| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/08091/И |
| Дугаар | 192/ШШ2025/00905 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/00905
2025 02 03 192/ШШ2025/00905
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Эрх чөлөө гудамж, 3 тоот хаягт оршин суух Тайж овогт Мягмаржавын Н*******/регистрийн дугаар: ЧМ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр 28 тоот хаягт оршин суух Олхонууд овогт Пунцагийн Н*******/регистрийн дугаар: УК*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 51,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр М.Н******* нь П.Н*******тэй харилцан тохиролцож, 34,200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлүүлж, нотариатаар зээлийн гэрээ байгуулсан билээ. Зээл авсны дараа П.Н******* нь 1 сарын дотор зээлээ эргүүлэн төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй зайлсхийсээр байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд П.Н*******ийн төлөх ёстой 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл алданги 0.5 хувь-171,000 төгрөг нийт 176 хоног буюу 30,096,000 төгрөг болсныг 50 хувиар тооцоход 17,100,000 төгрөгийн алдангийг үндсэн зээл 34,200,000 төгрөгийн хамт төлөх ёстой байна. Иймд П.Н*******ээс 51,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагын 6,300,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 45,000,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч нь 45,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н******* нь хариуцагч П.Н*******д холбогдуулан 51,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,300,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч П.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор М.Н*******ид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,300,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр М.Н*******ид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,450 төгрөгөөс Төрийн сан/100200100941/-аас 207,225 төгрөг, хариуцагч П.Н*******ээс 207,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Н*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР