2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 92/ШШ2025/01666

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/01666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.У /рд:*/

Хариуцагч: Н газар ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч Ц.У,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Н газарт холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1002 дугаартай шийдвэрээр Ц.У- надаас 36,947,044 төгрөг гаргуулж Э  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Н байгууллагаас миний өмчлөлийн уг зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дүгээр хороо, * дүгээр хороолол, * байрны 144 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан. Улмаар үнийн санал авахад өмчлөгч миний бие өөрийн хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа бичгээр гаргаж өгсөн. Гэтэл төлбөр авагч талаас үнийн санал дээр зөвшилцөхгүй хэмжээн шинжээч томилуулж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 04-97/21650 дугаартай Н газрын албан тоотод дээрх миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 152,000,000 төгрөг гэж үнэлсэн байгааг хэт доогуур үнэлсэн гэж үзэж гомдолтой байна. Учир нь тухайн байр хотын төвийн А бүсэд хамаарах, орчны тохижилт сайн, тав тухтай, төв зам дагуу, өргөтгөл хийх, үйлдвэрлэл үйчилгээ явуулах бүрэн боломжтой, автомашины зогсоол сайтай, ашигтай байрлалтай бөгөөд тухайн байранд ижил талбайтай орон сууцнууд 180 саяас 220 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй худалдах зарууд үнэгүй.мн сайт дээр мэдээлэл тавигдсан байгаагаас харах боломжтой. Иймд Н байгууллагаас миний байрыг үнэлүүлэхээр шинжээч томилж, 152,000,000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдсэн үндэслэлийг хянуулж, улмаар үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01002 дугаар шийдвэрээр Ц.У-гаас 36,964,044 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.У-тай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.У-гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2***дугаарт бүртгэлтэй * дүүргийн * дүгээр хороо, * дүгээр хороолол, * байр * тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23420645/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23420645/02 дугаар тогтоолоор хурааж, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул тус газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9/269 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээч Н.Ц-г томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Ф-Э ХХК-ийн шинжээч Н.Ц-ээр үнэлүүлэхэд 152,000,000 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-97/21650 тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 5/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-97/22978 тоот Мэдэгдэл албан бичиг /хх 8/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 9/, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 81/.

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 14/, хариу тайлбар /хх 19/, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №23420645 /хх 20/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 21/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/11080 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж /хх 22-23/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01002 дугаар шийдвэр /хх 24-28/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 29, 31/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 30/, Талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хх 32/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 33/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 34/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 35-36/, Нийслэлийн * дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн * тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 37/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэгэл /хх 39-40, 41/, Э ББСБ ХХК-ийн Н газарт үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх 42/, Ц.У-гийн Н газарт үнийн санал гаргах тухай хүсэлт /хх 43/, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх 45, 47/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 46/, Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-70/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-97/21649 тоот Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, тэмдэглэл /хх 71-72/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-97/21650 тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, тэмдэглэл /хх 73-74/,

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.У- нь Н газарт холбогдуулан өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф-Э үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...152,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн,... гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Н газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф-Э үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01002 дугаар шийдвэрээр Ц.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 36,947,044 төгрөг гаргуулан Э ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.    

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/11080 дугаар захирамжийн дагуу 00694 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23420645 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23420645/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

 

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23420645/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох Ц.У-, Э ББСБ ХХК-иуд харилцан тохирч чадаагүйгээс Н газраас Ф-Э үнэлгээ ХХК-ийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 9/269 тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээчид эрхийн улсын Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн ба хөрөнгийн үнэлгээ болон тайланг Н газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 04-97/21650 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.У-д мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Н газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. Ф-Э үнэлгээ ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

Шинжээчид барьцаа хөрөнгийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

5. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2***дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, 61 дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф-Э үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН