| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0103/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013010050 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Э, 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 2-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 29 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, .....................................
Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-55 тоотод иргэн Ш.Дарханбатыг хаалгатай хавсран цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дарханбат, Банзрагч хоёр муудалцаад Дарханбат намайг хоёр найзын дунд яс хаялаа гэсэн. Тэгээд би Дарханбатыг гаръя гэхэд гарахгүй байсан. Тэгээд би Дарханбатын цамцных нь баруун хэсгээс татаад хаалга руу түлхсэн” гэв.
Хохирогч Ш.Дарханбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны 12 цагийн орчим Банзрагчийнд очсон. Орой нь Банзрагч хадам ээж, охин, Төрөө гэдэг найзынхаа хамт ирсэн. Тэгээд хоол унд хийж идээд 2 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи дөрвүүлээ хувааж уугаад дуусч байтал Банзрагч Гэрэлт-Одтой муудалцах гээд байхаар нь би Төрөөд хандаж “чи найзуудыгаа битгий муудалцуулаад бай” гэж хэлтэл Төрөө хувцсаа өмсөөд намайг мөрнөөс татаад гаръя гэж хэлсэн. Би гарахгүй гэж хэлтэл цамцнаас чирээд гэрээс гаргах гээд байхаар нь гарахгүй гээд хаалгыг нь тэгнээд зогстол Төрөө намайг хүчтэй 2-3 удаа таттал би хаалганы тотго мөргөөд хамарнаас цус гарсан. Тэгээд Төрөө шууд цаашаа яваад өгсөн. Миний зүүн талын хөмсөг сэтэрч хамар шалбарсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй. Төрөө надад эм тарианы мөнгө гэж 30.000 төгрөг өгсөн “ гэсэн мэдүүлэг. /хх-11х/,
Гэрч М.Банзрагч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би хүүхдээ тэврээд хэвтэж байхад ээж хүүе хаая гэж 2 хүүр чинь хаалга эвдээд хамаг юм цус болгоод хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд Энхтөр яваад өгсөн. Дарханбатыг Энхтөр гаръя гэж татаад Дарханбат гэрийн дээд талын тотго мөргөөд биед нь гэмтэл учирсан байсан. Дарханбатын хамраас цус гарч байсан. Сүүлд харахад хөмсөг хамартаа оёо тавиулсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-18х/,
Яллагдагч мэдүүлэхдээ: “..дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний бие учруулсан болно ..” гэсэн мэдүүлэг. /хх-30-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №14189 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-55 тоотод иргэн Ш.Дарханбатыг хаалгатай хавсран цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ш.Дарханбат нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.