2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01405

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      2025        02           14

            191/ШШ2025/01405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух У.Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ....  хороо, Хөлийн гол ... гудамж, ... тоот хаягт оршин суух О.Б /-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч У.Б ,

хариуцагч О.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ....  хорооны ....  дугаар нэгж талбарт байрлах ....  м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээг улсын бүртгэлийн Э-   дугаарт бүртгэж Ундрах овогтой Баярмаа надад олгосон. Ургах наран хорооллын баруун урд, Налайх-Улаанбаатар төв зам дагуу замын хойд талд газар олгосон. Баянзүрх дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч н.Балжинням газар дээр чинь айл буусан байна гэж утсаар мэдэгдсэний дагуу 2023 оны 11 сарын 02-ны өдөр миний эзэмших зөвшөөрөлтэй газрын нэгж талбар дээр дур мэдэн хашаа барьж, 3 гэрээрээ буусан иргэн н.Бямбадоржийн ээж Оюун, ах н.Баатарсүрэн нартай очиж уулзан зөвшөөрөлгүй буусныг мэдэгдэж, хавар 3 сард ажил эхлэх үед газрыг чөлөөлж өгөх, нэмж өөр байгууламж барихгүй байхыг сануулсан. Мөн иргэн н.Бямбадоржтой утсаар холбогдож хөдөө ажлаас бууж ирэхээр биечлэн уулзахаар тохиролцсон бөгөөд хөдөөнөөс ирсэний дараа 2023 оны 11 сарын 23-ны өдөр уулзаж газар эзэмших зөвшөөрөл, кадастрын зургийг үзүүлтэл тийм байх ёсгүй, газрын байцаагч н.Балжиннямын зөвшөөрлөөр хоосон газар буусан, 10 сая төгрөг өгсөн, түүнийг Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулна хэмээн бүдүүлэг үг хэллэгээр харааж загнасан. Баянзүрх дүүргийн ....  хорооны Засаг дарга н.Батбилэгтэй 2023 оны 11 сарын 09-ний өдөр албан конторт нь уулзаж өөрийн газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургийн хуулбарыг өгсөн бөгөөд уг айлыг зөвшөөрөлгүй буусан, 2023 оны 8 сард нүүх шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нүүгээгүй байна гэж танилцуулж байсан. Нэгж талбарын эргэлтийн цэгийг тодотгохоор 2024 оны 03 сарын 11-ний өдөр очихдоо иргэн н.Бямбадоржид газар чөлөөлж өгөх тухай дахин сануулахад мөн л хараалын үгээр дайрч доромжилсон. Иргэн миний зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 11 сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүй дур мэдэн буусан айлыг нүүлгэж, газрыг чөлөөлөхөд туслалцаа үзүүлэх, 2024 оны 03 сарын 15-ны өдөр эзэмшиж буй газрын нэгж талбарын давхцал байгаа эсэхийг тодруулж өгөх хүсэлтүүдийг тавьж зохих хариуг авсан.  Иргэн миний зөвшөөрөлтэй газрын нэгж талбар дээр зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэн н.Бямбадоржийн энэхүү үйлдэл, зөрчлийг арилгуулж, газар чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний зүгээс 2023 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, ....  хорооны Засаг даргаас хэн нэгэнт энэ газрыг олгосон эсэхийг тодруулахад ямар нэгэн байдлаар бусдад олгосон зүйлгүй байна хэмээн хариу өгсөний дагуу уг газарт буусан болно. Гэвч 2023 оны сүүлээр У.Б  гэх хүн холбогдож миний газар хэмээн маргах болсон. Миний зүгээс тухайн газарт шороо асган тэгшлүүлж өөрөөс 10,000,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэ талаар түүнд хэлсэн болно. Харин нэхэмжлэлд газрын албаны хүнд өгсөн мэтээр миний хэлсэн үгийг өөрөөр худал тусгасан байна. Миний зүгээс дээрх газарт өөрийн зүгээс оруулж газрын үнэлгээг нэмэгдүүлсэн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг хохирлыг барагдуулаагүй нөхцөлд тухайн газрыг чөлөөлөх боломжгүй болно. Мөн манайг Оюун овогтой Бямбадорж гэдэг бөгөөд надад өгсөн нэхэмжлэлд овгийг буруу бичсэн буюу надад холбогдуулан хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024.03.15-ны өдрийн 01110-2022/01380 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-6-9/, 2023.12.13-ны өдрийн020131865 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /хх-10/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-11/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024.03.22-ны өдрийн 01-09/1707, 2023.12.08-ны өдрийн 01-08/6801 дугаартай албан бичиг /хх-12, 14/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтүүд /хх-13, 15/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.05.29-ний өдрийн хариу тайлбар /хх-32/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024.10.22-ны өдрийн 01-05/7189 дугаартай албан бичиг, нэгж талбарын ....  дугаартай газрын хувийн хэргийн материал /хх-46, 47-87/.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч У.Б  нь хариуцагч О.Б ид холбогдуулан Баянзүрх дүүргийн ....  хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ....  дугаартай ....  м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь 2023 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон хорооны Засаг даргаас тодруулж, бусдад олгогдоогүй газар гэсний дагуу маргаан бүхий газарт амьдарсан, тус газрыг шороо асган тэгшлүүлэхэд өөрөөс 10 сая төгрөгийг зарцуулсан тул уг хохирлыг барагдуулаагүй тохиолдолд газрыг чөлөөлөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газартай холбогдох дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар У.Б д Баянзүрх дүүргийн ....  хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ... ....  дугаартай 1000 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээ зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 12 сарын 04-ний өдөр газар эзэмшүүүлэх гэрээ байгуулж, 2015 оны 12 сарын 11-ний өдөр 000601131 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 74-76, 60-65/

 

4.2. Нийслэлийн Байгаль орчны газраас У.Б гийн эзэмшлийн газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, улмаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас тус газрын байршилд цэвэр усны диаметр 4х600 мм-ийн хос шугам байрлаж байгаа талаар шугамын тодруулгыг өгсөн байна. /хх-ийн 48-49, 69, 70-73/

 

4.3. Нийслэлийн Мэргэжлийн зөвлөлийн 2021.11.15-ны өдрийн 15 дугаартай хурлаар У.Б гийн эзэмшлийн газарт зориулалтын дагуу орон сууц, үйлчилгээний барилга барих асуудлыг хэлэлцэж, цэвэр усны шугамын хамгаалалтын бүсэд хамаарч буй газрыг хасаж түүнд ....  м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн А/54 дугаар Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар У.Б д Баянзүрх дүүргийн ....  хорооны нутаг дэвсгэрт ....  м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээ зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын ....  дугаар бүхий ....  м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-   дугаарт бүртгэж, .... дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 50, 84-87/

 

5. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч У.Б  нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газар болон түүнчлэн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

 

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гарчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.

 

Хариуцагч О.Б -д нэхэмжлэгч У.Б д эзэмшүүлсэн газар буюу  Баянзүрх дүүргийн ....  хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ....  дугаар бүхий ....  м.кв газар болон уг газрын хажууд газэр эзэмших эрх олгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

 

7. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн ....  хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий газрыг шороо асган тэгшлүүлэхэд өөрөөс 10 сая төгрөгийг зарцуулсан тул уг мөнгийг буцаан өгөөгүй тохиолдолд газрыг чөлөөлөхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгогдоогүй байхад тухайн газрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан үндэслэлээр газар эзэмших эрх үүсэхгүй. 

Мөн хариуцагч нь 2023 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон ....  хорооны Засаг даргаас маргаан бүхий газрыг бусдад олгогдоогүй гэсний дагуу хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т  зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

8. Нэхэмжлэлд тодорхойлсон хариуцагчийн мэдээллийн дагуу хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд маргаан бүхий газарт хариуцагч нь оршин сууж байгаа болох нь тогтоогдсон ба нэхэмжлэлд хариуцагчийн нэрийн өмнө н үсэг тавьснаар тус нэхэмжлэлийн хариуцагч нь О.Б  биш гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй:

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ....  хороо, А хаягт байршилтай нэхэмжлэгч У.Б гийн эзэмшлийн газрыг хариуцагч О.Б  нь хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул эрхийн улсын бүртгэлийн Э-   дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ....  дугаар бүхий ....  м.кв газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч О.Б -д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Б гийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ....  хороо, А хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Э-   дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ....  дугаар бүхий ....  м.кв газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч О.Б -д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б оос улсын тэмдэгтийн хураамжид   70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР