2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/01004

 

 

 

2025  02  05  192/ШШ2025/01004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж 1 дүгээр гудамж, 1в тоот хаягт оршин суух Харалгаан овогт Лхагвасүрэнгийн Б*******/регистрийн дугаар: ГМ73062905/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, жаргалантын 16 дугаар гудамж, 407а тоот хаягт оршин суух Боржигин овогт Төмөрбаатарын Б*******/регистрийн дугаар: МУ75051976/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 51 тоот хаягт оршин суух Өөлд овогт Хасуйн Монгол-Эрдэнэ/регистрийн дугаар: ЗЮ76122318/ нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 1 дүгээр гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв хэмжээтэй газрыг Л.Б*******ын өмчлөлд шилжүүлэхийг Х.Монгол-Эрдэнэд даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагч Т.Б*******, түүний өмгөөлөгч Д.Д*******, хариуцагч Х.Монгол-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б******* нь хариуцагч Т.Б*******, Х.Монгол-Эрдэнэ нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 1 дүгээр гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв хэмжээтэй газрыг Л.Б*******ын өмчлөлд шилжүүлэхийг Х.Монгол-Эрдэнэд даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэлийн 3 шаардлага гаргаж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Т.Б*******тэй хийсэн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах, мөн Т.Б*******, Х.Монгол-Эрдэнэ нарын хооронд хийсэн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах, Чингэлтэй дүүрэг, Дэнж 1 гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв хэмжээтэй газрыг өөрийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т.Б*******тэй газар худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа худалдах зорилгогүй хийсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа банк бусаас газрын гэрчилгээ барьцаанд тавьж, зээл авах гэсэн боловч би тухайн үед муу зээлийн түүхтэй байсан учир Т.Б*******ийн нэр дээр зээл гаргуулахаар тохиролцож, зээл авахаар Даймонд Очир ББСБ-д хандсан. 6,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой юм байна. Гэхдээ та муу зээлийн түүхтэй учраас таны нэр дээр зээл гарахгүй гээд Т.Б*******ийн нэр дээр зээл авахаар очиход газар миний нэр дээр байсан тул газрын нэрийг шилжүүлэх шаардлагатай гэсэн. Иймд Т.Б*******өд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд зээлээ авахаар очиход бэлэглэлийн гэрээгээр зээл гаргахгүй гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчлөлт 6,000,000 төгрөгийн зээл аваад, тэрийгээ төлж дууссаныхаа дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байхад Т.Б******* хөрөнгө оруулалтын санал орж ирсэн тул барьцаалах хөрөнгө хэрэгтэй байна. Мөнгөтэй болчихвол газар дээр барилга байгууламж барихаар барьцаанд тавьбал яах вэ гэсэн саналыг тавьж байсныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл газрыг Х.Монгол-Эрдэнийн барьцаанд тавьсан гэж бодсон чинь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, буцаад миний нэр дээр шилжих боломжгүй болсон. Би анхнаасаа худалдах зорилгогүй, хүсэлгүй байсан учраас хоёулаа 1,500,000 төгрөгөөр үнэлчихсэн. Мөн Даймонд Очир ББСБ-аас баримтаас үзэхэд Т.Б*******өд газрыг анхнаасаа худалдаагүй болохыг нотлох юм. Т.Б******* өөрөө хүлээн зөвшөөрч, буцаагаад шилжүүлж өгөх гэхээр Х.Монгол-Эрдэнийн нэр дээр шилжсэн. Х.Монгол-Эрдэнэд шилжихэд худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохыг мэдээгүй. Бид хоёр хамтран амьдарч байгаад тусдаа амьдрахаар болсон бөгөөд хэсэг хугацааны дараа газрын гэрчилгээгээ авахаар хөөцөлдсөн. Т.Б******* холбогдохгүй, утсаа авахгүй байсан тул аргаа бараад Х.Монгол-Эрдэнэ рүү залгахад худалдаж авах гэрээ хийгээд худалдаж авсан. Одоо газраа чөлөөл гэж хэлсэн. Би анхнаасаа худалдаагүй бөгөөд та хоёрын хоорондын асуудлыг би мэдэхгүй. Энэ газар миний өмч, хоорондоо авлага, өглөгийн асуудлаа шийдээч гэхэд тийм юм байхгүй гэсэн тул шүүхэд хандсан. Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн ******* тоотод байрлах тус газрыг миний бие 2003 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газраа өөрийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. гэжээ.

2. Хариуцагч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид 2019 оноос хамт амьдарч байгаад банк бусаас зээл авахын тулд нэхэмжлэгчийн нэр дээр байсан газрыг миний нэр дээр шилжүүлсэн. Би алтны лицензтэй байсан бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж байсан Алт 2 хөтөлбөрт хамрагдах төсөл бичүүлэхээр А.Пагамдулам гэх хүнтэй уулзахад төсөл бичих бүх ажлыг хийгээд 100,000,000 төгрөгийн ажлын хөлс авна гэсэн. Тухайн үед надад тус мөнгө байхгүй учир Х.Монгол-Эрдэнэтэй уулзаж, надад лиценз байгаа бөгөөд ийм хөтөлбөр хэрэгжиж байна. Ажлын хөлсөнд өгөх мөнгө байхгүй талаараа хэлэхэд надад зарах гэж байгаа Land cruiser 200/ланд-200/ маркийн автомашин байгаа. Үүнийг хэрэглэж байгаад буцаагаад мөнгийг нь өгөөрэй. Барьцаанд нь эд хөрөнгө барьцаал гэсэн. Би нэхэмжлэгчийн газрыг барьцаанд тавьсан. гэжээ.

3. Хариуцагч Х.Монгол-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үедээ хамтын амьдралтай байсан талаараа нэхэмжлэгч, хариуцагч нар ярьж байна. Хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт байгаа цагдаагаас ирүүлсэн хохирогчоор өгсөн мэдүүлэгт эхнэр Л.Б******* гэж өгсөн байна. Х.Монгол-Эрдэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж, мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээд Х.Монгол-Эрдэнэд газраа шилжүүлж, Х.Монгол-Эрдэнийн өмчлөлийн 02-21 УБН Land cruiser 200/Ланд-200/ маркийн автомашиныг тухайн үед Т.Б******* шилжүүлж аваад, автомашиныг аваад явсан. Үүнд барьцааны асуудал байхгүй. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэхээр Land cruiser 200/Ланд-200/ маркийн автомашиныг зарсан мөнгөө, цааш нь залилуулсан нь Х.Монгол-Эрдэнэд хамаагүй гэж үзэж байна. Цаашаа мөнгөө залилуулж, нөгөө хүн нь ял авч, мөнгө авч чадахгүй болохоор анхны гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж эхнэр, нөхөр хоёр нийлж нэг нь нэхэмжлэл өгч, нөгөө нь хүлээн зөвшөөрч байгаа байдал нь Х.Монгол-Эрдэнийн эрх ашгийг хөндөж байна. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Л.Б******* хариуцагч Т.Б*******өд тухайн газрыг шилжүүлсэн. Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.Монгол-Эрдэнэтэй тухайн газрыг худалдах, худалдан авах гэрээ, мөн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдоно. Тухайн үедээ барьцаалахаар үйл баримтаа мэдэхгүй байсан бол энэ хугацаанд шүүхэд хандах, гэрээгээ хүчин төгөлдөр бус болгуулах боломж байсан. Хэрэгт гэрч н.Эрдэнэбаатарын мэдүүлэг байдаг. Тус мэдүүлэгт 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкт Land cruiser 200/Ланд-200/ маркийн автомашин зарна гэсэн зар байсан. Тухайн зарын дагуу холбогдож, тээврийн хэрэгслийг худалдаж авсан байна. Үүнээс үзвэл Т.Б******* нь тээврийн хэрэгслийг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлж, бусдад зараад цаашаа тэр мөнгөө залилуулсан нь Х.Монгол-Эрдэнэд хамааралгүй бөгөөд өөрийн өмчлөлд шилжүүлсэн хүн өмчлөлийн зүйлээ хэрхэн захиран зарцуулах нь тухайн хүний эрхийн асуудал юм. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Энэ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм. Өөрөөр хэлбэл хүсэл зориг нь Т.Б*******өд худалдах, худалдан авах гэрээгээр тухайн газрын өмчлөлийг бүхэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн. 1,500,000 төгрөг гэж гэрээг хийчхээд Land cruiser 200/Ланд-200/ маркийн автомашинаар тулсан нь гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэл байна гэж удаа дараагийн шүүх хуралдаанд ярьдаг. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг хийхдээ талууд нэр шилжүүлэхэд татварыг бага төлөх зорилгоор 1,500,000 төгрөгөөр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд бичсэн байдаг. Дараа нь Х.Монгол-Эрдэнэтэй хийсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд байдаг. Хэлцлийн зарим хэсэг хүчингүй байх нь тухайн хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй учраас гэрээ хүчинтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснээс хойш 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

4. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 215 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч Т.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбар, ******* дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Т.Б*******ийн гаргасан тайлбар бичгийн хуулбар, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ******* дугаар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

5. Хариуцагч Т.Б******* шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1295 дугаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 1294 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбар, А.Пагамдулам, Б.Арданаханд нарт холбогдох эрүүгийн хэргийн ******* дугаартай хэргийн материалд авагдсан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Т.Б*******ийн гаргасан өргөдөл, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

6. Хариуцагч Х.Монгол-Эрдэнэ шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагч Х.Монгол-Эрдэнээс олгосон итгэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар.

7. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11- дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, орлогын ордерын баримт, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан бичиг, Даймонд-Очир ББСБ ХХК-иас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн дугаар барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Л.Б******* нь хариуцагч Т.Б*******, Х.Монгол-Эрдэнэ нарт холбогдуулан Л.Б*******, Т.Б******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, Т.Б*******, Х.Монгол-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Х.Монгол-Эрдэнэд даалгах шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...газар өмчлөх эрхээ худалдах зорилгогүй, зөвхөн зээлийн барьцаанд тавих зорилгоор Т.Б*******өд шилжүүлсэн. Гэтэл Т.Б******* өмчлөгч биш атлаа миний газрыг цааш нь Х.Монгол-Эрдэнэд шилжүүлсэн нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул газар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Х.Монгол-Эрдэнэд даалгах үндэслэлтэй... гэж тайлбарласан.

3. Хариуцагч Т.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн бол Х.Монгол-Эрдэнийн хувьд, газрын өмчлөх эрхийг Т.Б*******өөс Land cruiser 200/Ланд круйзер 200/ маркийн автомашинаар арилжиж авсан буюу газрын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

4. Маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 3е тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Л.Б******* болон Т.Б******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр Т.Б*******ийн өмчлөлд, Т.Б******* болон Х.Монгол-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр Х.Монгол-Эрдэнийн өмчлөлд тус тус шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11- дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон түүнд хавсаргаж ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх, Л.Б*******ын өмчлөх эрх хамгаалагдах эсэх, Х.Монгол-Эрдэнэ өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх зэрэг нь маргааны үндэс болжээ.

6. Хариуцагч Т.Б******* нь Алт-2 хөтөлбөрөөс зээл авахад бэлэн мөнгө шаардлагатай болсон буюу түүнд мөнгөн хөрөнгө хэрэгцээтэй байгааг хариуцагч Х.Монгол-Эрдэнэ мэдсэн, эдгээр хүмүүс нь хоорондоо найз нөхөд, ажил хэргийн харилцаатай хүмүүс болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

6.1. Гэрээний нэг тал /Т.Б*******/-д мөнгөн хөрөнгө хэрэгцээтэй байхад худалдах-худалдан авах гэрээ, эсхүл арилжааны гэрээ гэх мэт эд зүйл өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд байгуулж, хөрөнгө солилцсон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.Монгол-Эрдэнэ болон Т.Б******* нар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн өдрийн тухайн цагт мөн хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэг нотариатчаар гэрчлүүлсэн нь хөрөнгө арилжих хүсэл зориг талуудад байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

6.2 Талууд солилцсон гэх Ланп круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, газрын үнэ үнэлгээний талаар талуудын хэн аль нь огт ярилцаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд мэдүүлээгүй нь эргэлзээтэй байна.

6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

6.4 Нөгөө талаас, хариуцагч Х.Монгол-Эрдэнэ нь газар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдаж буюу арилжиж авахдаа тухайн газрыг үзээгүй, байршлыг мэдэхгүй /хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй/, өөр хүний эзэмшилд байгаа эсэхийг шалгаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах хэлцэл хийж байгаа этгээд тухайн газрыг үзэх, шалгах боломжтой байсан боловч энэ үйлдлийг хийгээгүй байна.

6.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр шүүхэд дуудагдсан Ч.Цэгмид нь 2021 оны 9 дүгээр сараас хойш маргаан бүхий газрыг хөлслөн амьдарч байгаа, хашаанд 2 гэр байдаг, хөлсийг Л.Б*******д төлдөг, Х.Монгол-Эрдэнэ гэж хүнийг танхигүй гэх мэдүүлгийг өгчээ. Энэ хугацаанд, хариуцагч Х.Монгол-Эрдэнэ нь мөн л өөрийн өмчлөлийн хөрөнгийг өөр этгээдүүд /2 айл/ эзэмшиж байгааг мэдээгүй, мөн хөрөнгийг өөр этгээд ашиглаж байгаа /Л.Б*******/ талаар мэдээгүй гэж үзэхэд эргэлзээтэй байна.

8. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1-д тус тус зааснаар, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээдийг өмчлөгч биш болохыг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй талаар заажээ. Дээр дурдсанаар Х.Монгол-Эрдэнэ нь худалдан авч буй газрыг үзэж, эзэмшигчийг шалгах боломжтой байсан тул түүний өмчлөх эрхийг хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугар зүйлийн 183.1-д зааснаар хамгаалах боломжгүй байна.

9. Нэхэмжлэгч Л.Б*******ын: ...өөрийн нэрээр зээл авах боломжгүй байсан, зээл олгох байгууллагаас худалдах-худалдан авах гэрээний дагуу олж авсан хөрөнгийн өмчлөгчид зээл олгоно гэсэн тул худалдах-худалдан авах гэрээгээр газрыг Т.Б*******өд шилжүүлсэн... гэх тайлбарыг хариуцагч Т.Б******* хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзнэ.

10. Хариуцагч Х.Монгол-Эрдэнэ газрын өмчлөх эрхийг шударгаар олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй, түүний өмчлөх эрхийг хамгаалах боломжгүй байх тул Т.Б******* болон Х.Монгол-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1294 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

11. Нэхэмжлэгч Л.Б******* нь хөрөнгөө буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүх шийдвэрлэх үүрэгтэй гэж үзсэн. Маргаан бүхий хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх тул эдгээр хэлцлийн дагуу шилжүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Л.Б*******д буцаан шилжүүлэхийг Х.Монгол-Эрдэнэд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий газрыг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 351,000 төгрөг төлжээ. Иймд илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул хариуцагч Т.Б*******өөс 70,200 төгрөг, хариуцагч Х.Монгол-Эрдэнээс 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамж, 3е тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Л.Б*******д буцаан шилжүүлэхийг Х.Монгол-Эрдэнэд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б*******өөс 70,200 төгрөгийг, хариуцагч Х.Монгол-Эрдэнээс 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР