2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01046

 

 

 

 

2025 02 06 192/ШШ2025/01046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар д*******ж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, ХД-43 тоот Номадс Хоспиталити ХХК/регистрийн дугаар: 27*******9/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 85 дугаар гудамж, 22 тоот Боржигон овогт Сэргэлэнгийн Д*******/регистрийн дугаар: УЧ*******/-д холбогдох,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 19,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золж******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Номадс Хоспиталити ХХК нь хариуцагч С.Д*******д холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 19,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч нь С.Д*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажилд авсан. С.Д******* нь ажиллаж байх хугацаандаа компанийн борлуулалтын орлогоос 17,114,200 төгрөг, мөн худалдааны төлөөлөгч М.Ламжавын борлуулалтын орлогоос 3,698,300 төгрөг, нийт 20,812,500 төгрөгийг хувьдаа авсан. Уг үйлдлийг компаниас шалгаж тогтоосон бөгөөд өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. С.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Тэрээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хохирлыг бүрэн барагдуулах талаар өргөдөл гаргасныг компани хүлээн авч, түүнд хугацаа олгосон. 2023 оны 12 дугаар сард өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Honda Insight/Хонда Инсят/ маркийн автомашиныг шилжүүлж өгсөн. Уг автомашиныг Хас үнэлгээ ХХК-аар үнэлүүлэхэд 6,500,000 төгрөг болсон. Хэрэг шүүхэд шилжсэний дараа дахин шинжээчээр үнэлүүлэхэд 7,500,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Нийт хохирлоос 7,500,000 төгрөгийг хасахаар компанид учруулсан хохирол 14,312,500 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 5,500,000 төгрөг, нийт 19,812,500 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж, 18,812,500 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч С.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай С.Д******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж байсан. Худалдааны төлөөлөгчийн ажлыг хийж байх үедээ 17,114,200 төгрөг, мөн М.Ламжавын борлуулалтын орлогоос 3,698,300 төгрөг, нийт 20,812,500 төгрөгийн хохирол учруулсан талаар маргахгүй. Нэхэмжлэгч компани С.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа өөрийн эзэмшлийн Honda Insight/Хонда Инсят/ маркийн ******* улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь хэрэгт цугласан баримтаар тус автомашиныг шилжүүлэхдээ 20,000 төгрөгийн торгуулийн баримтыг С.Д*******гийн эхнэр болох н.Гэрэлцацралын дансанд шилжүүлж өгсөн. Мөн Б.Гэрэлцацралыг гэрчээр асуулгах хүсэлтэд Б.Гэрэлцацралын автомашин байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан талаарх үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдог. Автомашин С.Д*******гийн эзэмшлийнх байгаагүй бөгөөд эхнэр болох Б.Гэрэлцацралын автомашин байсан. Автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талд биет байдлаар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн учир шалтгаан нь компанид хохирол учруулсантай холбоотой маргахгүй бөгөөд хохирол болох 20,812,500 төгрөгийг төлж барагдуулах хүртэл хугацаанд танайх ашиглаж, үйл ажиллагаанд явуулж байх хэрэгтэй. Автомашиныг өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд фидуцын гэрээгээр барьцаалагдсан. Тус үүргийг биелүүлсний дараа танай компанид шилжүүлж өгнө гэж хэлээд 10,000,000 төгрөг амаар тохирч, захиралд нь хүлээлгэн өгсөн. Тус нөхцөл байдалд яагаад С.Д******* орсон гэхээр эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг худалдан борлуулж, олсон орлогыг хувьдаа завшсан гэх эрүүгийн хэрэгт цагдаагаар шалгуулах бодит нөхцөл үүссэн учраас тухайн автомашиныг компанид биет байдлаар ашиглах боломжтой нөхцөл байдлыг бий болгосон. Тухайн автомашиныг бодит байдалд нотлох баримтын хүрээнд С.Д*******гийн өөрийнх нь эзэмшлийнх биш, эхнэр нь фидуцын гэрээгээр автомашиныг зээлээр авсан гэдгийг компани мэдэж байсан. Б.Гэрэлцацралын эд хөрөнгийг өөрийнхөө эзэмшил, ашиглалтад байлгаж, замын хөдөлгөөнд оролцож, 20,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч компани өөрсдөө тайлбар хийсэн. 2023 оны 12 дугаар сард өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай автомашин нь тухайн үед ******* улсын дугаартай байсан. Б.Гэрэлцацрал Сэлэнгэ аймгийн харьяат байсан учраас тус аймагт харьяалах дугаар авч, автомашиныг зээлээр худалдан авч байсан. гэжээ.

4. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *******1 дугаар Туршилтын хугацаагаар ажилд авах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/44 дугаар Төлбөр төлүүлэх арга хэмжээ авах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1******* дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, С.Д*******гийн депозит дансны хуулга, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 05, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдийн С.Д*******гийн гаргасан өргөдөл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн С.Д*******, М.Ламжав нарын гаргасан өргөдөл, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаар Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/207 дугаар Төлбөр төлсөн тухай тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/1 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, хавсралтын хамт.

5. Хариуцагч С.Д******* шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариуцагчаас олгосон итгэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар Бэрс финанс ББСБ ХХК-ийн гаргасан тодорхойлолт.

6. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-024/ дугаар Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-024/1 дугаар Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Номадс Хоспиталити ХХК хариуцагч С.Д*******д холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 19,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч С.Д******* нь манай байгууллагад хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, борлуулагчаар ажиллах явцдаа манай компанийн борлуулалтын орлогоос нийт 17,114,200 төгрөг /өөр борлуулагчаас авах байсан орлого 3,698,300 төгрөгийн хамт/-ийг хувьдаа завшсан. Хариуцагч нь энэ төлбөрийн өрөнд 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин өгсөн тул үлдэх 14,312,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,500,000 төгрөг, нийт 19,812,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч С.Д******* борлуулалтын орлогоос нийт 17,114,200 төгрөг /өөр борлуулагчийн орлогоос 3,698,300 төгрөгийн хамт/-ийг буцаан төлөөгүй талаараа маргаагүй. Харин өрөнд өгсөн тээврийн хэрэгслийн үнийг 9,500,000 төгрөгөөр тооцно, өмгөөлөгчийн зардлыг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Хариуцагч С.Д******* нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр Номадс Хоспиталити ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1******* дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

5. Хариуцагч С.Д******* нь ажиллах явцдаа нийт 20,812,500 төгрөгийн борлуулалтын орлогыг Номадс Хоспиталити ХХК-д хүлээлгэн өгөөгүй болох нь түүний өөрийн тайлбар болон хэрэгт авагдсан авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, С.Д*******гийн гараар бичсэн өргөдөл бүхий бичмэл баримтуудаар тус тус тогтоогдож байна.

6. Хариуцагч С.Д******* нь дээрх өр төлбөрийн барьцаа болгож Honda Insight/Хонда Инсят/ маркийн ******* улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр биет байдлаар шилжүүлсэн, 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр өмчлөгчийн нэрийг шилжүүлэн өгч эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

7. Зохигчид өр төлбөрт шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслийн үнэлгээ болон өмгөөлөгчийн хөлс төлөх эсэх тал дээр маргасан. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөх бичиг баримтын хувьд шилжүүлэн өгсөн үеийн үнэлгээгээр буюу 6,500,000 төгрөгөөр тооцно гэж маргасан бол хариуцагч нь биет байдлаар хүлээлгэж өгсөн үеийн үнэлгээгээр тооцно гэж маргасан. Хэрэгт эдгээр хоёр цаг хугацаанд хамаарах Honda Insight/Хонда Инсят/ маркийн ******* улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн 2 үнэлгээний тайлан нотлох баримтаар авадсан.

8. Хариуцагч С.Д******* нь Honda Insight/Хонда Инсят/ маркийн ******* улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр биет байдлаар хүлээлгэж өгөхдөө хөрөнгийг барьцаанд бариулах, хариуцагч нь хөрөнгийг барьцаалан барих хүсэл зоригтой байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнийн тайлбар, хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн С.Д*******гийн гараар бичсэн өргөдөл бүхий бичмэл нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрх нь хөрөнгийг захиран зарцуулах эрх биш тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг худалдах, арилжих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй юм. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хувьд аль аль нь тухайн хөрөнгийг өр төлбөрт тооцох хүсэл зоригтой байсан тул түүнийг захиран зарцуулах эрх үүссэн үеэс талуудын хүсэл зориг биелэх боломжтой байна.

Иймд Honda Insight/Хонда Инсят/ маркийн ******* улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх хариуцагчид үүсэх үеийн буюу өмчлөгчийн нэрийг шилжүүлсэн үеийн үнэлгээгээр тооцож өр төлбөрөөс суутган тооцох нь зохигчдын хэн алины өмнө тохиролцсон тохиролцооны хүсэл зоригт нийцэхээр байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгслийг биет байдлаар шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгч нь ашиглаж байсан хэмээн тайлбарлах боловч үүний улмаас хэдэн төгрөгийн ашиглалтын зардлыг суутган тооцох талаараа шүүхэд мэдүүлээгүй, нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

11. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс буюу гэрээний үүрэг зөрчсөнөөс өөрт учирсан хохиролд нийт 5.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

12. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотолж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай хууль зүйн үйлчилгээний гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн ба өөр баримт гаргаж өгөөгүй. Төлбөр болон татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй, дансны хуулга хэрэгт авагдаагүй байхад дан ганц талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай хууль зүйн үйлчилгээний гэрээг үндэслэж нэхэмжлэгчээс 5.500.000 төгрөгийн зардал гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

13. Түүнчлэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зардал гэдэгт зайлшгүй гарсан зардлыг ойлгодог. Аливаа этгээдийг өмгөөлөгчгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хориглосон хэм хэмжээ байхгүй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь өмгөөлөгчөөс зайлшгүй эрх зүйн туслалцаа авах шаардлагатай байсан гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

14. Хариуцагч С.Д******* нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу байгууллагад учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй, үүнээс 6,500,000 төгрөг /тээврийн хэрэгслийн үнэ/-ийг төлсөн, үлдэх хэсгийн нэхэмжлэгч шаардах эрхтэй тул хариуцагч С.Д*******гээс 13,312,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номадс Хоспиталити ХХК-д олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал гэх 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д*******гээс 224,512 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Номадс Хоспиталити ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан С.Д*******гээс 13,312,500 төгрөгийг гаргуулан Номадс Хоспиталити ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д*******гээс 224,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номадс Хоспиталити ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР