| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/03754/И |
| Дугаар | 191/ШШ2025/01517 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01517
| 2025 02 18 | 191/ШШ2025/01517 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, .... плаза байр, ... давхарт байрлах “У ” ХК /Регистрийн дугаар ./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .... дугаар хороо, Олимп ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух С.С /Регистрийн дугаар /-д холбогдох,
19,713,844 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д /Үнэмлэхийн дугаар 2491/
хариуцагч С.С ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“С.С нь 2017 оны 03 сарын 03-наас 2019 оны 05 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “У ” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан ба ажиллаж байх хугацаандаа тус компанийн ажилтан З.Ц ыг ажпаас үндэслэлгүйгээр халсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1567 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 001/ХТ2019/00004 дугаар тогтоолоор тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллага ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд ажилгүй байсан хугацааны 15,317,955.94 төгрөгийн цалин хөлс болон холбогдох эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийт 19,713,844 төгрөг төлсөн. “У ” ХК-ийн 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар дээрх компаниас төлсөн төлбөртэй холбоотой зөрчлүүд илэрч, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2020 оны НТАГ-2020/09/СТА-ОНӨААН кодтой Санхүүгийн аудитын тайланд шүүхийн шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээ авч байх тухай зөвлөмж, 2021 оны 01/272 дугаартай Зөрчил арилгах албан тухай шаардлагад иргэнээс авах 19,713,844 төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, биелэлтийг 2021 оны 05 сарын 25-ны дотор ирүүлэх тухай албан шаардлага ирүүлсэн. Дээрх аудитын зөвлөмж, албан шаардлагын дагуу С.С тэй 19,713,844 төгрөгийн авлага, өглөгийн тооцоо нийлэх, холбогдох төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч компанид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй. Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, мөн контракт гэрээний дагуу компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, аливаа шийдвэрийг үндэслэлтэй гаргах үүрэг хүлээдэг. Уг үүргээ биелүүлээгүйгээс ажилтныг үндэслэлгүй халсан нөхцөл байдлаас шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулахаар шүүхийн шийдвэр гарч компанид хохирол учирсан. Компанийн тухай хуульд компанийн гүйцэтгэх удирдлагын үүргийг тодорхойлон заасан ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс компанид хохирол учруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар албан тушаалын дагуу үүргээ биелүүлээгүйгээс гэм хор учирсан бол түүнийг байгууллага хариуцаж, байгууллагад учирсан гэм хорын хохирлыг 498.5-т зааснаар тухайн буруутай албан тушаалтнаас гаргуулна гэж зохицуулсан. Иймд дээрх хуулийн үндэслэлийн дагуу хариуцагч С.С эс уг төлбөрийг нэхэмжилж байгаа.
Шүүхийн шийдвэрээр нийт 20,659,059 төгрөгийг ажилтанд олгохоор шийдвэрлэсэн. Эхний шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтныг ажлаас халсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг анх нэхэмжилж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж 5,598,977 төгрөг төлөх болсон. Үүний дараа 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс буюу 15,317,955 төгрөгийг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр хангасан. Компанийн зүгээс тухайн ажилтанд нийт цалин 15,692,494 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр олгосон, 4,021,350 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөд зарцуулж, нийт 19,713,844 төгрөг болсон. Шүүхийн шийдвэрээр нийт олгох ёстой 20 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг олгосон, үлдэх хэсгийг тухайн ажилтан байгууллагаас нэхэмжилж аваагүй байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд тохиролцоод энэ хэсэг дууссан гэж ойлгож байгаа. Тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд, санхүүгийн хүмүүс солигдсон тул энэ асуудлаар нарийн мэдээлэл өгөх хүн байгаагүй тул тодруулж чадаагүй. Аудитын дүгнэлтэд заасан 19,713,830 төгрөг гэх дүн нь 2 шүүхийн шийдвэрт заасан нийт төлбөрийн зарим хэсэг ба энэ хэсгийг нэхэмжилж ав гэсэн тул үүгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлж байгаа. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх гэж хичээсэн, гэвч төсвөө батлуулж чадаагүй гэж байгаа боловч ажилтан З.Ц ыг ажилд нь буцаан томилох эрх хэмжээ нь гүйцэтгэх удирдлагад компанийн дүрэм болон хуульд зааснаар байгаа. Тушаал гаргаж, тухайн хүнд ажилд томилсон гэж мэдэгдсэнээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх бүрэн боломжтой. Ажилтан ажлаа хийж эхэлсэн тохиолдолд өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төсөвт суулгах нь дараагийн асуудал. Эхний ээлжинд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилох ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт тодорхой харагдаж байна. Учир нь 2018 оны 07 сарын 04-ний өдөр буюу магадлал гарснаас хойш 2019 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг З.Ц нэхэмжилсэн. Хариуцагч 2019 оны 05 сарын 21-ний өдөр ажлаас халагдснаас хойш 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тухайн хүнийг ажилд нь томилох боломжтой байсан ч үүнийг хэрэгжүүлээгүй нь дараагийн шүүхийн шийдвэрээр 15,317,955 төгрөгийг төлөх үндэслэл болсон. Иймд хариуцагч С.С эс 19,713,844 төгрөгийг гаргуулан манай компанид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“С.С нь “У ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Ажилтан З.Ц нь ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах талаар шүүхэд хандаж, 2018 оны 07 сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 5,598,977 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 15,317,955.94 төгрөгийн цалин хөлс болон холбогдох эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн гэж нийт 19,713,844 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. С.С ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор З.Ц нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 11 сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед шүүхийн шийдвэрийг биелүүлье, З.Ц ыг ажилд нь томилъё, шүүхийн шийдвэрт заасан 5,598,977 төгрөгийг олгоё гэдэг үйлдлийг С.С хийсэн. З.Ц нь одоо би энэ ажил, албан тушаалд эргүүлэн томилогдох сонирхолгүй байна, учир нь миний хувийн бизнес гайгүй байгаа учраас шүүхийн шийдвэрт тусгагдсан 5,598,977 төгрөгийг надад олгож өгөөч гэж хэлсэн байдаг. Үүний дагуу С.С компанийн төсөвт туссан хөрөнгөөс тухайн мөнгийг олгохын тулд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төсвийг батлуулах шаардлагатай болсон. Үүний хүрээнд 2019 оны компанийн үйл ажиллагааны зардлыг боловсруулахдаа З.Ц т олгох 5,598,977 төгрөгийг тусгуулах саналыг хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн байнгын үйл ажиллагаа явагдаагүй, гишүүдийг шинэчлэн батална гэж байгаад 2019 оны 05 сарын 10-ны өдрийн хамгийн анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр С.С ийг албан тушаалаас чөлөөлсөн. Компанийн 2019 оны үйл ажиллагааны зардал батлагдаагүй учраас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжоор хангагдаагүй. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийг дурдаад хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 23-ны өдөр гаргасан. “У ” ХК-аас С.С надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд Контракт гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3-т заасны дагуу гүйцэтгэх үүргээсээ шалтгаалж буюу гаргасан шийдвэрээс шалтгаалж байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх гэж дурдсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу С.С ийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаа буюу 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацааг тооцож үзвэл 2022 оны 05 сарын 10-ны өдөр дуусгавар болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.С шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх бүх үйл ажиллагааг өөрийн биеэр хийсэн, түүнийг чөлөөлөгдсөний дараа ажил үүргийг шилжүүлэн авсан, шинээр томилогдсон этгээд шүүхийн шийдвэрийг үргэлжлүүлэн сайн дураараа биелүүлэх ажиллагааг явуулах байсан. Нэхэмжлэлд 5 сарын 21-ний өдөр намайг ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа боловч би ажлаас 5 сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь надад сайн дураар биелүүлэх боломж байгаагүй, миний дараагийн захирал тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хугацаа алдсан байгаа нь над дээр давхар бууж байх тул энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. З.Ц нь ажлаа хийдэггүй хүн байсан, би харин ч энэ хүнийг улсад хохирол учруулж, ажлаа хийхгүй байсан тул ажлаас халсан. Өглөө ирж хурууны хээгээ уншуулж цагаа бүртгүүлчхээд өдөр яваад орой ирж хурууны хээгээ уншуулдаг хүн байсан тул шүүхэд тухайн хүн ажил хийсэн гэж гарч ирдэг, би ажил хийдэггүй хүмүүсийг халсан. Би корпорацийн нэхэмжлэлийн дагуу энэ хүнд төлбөрийг төлөх болбол тухайн хүнд зүгээр л мөнгө өгснөөс ялгаагүй зүйл болно. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2017.04.20-ны 01 дугаартай Гүйцэтгэх захиралтай байгуулах контракт /хх-6-15/, Худалдаа хөгжлийн банкны 2020.07.10, 2020.06.15, 2020.10.05, 2020.04.20-ны өдрийн Мемориалын ордер /хх-16, 17, 18, 19/, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын тайлан, 2021.03.15-ны өдрийн албан шаардлага /хх-20-29, 30/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 181/ШШ2019/02311 дугаартай шийдвэр /хх-39-40/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018.07.04-ний өдрийн 1567 дугаартай магадлал /хх-41-44/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.28-ны өдрийн 001/ХТ2019/00004 дугаартай тогтоол /хх-45-48/, 2022.08.04-ний 01/222 дугаартай тайлбар /хх-59/, “У ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.05.10-ны өдрийн 03-01 дугаартай тогтоол, 01 дугаартай хурлын тэмдэглэл /хх-60, 61-67/, 2022.10.12-ны өдрийн 01/282 дугаартай тодруулга тайлбар /хх-115-117/, Хувьцаат компанийн дүрэм /хх-118-127, хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журам, баримтын загвар /хх-129-139, 140-149/, Худалдаа хөгжлийн банкны 2022.10.12-ны өдрийн тодорхойлолт /хх-150/, Худалдаа хөгжлийн банкны 470013601 дугаартай депозит дансны хуулга /хх-151, 152, 153/, өглөг авлагын тайлан /хх-154/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх-156-160, 165-169/, өм гөөлөгч оролцуулах хүсэлт /хх-202/, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.06.20-ны өдрийн итгэмжлэл /хх-49/, олгосон итгэмжлэлээс татгалзах хүсэлт, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.06-ны өдрийн 4/2646 дугаартай албан бичиг /хх-171/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 181/ШШ2018/00985 дугаартай шийдвэр /хх-172-175/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018.07.04-ний өдрийн 1567 дугаартай магадлал /хх-176-182/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.28-ны өдрийн 001/ХТ2019/00004 дугаартай тогтоол /хх-183-186/, 2019.06.11-ний 00510 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-187/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.16-ны өдрийн 4/17782 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-189, 190/, “У ” ХК-ийн захирлын 2019.08.29-ний өдрийн Б/65 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-192/, З.Ц ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-193, 194, 195/, “У ” ХК-ийн 2019.09.07-ны өдрийн 01/184 дугаартай албан бичиг /хх-196/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 9/811 дугаартай тогтоол /хх-199/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “У ” ХК нь хариуцагч С.С -д холбогдуулан ажилтныг ажлаас хууль бусаар халсан шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгосон олговор 15,692,494 төгрөг, холбогдох эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлсөн 4,021,350 төгрөг буюу компанид учруулсан хохиролд нийт 19,713,844 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
4. С.С нь “У ” ХК-тай 2017 оны 04 сарын 20-ны өдөр контракт гэрээ байгуулан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус компанийн төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирал З.Ц ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх тушаалыг ажилтан З.Ц эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00985 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 1567 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж З.Ц ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,598,977 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00004 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 172-175, 176-182, 183-186/
З.Ц нь дээр дурдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн магадлал гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,317,955.94 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02311 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “У ” ХК-аас 15,317,955.94 төгрөгийг гаргуулж, ногдох эрүүл мэндийн даатгалын хураамж болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 39-40/
5. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу “У ” ХК нь 2019 оны 08 сарын 29-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар З.Ц ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, 2020 оны 06 сарын 15-ны өдөр 5,230,831 төгрөг, 2020 оны 07 сарын 10-ны өдөр 5,353,536.67 төгрөг, 2020 оны 10 сарын 05-ны өдөр 5,108,127 төгрөг, нийт 15,692,494 төгрөгийг олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тушаал, банкны мемориалын баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 192, 16, 17, 18/
6. Нийслэл дэх Төрийн аудитын газраас “У ” ХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд аудит хийж, НТАГ92020/09/СТА-ОНӨААН кодтой тайланд шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсаны нөхөн олговрын мөнгийг буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй, хуримтлагдсан ашиг, алдагдлаар хаасан зөрчил илэрсэн гэж дүгнэн, улмаар 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 01/272 дугаартай албан шаардлагаар иргэнээс авах 19,713,844 төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, биелэлтийг ирүүлэхийг “У ” ХК-д даалгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 20-29, 30/
7. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтан З.Ц т олгосон ажилгүй байсан хугацааны хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн асуудлыг дээр дурдсан аудитын хяналт шалгалтаар санхүүгийн зөрчилд тооцож, буруутай этгээдээс гаргуулахыг үүрэг болгосон гтул компанид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “У ” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгосон олговрын мөнгийг компанид учирсан хохиролд тооцон ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.С эс гаргуулахаар шаардсан нь хуульд нийцэж байна.
9. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 1567 дугаартай магадлалаар З.Ц ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,598,977 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02311 дугаартай шийдвэрээр 2018 оны 07 сарын 04-ний өдрийн магадлал гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,317,955.94 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Шүүхийн шийдвэрт “У ” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.С ийн гаргасан 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус компанийн төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирал З.Ц ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт, үндэслэлийн талаар дүгнэж, тушаалыг хүчингүй болгосон үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд хамаарна.
10. Хариуцагч нь компанийн төсөвт шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилтанд олгох нөхөх олговрын мөнгө тусгагдаагүй байсан тул Төлөөлөн удирдах зөвлөлд төсвийн саналыг танилцуулсан боловч шийдвэрлэж өгөөгүй улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар тогтоогдоогүй.
Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын нэг үндэслэлээ ажилтан З.Ц нь ажлаа хийдэггүй, өглөө ирж хурууны хээгээ уншуулж цагаа бүртгүүлчихээд өдөр яваад орой ирж хурууны хээгээ уншуулдаг, байгууллагад хохирол учруулж байсан хариуцлагагүй хүн байсан тул түүнийг ажлаас халах үндэслэлтэй байсан гэж тайлбарлаж байх боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хянаж ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түүнтэй байгуулсан контракт гэрээний үүрэгтэй холбогдуулан байгууллагад учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 23-ны өдөр гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацааг өнгөрүүлсэн тул байгууллагын өмнө үүрэг хүлээхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн..
Зохигчийн хооронд 2017 оны 04 сарын 20-ны өдөр контракт гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч ажилтныг хууль бусаар ажлаас халсантай холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгосон нөхөх олговор буюу байгууллагад учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж буй тохиолдолд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар тооцох тул хариуцагчийн уг тайлбар, татгалзлал үндэслэлгүй байна.
12. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 1567 дугаартай магадлалаар З.Ц ыг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ч “У ” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.С үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2019 оны 5 сарын 21-нийг хүртэл хугацаанд ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй болох нь, мөн “У ” ХК нь 2019 оны 08 сарын 29-ний өдөр ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг гаргасан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох тушаалыг гаргалгүй хугацаа алдсанаас шалтгаалж ажилтанд 2018 оны 07 сарын 04-ний өдрийн магадлал гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,317,955.94 төгрөгийг төлөх үр дагавар нь хариуцагч болох Гүйцэтгэх захирал С.С ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байх тул ажилтныг хууль бусаар ажлаас халсны улмаас байгууллагад учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
13. Хэрэгт авагдсан баримтаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр ажилтан З.Ц ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,598,977 төгрөг болон 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,317,955.94 төгрөг, нийт 20,916,932.94 төгрөгийг “У ” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь ажилтанд шүүхийн шийдвэрийн дагуу 15,692,494 төгрөгийг олгосон үндэслэлээр уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
14. Нэхэмжлэгч нь хариуцагч С.С ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн тогтоолоор ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч 2019 оны 05 сарын 21-ний өдөр Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байх тул түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш ажилтныг ажилд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацаа буюу 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс байгууллагад хариуцагч хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу З.Ц ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,598,977 төгрөг болон 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хариуцагчийн ажиллаж байсан хугацаа болох 238 хоногт хамаарах олговор 7,850,513.30 төгрөгийг тус тус хариуцах үүргийг хүлээнэ. /Тооцоолол: 1 хоногийн олговор 32,985.35 төгрөг х 238 хоног/
15. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь ажилтан З.Ц ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой холбогдох эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлд 4,021,350 төгрөгийг нөхөн төлсөн үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч ийм хэмжээний мөнгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өглөг авлагын тооцооллыг хүснэгтлэн гаргасан баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилтан З.Ц ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,598,977 төгрөг, 15,317,955.94 төгрөг, нийт 20,916,932.94 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний аль төлбөрийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлд 4,021,350 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тодорхойгүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй байна.
16. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэн хариуцагч С.С эс 13,449,490.30 төгрөг /5,598,977 төгрөг + 7,850,513.30 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч “У ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,264,353.70 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17. Улсын тэмдэгтийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 225,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
18. Шүүх хуралдаанд сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд биеийн эрүүл мэндтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С эс 13,449,490.30 /арван гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,264,353.70 /зургаан сая хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун тавин гурван төгрөг далан мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С эс улсын тэмдэгтийн хураамжид 225,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Б.УНДРАА