Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00367

 

СБДДЦГын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00192 дугаар шийдвэртэй, СБДДЦГын хүсэлттэй, Н.Быг архины албадан эмчилгээнд явуулах тухай шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Боржигин овогт Нарандэлгэрийн Буджав нь 1998 оны 12 сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эр, халх, бүрэн дунд боловсролтой, 8 ам бүлээр амьдардаг. Архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж, зөрчил үйлдэж, ар гэртээ агсан согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулдаг. Архинд донтох өвчний 3-р зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд Н.Быг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэвч архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Н-ИЙН Буджав -ыг архины албадан эмчилгээнд хамруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч СБДДЦГын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Н.Быг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд явахаар шийдвэрлэгдэж, тус сарын 27-ны өдөр архины албадан эмчилгээнд ирсэн. Миний бие Улаанбаатар Их сургуульд төгсөх курсийн оюутан бөгөөд намайг архины албадан эмчилгээнд ирснийг мэдсэн эмээгийн минь бие хүндэрч эмнэлэгт хэвтсэн. Архины албадан эмчилгээнээс гарсан даруйд архи согтууруулах ундаа дахиж хэрэглэхгүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

 

Н.Б нь согтууруулах ундааг шалтгаангүйгээр хэрэглэж, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нийгмийн ажилтан Л.Д-н хүсэлт, төрсөн эгч Н.Уянгын мэдүүлэг, мөн Н.Бын өөрийнх нь өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4, 6-10 дугаар тал/ Түүнчлэн, Сүхбаатар дүүрэг дэх эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр Н.Быг архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болохыг тогтоожээ. /хэргийн 17 дугаар тал/

 

Иймд Н.Быг албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн СБДДЦГын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Н.Б нь давж заалдах гомдолдоо төгсөх курсийн оюутан, эмээгийн бие хүндэрч эмнэлэгт хэвтсэн гэх үндэслэлүүд заажээ. Эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл биш болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

С.ЭНХТӨР