| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2020/03540/И |
| Дугаар | 210/МА2021/00366 |
| Огноо | 2021-02-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2021/00366
Б.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Гын хариуцагч Ншшггт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Га шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/00269 дугаар шийдвэрээр Б.Гаас 168 498 975 төгрөгийг гаргуулж, П.Цэнгэлд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэрийн дагуу, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжилсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-180/31170, 4-180/31176 тоот албан мэдэгдлүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн бөгөөд дээрх мэдэгдлүүдэд дурдсанаар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандийн гудамж, 23 дугаар байрны 52 тоот 50.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын үнэлгээнүүд хэт багаар тогтоогдсон байсан. Иймд миний бие дээрх үнэлгээнүүдийг эс зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваагүй болно. Иймд дээрх нэр бүхий хөрөнгүүдийг багаар үнэлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Гад шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулахад биелүүлээгүй, Мөн төлбөр төлөгчөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 18290481/03 дугаар хөрөнгө орлогын мэдүүлэг авахад хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас тогтоогдоогүй тул 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18290448/08 дугаар тогтоолоор оршин суух хаягт үзлэг нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангах хөрөнгө тогтоогдоогүй. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18290448/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банк дах харилцах дансыг битүүмжлэн хасалт хийх тогтоолыг арилжааны банкинд хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Га нь 28 410 000 төгрөгийг төлж төлбөрийн 139 590 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Б.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж салбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18290448/06 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 180/02 дугаар тогтоолоор хурааж, талуудаас болон Хас банк ХХК-аас үнийн санал гаргуулахад төлбөр төлөгч 150 000 000 төгрөг, төлбөр авагч 15 000 000 төгрөг, барьцаалуулагч Хас банк ХХК 36 314 500 төгрөгөөр үнэлж харилцан тогтоогоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/371 дугаар тогтоолоор шинжээчийг томилж үнэлүүлэхэд 90 866 000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээг талууд болон барьцаалуулагч Хас банк ХХК-д хуулийн хугацаанд мэдэгдсэн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Ншшггт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Файн Эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна... хэмээн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон "Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийсэн үнэлгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот, 50,67 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнийг 121 043 000 төгрөгөөр, "Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх болон тус хаягт байрлах нэгж талбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газрын үнэлгээг үнийг 90 866 000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээнүүд нь бодит байдалд нийцэхгүй, хэт бага үнэлгээ болсон гэж үзэж ...нэр бүхий хөрөнгүүдийг багаар үнэлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгуулах... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Маргааны зүйл нь Файн Эстимэйт" ХХК, Виннэр вэй ХХК-уудаас томилогдсон шинжээч нарын дүгнэлтээр тогтоосон Б.Гын өмчлөлийн хөрөнгүүдийн үнэлгээ бөгөөд уг үнэлгээг бодит байдалд нийцэхгүй, хэт бага үнэлгээ болсон гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нарын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хэргийг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой хянан шийдвэрлүүлэх үүднээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс мэргэжил, тооцоо, тоо бүртгэл. техникийн зэрэг тусгай мэдлэг чадвар бүхий хөндлөнгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие Файн Эстимэйт ХХК болон Виннэр Вэй" ХХК-уудын дүгнэлт нь үндэслэлтэй эсэх асуудлыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Шүух дээрх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан бөгөөд дээр дурдсан эрхийг хэрэгжүулэх боломжоор хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй атлаа маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Га нь хариуцагч Ншшггт холбогдуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203029587 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж салбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/00269 дугаар шийдвэрээр П.Цэнгэл нэхэмжлэлийн шаардлага болох 206 450 000 төгрөгөөс 38 450 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Га үлдэх 168 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 9 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 000 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 27,28 дугаар тал/
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/03745 дугаар захирамж гарч, мөн өдөр 183/ГХ2018/00340 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18290448 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газрыг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 180/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 180/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх-126-127, 134-135 дугаар тал/
Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 8/371 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 8/370 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 145,159 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.
Шинжээч Виннэр вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14-1434/1 тоотод байрлах хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14 тоотод байрлах нэгж талбарын 18649327256714 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт 90 866 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 188-207 дугаар тал/
Мөн шинжээч Файн Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 121 043 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 188-207 дугаар тал/
Ваннэр вэй ХХК, Файн Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14-1434/1 тоотод байрлах хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14 тоотод байрлах нэгж талбарын 18649327256714 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөтэй холбоотой хэсгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргасан байх бөгөөд уг үнэлгээ хийсэн ажиллагааг анхан шатны шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс уг эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох шаардлагагүй, ийнхүү үнэлгээ хийх нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь зөв. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
з
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХТӨР