| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0647/З |
| Дугаар | 128/ШШ2024/0931 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Принципал инвестмэнтс ХХК РД: 5840716/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам нарын хоорондын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Чинбат, хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам нарын үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам нар Татварын ерөнхий газрын даргын баталсан хяналт шалгалт хийх удирдамж[1], 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Татварын хяналт шалгалт хийх 2122501514 дугаар томилолтын[2] дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын MV-013412 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч Принципал инвестмэнтс ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хамаарах гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж, экспортолсон гянтболдын экспортод шалгалт хийж, Экспортод гаргасан 123.34 тонн гянтболдын баяжмал, 27.91 тонн цагаан тугалганы баяжмал борлуулахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайлангаар 3.481.437.536.60 төгрөгийн үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан тайлагнаагүй хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 191,984,597,01 төгрөгийн нөхөн татвар, 126,195,129,4 төгрөгийн торгууль, 72,696,794,51 төгрөгийн алданги, нийт нийт 390,876,520,92 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөр төлүүлэхээр акт[3] тогтоожээ.
Принципал инвестмэнтс ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан[4] боловч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр ...Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1-д заасан хугацааг хэтрүүлсэн... үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзан, буцаасан[5] тул 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс маргаан таслах зөвлөлд дахин хандах болон нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлийг тодруулах байдлаар бүрдүүлбэр хангуулах ажиллагаа хийлгүүлсний эцэст захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Принципал инвестмэнтс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг: Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам нар нь 2022 оны 05 сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд Принципал Инвестмэнтс ХХК-ийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал татварын хяналт шалгалт хийсэн бөгөөд улмаар 2022 оны 11 сарын 11-ний өдрийн НА-21220000099 дугаартай Татварын -ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актаар манай компанийг 191,984,597 төгрөгийн нөхөн татвар, 126,195,129.4 төгрөгийн торгууль, 72,696,794.51 төгрөгийн алданги, Нийт 390,876,520.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
Тус актад заасан татварыг манай компаниар төлүүлэх утга агуулга бүхий эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь манай компанийн эрх ашгийг хөндсөн тус компанийн Үндсэн хуульд заасан эрхэнд халдсан, аж ахуй эрхлэх, өмчлөх эрхийг зөрчсөн, хуулиар ногдуулсан албан татвараа төлөх үүргээ хэрэгжүүлэхэд хууль бус, шударга ёсонд нийцэхгүй, тэгш бус байдлыг бий болгож байгаа бөгөөд бидний зүгээс маргаан бүхий захиргааны актыг дараах байдлаар илт хууль бус болсон болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
НЭГ. Маргаан бүхий захиргааны акт нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тухай:
1.1. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар: Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай билээ. Гэтэл Маргаан бүхий захиргааны акт гаргасан хариуцагч нар нь бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, шаардлагатай ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлэлгүйгээр татвар нөхөн ногдуулж, алданги, торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн нь маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, тухайн татвар ногдох орлоготой холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалган тогтоож байгаа талаарх нөхцөл байдлыг мэдэж байсан, актынхаа тэмдэглэх нь хэсэгт 2016-2018 оны албан татвар ногдуулалттай холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгуулж, хэрэг бүртгэлт хийлгэж байгаа талаар дурдсан атлаа энэхүү эрүүгийн журмаар шалгагдаж буй асуудал нь хэрхэн яаж шийдвэрлэгдэж байгаа тухайн маргаан бүхий акт гаргахад нөлөөлөх ач холбогдолтой эсэх асуудлыг огт судлан тогтоолгүйгээр энэхүү актыг гаргасан. Өөрөөр хэлбэл бодит байдлыг зөв тогтоолгүйгээр Татварын шийдвэр гаргах ажиллагаа явагдаж акт гаргасан.
1.2. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн талаар: Маргаан бүхий захиргааны актаар манай компани дээр үндэслэлгүйгээр татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд тус акт нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт билээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмын дагуу манай компанид урьдчилан мэдэгдэж, биднээс тайлбар, баримт авах шаардлагатай байсан. Гэтэл тус ажиллагааг хийлгүй, бидэнд мэдэгдэлгүйгээр захиргааны актыг гаргасан. Захиргааны актыг гаргасны дараа л бидэнд шуудангаар илгээсэн. Бидний зүгээс актыг мэдсэн даруйдаа яагаад ийм акт гаргасан талаар тодруулж, бид нар баримт сэлт гаргаж өгөх, тайлбар мэдүүлэг өгөх ёстой байсан талаар хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байсан учир тус актыг шууд гаргасан талаар хэлдэг. Энэ нь Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 01 сарын 05-ны өдөр хандаж гомдол гаргасан боловч 2023 оны 01 сарын 13-ны хариуг өгч бидний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүгээр бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч буцааж шийдвэрлэсэн.
Хоёр: Маргаан бүхий захиргааны акт илт хууль бус талаар: Манай компанийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.5. Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д "Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан. 47.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.
Иймд бид маргаан бүхий захиргааны актаар манай компанийг төлөх ёсгүй татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, мөн тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу татварын нөхөн ногдуулалтын акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, манай компанийн олоогүй орлого, ашиглаагүй ашигт малтмал дээр татвар төлүүлэхээр шийдвэрлэсэнг бид бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргав. Тодруулбал, Манай Принципал Инвестмэнтс ХХК нь ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын Авдрантын Уул нэртэй газарт байршилтай цагаан тугалгын ордын МУ-013412 болон М\/-020997 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд юм.
Манай компани дээр үүсээд буй бодит нөхцөл байдал нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас 2017, 2018 онуудад өөрсдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Харин бид Иргэн Д.Батзаяа, Н.Оргил нартай 2017 онд Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2017-2018 онуудад Иргэн Д.Батзаяа, Н.Оргил нар нь манай МУ-013412 тоот тусгай зөвшөөрлийг ашиглан Ховд аймгийн Цэцэг суманд суманд байрлах Цагаан эрэг нэртэй газраас иргэн 3 Баатархүү Х.Бат-Эрдэнэ, Б.Үнэнбат нартай хамтарч (манай компани тэднийг огт мэдэхгүй) Өгөөжтэй өв, Белон ХХК-ийн олборлосон гянтболдын баяжмал вольфрам)-ыг манай компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж Бүгд найрамдах Хятад улс руу экспортод гаргасан байдаг.
Энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу 20 тонн гянтболдын баяжмал тутамд 2 сая төгрөгийн төлбөрийг манай компани авахаар тохирсон бөгөөд энэхүү төлбөрийг л манай компани гэрээнд заасны дагуу авч орлого олсон. Харин Иргэн Д.Батзаяа, Н.Оргил Р.Баатархүү Х.Бат-Эрдэнэ, Б.Үнэнбат нарын манай компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж Бүгд найрамдах Хятад улс руу экспортод гаргасан гянтболдын баяжмал (вольфрам)-ын орлогыг манай компани хүлээж аваагүй, тийм хэмжээгээр орлого олоогүй. Харин Р.Баатархүү Х.Бат-Эрдэнэ. Б.Үнэнбат нар нь манай компанийн нэрээр 2017 онд 327 тонн гянтболдын баяжмал (вольфрам), 2018 онд 41 тонн гянтболдын баяжмал (вольфрам)-ыг экспортолж. 2017 онд 11,025,5 сая төгрөг, 2018 онд 1.748.4 сая төгрөг, нийт 12,773.9 сая төгрөг буюу 12.77 тэрбум төгрөгийн экспортын орлого олсон (шийтгэх тогтоолын 150 дах тал) байдаг. Энэ нь нийт 638,695,000 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хэмжээний орлого юм.
Мөн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Улмаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1841000400177 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор эдгээр хүмүүсийг буюу Р.Баатархүү Х.Бат-Эрдэнэ, Б.Үнэнбат нарыг нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлосон буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Принципал Инвестмэнтс ХХК-ийн нэрээр Бүгд найрамдах Хятад улс руу экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчилсөн, шилжүүлсэн гэм буруутай тооцож хууль бусаар олсон орлого 16 тэрбум (үүнээс 12.77 тэрбум төгрөг нь Принципал Инвестмэнтс ХХК-д хамааралтай) төгрөгийг Р.Баатархүү Х.Бат-Эрдэнэ, Б.Үнэнбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай (шийтгэх тогтоолын) гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн ашигт малтмал болох гянтболдыг манай компани олборлоогүй, борлуулж, экспортлоогүй, өөр этгээд тухай ашигт малтмалыг, аймаг, сумын зөвшөөрөлтэй нэрийн дор хууль бусаар олборлож, экспортолж орлого олсон нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад манай компани дээр ийнхүү үндэслэлгүй татвар ногдуулсан байгаа юм. Шүүхийн шийтгэх тогтоол хараахан хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Гэтэл Хариуцагч нар нь маргаан бүхий татварын акт гаргахдаа бидний 2018 онд бодитоор орлого олоогүй байхад татвар ногдуулсан байдаг. Тодруулбал Нөхөн ногдуулалтын актаар манай компанийг 191,984,597 төгрөгийн нөхөн татвар,
126.195.129.4 төгрөгийн торгууль, 72,696,794.51 төгрөгийн алданги, нийт 390,876,520.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, эдгээр асуудал нь татварын харилцаанд татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар зайлшгүй, тодорхой, шударга байх зарчмыг зөрчсөн буюу манай компанийн бодитоор олоогүй орлогод татвар ногдуулсан, бодитоор ашиглаж, экспортлоогүй ашигт малтмалын нөөц ашиглаагүй байхад, мөн гэмт хэргийн улмаас хууль бусаар орлого олсон этгээдүүд нь нийт дүнгээр буцааж улсад төлөх гэж байгаа орлогоос татвар ногдуулахаар шийдвэрлэсэн асуудал байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актын үндэслэлд хамаарч байгаа юм. Энэ нь маргаан бүхий захиргааны актад тавигдах материаллаг эрх зүйн шаардлага буюу эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн бөгөөд захиргааны байгууллагын зүгээс манай компанийн эрх ашигт зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцсэн шийдвэрийг гаргах ёстой.
Мөн Төрийн албан хаагч буюу татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл манай компанийг бодитоор орлого олоогүй мэдсээр байж ийнхүү шударга бусаар манай компанид олоогүй орлогоос тооцож татвар ногдуулж байгаа нь хууль бус байна.
Угтаа бол татварын албаны зүгээс тухайн татвар ногдох орлоготой холбоотой холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа акт гаргах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.
Бид Монгол Улсын Үндсэн хуульд заасан Татвар төлөх үндсэн үүрэг, Татвар төлөх нь зайлшгүй болохыг хүндэтгэн үзэж ёсчлон биелүүлэх ёстойг ойлгоно. Гэхдээ татвар нь хууль ёсны орлогоос, бодитой олсон орлогоос хуульд заасан журмын дагуу ногдож төлүүлэх учиртай.
Татварын ерөнхий хуулийн 6.1.5-т Албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Мөн 6.1.36-д Төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-т Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд гэж заасан. Гэтэл манай компани хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч боловч ашигт малтмал экспортолсон этгээд биш болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж тогтоосон байдаг. Тус хуулийн утга агуулга нь ашигт малтмал экспортолсон буюу орлого олсон этгээд татвар төлөхөөр зохицуулалттай. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, гэж заасан 7.3.2-т борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байна гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Татварын үүргийг үүсгэж буй, татвар ногдуулах зүйл татварын объект нь өөрөө тухайн компани бодит орлого олсон байх, эсвэл бодитоор тухайн ашигт малтмалын нөөцийг ашиглаж үр шим ашиг хүртсэн байх тухай ойлголт, тэр нь шударга, тодорхой, төлөгдөхүйц байх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, Татвар ногдох зүйлийг эргэлзээгүйгээр үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
Хариуцагч нарын зүгээс манай компанийг бодитоор тухайн ашигт малтмалын нөөцийг ашиглаагүй буюу олборлоогүй, экспортлоогүй, орлого олоогүй болохыг мэдэж байгаа, манай компанийн дансны хуулгаар тогтоогдох боловч зөвхөн манай компанийн нэрийг хууль бусаар ашигласан этгээдүүдийн мэдээлэлд үндэслэж ийнхүү татвар ногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй буюу тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Иймд тус маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэг. Маргаан бүхий захиргааны акт нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тухай 1.Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар гэсэн хэсгийн тухайд;
Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус удирдамжаар хяналт шалгалтад эрсдэлийг тооцож үнэлсэн 2 дугаар хавсралтыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад Принципал инвестмэнтс ХХК нь орсны дагуу томилолт үүссэн.
НА-21220000099 тоот нөхөн ногдуулалтын актаар тус компанийн 2018 онд Монгол Улсаас экспортлон борлуулсан 3,481,437,536.60 төгрөгийн 123.34 тонн Гянтболдын баяжмал, 27.91 тонн цагаан тугалганы баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан тайлагнаагүй зөрчилд 287,976,895.5 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги, 211,727,624.29 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 102,899,625.40 төгрөгийн торгууль, алданги, нийт 390,876,520.92 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Тус компанийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, А.Түмэнжаргал нар Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр - Иж бүрэн татварын хяналт шалгалт хийж, 2,593,197,713.00 төгрөгийн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэн Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд: ...33.2.6.татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих... гэж заасныг үндэслэн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 230001236 тоот дүгнэлт үйлдэж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.
Дээрх 230001236 тоот дүгнэлтэд Нэмэгдсэн өртгийн албан татвараар хасаж тооцсон хасагдахгүй 2,275,983,286.00 төгрөгийн худалдан авалтыг хасаж тооцсон болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын борлуулалтын орлогыг 2,704,351.00 төгрөгөөр дутуу тайлагнасан байна гэсэн байсан бөгөөд 2018 онд экспортлон борлуулсан гянтболдын баяжмал болон цагаан тугалганы баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар дүгнээгүй байсан.
Иймд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 сарын 24-ны өдрийн А/70 дугаар тушаалаар батлагдан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 6.8-д Татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой шинээр үүссэн нөхцөл, хөндлөнгийн мэдээлэл нь хяналт шалгалтад дахин хамруулах үндэслэл болно гэж заасны дагуу 2018 оныг хяналт шалгалтад дахин хамруулсан болно.
2.Шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн талаар: гэсэн хэсгийн тухайд; Бид татварын хяналт шалгалтын явцад гүйцэтгэх захирал Б.Атарбаатартай 2022 оны 06 сарын 09-ны өдөр уулзалтаар экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнд төлбөр ногдуулаагүйг мэдэгдэж үүнээс шалтгаалан хэсэгчилсэн шалгалт үүссэн байгаа талаар ярианы бичлэг хийсэн /файлаар хүргүүлэв/, 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 21/18 тоот албан бичгээр тус компанийн ерөнхий нягтлан М.Энхцэцэгийн биеийн байдал хүнд бөөрний аппаратад орж байгаа тул шалгалтыг 10 дугаар сар хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
Улмаар 2022 оны 10 сарын 31-ний өдөр уулзалт ярилцлага хийж ярилцлагын тэмдэглэл үйлдсэн. Татвар төлөгчөөс баримт бичгийн хүсэлтээр мэдээллийг удаа дараалан хүссэн боловч 2022 оны 11 сарын 08-ны өдөр борлуулалтын орлоготой холбоотой гараар бичсэн тайлбар, Иргэн Н.Оргилтой байгуулсан Хамтран ажиллах, зуучлалын гэрээ. Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 1517 тоот зөвшөөрөл, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл тус тус ирүүлсэн.
Улмаар 2022 оны 11 сарын 11-ний өдөр НА-21220000099 тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдэн гүйцэтгэх захирал Б.Атарбаатарын 86008880 дугаараар холбогдон актыг гардуулахаар 2022 оны 11 сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газрын нэг давхрын татвар төлөгчийн танхимд уулзалт хийж, танилцуулахад хүлээн авахаас татгалзаж явсан.
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.5.10-д нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 өдрийн дотор татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэх; 4.5.11.нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг энэ журмын 4.5.10-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй хаягаар шуудангаар илгээх; 4.5.12. энэ журмын 4.5.11 -д заасан шуудангаар илгээсэн боловч хаяг байршилдаа байхгүй болон бусад шалтгаанаар буцаж ирсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг Татварын ерөнхий хуулийн 42.8-д заасны дагуу татвар төлөгчид гардуулсанд тооцон, татварын улсын байцаагч тэмдэглэл үйлдэн, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, баталгаат шуудангийн холбогдох баримтыг хавсаргах; гэж зааснаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирал Б.Атарбаатарын гэрийн хаягт хаяглан Монгол шуудан компанийн баталгаат илгээмжээр илгээснийг 2022 оны 11 сарын 26-ны өдөр Б.Атарбаатар гардан авсан байсан.
Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардан авснаас хойш энэ хуулийн 43.1, /43.1.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно/ 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. гэж хуульчилсан бөгөөд 2022 оны 12 сарын 26-ны дотор гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно.
Хоёр: Маргаан бүхий захиргааны акт илт хууль бус талаар гэсэн хэсгийн тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1841000400177 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Принципал Инвестмэнтс ХХК-ийн нэрээр Бүгд найрамдах Хятад улс руу экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчилсөн, шилжүүлсэн гэм буруутай тооцож хууль бусаар олсон орлого 16 тэрбум (үүнээс 12.77 тэрбум төгрөг нь Принципал Инвестмэнтс ХХК-д хамааралтай) төгрөгийг Р.Баатархүү Х.Бат-Эрдэнэ, Б.Үнэнбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай, "... манай компанийн нэрээр 2017 онд 327 тонн гянтболдын баяжмал (вольфрам), 2018 онд 41 тонн гянтболдын баяжмал (вольфрам)-ыг экспортолж, 2017 онд 11,025,5 сая төгрөг, 2018 онд сая төгрөг, нийт 12,773.9 сая төгрөг буюу 12.77 тэрбум төгрөгийн экспортын орлого олсон (шийтгэх тогтоолын 150 дах тал) байдаг. Энэ нь нийт 638,695,000 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хэмжээний орлого юм гэж ирүүлсэн.
Дээрх шийтгэх тогтоолд хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн боловч Принципал инвестмэнтс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Атарбаатар иргэн Н.Оргил нарын гэрээний хүрээнд хэрэгжсэн Ховд аймгийн Цэцэг суманд суманд байрлах Цагаан эрэг нэртэй газраас олборлон экспортлон борлуулсан 123.34 тонн Гянтболдын баяжмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй, дүгнээгүй бөгөөд Принципал инвестмэнтс ХХК нь бусдад тусгай зөвшөөрлөө ашиглуулсан нь эрүүгийн хэрэг хянах явцад тогтоогдсон боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй.
Принципал инвестмэнтс ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын Авдрантын Уул нэртэй газарт байршилтай цагаан тугалгын ордоос олборлон, борлуулсан ашигт малтмалдаа төлбөр ногдуулан төлж ирсэн бөгөөд шийтгэх тогтоолд тус компанийн төлбөл зохих төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй.
Түүнчлэн бусдын хууль бусаар олсон орлогоос Принципал инвесмэнтс ХХК-д аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудаар албан татвар ногдуулах боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дах хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. гэж заасан байдаг
Газрын хэвлийн тухай хуулийн 1 дүгээр зүйл. Газрын хэвлийн тухай Монгол улсын хуулийн зорилт хэсэгт Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино. 3 дугаар зүйл.Монгол Улсын газрын хэвлий бол төрийн өмч хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн. гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт хэсгийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хууль тогтоомж хэсгийн 2.1-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль. Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 5 дугаар зүйл. Ашигт малтмалын өмчлөл хэсгийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. 5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй. мөн хуулийн 47.1.-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно: 47.2.1 экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь. 47.5 Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно: гэж зохицуулснаар Принципал инвесмэнтс ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад тусгай зөвшөөрлөө ашиглуулан Монгол Улсын хилээр бүрмөсөн гаргасан үйлдэлдээ Принципал инвесмэнтс" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй.
Мөн Принципал инвестмэнтс ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын Авдрантын Уул нэртэй газарт байршилтай цагаан тугалганы ордоос олборлосон 27 91 тонн Цагаан тугалганы баяжмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн төлөхөөр тайлагнасан 211,727,624.29 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаандаа төлөөгүй зөрчлүүд нь дээрх шийтгэх тогтоолтой хамааралгүй болно.
Принципал инвестмэнтс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Атарбаатарын 2022 оны 06 сарын 09-ний өдөр ярилцлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 жил гаруй яллагдагч, сэжигтэн, гэрч зэрэг оролцоотой оролцож ирсэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар мэдэгдэх, хэрэгт хамтатган шийдвэрлүүлэх боломжтой байсан, шийтгэх тогтоолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар авч үзээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдийг хангахгүй болно.
Иймд Монгол Улсын үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд нийцүүлэн дээрх үйл баримтуудын хүрээнд авч үзэн нэхэмжлэгчийн гаргасан илт хууль бус байх хуулийн үндэслэлгүй тул шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Нэхэмжлэгчээс ...татварын хяналт, шалгалт хийх хугацаанд татварыг төлөх эсэх асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсныг хариуцагч мэдсээр байж татварын акт гаргасан. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хууль ёсны орлого биш гэдгийг тогтоож нийт 123.34 тн гянтболдыг нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлоогүй өөр этгээдүүд энэ компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашиглах байдлаар орлого олсон байна гэж үзээд тухайн гянтболдоос олсон орлогыг улсын орлогод хурааж шийдвэрлэсэн... маргасан.
Хариуцагчаас ...Принципал инвестмэнтс ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлөө ашиглуулаад гянтболдыг хилээр гаргасан үйлдэлдээ л уг төлбөрийг төлж байгаа. Ашигт малтмалын хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч уг төлбөрийг төлнө... хэмээн тайлбарласан.
4.3. Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Принципал инвестмэнтс ХХК-иас өөрийн компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн болон ашигт малтмалын ашиглалтын MV-013412 дугаартай тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашигласан үйлдэлтэй холбогдуулж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан эрх бүхий байгууллагад хандсан зүйлгүй, маргааны үйл баримтад хамаатай гэх эрүүгийн 1841000400177 дугаартай эрүүгийн хэрэг[6] хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдоогүй,[7] энэ талаар маргаагүй байх тул тус эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх тохиолдолд хууль бусаар тусгай зөвшөөрлийг маань ашиглаад орлого олсон гэм буруутай этгээдээс төлүүлэх ёстой гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Харин хавтас хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар 14-ний өдрийн 024 дугаар шинжээчийн дүгнэлт[8], Гаалийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-1.2/3749 дугаар албан бичгээр ирүүлсэн Принципал инвестмэнтс ХХК-ийн нэрээр 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон гянтболд / БТКУС-ын ангиллын код 2611/-ын экспортын мэдээлэл[9], болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Манай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглаж экспортод гаргасан нь үнэн мөн үүнийг эрүүгийн шүүхийн шийдвэрээр өөр этгээдүүд хууль бусаар өөр газраас олборлоод гаргасан нь тогтоогдсон..., Б.Атарбаатар гэдэг хүн хуурамчаар компанийн бичиг баримтыг үйлдэж Принципал инвестмэнтс ХХК-ийн нэрээр иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулаад явж байсан. Гүйцэтгэх захирал Э.Мөнгөншагай, хувьцаа эзэмшигч А.Энхжин нартай уулзахад Б.Атарбаатарыг хуурамч бичиг баримт үйлдэн компанийн нэрээр хүмүүстэй гэрээ хийж байсныг мэдээгүй гэж хэлсэн. Б.Атарбаатартай уулзахад ийм үйл явдал болсныг мэдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Принципал инвестмэнтс ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4. Нөгөөтээгүүр шүүх энэ маргааны тохиолдолд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчтэй холбогдох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2024/0055 дугаар тогтоол болон 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0732 дугаар магадлалын үндэслэлээс ишлэл авсан болно.
4.5. Тодруулбал, Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэснийг УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэж өөрчилсөн.
Өөрөөр хэлбэл өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан бол 2019 оны өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд байхаар өргөжүүлсэн байна.
4.6.Гэвч энэхүү Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдийн 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон.
4.7.Үүний дараа Улсын Их Хурлаас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд,гэж өөрчилсөн бөгөөд уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
4.8.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Үндсэн хуульд нийцсэн хэм хэмжээг хэрэглэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг гаргасан үндэслэл бүхий болсон.
4.9.Энэхүү актын үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, ...бүрдэнэ, 74 дүгээр зүйлийн 74.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 79 дүгээр зүйлийн 79.1....Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан ...нөхөн ногдуулалтын акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна..., 79.4.3 татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах зэргээс үзвэл тус маргаан бүхий бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаа -тай байх шинжийг агуулсан гэж үзэх, 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д заасны дагуу энэ актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр уг актыг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус гэж дүгнэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Принципал инвестмэнтс ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Б.Пүрэвдулам нарын үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР