| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 183/2024/06871/И |
| Дугаар | 192/ШШ2025/00817 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00817
| 2025 01 30 | 192/ШШ2025/00817 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чех улс, Чэска липа, ломена 2860 хаягт оршин суух Ач Хариад овогт Нямбатын Э*******/регистрийн дугаар: РЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 24б дүгээр байр, 201 тоот хаягт оршин суух Тайж овогт Эрхэмбаярын П*******/регистрийн дугаар: РТ*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагч Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э******* нь хариуцагч Э.П*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н.Э******* миний бие Э.П*******тэй 2002 онд танилцаж, 2005 оноос хамтран амьдарч 2008 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Э*******ын Д******* төрсөн. Хамтран амьдрах хугацаанд түрээсийн байранд амьдардаг байсан. 2013 оноос тус тусдаа амьдрах болсон бөгөөд 2015 онд миний бие өөр хүнтэй гэр бүл болж, Чех улс руу явсан. Одоо бид тусдаа амьдрал зохиож цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Э.Д*******ийг эхийн асрамжид өгч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тайлбарласан.
2. Хариуцагч Э.П******* 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э*******тай 2002 онд танилцаж, 2004 оноос хамт амьдарсан. Н.Э******* нь 2013 оноос өөр хүнтэй хамт амьдарч, 2015 онд тэр хүнтэйгээ Чех улс руу явсан. Түүнээс хойш ямар ч холбоогүй байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сард холбоо бариад, гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Бид тус тусдаа гэр бүлтэй болж, хүүхэдтэй болсон. Дундаасаа нэг охинтой, охин маань одоо 16 нас хүрч байгаа. Н.Э******* нь охиндоо ямар ч тэтгэмж өгдөггүй, 16 насанд хүртэл нь би өөрөө өсгөж, хүмүүжүүлж байна. Тиймээс охиноо 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. Бид дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөх болон охин Э.Д*******ийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, гадаад пасспортын хуулбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Э.Д*******ий төрсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлсон эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол Тэмүүлэл сургуульд Э.Д*******ий суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл тус тус шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н.Э******* хариуцагч Э.П*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Н.Э******* хариуцагч Э.П******* нар нь 2002 онд танилцаж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.Д******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, 82 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 182 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5.6 дугаар тал/
3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
4. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд болох Э.Д******* нь өнгөрсөн хугацаанд эхийн асрамжид, түүнтэй хамт өсөж, хүмүүжсэн, энэ орчиндоо ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хүүхдийн ээнэгшин дассан орчныг солих, амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл байдлыг өөрчлөх хангалттай үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн талууд хэн аль нь охин Э.Д*******ийг эх Э.П*******гийн асрамжид үлдээхэд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс Э.Д*******ийг эх Э.П*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй.
6. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Э*******аас тэтгэлгийг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох охин Э.Д*******ийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Зохигчдын хэн аль нь дундын өмчлөлийн маргаан байхгүй талаар мэдүүлсэн ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д: Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. гэж заасан байна. Охин Э.Д******* эхийн асрамжид байгаа ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдээс санал авах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
8. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол түүнийг оролцуулалгүй нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж болохоор заажээ.
9. Гэрлэгчид удаан хугацаанд тусдаа, мөн нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Чех Улсад оршиж сууж байгаа нь түүнийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэх хүндэтгэн үзэх шалтгаан мөн бөгөөд Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулан энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахаар бичмэл баримт /итгэмжлэл/ үйлдсэнийг өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх-ээр бичгээр хүсэлт гаргасантай адилтгаж үзсэн болно.
10. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ач Хариад овогт Нямбатын Э*******/регистрийн дугаар: РЭ*******/, Тайж овогт Эрхэмбаярын П*******/регистрийн дугаар: РТ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Э.Д*******ийг эх Э.П*******гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Намнан овогт Э*******ын Д*******/регистрийн дугаар: РЮ*******/-ийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Э*******аас тэтгэлгийг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Н.Э*******ад, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.П******* нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.П*******гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э*******ад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР