| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07329/И |
| Дугаар | 191/ШШ2025/01616 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01616
| 2025 02 21 | 191/ШШ2025/01616 | g |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, 39 дүгээр гудамж, 571А тоот хаягт оршин суух Д.Д /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар байр, 32 тоот хаягт оршин суух Г.М /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 36,500,000 төгрөг, алданги 18,250,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б /Үнэмлэхийн дугаар 3609/,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Д.Д миний бие өөрийн хүргэн Г.М нартай 2024 оны 01 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр зээлдүүлэгч би Г.М ын Заан тэрэлж амралтын газарт түрээслэн ажиллуулдаг Икигай хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд зориулж 25,000,000 төгрөгийr зээлдүүлэх, зээлдэгч нь 2024 оны 06 сарын 30-ны өдөр үндсэн зээл 25,000,000 төгрөr, хүү 10,000,000 төгрөг, зээлдүүлэгчийн хадгаламжийн хүүний зардалд 1,500,000 төгрөг, нийт 36,500,000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. 2024 оны 01 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг Хаан банкин дахь хариуцагчийн эхнэр С.А гийн эзэмшлийн .... тоот төгрөгийн дансанд шилжүүлж, үлдэх 10,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Газрын албаны хажуу талын Хаан банкны АТМ-ээс авч Г.М т бэлнээр өгсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор зээлээ огт төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч зээлийн төлөлт хийгээгүй байна. Би Г.М аас зээлээ төлөхийг удаа дараа шаардахад зайлсхийж, шүүх, цагдаадаа өг... та чадна хаха би дэмжиж байгаа шуу хэмээн намайг доромжилж, гэрээний үүргээ биелүүлэхээс зориудаар татгалзсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлд зээлдэгч 25,000,000 төгрөгийг 36,500,000 төгрөг болгон эргүүлэн төлөхийг харилцан тохиролцов, мөн гэрээний 5 дугаар зүйлд хүү болох 10.000.000 төгрөгийг 05 сарын 30-нд шилжүүлэх болно гэж заасны дагуу нийт 36,500,000 төгрөгийг зээлдэгч Г.М төлөх үүрэгтэй байна. Мөн Д.Д , Г.М нарын хооронд 2024 оны 08 сарын 15-ны өдөр Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч нь 2024 оны 01 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 36,500,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон ч энэ үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэсний дагуу 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 сарын 04-ний өдрийн хооронд 141 хоног байгаа, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 36,500,000 төгрөгийн 50 хувь буюу 18,250,000 төгрөгөөр шаардаж байгаа.
01 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг Г.М хүлээн зөвшөөрч байсан, үүнд засвар оруулсан зүйл байхгүй. Хүн гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулгыг уншихгүй гэрээ байгуулна гэж байхгүй. Талууд С.А гийн данс руу шилжүүлэхээр тохиролцсон, 15 сая төгрөгөөс дээш мөнгө шилжүүлж болдоггүй юм байна гээд үлдсэн 10 сая төгрөгийг бэлэн мөнгөөр гаргаад Г.М т өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд Г.М зээл авснаа хүлээн зөвшөөрч байсан, гэтэл одоо төлөөлөгч гэх хүн орж ирээд зөвхөн 10 сая төгрөг авсан гэж ярьж байна. Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээг 2024 оны 8 сарын 15-ны өдөр манай ажлын оффис дээр байгуулахад Г.М 36,500,000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2024 оны 9 сарын 15-ны өдрийн дотор төлнө гэх сүүлийн хугацааг Г.М өөрөө хэлсэн тул гэрээнд оруулсан. Хэрэв энэ хугацаанд төлөхгүй бол алданги тооцно гэх зохицуулалтыг оруулж, би энэ гэрээг бичиж боловсруулсан. Г.М , Д.Д нар тэнд хэлэлцэж тохироод, гарын үсэг зурсан. Хариуцагч тал гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байвал өөрөө нотлох ёстой, гэтэл нотолж чадахгүй байж худлаа ярьж байна гэж үзэж байна. Г.М нь өөрөө үүнийг би зурсан гэдгээ хэлсэн, гол нь гэрээний 4.2-т заасан алдангийг би уншаагүй юм байна гэж хэлсэн. Унших, уншихгүй нь тухайн хүний асуудал, зурсан уу гэвэл Г.М нь өөрөө зурсан гэдгийг өмнөх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Төлбөр барагдуулах гэрээ хуурамч юм бол үүнийг хариуцагч тал нотлох үүрэгтэй. Харьяаллын асуудал ярьж байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно гэж байгаа. Төлбөр барагдуулах гэрээнд Чингэлтэй дүүрэг гэж заасан, энэ заасан эсэхээс үл хамаарч өнөөдөр энэ 3 дүүргийн шүүх нэгдсэн, энэ нь шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд ямар нэгэн байдлаар харьяаллын асуудлаар нөлөөлөх зүйл гарахгүй байх, ийм эрх зүйн үр дагавар үүсэх хууль зүйн хувьд боломжгүй. Мөн 15 сая төгрөгийг С.А гийн дансанд орсон, тэр хүн захиран зарцуулсан гэж байгаа бол тэрийгээ нотол, нотлоогүй бол худлаа ярьж байна гэж үзнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд иргэн хоорондын зээлийн гэрээг заасан, 282 дугаар зүйлийн 282.1-т хүү тохирч болохыг заасан, хуульд заасан учир талууд хэлэлцэн тохиролцож хүүг тохирсон, иймд хуульд зааснаар хүү шаардах эрхтэй. Мөн алдангийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг ярих шаардлагагүй байх, харин Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зохицуулалтаар хүүгийн хэмжээ нь ашиг олох зорилгоор байнга үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ хуулийн үйлчлэлд хамаардаг, хуулийн 3.1-т заасан байгаа. Гэтэл хариуцагч ингэж өндөр хүү тохирдоггүй, 5 сарын хугацаанд ингэж өндөр хүү тохирч, мөнгө хүүлж болдог юм уу гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд ашиг олох зорилгогүйгээр зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж байгаа. Мөн дээд шүүхийн 2021 оны зээлийн гэрээг тайлбарласан тогтоол, зөвлөмжид мөн адил заасан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг Иргэний хуулийн зээлийн гэрээтэй ялгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгоогүй ярьсан байж магадгүй, хууль хэрэглээний хувьд тэр нь буруу. Иймд зээлийн гэрээний 36,500,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээний алданги 18,250,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг, нийт 54,760,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч 1,300,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хасаж тооцон үлдэх 53,460,000 төгрөгийг хариуцагч Г.М аас гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Г.М миний бие 2024 оны 01 сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөгийг зээлж 06 сарын 30-ны өдөр төлж барагдуулна хэмээн Д.Д тай гэрээ хийсэн нь үнэн. Уг мөнгийг Ikigai camp хэмээх зуслангийнхаа зуны ээлжиын үйл ажиллагаагаар олсон ашгаас барагдуулах байсан боловч бидний түрээслэдэг Заан Тэрэлж хэмээх газар өөр газартай хамтарч ажилласны улмаас үйл ажиллагаа маань цуцлагдаж, өрөө хугацаандаа төлөх боломжгүй болсон. Нөхцөл байдлаа Д.Д д удаа дараа тайлбарлаж дараа дараагийн ажлуудаас бага багаар хуваан төлье хэмээн тохиролцохыг хичээсэн боловч 2024 оны 2 дугаар сараас эхлэн доромж мессеж болон чат бичиж, өглөө, өдөр, оройгүй, үүрээр хүртэл залгаж мөнгөө нэхэн, гэрт хүртэл ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учир энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэхийг хүсэж утас болон фэйсбүүк хаягийг нь блок хийсэн. Зээлдүүлэгчид 2024 оны 05 сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 сарын 27-ны өдөр эхнэр хүүхдэд маань Америкаас эгч нь 1,000,000 төгрөг шилжүүлснээс 500,000 төгрөгийг зээлдүүлэгч өрөндөө авлаа хэмээн авч үлдсэн, одоогийн байдлаар 1,300,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байгаа болно. Үлдэгдэл зээлийн төлөлтийг Заан Тэрэлж хэмээх газартай энэ өвлийн зуслангаа ажиллуулахаар гэрээгээ хийж баталгаажуулсан байгаа учир зуслангийн ажил дуусмагц төлж барагдуулах болно.
Хэрэгт байгаа зээлийн гэрээг нөхөж хийгээд зурсан гарын үсэг нь Г.М ын гарын үсэг мөн. Харин 08 сарын 15-ны өдрийн зээл төлөх гэрээнд Г.М гарын үсэг зураагүй, гарын үсэг нь биш байна. Энэ гэрээнд 1 сарын хугацаатай төлөх дүн гэж 36,500,000 төгрөг гэж бичсэн байсан. Үүнийг Г.М мэдэхгүй учир өмгөөлөгч авч хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх гэж байгаа. Энэ гэрээний 5 дахь хэсэгт хэрвээ зөвшилцөлд эс хүрвэл бол маргааныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Энэ гэрээг нөхөж бичихдээ сандарч тэвдээд, утга зүйн алдаатай, хуурамч гэдгийг харуулж байна. Үүнийг яагаад Баянзүрх дүүргийн шүүх одоо хэлэлцэж байна вэ, Г.М Чингэлтэй дүүрэгт огт амьдарч байгаагүй, Баянзүрх дүүрэгт амьдарч байсан. Д.Д ын охин болох С.А гийн 3 сартай хүүхэд нас барж, Г.М ын аав болон өвөө нь нас бараад, энэ үед мөнгө авахын тулд дуудсаар байгаад энэ гэрээг нөхөж хийсэн. 25 сая төгрөгийг хүргэндээ зээлчхээд 5 сарын хугацаанд 36 сая төгрөг болгож авна гэхэд нь өгье гэж 01 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж байсан. 25 сая төгрөгийг 5 сарын хугацаанд 10 сая төгрөгийг нэмж авахаар гэрээ байгуулсан бол юун хадгаламжийн 1,500,000 төгрөг гэж байна вэ. Энэ нь арай бодитой биш байна. Аж ахуйн нэгж, ломбардын зээлийн хүү нь сарын 4 хувиас хэтрэхгүй байна гэж хууль гарсан. Энэ хүмүүс бар, цэнгээн, буудал ажиллуулах гээгүй, хүүхдийн зуслан ажиллуулах гэж байсан, гэтэл охин нь болох С.А цагаан хоол иддэг, кето хоол иддэг эмчилгээтэй байсан, түүний эмчилгээний зардалд хэрэглэсэн байгаа. 10 сая төгрөгийг Г.М авсан, 15 сая төгрөг нь С.А гийн дансанд орсныг тэр захиран зарцуулсан. Энэ хадам ээж, охин, хүргэний асуудлаас болж С.А хүүхэдтэйгээ эгчийндээ байгаа. Ээж нь зээлдээ төлөөрэй гэж 800,000 төгрөг өгснийг Д.Д д шилжүүлсэн. Д.Д ын хамаатан С.А г төрлөө гэж 1,000,000 төгрөг өгснийг ээж нь аваад өгөхгүй байсныг С.А миний бие муу байна, өчнөөн зардал гарч байна, ядаж 500,000 төгрөгийг нь өгөөч гэж авснаар зээлийн төлбөрт 1,300,000 төгрөг өгсөн гэж үзэж байгаа. Г.М нь авсан мөнгөө л төлнө. Г.М ын хүүхдийн зуслан ажиллуулдаг газар нь урьдчилгаа 10 сая төгрөг өгсний дараа 15 сая төгрөгөөрөө багш нар түрээсэлсэн, одоо тэнд 10 сая төгрөг нь гацаатай байгаа. 8 сарын 15-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах гэрээний гарын үсгийг шинжлэн судлуулъя, гарын үсэг нь биш юм шиг байна шинжлээд өгөөч л гэж байгаа” гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 4/, 2024.07.19-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, 2024.01.22-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-6/, ХААН банкны .... дугаартай дансны хуулга /хх-7/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-32/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-32/, 2024.08.15-ны өдрийн 08/15 дугаартай Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээ /хх-34/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-35/, төрсний бүртгэлийн лавлагаа,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн:иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, хариу тайлбар /хх-23/, 2025.02.17-ны өдрийн итгэмжлэл.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,500,000 төгрөг, алданги 18,250,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрт 1,300,000 төгөргийг төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг авсан тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, зээлийн төлбөр барагдуулах гэрээнд зурсан гарын үсэг түүнийх биш гэх тайлбарыг гарган маргаж байна.
4. 2024 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Д нь 25,000,000 төгрөгийг 2024 оны 01 сарын 22-ны өдрөөс 06 сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай зээлж, зээлдэгч Г.М нь 25,000,000 төгрөгийг 36,500,000 төгрөг болгон эргүүлэн төлөх, зээлийн хүү болох 10,000,000 төгрөгийг 05 сарын 30-ны өдөр шилжүүлэх, төлж барагдуулж чадаагүй тохиолдолд зээлдэгчийн хөрөнгө болох Приус 30 амркийн машин болон барьцаанд тавьсан газрыг хураана гэсэн нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6/
5. Зохигчийн хооронд мөнгө зээлдүүлэх, зээлсэн мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон зээлийн харилцаа үүссэн байх ба байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд дээр дурдсан зээлийн гэрээг байгуулсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлохоор өөрийн ХААН банкин дахь .... дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн ба 2024 оны 01 сарын 22-ны өдөр ХААН банкны .... дугаартай данс руу 15,000,000 төгрөгийг “amila zeel” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн өдөр 5,000,000 төгрөгийн дүнгээр 2 удаагийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7/
7. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг өөрийн эрхлэн явуулдаг зуслангийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан талаар дурдсан, мөн 2024 оны 02 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд 36,500,000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гаргасан зэргээс үзэхэд зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь зээл олгох үүргээ гүйцэтгэсэн байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг л авсан, эхнэр С.А нь түүний данс руу шилжүүлсэн мөнгийг өөрөө захиран зарцуулсан тул уг мөнгийг төлөх үүргийг хүлээхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй тул хариуцагч Г.М нь зээлийн гэрээний дагуу зээл 25,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.М болон түүний эхнэр болох охин С.А нарын гуйлтын дагуу банкны хадгаламжд байсан 25,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хариуцагч хүүгийн төлбөрт 10,000,000 төгрөг, банкны хадгаламжийн хүүгийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг зээлийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон тул зээлийн гэрээний үүрэгт нийт 36,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх ба хариуцагч Г.М нь зээлийн гэрээний үүрэгт 36,500,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээг нотлох баримтаар ирүүлж, тус гэрээний үүрэгт алданги 18,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн.
11. 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 08/15 дугаартай Зээлийн гэрээний төлбөр барагдуулах гэрээний 4.2-т “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлнө” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт төлөх 36,500,000 төгрөгийн 50 хувь болох 18,250,000 төгрөгийг алдангид гаргуулахаар шаарджээ.
12. Хариуцагч тал 2024 оны 08 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааны талаар харилцан тохиролцсон, алданги төлөхөөр тохиролцоогүй, мөн уг гэрээнд зурсан гарын үсэг түүний гарын үсэг биш гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
13. Зохигч анз тогтоосон гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт алданги шаардах эрхтэй байх боловч хариуцагч нь анх зээлийн талаар тохиролцохдоо 25,000,000 төгрөг дээр мөнгө зээлсний үүрэгт 10,000,000 төгрөг, мөн хадгаламжийн хүү 1,500,000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон тул нэмж алданги төлөх үүргийг хүлээх ёсгүй гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
14. Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр төлөхөөр тохиролцож болох ба алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах мөнгөн төлбөрийн нэг арга бөгөөд нэхэмжлэгч Д.Д , хариуцагч Г.М нар нь зээл 25,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 10,000,000 төгрөг, мөн зээлсэн мөнгөний хадгаламжийн хүүгийн төлбөрт 1,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөнгөн төлбөрийн арга буюу хариуцлагыг харилцан тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчаас алдангийг нэмж гаргуулах үндэслэлгүй.
15. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 05 сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 сарын 27-ны өдөр бусдаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, нийт 1,300,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөр болох 36,500,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.
16. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь уг шаардлагын талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байх тул 10,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Г.М аас зээлийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг, нийт 35,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
18. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,500 төгрөг, 91,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 334,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.М аас 35,210,000 /гучин таван сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,550,000 /арван есөн сая таван зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,500 төгрөг, 91,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М аас улсын тэмдэгтийн хураамжид 334,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/26449 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР