| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/01983/И |
| Дугаар | 191/ШШ2025/01009 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01009
| 2025 02 04 | 191/ШШ2025/01009 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух Ж.Б /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороонд өөрийн байранд байрлах Ц Улсын төсөвт үйлдвэрийн газар /Регистрийн дугаар ..../,
Хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг, ... дугаар хороо.... дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух Т.С / нарт холбогдох ,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 26,446,198 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Ж.Б ,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М /Үнэмлэхийн дугаар 2044/,
хариуцагч Ц Улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
хариуцагч Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
хариуцагч Т.С ын өмгөөлөгч Ц.Гансүх /Үнэмлэхийн дугаар 1019/,
иргэдийн төлөлөгч Д.О ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Ж.Б нь 2004 онд Батлан Хамгаалахын Их сургуулийн харъяа ахлагчийн коллежийг суралцаж, төгссөнөөс хойш Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид шүхрийн сургагч, зааварлагчийн албан тушаалд ажиллаж байна. 2017 оны 08 сарын 04-нөөс 11-ний хооронд ОХУ-ын Иркутск хотод зохион байгуулагдсан олон улсын хэмжээний шүхрийн цэг онолтын тэмцээнд, улсаа төлөөлсөн баг бүрэлдэхүүний гишүүн болж тэмцээнд оролцсон. Тэмцээний үеэр зүүн хөлний өвдөгний үендээ гэмтэл авсан, өвдөг хөндүүрлэж, бага зэргийн зовиуртай байсан, гэхдээ алхаж явж болж байсан. Ингээд ОХУ-д болсон тэмцээн дуусч Монголд буцаж ирэх үед өвдөгний зовиур арилаагүй, гүйцэд тэнийлгэж, нугалж болохгүй, хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдаад байсан. Ажлын ачаалал авсны дараа өвдөлт, зовиуртай, гүйцэт тэнийж, нугалж чадахгүй хэвээр байсан учраас эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахаар харьяа Ц т хандсан. Амбулаторийн эмчид үзүүлэхэд намайг өвдөгний MRI зураг авхуулаад ир гэсний дагуу Интэрмед эмнэлэгт авхуулаад, буцаж ирж үзүүлэхэд амбулаторийн эмч Булган зургийг үзээд, хагалгаанд орох шаардлагатай болсон байна. С эмчтэй уулзаарай гэсэн. Би тэндээсээ шууд С эмчтэй уулзахад миний зургийг үзээд, хагалгааны төлбөрөө бэлдээд ир гэсэн. С эмчтэй уулзаж хагалгаа хийх өдөр товлож, 2017 оны 10 сарын 16-ны өдөр өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаанд орсон. Хагалгаанд орсны маргаашаас наркоз гарсны дараа, босч явж чадахгүй 2 өдөр хэвтсэн. 3 дахь өдрөөс нь С эмч орж ирээд та босч ойр зуур явж болно гэж зааварчилгаа өгсөн боловч би өндийгөөд хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Маргаашаас нь би халуурч эхэлсэн ба сувилагч надад өвчин намдаах тариа хийж халуун буурч байсан. Миний бие хагалгаанд орсноос хойш хүндэрч, биеийн байдал муу байсан учир хагалгаанаас хойш Ц т 3 сарын турш хэвтсэн. Ингэж хэвтэх үед хагалгаа хийлгэсэн өвдөгний шарх байнга үрэвсэж, идээ гардаг байсан. Эмнэлгээс надад боолт хийж, үрэвслийн эсрэг эм тариа хэрэглэж байснаас өвдөгний үеийн хүндрэлийн асуудалд анхаарч нэмэлт эмчилгээ хийгээгүй. Би болон манай ар гэрийнхнээс миний өвдөгний байдал эрс дордож байгаад санаа зовж, удаа дараа С эмчтэй уулзаж, нэмэлтээр ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ, дахин зураг авхуулах уу, өөр ямар эмнэлэгт хандах вэ, хагалгаанд орохдоо зүгээр алхаж, гишгэж байсан хүн хагалгаанаас хойш өнөөдрийг хүртэл бүр дордож хөл дээрээ гишгэж, явж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэх зэргээр асууж хандсан. С эмч эмнэлгийн зүгээс авах ёстой арга хэмжээгээ авч байгаа, санаа зоволтгүй, эдгэнээ, болж, бүтэж байгаа гэж хариу өгдөг байсан. Ингээд би бүр дордож. 2017 оны 12 сарын 19-ний өдөр Сонгдо эмнэлэгт дахин MRI зураг авхуулсан. Шинээр авхуулсан зургаа С эмчид үзүүлэхэд чамайг дахин хагалгаанд оруулъя, үе хооронд чинь маш их үрэвсэл явагдсан байна гэж хэлээд, дахин 1 cap эмнэлэгт эм тарианы эмчилгээгүй, өвдөгний боолтоо солиулж хэвтсэн. 2018 оны 1 дүгээр сард намайг дахин хагалгаанд оруулсан. Хагалгааны үеэр анх хагалгаагаар нөхсөн шөрмөсөө буцааж авсан. Үүнээс хойш 7 хоногийн дотор миний хагалгааны шарх эдгэсэн учир 1 дүгээр сарын 13, 14-ний үед би эмнэлгээс гарсан. Ингээд миний өвдөгний байдал дээрдээгүй, би улаараа гишгэж, алхаж чадахгүй хүндрээд байсан тул Гэмтэл согог судлалын төвд хандахад надад та энэ төрлийн хагалгаанд орсны дараа даруй хөл дээрээ гишгэх ёстой байсан, дасгал хөдөлгөөн хийж, идэвхитэй байдалтай байснаар богино хугацаанд өвдгөө бүрэн эдгээх ёстой байсан гэж зөвлөсөн. Гэтэл Ц т хагалгааны дараа огт ийм зөвлөгөө өгөөгүй. Би Гэмтэл Согог судлалын эмнэлэгт 10 хоног хэвтэж, физик эмчилгээ болон эмийн эмчилгээ хийлгэсэн боловч надад үр дүн өгөөгүй. Эмч маань цагаан сарын дараа хүрээд ирээрэй, дахин дурангийн хагалгаа хийж, доторх үрэвслийг нь угааж, цэвэрлэх шаардлагатай байна, хагалгааны дараа өвдөгний үеийг чинь хүчээр хөдөлгөх арга хэмжээ авъя гэж хэлсэн. Би 2018 оны 03 сарын 07-ны өдөр Гэмтэл Согог судлалын эмнэлэгт дахин хагалгаанд орсон. Хагалгаагаар миний өвдөгний үе дэх үрэвслийг угааж цэвэрлэж, хүчээр өвдөгний үеийг нугалж, хөдөлгөх арга хэмжээ авсан боловч үр дүнгээ өгөөгүй. Миний биеийн байдал дордоод байсан учир би удаа дараа гэмтлийн эмч нараас зөвлөгөө авахад өвдөгний үений дурангийн хагалгаанд орсны дараа шууд хөл дээр гишгүүлэх, хөдөлгөөнд оруулах ёстой байхад, бүтэн 3 сарын турш ямар ч хөдөлгөөнгүй байлгах ёсгүй. Гишгэхгүй олон cap болсноос таны хөлний яс маш их сийрэгжсэн байна. Та одоо ямар нэг аргаар хөл дээрээ гишгэ, ингэж хөдөлгөөнгүй байсан нь ийм хүндрэл өгсөн байна гэж дүгнэж байсан. Миний хувьд анх өвдөгний чагтан холбоос буюу шөрмөс нөхүүлэх хагалгаанд орохоор хандсаны эцэст нэмж гэмтэл авч, эрүүл мэндийн байдлаа дордуулж, өвдөгний үе солиулах хүртлээ хохирол амссан. Улмаар БНСУ, БНХАУ, Энэтхэг улс луу тус тус эрүүл мэндийн тусламж авах тухай хандсан боловч эдгээр улсуудаас надад өвдөгний үе солиупах шаардлагатай болсон гэх адил хариу ирүүлсэн. Ингээд би 2018 оны 07 сарын 27-ны үеэр Энэтхэг улс луу үе солиулах хагалгааны өмнөх эмчилгээнд орж, дараа нь үе солиулах төлөвлөгөөтэй очсон. Гэвч Энэтхэгийн BLK эмнэлэгт очиж, үзүүлж оношлуулахад үе солиулахаас өөр ямар ч аргагүй байдалд орсон байна, ямар нэг эмчилгээ хийлгэх боломжгүй болсон байна гэсэн хариу өгсөн. Тус эмнэлгийн зүгээс нэг бол өвдөгний үеийг бүр мөсөн тайрч аваад, ясыг нь нийлүүлж хадах, эсхүл өвдөгний үе солих хагалгаанд орох гэсэн 2 санал хэлсэн. Тиймээс би BLK эмнэлгийн гэмтлийн эмч нартай зөвлөлдөж, гэрийнхэнтэйгээ ярилцаж, өвдөгний үе солиулах хагалгаанд орсон. Хагалгаа нь 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас 11 цаг 30 минутын хооронд хийгдэж, тус эмнэлэгт хагалгааны болон эмчилгээний төлбөрт 7,013 америк доллар төлсөн. Мөн Энэтхэгийн Дэли хотод байх хугацаандаа эмнэлэгт 5 хоног, зочид буудалд 21 хоног байрласан төлбөрт 525 америк доллар төлж, замын зардалтайгаа 21,340,532 төгрөг болсон. Мөн эхний хагалгаанаас хойш эмчилгээний зардал 3,595,736 төгрөг, гадаадад хийгдсэн хагалгаанаас хойш Монголд ирээд хийлгэсэн эмчилгээний зардалд 2,170,430 төгрөг зарцуулж, өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд нийт 27,106,698 төгрөг зарцуулаад байна. Батлан Хамгаалах яамны харьяа Ц ийн Гэмтэл согог судлалын тасгийн захирал Т.С эмчийн мэргэжлийн алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гуч гаруйхан насандаа өвдөгний үе солиулах хүртэл эрүүл мэндийн хохирол амсаад явж байгаадаа маш их гомдолтой байна.
Т.С эмчийг мэргэжлийн алдаа гаргасан эсэх түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар би 2018 оны 10 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж 180608337 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан боловч прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 1671 дугаар тогтоолоор хааж шийдвэрлэсэн. Гомдлыг шалгах явцад Т.С нь мэргэжлийн ажилдаа хариуцлагагүй хандсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, хагалгааны явцад эмч алдаа гаргасан байна гэдгийг тогтоосон. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлсөн асуудал биш бөгөөд цаашид эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар холбогдох зардал, баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээсэн. Би энэ хугацаанд зөвхөн эрүүл мэнд төдийгүй, цаг хугацаа, зардал мөнгөөр маш их хохирсон. Эрүүл мэндээ нөхөн сэргээх, гаргасан зардлаа төлүүлэхийн тулд Т.С эмчийг харьяалан удирдаж ажилладаг шат шатны байгууллагуудад өргөдөл, гомдол гаргасан. 2018 оны 06 сарын 18-ны өдөр Ц ийн даргад хандахад 2018 оны 07 сарын 23-ны өдөр Эмчилгээ, үйлчилгээний чанарын хяналтын албаны хурлыг хуралдуулж, эмчлэгч эмч Д.Н , мэс засал хийсэн эмч Т.С нарыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 4.3 дахь заалтыг зөрчсөн гэж шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. 2018 оны 06 сарын 20-ны өдөр Батлан хамгаалахын сайдад хандаж гомдол гаргасан, надад албан ёсоор хаяглаж ирүүлээгүй ч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тухай баримтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шалгаж ажилласан хэрэг бүртгэлийн хэргийн материалд нотлох баримтаар ирүүлсэн. 2018 оны 11 сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасныг тус газраас хүлээн авч, шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 1802000552 дугаартай хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хариуг надад 2018 оны 12 сарын 17-ны өдөр ирүүлсэн. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т.С эмчийн үйлдэлтэй холбоотой гомдлыг Эрүүл мэндийн яаманд 2018 оны 11 сард гаргасан боловч тус газраас 12 сарын 14-ний өдрийн 7/343-ө дугаар албан бичгээр Т.С т Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан учир давхардуулан шийтгэл ногдуулахгүй гэж хариу ирүүлсэн. Шат шатны олон байгууллагад гомдол гаргаснаар Ц ийн Гэмтэл согог судлалын тасгийн захирал Т.С ыг эмчийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасныг тогтоолгосон. Т.С нь энэ хугацаанд дээрх 27,106,698 төгрөгөөс өөрийн сайн дураар 2,000,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 25,106,698 төгрөгийн хохирол зардлаа төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хөлд эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлага гарсан тул эмнэлгийн байгууллагуудад эмчилгээ хийлгэж өнөөдрийг хүртэл 1,339,500 төгрөгийн зардал гаргасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 498.2505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг үндэслэн миний эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал нийт 26,446,198 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Ц Улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Тус эмнэлэгт Ж.Б нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр хэвтэж 10 сарын 16-ны өдөр зүүн өвдөгний урд чагтан холбоос бүрэн тасарсныг сэргээн засах, нөхөх дурангийн хагалгаанд төлөвлөгөөний дагуу орсон. Хагалгааг Гэмтлийн клиникийн захирал мэс заслын их эмч, дэд хурандаа Т.С , мэс заслын эмч Л.Булган нар гардан хийсэн. Ж.Б гийн MRI шинжилгээгээр зүүн өвдөгний үений урд чагтан холбоос тасарсан байсан, хагалгаа хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн учир харьяаллын дагуу цэргийн алба хаагчид хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эмчилгээний боолт, антибиотик, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, витамин, шимэгдүүлэх, өвчин намдаах эмчилгээнүүдийг хийсэн. 2017 оны 10 сарын 27-ны өдөр Ж.Б гийн арьсан дээр цусархаг тууралт гарч хагалгааны шарх өвдөх зовиур нэмэгдэж гуурсаар бохирдсон шингэн гарсан, зүүн өвдөгний үе хаван хавдар ихтэй, эмзэглэлтэй шарх бохир, тавьсан гуурсаар бохир шингэн гарсан байсныг арьсны эмч, зүрх судасны эмч нар өвчтөнг үзэж гемморрагический васкулит онош тавьж үүнд нь үрэвслийн эсрэг дааврын эмчилгээг схемээр хийж эмчилсэн. Гэмтлийн эмч нарын тойрон үзлэгээр нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлгөөн засал хийх шийдвэр гарсан бөгөөд хөлийн шарх эдгэрсэн ч зүүн өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан 2017 оны 12 сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Ж.Б д хагалгааны дараа гемморрагический васкулит явагдаж өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдаж хүндрэл үүссэний улмаас 2018 оны 01 сарын 02-ны өдөр хэвтэж 10-ны өдөр 2 дахь удаагаа мэс засал хийлгэсэн. Гемморрагический васкулит гэдэг өвчин нь арьсны жижиг болон дунд зэргийн хэмжээтэй судасны үрэвслийг хэлдэг. Дотор эрхтэн, арьсны судсан дотор олон тооны голомтот микро бүлэнгүүд үүссэнээс хоёрдогчоор цусархагших шинжээр илэрч буй өргөн тархсан өвчин юм. Энэ өвчин нь бүх насныханд тохиолддог, удамшдаггүй, жилийн аль ч улиралд өвчилж болдог бөгөөд энэхүү өвчин нь дараах шалтгаануудаас үүсч болдог. Үүнд аутоиммун, даарах, стресс, дархлаа сулрах, хооллолт, биеийн хэт их ачаалал, вакцин, жижиг шавж, мен бусад шавж зэргээс шалтгаалж үүсдэг өвчин. Энэ өвчний эмгэг хам шинж нь дархлааны иж бүрдэл алдагдсанаас үүсдэг. Бүх биеэр тууралт өгдөг. Энэхүү өвчнөөр өвчилсөн тохиолдолд бөөрний дутагдал явагддаг. Ж.Б гийн тухайд энэхүү гемморрагический васкулит өвчнөөр өвчилсөн бөгөөд ямар шалтгаанаар өвчин үүссэнийг тогтоох боломжгүй байсан. Өвчний ангиллын тухайд холимог, явц нь цахилгаан, бөөрний дутагдлын хам шинж илэрсэн. Үүнд эмчилгээ үйлчилгээг хийж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч тусламж үйлчилгээг үзүүлсэн. Эмч эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй ажилдаа хайхрамжгүй, болгоомжгүй хандсан бол тухайн өвчтөн маань бөөрний дутагдалд орж, хөлөө тайруулах хүртэлх нөхцөл байдал үүсч болох байсан. Үүнээс урьдчилан сэргийлж чадсан бөгөөд хөлтэй нь, ажилтай нь үлдээсэн. Хагалгааг стандартын дагуу хийсэн эмч эмчилгээний ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад заагдсанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэсний дагуу Ж.Б гийн харьяа дээд удирдлагын байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штаб мөнгөн тусламж өгсөн. Ж.Б нь тэмцээнд оролцох үедээ өөрт үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй бөгөөд болгоомжгүй байдлаасаа болж өөртөө гэм хор учруулсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл шүхрээр буухдаа зөв техникээр буугаагүйн улмаас өөртөө хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 498.3-д зааснаар хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасны дагуу байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Ж.Б гийн зүүн өвдөгний үений урд чагтан холбоос тасарсаны улмаас хагалгаа хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн учир хагалгааг хийх болсон. Ж.Б нь Ц т 2017 оны 10 сарын 13-ны өдөр хэвтэж, 10 сарын 16-ны өдөр зүүн өвдөгний урд чагтан холбоос бүрэн тасарсныг сэргээн засах, нөхөх дурангийн хагалгаанд төлөвлөгөөний дагуу орсон. Хагалгааг зохих журам, стандарт, зааврын дагуу хийсэн. Хагалгааны дараа эмчилгээний боолт, антибиотик, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, витамин, өвчин намдаах, дархлаа дэмжих эмчилгээнүүд хийж байсан ба бүрэн зөвлөгөө өгсөн. Хагалгаанаас хойш 8 хоногоос Ж.Б гийн бүх биений арьсан дээр цусархаг тууралт гарч хагалгааны шархаар өвдөх зовиур нэмэгдэж гуурсаар шингэн гарч эхэлсэн. Холбогдох шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн ба шээсээр уураг болон цусны улаан эс алдаж цаашлаад бөөрний хурц дутагдал, дотуур цус алдалт, тархиний цусархаг харвалт зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд үүсэж болзошгүй байдал үүссэн. 2017 оны 10 сарын 30-ны өдөр нарийн мэргэжлийн арьсны эмч, зүрх судасны эмч нар өвчтөнг үзэж гемморрагический васкулит буюу цусархаг судасны үрэвсэл онош тавьж үүнд нь үрэвслийн эсрэг дааврын эмчилгээг схемээр хийж, хэвтрийн дэглэм сахиулан эмчилсэн. Өвчтөний амь насыг аврах, цаашид гарах хүндрэлэээс сэргийлж чагтан холбоос сэргээх мэс заслын дараах эмчилгээний арга тактик өөрчлөгдсөн. Энэхүү өвчин тухайн өвчтөнд хүнд хавсарсан хэлбэрээр илэрч олон эрхтэнг гэмтээсэн. Хөлийн шарх эдгэрсэн ч зүүн өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан. Гемморрагический васкулит гэдэг өвчин нь жижиг болон дунд зэргийн хэмжээтэй судасны үрэвслийг хэлдэг. Дотор эрхтэн, арьсны судсан дотор олон тооны голомтот микро бүлэнгүүд үүссэнээс хоёрдогчоор цусархагших шинжээр илэрч буй өвчин юм. Энэ өвчин нь бүх насныханд тохиолдож болох ба хүүхдэд хөнгөн хэлбэрээр, насанд хүрэгчдэд хүнд байдлаар тохиолдох нь элбэг, удамшдаггүй, жилийн аль ч улиралд өвчилж болдог бөгөөд энэхүү өвчин нь аутоиммунны өвчин дархлааны тогтолцооны эмгэг ба даарах, ханиад хүрэх, харшлын гаралтай, стресс, дархлаа сулрах, хооллолт, биеийн хэт их ачаалал, вакцин, шавжинд хатгуулах зэрэг олон шалтгаанаас үүсч болдог өвчин. Энэ өвчний эмгэг хам шинж нь дархлааны иж бүрдэл алдагдсанаас үүсдэг. Ж.Б гийн тухайд энэхүү гемморрагический васкулит өвчнөөр өвчилсөн бегеед ямар шалтгаанаар өвчин үүссэнийг тогтоох боломжгүй байсан. Өвчний ангиллын тухайд хавсарсан хэлбэрээр олон эрхтэн арьс, дотор эрхтэн бөөр гэмтээсэн, бөөрний дутагдлын хамт шинж илэрсэн. Миний бие Ж.Б д эмчилгээ үйлчилгээний тусламжийг цаг алдалгүй үзүүлж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн. Би мэргэжлээрээ 24 жил ажилласан ажлын туршлагатай, гэмтэл согог заслын зөвлөх зэргийн, клиникийн профессор цолтой, мэргэжлээрээ ажиллах хугацаандаа өнөөдрийг хүртэл ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэсний дагуу Ж.Б гийн харьяа дээд удирдлагын байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штаб эмчилгээний зардлыг гаргаж өгсөн. Ж.Б нь өнөөдөр анги байгууллагадаа ажиллаад цалин мөнгөө аваад явж байгаа. 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1315 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр судасны цусархаг үрэвсэл өвчнөөр Ж.Б өвдсөн байх ба энэ нь шарх эдгээж үрэвсэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн. 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн үед хагалгааны өрөө, багажны ариун байдал, халдвар хамгааллын дэглэм, эсхүл өвчтөн хагалгааны дараах дархлаа өвчлөл эсэргүүцэх чадвар муудсан, 2019 оны 03 сарын 04-ний өдөр гарсан 270 тоот дүгнэлт үндэслэлгүй гарсан, 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1315 тоот шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлт гарсан. Ц ийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 632 тоотоор зөрчил гаргасан гэж байгаа, үүнд мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг тогтоогоогүй, зөвхөн мэдээлэл, тайлбарыг Ж.Б д өгөөгүй байна гэх асуудал байгаа. Эрх бүхий албан тушаалтан Т.С ын гэм буруутайг тогтоосон гэж байна, гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харахад Т.С гэх хүний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь хохирсон гэх баримт хэрэгт байхгүй. Ариун байдал алдагдсанаас халдвар ороод энэ хүн хохироод байгаа юм уу, эсхүл хөдөлгөх ёстой гэх зөвлөгөө өгөөгүйгээс энэ хүн хохирсон юм уу гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. 2018 оны 08 сарын 10-ны өдрийн Ц ийн хурлын тэмдэглэлд эмчлэгч эмч н.Нямдорж, мэс засал хийсэн эмч Т.С нарын асуудлыг хэлэлцэж энэ 2 хүнийг хоёулаа буруутай гэсэн. Хагалгааны эмч хагалгаагаа хийгээд л яваад өгнө, харин хагалгаа хийсний дараа хөдөлгөх ёстой гэх зүйлийг өдөр тутамд үзэж заавар, зөвлөгөө өгөх хүн нь эмчлэгч эмч юм. Өнөөдрийн байдлаар Т.С эмчийг хариуцагчаар татаад н.Нямдорж эмчийг хариуцагчаар татаагүй. Мэс засал хийсэн эмч заавал орж ирж заавар, зөвлөгөө өгөх ёстой юм шиг ярьж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагч ажлаа хийж хагалгаа хийчхээд асуудал үүсэх үед нь хариуцагчаар дуудагдаж байна, ийм хариуцлагагүй байж болохгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэсэн, үүнд ажил олгогч хариуцах заалттай, 498.2-т зааснаар төр хариуцах шаардлагатай, Т.С аас нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Иймд Ж.Б гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Шүхэрчин Ж.Б гэмтлийн улмаас зүүн хөлөндөө хагалгаа хийлгээд, хагалгааны дараа өвчин нь дээрдэхгүй байсаар дахин хагалгаанд орсон боловч дээрдээгүй тул Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа хийлгэсэн байна. Хагалгаа хийсэн эмч Т.С , эмчлэгч эмч нар бүгд Ц т харьяатай хүмүүс тул эдгээр зардлыг Ц гаргаж өгөх ёстой гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
5. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
5.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-1-6, 7/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /1хх-8-10/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019.04.18-ны өдрийн 1671 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол /1хх-11/, Ц ийн даргад гаргасан гомдол, хариу албан бичиг /1хх-12-14, 15/, Батлан хамгаалахын сайдад гаргасан гомдол, хариу албан бичиг /1хх-16-18, 19-20/, Эрүүл мэндийн сайдын хариу албан бичиг /1хх-21/, эмчилгээний зардлын тооцоо, баримт /1хх-22-75/, Ц ийн хариу хүргүүлэх албан бичиг /1хх-122, 123-124/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.03.04-ний 270 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-125-128/, Ц ийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэл /1хх-129-160, 177-216/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /1хх-161-176/, Super Specialty Hospital эмчилгээний тодорхойлолт англи, монгол хэл дээр /1хх-217-237/, Ц ийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-238-245/, НМХГ-ын 1802000552 дугаартай Зөрчлийн хэргийн баримт /1хх-246-250, 2хх-1-22/, Эй Эн Мед Импекс ХХК-ийн тайлбар бичиг /2хх-24-31/, Эрүүл мэндийн яамны хариу албан бичиг /2хх-32/, офицер /ахлагч/-ийн эмнэлгийн дэвтэр /2хх-33-49/, Монгол банкны ханшийн лавлагаа /2хх-57/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх-165/, Индомеди Монголиа ХХК-ийн өвчтөний тодорхойлолт, үзлэгийн баримт /2хх-169, 170/, 2022.09.28-ны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-190, 191/, үзлэг, эмчилгээний баримт /2хх-192-225/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабораторийн шинжилгээний хариу /3хх-114/,
5.2. Хариуцагч Ц ээс ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-83, 2хх-226/, итгэмжлэл, холбогдох тушаал /1хх-84-86, 90/, хариу тайлбар /1хх-91-92/, Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирагч, ерөнхий эмчийн 2016.03.01-ний А-17 дугаар тушаал, Нарийн мэргэжлийн эмч нарын тасаг хооронд зөвлөгөө өгөх болон хамтарсан үзлэг хийх журам /2хх-58, 59-60/, НМХГ-ын мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /2хх-61/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018.09.14-ний Б/1149 дугаар тушаал /2хх-79/, 2022.06.07-ны итгэмжлэл /2хх-164/, 2022.08.15-ны хариу тайлбар /2хх-172-173/, НМХГ-ын 2018.08.29-ний 02-02/3274 дугаартай албан бичиг /2хх-228/, 14722 дугаартай өвчний түүх /2хх-248-250, 3хх-1-36/, 0053 дугаартай өвчний түүх /3хх-37-60/, 2024.12.10-ны итгэмжлэл /3хх-97
5.3. Хариуцагч Т.С аас ирүүлсэн: 2022.09.01-ний хари тайлбар /2хх-180-181/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /2хх-229/, 2025.01.08-ны итгэмжлэл /3хх-106/,
5.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Стандарт, хэмжил зүйн газрын 2019.10.16-ны 01/900 дугаартай албан бичиг /2хх-97/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019.10.17-ны 1/3389 дугаартай албан бичиг, зөрчил шалгах баримт /2хх-98, 99/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.08-ны 1315 дугаартай Шинжээчийн дүгнэлт /2хх-105-110/, Эрүүл мэндийн яамны Ерөнхий мэс засал судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2020.05.06-ны 03 дугаартай албан бичиг /2хх-131/, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2021.06.21-ний 021 дугаартай албан бичиг /2хх-147/, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2022.03.07-ны 017 дугаартай дүгнэлт /2хх-157-158/, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2023.02.13-ны 33/2023 дугаартай албан бичиг /2хх-247/, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2024.10.18-ны дүгнэлт /3хх-84-87/.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
| г |
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ц болон Т.С нарт холбогдуулан эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан үндэслэлээр эмчилгээ болон холбогдох зардал 25,106,698 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсны улмаас 1,339,500 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн хариуцагч нараас нийт 26,446,198 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих стандартын дагуу тухай бүрт нь үзүүлсэн, үрэвслийн эсрэг эмчилгээг зохих ёсоор хийсэн, хагалгааны дараа гемморрагический васкулит буюу цусархаг судасны үрэвсэл өвчний онош тавигдаж, өвчтөний биед хүнд хавсарсан хэлбэрээр илэрсэн нь юунаас шалтгаалсныг тогтоох боломжгүй, биед нь хүндрэл учирсанд эмнэлэг болон эмчийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй тул үүнээс үүдэн гарсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй гэж тайлбарлан гэм буруугийн талаар маргажээ.
4. Ж.Б нь Ц т 2017 оны 10 сарын 13-ны өдөр зүүн өвдөгний үеийн урд чагтан холбоос тасарсан оноштой хэвтэн, 2017 оны 10 сарын 16-ны өдөр өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаанд орж, эмнэлэгт 56 хоног хэвтэн эмчлүүлж 2017 оны 12 сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Мөн 2018 оны 01 сарын 02-ны өдөр зүүн өвдөг хагалгааны дараа хавдаж үрэвсэн шингэн хуралдсан оноштой эмнэлэгт хэвтэж, 2018 оны 01 сарын 10-ны өдөр үе хоорондын үрэвслийг цэвэрлэх, гадны биетийг авах дурангийн хагалгаанд орж, эмнэлэгт 17 хоног хэвтэн эмчлүүлж, 2018 оны 01 сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан нь хэрэгт авагдсан өвчний түүх болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 248-250, 3 дугаар хх-ийн 1-60/
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хагалгааны дараа босож чадахгүй, халуурч, хөл дээрээ гишгэж чадахгүй биеийн байдал хүндэрсэн, өвдөгний шарх үрэвсэж, идээ гарч байхад эмнэлгээс боолт хийж, үрэвслийн эсрэг эм тариа хэрэглэснээс өөрөөр өвдөгний үеийн хүндрэлийн асуудалд анхаарч нэмэлт эмчилгээ хийгээгүй, хагалгааны дараах зөвлөгөөг зохих ёсоор өгөөгүйгээс түүний эрүүл мэндэд гэм хор учирсан гэж тайлбарлаж байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц ийн гэмтлийн мэс заслын эмч Т.С ын мэргэжлийн хариуцлага, буруутай үйл ажиллагааны улмаас эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учруулсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасны дагуу 180608337 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 1671 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /1 дүгээр хх-ийн 11/
8. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Ж.Б гаас ирүүлсэн гомдлын дагуу Ц ийн гэмтлийн их эмч Т.С т холбогдох 1802000552 дугаартай зөрчлийн хэрэг 2018 оны 11 сарын 20-ны өдөр нээн шалгаж, холбогдогч Т.С нь төрийн үйлчилгээтэй Ц ийн албан хаагч бөгөөд зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. /1 дүгээр хх-ийн 249-250, 2 дугаар хх-ийн 1-22/
9. Нэхэмжлэгч Ж.Б гийн биед Ц т хийсэн дурангийн мэс заслын ажиллагаа болон түүний биед илэрсэн хүндрэлийн талаар дараах шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Үүнд:
9.1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 270 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “...1. 2. Ц ийн эмч нар Ж.Б гийн зүүн өвдөгний чагтан холбоосны тасралыг зөв оношилсон байна. 3. Шаардлагатай шинжилгээг хийж оношийг зөв тогтоож, шаардлагатай мэс засал эмчилгээ хийсэн байна. 4. 5. Мэс засал болон эмийн эмчилгээ, арчилгаа, сувилгааг бүрэн хийжээ. 6. Өвдөгний чагтан холбоосны тасралтыг мэс засал эмчилгээ хийдэг. 7. Ж.Б д хийгдсэн мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгаалах дэглэм алдагдсанаар хагалгааны дараа идээт үрэвсэл үүсчээ. Зүүн өвдөгний үений идээт үрэвсэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /1хх-ийн 125-128/
9.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1315 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “...1. Ж.Б гийн зүүн өвдөгний чагтан холбоосны тасралыг нөхөх, сэргээх дурангийн мэс заслыг зохих журмын дагуу хийсэн байх бөгөөд мэс заслын тэмдэглэлд хагалгааны талбайг зохих журмын дагуу ариутган хатгалтыг зохих журмын дагуу хийсэн байна. Мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгааллын дэглэм алдагдсан эсэхийг өвчний түүхийн бичлэгээс мэдэх боломжгүй ба өвчний түүхээс харахад мэс заслын дараах 11 дэх хоногоос шархны гуурсаар бохирлогдсон шингэн гарч эхэлсэн байх тул мэс заслын үед шарх бохирлогдсон гэж үзэх боломжгүй байна. 2. Шарх үрэвсэх нь зөвхөн халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас шалтгаалахгүй ба тухайн хүний биеийн эсэргүүцэл суларснаас үүсч болно. Ж.Б нь судасны цусархаг үрэвсэл өвчнөөр өвдсөн байх ба энэ нь шарх идээлж үрэвсэхэд нөлөөлсөн байж болно” гэжээ. /2 дугаар хх-ийн 105-110/
9.3. Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, эмч М.Болдбаатарын 2022 оны 03 сарын 07-ны дүгнэлтэд “...А.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.08-ны өдрийн 1315 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв. Б. Идээт болон цусархаг үрэвсэл нь мэс заслын дараах халдвар, хувь хүний биеийн ерөнхий дархлаа эсэргүүцлээс шалтгаалан үүсэж болно...” гэжээ. /2 дугаар хх-ийн 158-159/
9.4. Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ерөнхий мэргэжилтэн, Гэитэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч С.Сүхбат, зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гэмтэл согог судлалын тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор Л.Наранбат нарын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дүгнэлтэд
“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 270 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Ж.Б д хийгдсэн мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгаалах дэглэм алдагдсанаар хагалгааны дараа идээт үрэвсэл үүсчээ. Зүүн өвдөгний үений идээт үрэвсэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгаалах дэглэм алдагдсан гэдэг нь тогтоогдох боломжгүй байна. Тухайн үед хагалгааны өрөө, багажны ариун байдал, эмч, сувилагчийн халдвар хамгааллын дэглэм, эсвэл өвчтөн хагалгааны дараах дэглэм алдсанаас, дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар муудсанаас мөн бусад эмгэгийн улмаас хоёрдогчоор халдвар авсан байх боломжтой.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1315 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...мэс заслын дараах 11 дэх хоногоос шархны гуурсаар бохирлогдсон шингэн гарч эхэлсэн байх тул мэс заслын үед шарх бохирлогдсон гэж үзэх боломжгүй байна. 2. Шарх үрэвсэх нь зөвхөн халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас шалтгаалахгүй ба тухайн хүний биеийн эсэргүүцэл суларснаас үүсч болно. Ж.Б нь судасны цусархаг үрэвсэл өвчнөөр өвдсөн байх ба энэ нь шарх идээлж үрэвсэхэд нөлөөлсөн байж болно гэсэн нь үндэслэлтэй байна ...” гэжээ. /3хх-ийн 84-87/
10. Ж.Б нь хариуцагч Ц т 2017 оны 10 сарын 16-ны өдөр өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаа, 2018 оны 01 сарын 10-ны өдөр үе хоорондын үрэвслийг цэвэрлэх, гадны биетийг авах дурангийн хагалгаа хийлгэсэн боловч түүний өвдөгний байдал дээрдээгүй өвчин хүндэрсний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, улмаар 2018 оны 03 сарын 07-ны өдөр өвдөгний үе дэх үрэвслийг угааж цэвэрлэж, өвдөгний үеийг нугалж, хөдөлгөх арга хэмжээ авах мэс засал хийлгэсэн байна.
Дээр дурдсанаар зүүн өвдөгний гэмтэлд 3 удаа хагалгаа хийлгэсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй гишгэж чадахгүй байсан тул гадаад улсууд руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хандаж, 2018 оны 07 сард Энэтхэг улсын BLK эмнэлэгт үзүүлж оношлуулахад үе солиулах шаардлагатай гэсний улмаас 2018 оны 08 сарын 07-ны өдөр зүүн өвдөгний үеийг бүхлээр нь хиймэл үе солих хагалгаанд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 24-31/
11. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц т хагалгаа хийлгэсний дараа бусад гэмтлийн эмнэлэг, эмч нарт хандахад өвдөгний үений дурангийн хагалгаанд орсны дараа шууд хөл дээр гишгүүлэх, хөдөлгөөнд оруулах ёстой байхад, бүтэн 3 сарын турш ямар ч хөдөлгөөнгүй байлгах ёсгүй, гишгэхгүй олон cap болсноос хөлний яс маш их сийрэгжиж хөдөлгөөнгүй байсан нь ийм хүндрэл өгсөн байна гэж дүгнэсэн, анх өвдөгний чагтан холбоос буюу шөрмөс нөхүүлэх хагалгаанд орохоор хандсаны эцэст нэмж гэмтэл авч, өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэсэн нь Ц ийн гэмтлийн эмч Т.С ын мэргэжлийн алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас болсон гэсэн үндэслэлээр эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагч Ц болон мэс засал хийсэн эмч Т.С нараас гаргуулахаар шаарджээ.
Ж.Б нь Энэтхэг улсад эмчлүүлсэн эмчилгээ, түүнтэй холбогдох зардалд хагалгаа болон эмчилгээний төлбөрт 7,013 америк доллар, эмнэлэгт 5 хоног, зочид буудалд 21 хоног байрласан төлбөрт 525 америк доллар, замын зардалтайгаа нийлээд монгол төгрөгөөр нийт 21,340,532 төгрөг, гадаадад хийгдсэн хагалгаанаас хойш Монголд ирээд хийлгэсэн эмчилгээний зардалд 2,170,430 төгрөг, Ц т эхний хагалгаанаас хойш эмчилгээний зардалд 3,595,736 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 27,106,698 төгрөг зарцуулсан, Т.С эмч өөрийн сайн дураар 2,000,000 төгрөгийг өгснийг хасаж тооцон үлдсэн 25,106,698 төгрөгийн хохирол зардлаа төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. /1 дүгээр хх-ийн 22-75/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн байгууллагуудад хандан өвдөгний үений оношилгоо, хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэхэд зарцуулсан зардал болох нийт 1,339,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. /2 дугаар хх-ийн 192-225/
12. Хариуцагч Ц нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д зааснаар төрөлжсөн нарийн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд Т.С нь тус эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Цэргийн төм эмнэлэг, тус эмнэлгийн эмч Т.С ын буруутай үйл ажиллагааны улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан үндэслэлээр хариуцагч нараас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаарджээ.
14. Хариуцагч Ц ийн даргын зөвлөлийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн хурлаар Ж.Б д мэс засал хийсэн болон мэс заслын дараах хүндрэлийн асуудлыг хэлэлцэж, эмчлэгч эмч Д.Н , мэс засал хийсэн эмч Т.С нар нь өвчтөнд шархны хоёрдогч хүндрэл, аутоммунный өвчин болох гемаррагический васкулитаар өвдсөн нь үенд үүссэн үрэвслийн хожуу үр дагавар, эрсдлийн талаарх мэдээллийг тайлбарлаж өгөх тал дээр дутмаг хандсан гэж үзлээ гэж дүгнэсэн байдлаас үзэхэд Ц ийн үйл ажиллагаанд мөрдөж буй Нарийн мэргэжлийн эмч нарын тасаг хооронд зөвлөгөө өгөх болон хамтарсан үзлэг хийх журмын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ эмнэлэг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, дээр дурдсан Ц ийн даргын зөвлөлийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн хурлаар мэс засал хийсэн эмч Т.С ыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 4.3 “Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавх, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэснээс өөрөөр хариуцагч Т.С ын мэргэжлийн алдаа гаргасныг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
15. Хариуцагч Т.С нь Ц ийн гэмтлийн мэс заслын эмчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж нэхэмжлэгч Ж.Б гийн биед 2 удаа дурангийн мэс засал хийхдээ мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй бөгөөд Ц нь Ж.Б д хийсэн мэс засал болон мэс заслын дараах хүндрэлийн эрсдлийн талаарх мэдээллийг тайлбарлаж өгөх үүргээ эмчлэгч эмч Д.Н , мэс засал хийсэн эмч Т.С нар бүрэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн атлаа зөвхөн эмч Т.С ыг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул Нарийн мэргэжлийн эмч нарын тасаг хооронд зөвлөгөө өгөх болон хамтарсан үзлэг хийх журмын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ эмнэлэг хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б д учирсан хохирлыг Ц ээр төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 09 сарын 14-ний өдрийн Б/1149 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхрийн сургагч, зааварлагч сургагч ахлах Ж.Б д 10,431,136 төгрөгийн эмчилгээний зардал олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг уг тушаалаар олгосон гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгчид төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр олгосон тусламж гэж үзэхээр байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.
17. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.О нь нэхэмжлэгч Ж.Б д хагалгаа хийсэн эмч Т.С , эмчлэгч эмч нар бүгд Ц т харьяатай хүмүүс тул эдгээр зардлыг Ц гаргаж өгөх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.
18. Дээр дурдсан үндэслэлүүд болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн нэгтгэн дүгнэж, хариуцагч Ц ээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 26,446,198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б -д олгож, хариуцагч Т.С т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 320,480 төгрөг /283,480 төгрөг, 37,000 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 290,181 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц ” улсын төсөвт үйлдвэрийн газраас гэм хорын хохиролд 26,446,198 /хорин зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б -д олгож, хариуцагч Т.С т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 320,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ” улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 290,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Н.САРАНГҮН