Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 0065

 

 

 

 

 

 

 

Д.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Т.Д

Шүүгдэгч                                                          Д.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц

Нарийн бичгийн дарга                                Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Дт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-н Д,

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Ж.Ж-н нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Д-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан, шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар буюу 45 хоног хорих ялаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 45 хоног хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн        дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жил хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

          Хохирогч Ж.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал буюу эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо:

... Би        аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн        дугаар тоот захирамжаар 4 жил 1 сар 8 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоолгосон билээ. Улмаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд 2020 оны 09 дүгээр сараас хойш сар бүрд тогтмол бүртгүүлж хорихоос өөр ял эдэлж байсан. Хоригдол Д.Д би хяналтад байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 368 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэл авсан. Энэ шийдвэрээ анхан шатны шүүх хорих ял болгон шийдвэрлэсэн. Энэхүү хорих ял болгон шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь хоригдол Д.Д миний хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд бүртгүүлж байсан. 2 жил 5 сар 5 хоногийн хугацааг орхигдуулан 4 жил 1 сар 8 хоногийн ялыг бүрнээр нь сэргээж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх заалтын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийг зөрчиж, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох журмын 6.12.4-р зүйлд заасныг зөрчиж Д.Д миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Шүүхийн дээрх шийдвэрийг хянан үзэж хорихоос өөр төрлийн ял эдэлсэн хугацаа болон 2 жил 5 сар 5 хоногийн ялыг хасаж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Д тайлбартаа: ... Би сар бүр бүртгүүлдэг. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан. Хорих ял эдэлж байгаа ялтнууд ялаасаа асуулдаг. Хууль хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой учраас би гомдол гаргасан ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р:Ц тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2 жил 5 сар 5 хоног бүртгүүлж ажил хийж байсан. Шүүгдэгчийн дээрх хугацааг хасаж тооцох саналтай байна. Үлдсэн ялыг нэмж нэгтгэх боломжтой ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Ж.Ж-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

хохирогч Ж.Ж-н “...        багийн        тоот хашааны гадна талд нь очиход зүс таних Д таараад надаас архи нэхээд байхаар нь чи яваа, эрхтэн гэртээ харьж амар” гэж хэлтэл намайг үгийн зөрүүгүй гараараа нэг удаа цохиод зугтаагаад явсан...тухайн үед Д согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15/,

 

гэрч М.Э-н “...намайг гарахад Ж ах хүүхдийн хамтаар болон Д гэх залуугийн хамт ирсэн байсан. Ж ах Д гэх хүнийг харьж амар гэж хэлтэл үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараараа цохиж 3 шүдийг нь хугалсан. Д гэх залуу зугатаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 18/,

 

хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 126 дугаартай “... Ж.Ж-н биед дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн булгаралт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо ... дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт,

доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана... “ гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Д.Д нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялаа эдэлж байгаад        аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн        дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагджээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг нэг хоног хорих ялаар буюу 45 хоногоор тооцож, дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаа буюу эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 8 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биеэр эдлэх хорих ялыг 4 жил 2 сар 23 хоногоор тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Шүүгдэгч Д.Д нь “... би хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд бүртгүүлж байсан. Шүүх 2 жил 5 сар 5 хоногийн хугацааг орхигдуулан 4 жил 1 сар 8 хоногийн ялыг бүрнээр нь сэргээж миний эрх зүйн байдлыг дордуулсан ... ” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой боловч ялтныг нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилго нь тухайн ялын хугацаанаас өмнө биелэгдсэн бол ялын хугацааг дуустал эдлүүлэхгүйгээр суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоох нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нэг хэлбэр юм.

 

Хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх түүний “эдлээгүй үлдсэн ял” дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хуульд заасан журмаар нэмж нэгтгэн эдлэх ялын хугацааг тогтоох зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тусгагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүний “эдлээгүй үлдсэн ял” гэдэгт шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн буюу хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа бүхэлдээ хамаарах юм.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу түүний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын “... 2 жил 5 сар 5 хоногийн ялыг хасаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж  үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.УРАНЧИМЭГ                                           ШҮҮГЧ                                                            С.ЦЭЦЭГМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР