| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/08327/И |
| Дугаар | 191/ШШ2025/01763 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/01763
2025 02 27 191/ШШ2025/01763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт өөрийн байранд байрлах “Т " ХК /Регистрийн дугаар …/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, … дугаар хороо … хэсэг хангамж гудамж, …. тоот хаягт оршин суух М.Я / /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,205,373.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.М /цахимаар/,
хариуцагч М.Я ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Т " ХК нь зээлдэгч Н.Г , М.Я нартай 2013 оны 05 сарын 21-ний өдөр 248 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн 340502204707 тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2013 оны 05 сарын 21-ны өдөр Барьцааны гэрээг байгуулж, Н.Г ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Тосгоны ШХ-ны 19 дүгээр гудамж .... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй үл хөдлох хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г... дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Н.Г нь 2015 оны 01 сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хамтран зээлдэгч М.Я нь зээлийн төлбөрийг төлөөгүй 3543 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч М.Я нь 2014 оны 12 сарын 15-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар мэдэгдэх гэсэн боловч хамтран зээлдэгч М.Я нь албан ёсны хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан тул 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 142/2019/01340 шүүхийн шийдвэр гаргуулан эрэн сурвалжлуулсан. Орхон аймгийн цагдаагийн газрын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 40/04-7658 тоот албан бичгээр хаяг тогтоогдсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хууг. үндсэн хуу, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийт 453.1-д заасны дагуу төлөх заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээний 3.3.1-д заасны дагуу хамтран зээлдэгч М.Я гаас үндсэн зээлд 7,234,049.80 төгрөг, хүүнд 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,469,036.19 төгрөг, нийт 17,205,373.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцаа хөрөнгө Н.Г ын нэр дээр байсан, одоо болтол өв залгамжлагдаагүй, өв залгамжлах хүнгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Барьцаа хөрөнгийг өв залгамжилж аваагүй талаарх баримтыг хавсаргасан. Бидний зүгээс Н.Г ын ээж, дүүтэй холбогдож үүргийн гүйцэтгэл хангуулахаар уулзсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ээж Ч.Ч д нь энэ гэрээ даатгалтай зээл, даатгалын хугацаа нь дуусахаас өмнө даатгалын гэрээгээр яваад зээлийн тал хувийг төлөөч гэсний дагуу ээж нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр зээлийн даатгалын гэрээний 50 хувийг нь гаргуулж авсан гэдэг. Гэтэл ээж нь бидэнд М.Я гаар зээлийн төлбөрийг төлүүл, даатгалын компаниас бидэнд 3 сая гаруй төгрөг олгосон, М.Я үлдсэн төлбөрөө төлөх юм бол даатгалын компаниас олгосон мөнгийг төлнө гэж хэлсэн. Одоо тухайн барьцаа хөрөнгө нь хоосон байгаа. Үндсэн зээлдэгч нас барсан тул ажиллагаа хийх боломжгүй байгаа, М.Я нь хамтран зээлдэгч тул зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“М.Я миний бие талийгаач Н.Г той 2011 оноос 2015 он хүртэл хамтран амьдарсан. Би энэ үед банк, банк бусаас жижиг зээл авч хувиараа малгайны бизнес хийдэг, хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод Нарантуул зах, Хархорин зах, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Архангай зэрэг аймгуудын борлуулагч нарт бөөнддөг хувийн жижиг бизнестэй байсан. 2011 онд намайг очиход Н.Г нь жижиг 4 ханатай гэртэй, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй тэр нь байр савгүй бүтээсэн байдалтай байсан. Би гэрээрээ малгайны үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, талийгаач эсгийний үйлдвэрээ ажиллуулж, бид хоёр хамтдаа хичээн ажилласны хүчинд байшинтай, үйлдвэрийн байртай болж, мөн гэр бүлийн бизнестэй болж сайхан амьдарч байсан. Барьсан байшинг талийгаач Н.Г ын нэр дээр авсан. Бид гэр бүлийн баталгаагүй байсан. 2013 оны 5 сарын 21-ний өдөр талийгаач Н.Г Т наас 14,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Тэр зээл нь тухайн үед Т тай хамтран ажиллаж байсан С ын даатгал хийгдсэн. Би уг зээлийг авахад талийгаач Н.Г той хамтран амьдардаг байсан болохоор, тэгээд бас даатгалтай зээл байсан болохоор гарын үсэг зурсан. Н.Г нь уг авсан зээлээрээ ноос авсан, мөн үйлдвэртээ өргөтгөл барьж, ноос задлах машин хийлгэсэн. 2015 онд Н.Г өвчний улмаас нас барсан. Түүнийг нас барсны дараа хүнтэй хамтран уг үйлдвэрийг ажиллуулж өр зээлийг нь төлье гэсэн боловч ээж, дүү нар нь бид өөрсдөө төлнө, чи зайл гээд намайг хөөгөөд гудманд гаргаж, хашаа байшин, үйлдвэрийн байрыг цоожлоод явсан. Ингээд би гудманд охинтойгоо үлдэж, орон оронгүй байхад талийгаачийн найз Пүрэв ирж, гэртээ хонуулаад маргааш нь вагонд суулгаж өгсөн. Хотод ирээд айлын гэр хөлслөөд амьдарсан. Хашаа байшинд маань хүн оруулж амьдруулсан байсан, Т инд би уг зээлийг төлөх боломжгүйгээ удаа дараа тайлбарласан, намайг хөөгдөөд явсныг эдийн засагч нь мэдсэн. Ээж нь над руу яриад С тай шүүхдэх гэж байгаа тухай хэлсэн. Шүүхээс над руу залгаж ирж тайлбар өг гэсний дагуу би тайлбар өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 16-ны өдөр шүүх хурал болсон. Шүүхийн шийдвэрээр уг зээлийн даатгалын 50 хувь болох 3,382,975.10 төгрөгийг ээж нь болох Ч.Ч ын дансанд олгох болсон. Ингээд би Н.Г ын ээж, дүү нар нь зээлийг төлнө гэснээрээ төлөх байх гэж бодсон. Банк энэ шийдвэрийг мэдсэн болохоор тэд нараар юм уу, барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах байх гэж бодсон. Би хотод ирээд малгайны үйлдвэрлэлээ явуулж чадахгүй, орон гэргүй, эргэлтийн хөрөнгө ч үгүй болж амьдрал минь 360 градус эргэсэн. Үйлдвэрээ явуулах гэхээр Т миний дансыг хаагаад муу зээлдэгч гээд зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн. Би Т наас над руу ярихад нь тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа блгож барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газраас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулаад өгөөч гэж удаа дараа гуйсан. Н.Г ын ээж дүү нар нь даатгалаас мөнгө авчихаад миний үхэн хатан өдөр шөнөгүй юм оёж босгосон байшинг минь авчихаад зээлийг нь хаахгүй байгаад гайхаж гомдож байна. Миний тайлбарыг харгалзан үзэж шүүх Т ны тус зээлийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгөхөөр, мөн миний Монгол банкны зээлийн мэдээллийн санд байгаа зээлийн мэдээллийг хэвийн ангилалтай болгож шийдвэрлэж өгнө үү. Даатгалаас ээжид нь 4 сая гаруй төгрөгийг өгсөн боловч тухайн мөнгөөр нь зээлийг хаагаагүй, хашаа байшингаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байсан боловч одоог болтол огт мөнгө төлөөгүй. Надад одоо хийж байгаа зүйл байхгүй, би өдөр, шөнөгүй малгай оёж амьдралаа босгосон ч Н.Г нас барснаар бүх зүйлээ алдсан. Одоо надад ямар ч төлбөрийн чадвар байхгүй тул мөнгө төлөх боломжгүй. Барьцаанд байгаа хөрөнгө нь 5 жилийн хөдөлмөрийн минь үр дүн, хамт босголцсон хөрөнгө. Гэтэл тухайн хөрөнгийг талийгаачийн ээж дүү нар нь эзэмшиж байгаа, ээж нь даатгалын мөнгийг авсан тул төлөх ёстой. Надад төлбөрийн чадвар байхгүй тул барьцаа хөрөнгөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4, 5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, 2013.05.21-ний өдрийн 248 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /хх-7-10, 11-12/, ... дугаартай зээлийн дансны хуулга /хх-13-38/, зээлийн хүү тооцоолол /хх-39-44/, зээл хүсэх өргөдөл, холбогдох баримт /хх-46-49/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013.05.14-ний өдрийн 7617 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртэглийн лавлагаа /хх-50, 51/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-52, 53/, 2013.05.20-ны өдрийн 227 дугаартай 105 дугаар салбарын зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-54-56, аи бүлийн тодорхойлолт /хх-57/, 2015.07.30-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-58/, Монголын Нотариатчдын танхимын 2024.07.09-ны өдрийн Өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа /хх-59/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 142/ШШ2019/01340 дугаартай шийдвэр /хх-60/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023.10.19-ний өдрийн 40/04-7658 дугаартай хаяг тогтоосон албан бичиг /хх-61/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022.05.10-ны өдрийн 38/05-3543 дугаартай улсын хилийн лавлагаа /хх-62/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, хариу тайлбар /хх-77-79/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2024.11.27-ны өдрийн 1/7256 дугаартай албан бичиг /хх-80/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.27-ны өдрийн 181/ШШ2016/01095 дугаартай шийдвэр /хх-81-85/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. “Т ” ХК нь хариуцагч М.Я -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 7,234,049.80 төгрөг, хүүгийн төлбөр 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,469,036.19 төгрөг, нийт 17,205,373.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Т болон Н.Г , М.Я нар 2013 оны 05 сарын 21-ний өдөр 248 дугаартай Зээлийн гэрээ, 248 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, 14,000,000 төгрөгийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих боловсруулах үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл зориулалтаар, жилийн 12,00 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Н.Г ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгоны ШХ-ны 19 дүгээр гудамж .... тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, ... м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10, 11-12/
5. Дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба зохигч гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“ гэж заасан.
Т нь зээлдэгч Н.Г ын нэр дээр ... дугаартай зээлийн данс нээж, 2013 оны 05 сарын 21-ний өдөр 14,000,000 төгрөгийг олгож, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.
7. Зохигчийн хооронд байгуулсан 248 дугаартай зээлийн гэрээг 36 сарын хугацаатай буюу 2013 оны 05 сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 сарын 20-ны өдөр дуусахаар тохиролцсон байх ба зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрт 14,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,742,579.08 төгрөг, нийт 16,742,579.08 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нь 2016 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,765, 950.20 төгрөг, хүүгийн төлбөрт 2,068, 457.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97.53 төгрөг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 13-38/
8. Үндсэн зээлдэгч болох Н.Г / нь 2015 оны 01 сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч М.Я -с зээлийн гэрээний үүргийг шаарджээ.
9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар М.Я -г татсан нь хууль зөрчөөгүй.
10. Хариуцагч М.Я нь зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцсон боловч зээлийн мөнгийг Н.Г өөрийн дансаар хүлээн авч, ноосны үйлдвэрийн өргөтгөл барих, ноос задлах машин, ноос худалдан авахад зарцуулсан, эдгээр хөрөнгө болон барьцааны үл хөдлөх хөрөнгө, газар нь Н.Г ыг нас барсны дараа ээж, дүү нарынх нь эзэмшилд байгаа, ээж нь зээлийн даатгалын мөнгийг авсан тул зээлийн гэрээний үүргийг түүнээс шаардах ёстой, зээлийн гэрээний үүргийг түүнээс шаардсан нь үндэслэлгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
11. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар Н.Г ын ээж Ч.Ч ын нэхэмжлэлтэй “С ” ХХК-д холбогдуулан гарагсан даатгалын нөхөн төлбөр 6,765,950.20 төгрөг гаргуулах, С болон Н.Г нарын хооронд хийгдсэн 2013 оны 05 сарын 21-ний өдрийн Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, 181/ШШ2016/01095 дугаар шийдвэрээр “С ” ХХК-аас даатгалын гэрээний нөхөн олговорт 3,382,975.10 төгрөгиг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ч д олгожээ. /хх-ийн 81-85/
12. Хариуцагч М.Я -н хувьд зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй гэх тайлбарыг гаргасан, үндсэн зээлдэгч Н.Г ын ээж Ч.Ч нь зээлийн гэрээний даатгалын нөхөн олговрын мөнгийг авсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Т нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж буй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг үндэслэн хариуцагч М.Я -г зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
Мөн хариуцагч М.Я -н төлбөрийн чадваргүй болсон гэх тайлбарыг үндэслэн түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй бөгөөд хариуцагч нь зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй, зээлдэгч Н.Г өөрийн эрхлэн явуулж байсан бизнест зарцуулсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй ба хариуцагчийн тайлбар хэрэгт авгдсан баримтаар тогтоогдоогүй.
13. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бүрэн хийгдсэнээр гэрээ дуусгавар болно гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,834,505.12 төгрөг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 6,765, 950.20 төгрөг, хүүгийн төлбөрт 2,068, 457.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97.53 төгрөгийг суутган тооцсон болох нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь зээлийн төлөлт болон зээлийн гэрээний үүрэгт шаардсан мөнгөн дүнгийн талаар баримтаар үгүйсгэж няцааж маргаагүй.
Т нь зээлийн гэрээний үүрэг болох зээл 14,000,000 төгрөгийг 2013 оны 05 сарын 21-ний өдөр шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул зээлийн мөнгөн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2024 оны 10 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,234,049.80 төгрөг, хүүгийн төлбөр 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,469,036.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан үндэслэлтэй байх тул хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 17,205,373.85 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
14. Зээлдэгч нар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Н.Г ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгоны ШХ-ны 19 дүгээр гудамж .... тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, ... м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан боловч нэхэмжлэгч Т нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардаагүй.
Үндсэн зээлдэгч болох Н.Г 2015 оны 01 сарын 02-ны өдөр нас барснаас хойш түүний өмчлөлийн эд хөрөнгө нь хэн нэгэнд өвлөгдөөгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь Монголын Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 59/
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зээлдэгч зээл, зээлийн хүүгээ бүрэн төлөөгүй бол зээлдүүлэгч барьцааны зүйлийг шаардах, худалдан авагчийг санал болгох, зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болон зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шилжүүлэн авч болно гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь хариуцагч төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Н.Г ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгоны ШХ-ны 19 дүгээр гудамж .... тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, ... м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч М.Я -с зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 7,234,049.80 төгрөг, хүүгийн төлбөр 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,469,036.19 төгрөг, нийт 17,205,373.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,976.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 243,976.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч М.Я -с зээлийн гэрээний үүрэгт 17,205,373.85 /арван долоон сая хоёр зуун таван мянга гурван зуун далан гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,976.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Я -с улсын тэмдэгтийн хураамжид 243,976.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР