| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/02403/И |
| Дугаар | 192/ШШ2025/01045 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01045
2025 02 06 192/ШШ2025/01045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхон 117 дугаар байр, 78 тоот хаягт оршин суух Боржигон овогт Мөнхсайханы Д******* /регистрийн дугаар: АИ92031600/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхон 90 дүгээр байр, 81 тоот хаягт оршин суух Дамдин овогт Цэвээний Г*******/регистрийн дугаар: ХИ86022278/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Баянхошуу 29 дүгээр байр, 117 тоот хаягт оршин суух Халх овогт Надмидын Э*******/регистрийн дугаар: ЦВ86070910/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,519,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Ц.Г*******, хариуцагч Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Д.Батбаяр, хариуцагч Н.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Д******* нь хариуцагч Ц.Г*******, Н.Э******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,519,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч М.Д******* нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг Сэргэн мандалт группийн хашаан дотор талбай түрээсэлж, барилгын арматур төмөр худалдан авах, худалдан борлуулах бизнес эрхэлдэг. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед дээрх ажлын байранд ажлаа хийж байхад нь төв хаалгаар барилгын төмөр ачсан 0Ц улсын дугаартай бор ногоон өнгийн North Benz/Норд бенз/ маркийн шланз машин орж ирсэн. Уг машиныг дагаж, портер машинтай хүмүүс орж ирсэн бөгөөд тэдгээр хүмүүс шланзын жолоочоос 2 боодол барилгын арматур төмөр худалдаж аваад, Завхан аймаг руу явуулж байгаа, авсан төмрөө танай байгууллагын авто кранаар өргүүлж, шилжүүлж ачуулах гэсэн юм гэж ярьсан. 2 боодол төмрөө кранаар өргүүлж, ачиж байх явцад шланзын жолооч Н.Э******* нь барилгаас илүү гараад, буцаасан юм, үлдсэн бүх төмрийг үнэ хямдруулж, бэлэн мөнгөөр худалдана. Танайх авах уу гэх саналыг тавихад, ямар үнэтэй борлуулж байгааг асуухад, ф8 катанги 7 боодол буюу 13,650 кг, ф12 арматур 5 боодол буюу 13 тонн, нийт 26.5 тонн төмөр үлдсэн байна. 1 тонныг 1,800,000 төгрөгөөр бодоод, 47,700,000 төгрөгөөр ав гэхэд нь М.Д******* нөхөртэйгөө зөвлөлдөөд, аваад эргүүлж борлуулахад хэдэн төгрөгийн ашиг гарах юм байна, авъя гэж тохиролцоод, шланзын жолооч Н.Э*******тэй уулзаж гэрээ хийе, мөнгийг яаж шилжүүлэх вэ гэхэд за би хамтарч ажилладаг хүнтэйгээ яръя гээд, утсаар залгаж, бүх төмрөө худалдахаар тохирчихлоо, мөнгө төгрөгөө чиний данс руу шилжүүлэх үү гэхэд цаана нь байгаа хүн тэгээ гэж хэлээд, дансаа өгч байгаа нь сонсогдсон. Тэгээд Н.Э******* цаасны тасархай дээр дансны дугаар, Г******* гэх нэр, утасны дугаар бичиж, М.Д*******д өгсөн байдаг. М.Д******* та өөрийнхөө дансны дугаарыг бичиж болдоггүй юм уу гэхэд, санаа зоволтгүй, миний хамтран ажилладаг хүн, энэ автомашины эзэн нь байгаа юм, чи өөрөө ярьж болно гэхэд М.Д******* тухайн цаасан дээр бичсэн утасны дугаараар залгаад, төмөр авч байгаа хүн байна, өгсөн энэ данс руу шилжүүлж болох юм уу гэж асуухад, болно Г******* гэсэн нэр гарч ирнэ гэж эмэгтэй хүн хэлсэн ба цаана нь Ц.Г******* өөр хүнтэй ярьж байх нь сонсогдсон байна. Өгсөн ******* тоот данс руу 47,700,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлээд, төмрийг өөрийн талбай дээр буулгаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгдээд, Н.Э*******, Ц.Ган-эрдэнэ нар тохиролцож, мөнгийг шилжүүлж авсан. Гэтэл орой нь дөчин дөрвийн захад ченж хийдэг *******-ийн захирал н.Сугараа гэх хүн ирээд, М.Д*******ын худалдаж авсан дээрх төмрийг үзээд, манай төмөр байна, өчигдөр нэг эмэгтэй ирээд, надаас энэ төмрүүдийг авч явсан, тэр эмэгтэй төмрийн мөнгийг шилжүүлчихлээ, банк хоорондын шилжүүлэг бүтэн сайнд шилждэггүй юм байна, 1 дэх өдөр данс руу орно гэж хэлээд, утсан дээрээ интернэтээр миний данс руу мөнгө шилжүүлсэн баримт харуулсан, тэгэхээр нь итгэж, төмрөө ачуулаад гаргасан чинь өнөөдөр мөнгө нь орж ирдэггүй, тэгээд залилуулснаа мэдээд, ачсан машины номероор хөөж, нисэхийн тэнд уг машин хонож, төмрийг өөр шланзад шилжүүлж ачсаныг мэдээд, араас нь хөөж явсаар уг төмрийг танайд буулгаж өгснийг мэдээд ирлээ. Та нар илт хямд байгааг мэдсээр байж авсан байна, өөрөөр хэлбэл хулгайн төмөр гэдгийг мэдсээр байж авсан, та нарын буруу, энэ хэргийг цагдаад өгч шалгуулбал цаг алдана, төмрийн үнэ ханш буурна, тийм учраас би тодорхой хэсэг төмрөө буцааж авъя, та хэд тодорхой хэсэг төмрөө ав, тэр төмрөө борлуул, хэнд мөнгөө шилжүүлсэн тэр хүмүүсээсээ зөрүү мөнгөө олж ав, би зөрүү мөнгөө намайг хуурсан тэр эмэгтэйгээс олж авъя гээд хэрүүл маргаан болсон. Хоорондоо ярьж тохиролцоод, буулгасан төмрөөсөө ф8 катанг 7 боодол буюу 13,650 кг, ф12 арматур 1 боодол буюу 2,194 кг, нийт 15 тонн 844 кг төмрийг ачиж явсан. Буцааж авсан төмрийг шланз нарын жолооч нараас авсан үнээр тооцоход 28,519,200 төгрөг болж байна, энэ нь М.Д*******ын учирсан хохирол буюу нэхэмжилсэн дүн болсон. Н.Э*******, Ц.Г******* нар барилгаас илүү, үнэ хямдруулж борлуулж байгаа төмөр гэж бусдын төмрийг худалдсанаас М.Д*******д 28,519,200 төгрөгийг хохирол учирч, нэхэмжилж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно гэж, 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй, 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хохирлоо шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн этгээдийн гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэж, 15 дугаар зүйлийн 15.3-т өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчийн аль нэгний оршин суугаа газрыг шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу 28,519,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хооронд болсон үйл явдал иргэний эрх зүйн харилцаа үүссэн, эрх үүрэг үүссэн талаар тодруулж ярилаа. Нэхэмжлэгч зүйлчлэл хийж, нэхэмжлэлээ гаргадаггүй тул шүүх зүйлчлэх хийх байх гэж үзэж байна. Нэгдүгээрт талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзсэн. Тодорхой хэмжээний эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгөх, худалдан авагч гэрээгээр тохирсон мөнгийг худалдагч талд шилжүүлж өгөх үүрэгтэй. Үүргийн дагуу Н.Э*******тэй яриад, түүний өгсөн данс руу мөнгийг шилжүүлж өгсөн байдаг. Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд худалдагч эрхийн доголдолтой бол учирсан хохирлоо худалдан авагч тал арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд гомдол гаргахаар бол эрхийн доголдолтой хөрөнгө гэж үзэхээр заасан. Гуравдагч этгээд гомдол гаргаж, тал төмрийг аваад явсан. Эрхийн доголдлыг биет байдлаар арилгах боломжгүй бол мөнгөөр гаргуулах иргэний эрх зүйн зохицуулалт байдаг. Үүний дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Ц.Г******* гэрээний эрх зүйн харилцаанд худалдагч талтай хамтарч оролцдог, дансны дугаараа өгдөг. Өөрийнх нь гаргаж байгаа тайлбараар би мэдэхгүй, надад хамаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Ц.Ган-Эрдэнийн данс руу мөнгө орсон, хүсэлт гаргаж шүүхийн журмаар банкны холбогдох байгууллагаас Ц.Ган-Эрдэнийн данс болох нь нотлогдсон. Ц.Г******* энэ хүмүүсийг танихгүй, худалдаагүй гэж байгаа бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болох юм. Данснаас аваад, хэнд, хэдэн төгрөг өгсөн нь бидэнд хамааралгүй бөгөөд энэ хүн 28,700,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөнгийг бусдад шилжүүлсэн, өөр дээр нь 7,000,000 төгрөг үлдсэн гэж байна. Ц.Г******* өөр бусдад хөлсөөр ажиллаж байсан, тээвэрлэлт хийж байсан бол 7,000,000 төгрөг гэдэг нь нэг өдрийн хөлсөнд хамаагүй хэтэрсэн өндөр үнийн дүн юм. Хариуцагч нараас нэхэмжлэлд дурдсан мөнгийг хууль журмын дагуу гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний хэлж байгаа худал, ийм юм болоогүй. *******-ийн хүнтэй холбогдож, төмрийг зараагүй. ******* гэсэн дугаартай хүнтэй М.Д******* холбогдсон бөгөөд өмнөх өдөр нь машиндаа ачаа ачна гэж байхад ******* дугаар над руу залгаж, ачаа ачуулъя гэж ярьсан. Шувуун фабрикаас машинаа авахаар очиход, машин асахгүй байсан, үдээс хойш асаад, хот руу орсон. Нисэхийн тойргоос сонсголон руу зам түгжрээтэй байсан бөгөөд түгжрээтэй байна гэсэн чи битгий худлаа яриад бай, өөр машинд ачаагаа ачихаар болчихлоо гэсэн. Дахин ачаа гарвал надад хэлээрэй гэсэн орой нь над руу залгаад, нөгөө машин ачаа ачихаа больчихлоо, манай ачааг ачаад, маргааш өглөө буулгаад өгчих гэсэн. Нөгөө ачааг нь ачаад, орой нь дахин шилжүүлж ачаад, моносын цаад талын оргилын зогсоол дээр машинаа ачаатай нь хонуулсан ба өглөө 10 цагийн үед ******* дугаар залгаад, машин дээр яваад оч, машин дээр чинь хүн очиж байгаа гэсэн. Цагаан өнгийн портертой хүмүүс ирээд, тэр нь *******-ид ажилладаг хүний нөхөр нь бололтой ирээд, араас дагаад яв гэж хэлсэн. Араас нь дагаад, эдний хашаанд орсон. ******* дугаартай хүнтэй нэхэмжлэгч тал өөрсдөө холбоо барьж, наймаа хийсэн. Бид хоёрын хувьд ачааг нь ачаад, буулгасны тээврийн хөлсийг авна гээд, жолооч Н.Э******* цаасан дээр дансны дугаар бичиж өгөөд, явсан. Тэгсэн миний данс руу 40 гаруй сая төгрөг орсон, ******* утаснаас залгаж, чиний данс руу мөнгө орсон, энэ данс руу мөнгийг хийчих гэсэн. гэжээ.
3. Хариуцагч Н.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э******* нь Ц.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгслийг барьдаг жолооч юм. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болон 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд болсон үйл явдлын талаар Ц.Г******* дэлгэрэнгүй ярилаа. Нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй мөнгөн дүнг хариуцагч нар төлөх үндэслэл байхгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээ, *******, Өү ди өү ХХК нарын хооронд төмөр худалдах, худалдан авах харилцаа нь ******* утасны дугаартай холбоотой явагдаад байна. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ******* дугаар нь хэрэгт авагдсанаар н.Ундрах-Эрдэнэ гэх эзэмшигчтэй дугаараар яригдсан. Энэ баримтуудыг харахаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн байна. Зөвхөн дансны дугаараар мөнгө шилжсэн үйл баримтаар хариуцагч нарыг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Төлбөрийг хариуцвал зохих этгээд нь Ц.Г*******, Н.Э******* биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлж байна. Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлтээ хийж гүйцэтгэж, төлбөрөө аваад, дуусчихсан. Гэрч н.Батсүрэн *******-аас тухайн төмрийг тээвэрлэж гарч ирээд, Ц.Г*******, Н.Э******* нарын тээврийн хэрэгсэлд ******* дугаарын утастай хүний хүсэлтийн дагуу ачааг тээвэрлээд, М.Д******* нарын эзэмшилд хүлээлгэж өгсөн. Тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байх тул хариуцагч биш. гэжээ.
4. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******, *******-ийн гаргасан тодорхойлолтын хуулбар, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* Г******* гэсэн бичиглэл бүхий нотлох баримт, гэрэл зургийн үзүүлэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2022/2 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/0 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28к2-5/3186 тоот албан бичиг.
5. Хариуцагч Ц.Г******* шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт.
6. Хариуцагч Н.Э******* шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар.
7. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Хаан Банк ХК-иас ирүүлсэн хариуцагч Ц.Ган-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/6 дугаар Скайтел ХХК-иас ирүүлсэн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар-аас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 240 дугаар өргөдөл хүлээн авсан хуудас, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, төлбөрийн баримт, *******-иас гаргасан хүсэлт, 1/ дугаар хураалгасан тамга тэмдгийн тодорхойлолт, 000214587 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 218109 өргөдөл хүлээн авсан хуудас, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн дүрэм, аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, 210110 дугаар өргөдөл хүлээн авах хуудас, шинээр байгуулах хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, орлогын ордер, дугаар хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, 01 дугаар *******-ийг үүсгэн байгуулах шийдвэр, 00027 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн , нарын гэрчийн мэдүүлэг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийнын нэмэлт гэрчийн мэдүүлэг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Батсүрэнгийн гэрчийн мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч М.Д******* хариуцагч Н.Э*******, Ц.Г******* нарт холбогдуулан 28,519,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Н.Э******* болон Ц.Г******* нарын худалдсан арматур төмөр хулгайн эд зүйл байсан учир арматурын жинхэнэ өмчлөгчтэй харилцан тохиролцож төмрийн зарим хэсгийг буцааж өгсөн ба буцааж өгсөн төмрийн үнийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй... гэж тайлбарласан.
3. Хариуцагч Н.Э******* болон Ц.Г******* нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, төмрийг М.Д*******д худалдсан жинхэнэ худалдагчид биш, тээвэрлэгчид байсан гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, удаа дараа шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараас үзвэл тэрээр хариуцагч нарыг эрхийн доголдолтой эд зүйл худалдсан гэж үзэж, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөний зарим хэсэг /өмчлөгчид өгсөн гэх арматурын үнэ/-ийг буцаан гаргуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
5. Хариуцагч нарын хувьд тэднийг мэргэжлийн өмгөөлөгчид төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд тэдний хувьд мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож мэтгэлцсэн талаараа тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан.
6. Хариуцагч Н.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ц.Г*******эс өгсөн зааврын дагуу 0Ц Улсын дугаартай, North Benz /Норд бенз/ шланз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж, хулгайн гэх арматур төмрийг өөр тээвэрлэгчээс хүлээн авч, мөн өдөртөө нэхэмжлэгч М.Д*******д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, гэрч ийн: ...анх ачааг маань аваад явсан жолоочоос дараагийн машинд шилжүүлсэн хүний машины дугаарыг авч ярихад Ц.Г******* гэдэг хүн би мэдэхгүй, машин түрээсэлж явуулдаг гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа жолоочийн дугаарыг бидэнд өгсөн. Ц.Г******* удаа дараа залгахад 22 товчооны ойролцоо ачааны машин байгааг хэлсэн. Бид хайж очиход байгаагүй. Тиймээс ойр байсан ижил үйлчилгээ явуулдаг М.Д*******ын хашаанд ороод асуухад ачааг маань тэнд буулгасан байсан...гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
7. Хариуцагч Н.Э*******ийн талаар мэдүүлсэн нэхэмжлэгчийн: ...Н.Э*******тэй уулзаж гэрээ хийгээд мөнгийг яаж шилжүүлэх вэ гэхэд би хамтарч ажилладаг хүнтэйгээ яръя гээд, утсаар залгасан бөгөөд бүх төмрөө худалдахаар тохирчихлоо, мөнгө төгрөгөө чиний данс руу шилжүүлэх үү гэхэд цаана нь байгаа хүн тэг гэж хэлээд, дансаа өгч байгаа нь сонсогдсон. Н.Э******* цаасны тасархай дээр дансны дугаар, Ц.Г******* гэх нэр, утасны дугаар бичиж, М.Д*******д өгсөн бөгөөд та өөрийнхөө дансны дугаарыг бичиж болдоггүй юм уу гэхэд санаа зоволтгүй. Миний хамтран ажилладаг хүн бөгөөд энэ автомашины эзэн нь байгаа юм. Чи өөрөө ярьж болно гэж хэлсэн... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч М.Д******* нь хариуцагч Н.Э*******ийг худалдагч биш, зөвхөн тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд гэдгийг мэдсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Н.Э******* нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг хариуцагч Н.Э*******тэй байгуулаагүй тул хуулийн энэ зохицуулалтын дагуу түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
8. Хариуцагч Н.Э******* нь дээр дурдсанаар тээврийн хэрэгслийн жолооч байсан бол хариуцагч Ц.Г******* нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан болох нь зохигчдын тайлбараар мөн тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
9. Нэхэмжлэгч М.Д*******, гэрч нар нь: ... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төмөр ачсан 0Ц Улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай төмрийн худалдаа эрхэлдэг захын хашаанд орж ирсэн ... гэх боловч энэ нь хариуцагч Ц.Ган-Эрдэнийн: ...төмрийг хашаанд оруулж өгөөгүй, Моносын ойр орчимд зам дээр зогсож байхад нэхэмжлэгч М.Д******* өөрөө ирж авсан... гэх тайлбар, нэхэмжлэгч М.Д*******аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн төв зам дагуух байршилд шланз маркийн тээврийн хэрэгсэл зогсож байгааг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар няцаагдаж байна.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг өгсөн гэрч нь нэхэмжлэгчийн нөхөр буюу гэр бүлийн хүн байх тул түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж шүүх үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
11. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ц.Ган-Эрдэнийг гэрээний тал гэж үзсэн ба худалдах-худалдан авах гэрээг түүнтэй байгуулсан гэх нэхэмжлэгч М.Д*******ын итгэл үнэмшлийг хамгаалах шаардлагатай гэж үзсэн.
11.1 Хариуцагч Ц.Г******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк ХК дахь дансыг Н.Э*******ээр дамжуулан нэхэмжлэгч М.Д*******д өгч, улмаар энэ данс руу нэхэмжлэгч нь төлбөрийн мөнгө болох 47,700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Ц.Ган-Эрдэнийн дансны бичилт бүхий бичмэл баримт, Ц.Ган-Эрдэнийн өөрийн тайлбараар тогтоогдож байна.
11.2 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т: Хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон бол гэрээ байгуулсанд тооцно. гэж заажээ. Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор ихэнх гүйлгээ дансаар хийгддэг болсон, банк нь аливаа этгээдэд данс нээхдээ тодорхой нэр хаяг бүхий этгээдийн баримт бичгийг үндэслэн гэрээ байгуулсны үндсэн дээр харилцах данс нээдэг тул харилцах данс нь гэрээний нөгөө талд гэрээ байгуулах нэг төрлийн баталгаа болдог.
Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан: ... хэрэглэж заншсан зүйлийг олгосон... гэх ойлголтод нэхэмжлэгч Ц.Ган-Эрдэнийн дансаа өгсөн үйлдлийг хамруулан ойлгох боломжтой гэж үзсэн.
Тодруулбал, хариуцагч Ц.Г******* нь өөрийн эзэмшлийн дансаа өгснөөс гадна дансаар хүлээж авах ёсгүй мөнгө /тээврийн мөнгө авах байсан гэх боловч 47,700,000 төгрөг орж ирсэн/-ийг нягтлалгүй хүлээн авч бусдад шилжүүлсэн үйлдэл хийсэн байх тул гэрээ байгуулахад оролцсон гэж үзэх нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр буюу гэрээг Ц.Г*******тэй байгуулсан гэж итгэсэн нэхэмжлэгч М.Д*******ын итгэл үнэмшлийг хамгаалах шаардлагатай.
12. Үүрэн холбооны ******* дугаарын эзэмшигчтэй нэхэмжлэгч М.Д******* холбогдож ярьсан, дараа нь хариуцагч Ц.Г*******тэй мөн холбогдож ярьсан талаар зохигчид болон гэрч нар мэдүүлдэг. Иймд үүрэн холбооны ******* дугаартай хэрэглэгч болон Ц.Г******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцогдоно.
Иргэний эрх зүйн энэ маргааны тухайд нэхэмжлэгч М.Д******* нь хариуцагч Ц.Ган-Эрдэнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардахаар Ц.Ган-Эрдэнийг хариуцагчаар татсан байна.
Шүүх хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох үндэслэлтэй талаар дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэг үүрэг гүйцэтгэгчээ шаардаж буй нөхцөлд нөгөө үүрэг гүйцэтгэгч болох ******* дугаартай үүрэн холбоо хэрэглэгчийн тайлбар мэдүүлэг нь Ц.Ган-Эрдэнийн эсрэг нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.
13. Ийнхүү нэхэмжлэгч М.Д******* нь худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой үүргийг хариуцагч Ц.Г*******эс шаардах эрхтэй боловч зохих журмын дагуу гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн хуульд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.
Тодруулбал,
14. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч /М.Д*******/ худалдагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алддаг. Нэхэмжлэгч нь олон жилийн турш төмрийн худалдаа эрхэлсэн, арматур төмрийн жинхэнэ өмчлөгч гэх ийг ирэх үед түүнтэй тохиролцож төмрийн зарим хэсгийг өгсөн зэргээс үзвэл тэрээр арматур төмрийн гарал үүслийг шалгах, урьдчилан сэргийлэх боломжтой байсан байна.
14.1 Худалдагч Ц.Г******* нарыг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх атлаа тэдний зөвшөөрөлгүй, тэднээс асуулгүйгээр өөрөө сайн дураараа арматур төмрийн зарим хэсгийг жинхэнэ өмчлөгч гэх ид өгсөн байна. Энэ нь гэрээг цуцлахдаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдээгүй гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар нэхэмжлэгч М.Д*******ын хувьд төмрийг бодит эзэмшилдээ байлгаж байгаа этгээд болох Ц.Г******* нь хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог. Гэтэл худалдан авагч нь хөрөнгийг доголдолтой гэж үзсэн атлаа өмчлөгчид буцааж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж улмаас өгсөн авсан зүйлээ харилцан буцаахад мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар харилцан буцаалтын үүргийг талууд /М.Д******* болон Ц.Г*******/ биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч М.Д******* нь эрхийн доголдолтой арматур төмөр худалдсан гэж үзэж, уг төмрийн үнийг Ц.Г*******эс шаардаж байгаа бол доголдолтой гэх арматур төмрийг Ц.Г*******д буцааж өгөх үүрэгтэй байсан.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч нь доголдолтой гэх арматур төмрийг Ц.Г*******д буцааж өгөх үүргээ биелүүлэлгүй дур мэдэн гуравдагч этгээд //-д төмрийг хүлээлгэж өгсөн байх тул худалдагч Ц.Г******* нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар доголдолтой арматурын үнийг М.Д*******д төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг хууль тогтоогч зохицуулалгүй орхигдуулсан тул эд хөрөнгийн доголдлыг зохицуулсан хэм хэмжээ, эсхүл үүргийн нийтлэг зохицуулалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх боломжтой юм.
Ийнхүү нэхэмжлэгч М.Д******* нь худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргах эрхээ хуульд заасан үндэслэлээр алдсан, худалдан авагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Н.Э*******, Ц.Г******* нараас 28,519,200 төгрөг гаргуулахыг хүссэн М.Д*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР