| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00436/И |
| Дугаар | 192/ШШ2025/00804 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00804
2025 01 30 192/ШШ2025/00804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамж хаягт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, Залуус хороолол 48б дугаар байр, 406 тоот хаягт оршин суух Хумбадай овогт Давхарбаярын Ал*******/регистрийн дугаар: ЧЕ*******/-ийг
Захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш*******, гуравдагч этгээд Д.Ал*******, гэрч Х.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Д.Ал*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны оршин суугч Д.Ал*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан. Д.Ал******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, удаа дараа дуудлага мэдээлэлд орж, 2024 онд 4 удаа хэрэг бүртгэгдсэн. Өмнөх онуудад удаа дараа дуудлага мэдээлэлд орж, эрүүлжүүлэгдсэн. Дуудлага мэдээлэлд өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж, тус дуудлага мэдээлэл өгөгдсөний дагуу архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
2. Гуравдагч этгээд Д.Ал******* хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээ: Архины албадан эмчилгээнд явах хүсэлтэй байна. Ажлаасаа гарснаас хойш сүүлийн 2 жил архи уусан. Өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Шар хаданд төлбөртэй хэвтэж болно гэсэн. Би өөрөө архинаас гарч болох бөгөөд ээж ажилд оруулахаар ярьсан учраас албадан эмчилгээнд хамрагдах хугацааг нь бага байхаар тогтоож өгөөсэй гэж хүсэж байна гэж тайлбарласан.
3. Гэрч Х.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүгийн хамт амьдардаг. Д.Ал******* нэг эмэгтэй дүүтэй. Гэхдээ албадан эмчилгээнд явуулах хоног нь арай их байна. Хүүгээ ажилд оруулахаар ярьчихсан байгаа. Хүн дуудаад, гараад явах үедээ архи уудаг. Сүүлийн нэг жил ийм байдалтай байгаа. Гэртээ агсам согтуу тавьдаггүй гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Б.Ш*******т олгосон 30з2-1/626 дугаартай итгэмжлэл, ******* дугаартай Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Д.Ал*******ийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох тухай эрүүл мэндийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хэргийн материал, эрүүл мэндийн дүгнэлт танилцуулсан баримт, Д.Ал*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмнэлгийн эмч нарын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Д.Ал*******ийн тайлбар, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн мэдээлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Д.Ал*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
2. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй, Давхарбаярын Ал******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, архинд донтох эмгэг өвчтэй болох нь гэрчийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, тус дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хамтарсан багийн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
3. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.2-т заасан этгээд болох цагдаагийн байгууллагын алба хаагч Б.Ш*******, тус дүүргийн 38 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ш.Г*******, өрхийн эмнэлгийн эмч М.Г******* нарын хүсэлт /Хамтарсан багийн хурал хийж, тэмдэглэл байдлаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан/-ийг үндэслэж шүүхэд хандсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан материалыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн байна.
4. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Д.Ал*******ийг албадан эмчлэхийг хориглосон Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтийг тухайн хүн буюу Давхарбаярын Ал*******, түүнтэй хамт амьдардаг ээжид нь танилцуулсан байна. Мөн эдгээр этгээд нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаагүй болно.
6. Гуравдагч этгээд Д.Ал******* нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж оролцсон, мөн гэр бүлийн гишүүд болох ээж, хамтран амьдрагч гэх эмэгтэй нар архи согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нь түүнийг сайн дураар эмгэг өвчнөө эмчлүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэж байна.
Иймд Д.Ал*******ийг албадан эмчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Хумбадай овогт Давхарбаярын Ал*******/регистрийн дугаар: ЧЕ*******/-ийг албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР