгээ /1 дүгээр хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл:
"...Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн илтгэх хуудсанд үзлэг хийв...Үзлэгээр: "Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, хяналт шалгалтын газар илтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн тухай гэсэн гарчигтай 5 хуудас материал байв. Шалгалтын илтгэх хуудас нь нэг: Шалгалтын зорилго, хоёр: Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа, Гурав: Хамрах хүрээ, арга зүй, цаашид анхаарах асуудлууд, Хэлтсийн дотоод хяналт шалгалтын талаар гэсэн бүтэцтэй байв. Хамрах хүрээ, арга зүй гэсэн хэсэгт хүснэгтээр 19 аж ахуй нэгж дээр нөхөн тайлан шивж шимтгэлийн өр үүсгэсэн 19 ажил олгогчтой холбоотой 168,5 сая төгрөгийн авлагыг барагдуулах, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллахыг тус хэлтэст үүрэг болгосноос эрүүгийн хэрэгт хамааралтай "Төгсийн эрэлхийлэл", 13 дугаарт "Хос пирамид", 15 дугаартай "Эм Си Эйч Ар", 17 дугаарт "Лайпед" ХХК-ниуд багтсан байгааг үзлэгийн тэмдэглэлээр харуулав. Мөн цаашид анхаарах асуудалд Мэдээллийн баазад нэвтрэх эрх бүхий албан тушаалтан кодоо бусдад хэрэглүүлэх, шивсэн тайланг нотлох баримтгүй устгах, засварлах ажлыг зогсоох мэдээллийн нууцлалыг чандлан сахиж дотоодын хяналтын чангатгах талаар үүрэг өгсөн байгааг тус тус үзлэгийн тэмдэглэлд тусгаж шалгалтын материалыг хуулбар үнэн тэмдэгээр батагаажуулан бүрэн эхээр нь хуулбарлан авч эрүүгийн хэргийн материалд хавсаргахаар тогтов..." гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хяналтын шалгалтын газрын илтгэх хуудас
"...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны Б/20 тушаалын 7 дугаар хавсралтаар баталсан байцаагч, ажилтнуудын ажлын үлгэрчилсэн чиг үүргийн 5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ шимтгэлийн орлого, тооцоо хариуцсан байцаагч нар хариуцсан ажилдаа хайнга, ёс зүйгүй хандаж, нөхөн тайлан авч тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсгэх, даатгуулагчийн мэдээллийг цахим мэдээллийн бүртгэлд хүссэн хугацаанд нөхөн оруулж, устгах, засах ажлыг удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр засвар хийж нийгмийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний хохирол учруулсан...Хэлтсийн удирдлагын зүгээс байцаагч ажилтнуудын хариуцсан ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаад тогтмол хяналт тавьдаггүй, ажилтнуудын ажилдаа хандах хандлага, хариуцлага суларч, нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ёс зүйг зөрчиж ажилласан байна гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 18-22 дугаар хуудас/,
Гэрч Д.Ганборгилын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:
"..."Хос пирамид" ХХК-ний 100 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг...өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. 2016 оны 05 дугаар сард өөрийн танил Болортунгалагаар орчуулга хийлгэхээр уулзаад байж байгаад би хүнтэй утсаар яриад миний нэр дээр олон компани болоод байна заримыг нь татан буулгая гэж ярьтал Болортунгалаг би "Хос пирамид" ХХК-нийг чинь гэрээ хийж маргааш шилжүүлж авъя компаний тамга тэмдгийг өгчих гэж хэлэхээр нь тэг тэг гээд өгч явуулсан. Маргааш нь шилжүүлэх гэсэн чинь сонгуулийн ажилтай боллоо дараа болъё гээд өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй...Болортунгалаг компанийг шилжүүлж авна гэж хэлэхээр нь л тэг тэг гээд өгөөд явуулчихсан юм...Болортунгалаг өөрийнхөө, нөхрийнхөө, дүүгийнхээ 3 хүний нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна. Солонгосын визэнд орох гэсэн юм хувиараа төлөхөөр бага төлдөг гээд виз гарахгүй байна гэж /2014 оны сүүлжээр хэлж байсан шиг санагдаж байна/ гуйхаар нь "Соёмбот Алтай", "Монгол архитехтур" гэсэн 2 компани үйл ажиллагаа явуулж байгаа энэ хоёр компаний нэр дээр нийгмийн даатгал төлж болно. Гэхдээ мөнгөө чи өөрөө төлөөрэй гэж хэлсэн чинь за гэж хэлчихээд дахин холбогдоогүй. Дараа нь Болортунгалагаас яасан гээд асуутал би өөрөө болгочихсон гэж хэлсэн...Болортунгалаг надад өнөөдрийг хүртэл "Хос пирамид" ХХК-ний тамгыг өгөөгүй...нэг ч иргэний нийгмийн даатгал төлөгдөөгүй, нэг иргэн нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлээгүй X тайлантай явж байгаа..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Дашлхагвын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:
"...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Төгсийн эрэлхийлэл" ХХК-нийг барилгын засвар, тавилга, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр найз Саруултай хамтарч үүсгэн байгуулсан. Саруул 100 хувийн хувьцаа эзэмшигч, миний хувьцаа эзэмшихгүй гүйцэтгэх захирлаар томилогдон 2015 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад одоогоор зогсонги байдалтай байгаа... "Экологи бьюлдинг констракшн" ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхад миний таньдаг хамт ажиллаж байсан Болд-Эрдэнэ гэдэг ах 2014 оны хавар дүү жирэмсний амалт авах гэсэн юм листийг яаж боддог талаар хэлж өгөөч гээд Б.Бийг надтай уулзуулсан.Тэр үеэс эхлэн Б.Бийг тантдаг болоод ойр дотно найз нөхдийн харилцаа холбоотой болсон...2016 оны 04 сарын үед Болортунгалаг утсаар яриад уулзах хэрэг байна гээд сансарын 12 дугаар хороололд надтай ирж уулзаад ажиллаж байгаа компанийхаа тамгыг өгөөч дүүгийнхээ нэр дээр тодорхойлолт гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь энэ компаний тамга надад байхгүй захиралд нь байдаг тэгээд ч надад компаний тамгаа өгөхгүй шүү дээ гэж хэлтэл надад нэг шалтгаан байна тамгаа түр өгчихөөч өнөөдөр аваад маргааш буцаагаад өгье гээд гуйгаад байхаар нь миний үүсгэн байгуулсан одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа компаний тамга болох юм уу гэж асуутал болноо гэхээр нь "Төгсийн эрэлхийлэл" ХХК-ний тамгыг өгч явуулсан.Болортунгалаг компаний тамгыг авч яваад 2 хоногийн дараа надад буцааж өгсөн.Түүний дараа хэдэн сард гэдгийг нь санахгүй байна утсаар дахин яриад компанийхаа тамгыг дахиад өгөөч гэж гуйхаар нь би тамгаа Дарханд гэртээ үлдээчихсэн гэж хэлсэн чинь өөр компаний тамга байхгүй юм уу гэж асуухаар нь надтай хамт ажиллаж байсан ах "Эм Си Эйч Ар" ХХК-ний тамга олсон гэсэн тэр тамга нь надад байгаа болох юм уу гэж асуутал болно өгчих гэж хэлэхээр нь ажлын ширээнд байсан тамгыг өгсөн.Уг тамгыг Болортунгалаг надад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй, надад өөрт хэрэггүй байсан би буцааж нэхээгүй.Дараа нь мөн утсаар яриад "Төгсийн эрэлхийлэл" ХХК-ний тамгаа өгөөч гэж хэлэхэд нь нэг л эргэлзээ төрөөд компаний тамгаа өгөхгүй гэж хэлсэн чинь өөр компаний тамга олоод өгөөч гэж гуйгаад байсан.Тэгэхээр нь хүнээс асууя гэж хэлээд тайланг нь гаргаж өгдөг "Дундад тауэр" ХХК-ний тамга надад байсан болохоор тамгыг Болортунгалагт өгсөн чинь надад 2 хоногийн дараа тамгыг буцааж өгсөн.Түүнээс хойш Болортунгалагтай өнөөдрийг хүртэл уулзаагүй холбоо тасарсан... Тодорхойлолт гаргах гэж байгаа юм гэж л надад хэлсэн.Өөр илүү тодорхой юм надад хэлдэггүй байсан.Удаа дараа зкомпаний тамга гуйгаад байхаар нь эргэлзээ тараад чи юунд ашиглаад байгаа юм бэ гэж асуухад ямар нэгэн хууль бус юм хийхгүй, санаа битгий зовоо зүгээр л хэрэглэчихээд өгье гэж хэлдэг байсан...Болортунгалаг компаний тамга аваад буцаан өгөхдөө надад ямар нэгэн шан харамж мөнгө төгрөг, эд зүйл өгч байгаагүй.Ямар нэгэн юм өгөхөөр амалж байгаагүй...Болортунгалаг Болортуяа гэдэг дүүтэй талаар надад хэлж байсан...Болортуяа "Төгсийн эрэлхийлэл" ХХК-нд ямар нэгэн ажил албан тушаал хашиж байгаагүй.Манай компанид ямар нэгэн хамаарал байхгүй.Компаний зүгээс Болортуяагийн нийгмийн даатгал төлж байгаагүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Өнөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Батжаргалын Болортунгалагийг одоогоос 2 жилийн өмнө 2015 оноос эхлэн таньдаг болсон. Б.Б миний нөхрийн талын холын хамаатан гэж ярьдаг...2016 оны 11 дүгээр сарын 14-ний үед Болортунгалаг надтай уулзаад 7.000.000 төгрөг байвал зээлээч гэж хэлэхэд нь 2017 оны 10 дугаар сар гэхэд өгөөрэй гээд 7.000.000 төгрөг өгсөн...Миний ээж орон сууц захиалах гээд надад 28.000.000 төгрөг хадгалуулсан байсан тэр мөнгөнөөс нь 7.000.000 төгрөг өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52 дугаа хуудас/,
Гэрч Д.Төртүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:
"...2015 оны 5-6 дугаар сарын үед Япон улсад амьдардаг ээжийн дүүгийн урилгаар япон улс явахдаа Солонгос улсаар дамжиж /транзит/ Б.Бтай хамт явсан. Солонгос улсаар дамжин явахдаа 14 хоног буцаж дамжин ирэхдээ 14 хоногийн хугацаанд Солонгос улсад ажил хийж үзсэн чинь цалин хөлс боломжийн авахаар санагдсан учир Монгол улсад ирсний дараа Б.Б мөнгө төгрөггүй хэцүү байна чи буцаж Солонгос улс явж ажил хийж хоёр хүүхэддээ тусал би бичиг баримтыг чинь хөөцөлдөж виз даруулж өгье бичиг баримт хөөцөлдөхөд 3.000.000 төгрөг болох юм байна гэж надад хэлэхээр нь би ээжээсээ 3.500.000 төгрөг аваад 500 төгрөгийг хоёр хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт өгөөрэй гэж хэлээд 2016 оны 05 дугаар сард Б.Бт өөрт нь өгсөн. 2016 оны 06 дугаар сард Б.Б над руу яриад Солонгос улсын 3 сарын виз дарагдсан байна. Гадаад паспортаа ав гэхээр нь очиж авсан. 2016 оны 08 дугаар сард ганцаараа Солонгос улс явж ажил хийж байгаад 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буцаж ирсэн....Золбоо гэдэг хүнээр визний материал хөөцөлдүүлнэ гэж ярьж байсан. Би бол Золбоо гэдэг хүнийг нь танихгүй. Хаана юу хийдэг талаар нь ч мэдэхгүй. Анх Солонгос улс явахад Зулаа гэдэг хүн Золбоо гэдэг хүний талаар Болортунгалагт ярьсан юм шиг байна лээ...Б.Б л визэнд орох материал бүрдүүлэхэд 3.000.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Би Солонгос улсын визэнд материал бүрдүүлж өгч байгаагүй болохоор хэдэн төгрөг ордог талаар нь мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч Б.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсн:
"...Миний бие 2014 оны 04 дүгээр сард болон 2015 оны 06 дугаар сард Япон улс явахдаа Солонгос улсаар дамжин явж байсан.2016 оны 04 дүгээр сард Солонгос улсын визэнд орж 3 сарын виз даруулаад 3 сарын хугацаанд ажил хийгээд 2016 оны 07 дугаар сард ирсэн.Түүнээс хойш дахин Солонгос улс яваагүй визний хугацаа дууссан...Миний найз залуу Япон улсад сурдаг болохоор надад урилга явуулж түүний дагуу визэнд орж Япон улсын виз даруулсан.Тэгэхдээ Солонгос улсаар транзитаар дамжин өнгөрч байсан юм. 2016 оны 04 дүгээр сард Солонгос улсын 3 сарын виз даруулахад эгч Б.Б гадаад паспорт авч яваад виз дарууож өгсөн миний бие визэнд ороогүй...2016 оны 04 дүгээр сард хоёулаа Солонгос улс явж ажил хийж мөнгө олж өрөө төлье гэж хэлэхэд нь боломжтой бол тэгье гэж хэлтэл би чиний визийг хөөцөлдье гэж хэлсэн.Дараа миний виз болон эгч Болортунгалаг, түүний нөхөр Д.Төртүвшин бид гурвын виз 3 сараара дарагдсан талаар надад хэлсэн...Миний визний материалыг эгч Б.Б хөөцөлдөж даруулсан.Яаж даруулсан талаар надад мэдэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:
"...Манай аавын дүүгийн нөхөр Ганхуяг ах намайг хөдөө Өмнөговь аймагт уурхай дээр харуул хийж байхад утсаар яриад чи Солонгос явж ажил хийх үү гэхээр тэгье миний зүгээс яах ёстой вэ? гэж асуухад гадаад паспорт нийгмийн даатгал төлсөн баримт хэрэгтэй чи одоо хөдөө байгаа юм чинь ээжтэй чинь яриад зохицуулъя гэж хэлсэн. Удалгүй уурхайгаас буугаад Улаанбаатар хотод гэртээ иртэл Ганхуяг ах надтай уулзаад виз чинь бүтэх юм шиг байна ажлаасаа гарчих гэхээр нь ажилаасаа гарчихсан. Дараа нь Болортунгалаг гэж эмэгтэй над руу яриад 4 хувь цээж зураг ТҮЦ машинаас нийгмийн даатгалын хуулбар аваад ир гэхээр ТҮЦ машинаас хурууныхаа хээг уншуулж 2015-2016 оны нийт 8 сар хугацаанд өмнө нь миний ажиллаж байсан Хишиг арвин нэртэй харуул хамгаалалтын компани байдаг бөгөөд би тэнд өмнө нь ажиллаж байсан тул тэр компанид ажиллаж байсан лавлагааг машинаас уншуулж аваад Их дэлгүүрий өмнө Болортунгалагт 4 хувь цээж зурагны хамт өгсөн. Тэгж л нэг удаа уулзсан. Тэгээд би хүлээж байтал Болортунгалаг миний виз гарсангүй гээд миний гадаад паспортыг Ганхуяг ахад өгсөн байсан би паспортоо автал хар тамга дарсан байсан...Би шууд Болортунгалагт өгөөгүй харин Ганхуяг ахад бэлэн 2.200.000 төгрөг өгсөн. Ганхуяг ах цааш нь Болортунгалагт өгсөн. Тэгээд виз гараагүй гээд буцаагаад 2.000.000 төгрөг миний гадаад паспортын хамт Ганхуяг ахад өгсөн байна лээ. Ганхуяг ах надад миний 2.000.000 төгрөгийг миний гадаад паспортын хамт өгсөн. 200.000 төгрөгийг нь бичиг баримт бүрдүүлэхэд ашигласан гэж байсан. Мөнгөө авсан ооо надад Болортунгалагаас авах ямар нэгэн авлага байхгүй. Ямар нэгэн гомдол саналгүй болно. Солонгос явах гэж хөөцөлдсөн тэгээд бүтээгүй өөр ямар нэгэн асуудал байхгүй ээ. Би гэхдээ мөнгөө Ганхуяг ахаар дамжуулж өгсөн. Ганхуяг ах бас танихгүй элчин сайдын яман дээр таараад танилцсан гэж байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/
Гэрч С.Гүржавын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:
2015 оны 07 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл тус албаны даргаар ажиллаж байсан. Түүний дараагаар одоогийн энэ албан тушаалаа хашиж байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст анх тэтгэмжийн байцаагчаар ажилд ороод ажиллаж бйахад Г.З 2009 онд байцаагчаар ажилд орж байсан бөгөөд хамт байцаагч хийж байгаад намайг 2015 онд албаны дарга болоход миний удирдлаганд хамт ажиллаж байсан ажил хэргийн холбоо харилцаатай бөгөөд олон жил хамт ажилласан болохоор найз нөхдийн харилцаатай болсон. 2016 оны 02 дугаар сарын эхээр байсан шиг санаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр нэр бүхий иргэдийн нэрийг шалга гэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу миний бие шимтгэлийн программ дээрээс шүүж үзээд өмнөхөөр буюу нөхөн шивсэн нэрсүүд гарч ирсэн.НДЕГ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаад эргэж ерөнхий газарт танилцуулсан.Тэгтэл Солонгос улсын элчин сайдын яамтай тодруулбал Солонгосын визтэй холбоотой асуудал дүүргүүд дээр гарсан байна гэж хэлсэн...Санд орсон мэдээллийг устгах эрхээ хамаагүй хүнд өгөхөө боль устгасан мэдээллийнхээ бүртгэлүүдийг тухай бүрт хийж бай гэсэн үүрэг авсан...нөхөж хийж байсан аж ахуй нэгжүүдээс байцаагч Золоогийн хариуцдаг нэг байгууллага гарч ирсэн тухайн үед хуралдаад байцаагч нарт хүний эрхээр орж бүртгэл, устгал хийхээ боль цахим мэдээллийн санд орж байгууллагын устгал хийж байгаа байцаагч нарын заавал гар бүртгэлд бүртгэж байх үүрэг чиглэл өгсөн тухайн үед бол өндөр ач холбогдол өгөөгүй.Түүний дараагаар 2016 оны 05 дугаар сард албаны даргын ажлаа өгөөд тэтгэврийн байцаагч болсон...Аж ахуй нэгжүүд тухайн сарынхөө нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг дараа сарынхаа 5-ны өдрийн дотор НД-7, НД-8 дугаар маягтаар харъяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж хариуцсан байцаагч нь хүлээн авдаг.Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан нь Татварын байгууллага шиг цахим хэлбэрт шилжсэн бөгөөд цахимаар ч ирдэг цаасаар ч ирдэг цахим тайланг шууд татаад оруулдаг цаасан тайланг мэдээллийн санд шивж оруулдаг.Мэдээллийн оруулж байгаа байцаагч нар өөр өөрсдийн эрхтэй байдаг.Харин устгах эрх байдаггүй.Устгах эрх нь албаны дарга сүлжээний зохицуулагч хоёрт байдаг юм.Тодруулбал аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тухайн байцаагч шивж оруулсан бол дараа нь түүнийг өөрөө устгана гэсэн ойлголт байхгүй...Миний эрхээр устгасан байсан.Би байцаагч нартаа өөрийнхөө эрхийг бараг бүгдэд өгчихдөг байсан юм.Намайг байхгүй байхад мэдээллийн санд байгаа мэдээллийг устгах шаардлага гарвал би өөрөө заавал устгах шаардлага гараад байдаг тэр утгаараа байцаагч нартаа эрхээ өгчихдөг байсан юм.Оруулсан мэдээллийг дараа нь яагаад устгах шаардлага гардаг вэ? Гэхээр аж ахуй нэгжүүд тайлангаа бичгээр болон онлайнаар ирүүлэхдээ хүний дутуу бичсэн юм уу эсвэл илүү бичсэн, шимтгэлийнхээ мөнгөн дүнг буруу тавьсан зэрэг тайлан залруулага гаргах үед заавал устгаж байж дахиж шинээр оруулдаг.Ийм үйлдэл их бөгөөд байнга гардаг юм.Түүнийг байцаагч нараар нь өөрсдөөр нь засуулах гээд эрхээ өгчихдөг байсан юм...Одоо бол энэ асуудал таслан зогсоогдсон...Мэдээллийн санд оруулснаас хойш дунджаар 3-4 хоногийн дараа шимтгэл төлсөн гэдгээр лавлагаа нь гардаг...Гарахгүй мөн мэдээллийн сангаас устгаснаас хойш хэд хоногийн дараа ТҮЦ машинаас мөн устдаг...Тухайн үед буюу Г.Згийн үйлдлээр бол боломжтой харагдаж байсан байна.Одоо бол тийм боломж хаагдсан учир нь хяналт тавьж тасгийн дарга нарын үүрэг хариуцлагыг чангатгасан.Г.Згийн үйлдэлд мөн миний хяналт сул байцаагч нартаа бүгдэд итгэж хавтгайруулж мэдээллийн сангаас мэдээлэл устгах эрх өгснөөр миний буруу хяналт сулруулсан үйлдэл байгаа. Миний албаны даргын ажлаа өгсөн маань үүнтэй холбоотой мөн манай хэлтсийн дарга бас солигдсон юм...." гэх мэдүүлэг/1 хх-ийн 70-71х/,
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай Г.Зг орлого, шимтгэлийн байцаагчийн ажилд шилжүүлэн томилсон болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/04 дугаартай Г.Зг архив хариуцсан ажилтнаар шилжүүлэн томилсон тушаалын хуулбарууд /1 хх-ийн 174, 178 дугаар хуудас/,
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар батлагдсан 7 дугаар хавсралт /2 дугаар хх-ийн 144-148 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /1 дүгээр хх-ийн 221 дүгээр хуудас/, Г.З нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /1 дүгээр хх-ийн 201 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б, Г.З нарын гэм буруутайд тооцох, оролцоо, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сард БНСУ-ын визэнд орох зорилгоор “Төгсийн эрэлхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос Пирамид” ХХК-ниудын нэр дээр өөрөө болон төрсөн дүү Б.Болортуяа, хамтран амьдрагч Д.Төртүвшин нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд 3.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус тус өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Г.Зд албаны чиг үүрэгтэй нь холбогдууулан нийт 8.000.000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Г.З нь нийтийн албан тушаалтнаар буюу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс буюу Б.Болортуяа, Д.Түвшинтөр, Б.Б нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 3.000.000 төгрөгийг, мөн иргэн Г.Мөнхбаатар, О.Эрдэнэбулган, С.Отгонжаргал нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 5.000.000 төгрөгийг буюу нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь Г.Згийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108, 111-113, 2хх-ийн 158-159, 228-230 дугаар хуудас/, Б.Бийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-120, 123-127, 163-164, 231-232 дугаар хуудас/, Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 хх-ийн 186-187, 188-190 дүгээр хуудас/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сард БНСУ-ын визэнд орох зорилгоор “Төгсийн эрэлхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос Пирамид” ХХК-ниудын нэр дээр өөрөө болон төрсөн дүү Б.Болортуяа, хамтран амьдрагч Д.Төртүвшин нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд 3.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус тус өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Г.Зд албаны чиг үүрэгтэй нь холбогдууулан нийт 8.000.000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Г.З нь нийтийн албан тушаалтнаар буюу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс буюу Б.Болортуяа, Д.Түвшинтөр, Б.Б нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 3.000.000 төгрөгийг, мөн иргэн Г.Мөнхбаатар, О.Эрдэнэбулган, С.Отгонжаргал нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бас 5.000.000 төгрөгийг буюу нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Зг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагч, өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Шүүгдэгч Г.Згийн гэмт хэрэг үйлдэж олсон гэх 8 сая төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд тушаасныг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, төлөх төлбөргүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч Г.Зд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шүүгдэгч Г.Зд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ННД ¹А1215833 дугаартай Балжиннямын Янжинлхам, ННД ¹А1215834 дугаартай Халзанхүүгийн Сүнжидмаа нарын нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, “Эм Си Эйч Ар” ХХК-ний ХТА24425316006 дугаартай тэмдэг 1 ширхэг, “Хос Пирамид констракшин” ХХК-ний ХТУ62575778492 дугаартай тэмдэг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж, шүүгдэгч Г.З нь гар утасны мөнгийг төлсөн тул Ай Фөүн 6 маркийн гар утас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Зд буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Зг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн,
2. Шүүгдэгч Б.Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.З нь оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд төлсөн байгаа 8.000.000 /найман сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ННД ¹А1215833 дугаартай Балжиннямын Янжинлхам, ННД ¹А1215834 дугаартай Халанзхүүгийн Сүнжидмаа нарын нийтгмийн даатгалын дэвтэр 2 ширхэгийг “Эм Си Эйч Ар” ХХК-ний ХТА24425316006 дугаартай тэмдэг 1 ширхэг, “Хос Пирамид констракшин” ХХК-инй ХТУ62575778492 дугаартай тэмдэг 1 ширхэг зэргийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт шилжүүлж, Ай Фөүн 6 маркийн гар утас 1 ширхэгийг Г.Зд буцаан олгосугай.
8. Г.З, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З, Б.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА