2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00779

 

 

 

2025 01 29 192/ШШ2025/00779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон хороолол 106 дугаар байр, 120 тоот хаягт оршин суух Адууч овогт Галсансүрэнгийн А*******/регистрийн дугаар: ХЙ*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхант 16 дугаар гудамж, 260-1 тоот хаягт оршин суух Адууч овогт Галсансүрэнгийн Б*******/регистрийн дугаар: ЦА*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь эх 8 дугаар гудамж, 270 тоот хаягт оршин суух Хстаубай овогт Кебений Х*******/регистрийн дугаар: УК*******/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36,525,734.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч Г.А*******, К.Х*******, Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь хариуцагч Г.А*******, Г.Б*******, К.Х******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,525,734.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Г.А*******, Г.Б******* нар нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хаан Банк ХК-ийн Чингэлтэй төвлөрсөн тооцооны төвтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 20,000,000 төгрөгийн шуурхай бичил зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Г.А*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй LEXUS RX 400H маркийн автомашин болон тоног төхөөрөмжийг барьцаалсан. Зээлдэгч 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,624,326.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,240,792.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,324.9 төгрөг, нийт 7,873,444.1 төгрөг төлсөн байна. Хариуцагч Г.А*******, Г.Б******* нараас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,375,673.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,183,652.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,950,409 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 36,525,734.3 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасны дагуу барьцаанд бүртгэгдсэн К.Х*******ын өмчлөлийн ******* улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй Lexus RX 400h маркийн автомашинаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

2. Хариуцагч Г.А*******, Г.Б******* нарт 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, хариуцагч К.Х*******т 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг тус тус гардуулсан. Хариуцагч Г.Алтанжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээл авсан тул зээлийг төлнө, би өөрөө хариуцна гэж бодож байна. Гэхдээ төлөхдөө график гаргаж төлнө гэв.

3. Хариуцагч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Б******* миний бие 1966 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Г.А******* нь миний том ахын төрсөн охин бөгөөд 6 жилийн өмнө Хаан Банк ХК-иас салон ажиллуулах гэж зээл авсан нь үнэн. Авсан нь үнэн юм чинь төлнө. гэв:

4. Хариуцагч К.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг хэрэгт хариуцагчаар оролцож буй Г.А*******, Г.Б******* гэх хүмүүсийг огтоос танихгүй, мөн тэдний Хаан Банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй болно. Миний бие ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар, тус тээврийн хэрэгсэл Г.А*******гийн өмч байсан талаар, ******* улсын дугаар ******* болгож өөрчилсөн талаар огтоос мэдэхгүй. Учир нь би 1267 УНТ улсын дугаартай Lexus RX400h маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Л.З******* гэх хүнээс 23,250,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үедээ Л.З*******аас тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн асуудал, эрхийн зөрчил байгаа эсэх талаар тодруулахад тэрээр Бичил глобус ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлж нэр дээрээ шилжүүлж авсан. Ямар нэгэн асуудал байхгүй гэж байсан. Тухайн хүнээс худалдан авч 4 жилийн турш унаж, хэрэглэж байгаа бөгөөд миний бие ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч, эзэмшигч юм. Тиймээс Хаан Банк ХК-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан Банк ХК-иас олгосон итгэмжлэл, Нотариатын зардал төлсөн баримт, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843660345 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн БГХ/201843660345 тоот барьцааны гэрээний хуулбар, Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Зээлдэгчийн зээлийн хүсэлт, анкетын хуулбар, 01991109 дугаар автомашины гэрчилгээний хуулбар, Зээлийн бүртгэлийн картын хуулбар, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга.

6. Хариуцагч талаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: 02830194 дугаар автомашины гэрчилгээний хуулбар, хариуцагч К.Х*******ийн харилцах дансны хуулга,

7. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Авто тээврийн үндэсний төвийн 183 дугаар 8484 УНС улсын дугаартай, арлын дугаартай Lexus RX400h маркийн автомашины өмчлөгчийн лавлагаа, 184 дугаар ******* улсын дугаартай, арлын дугаартай Lexus RX400h маркийн автомашины өмчлөгчийн лавлагаа, тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК хариуцагч Г.А*******, Г.Б*******, К.Х******* нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 14,375,673.1 төгрөг, хүүгийн төлбөрт 20,183,652.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,950,409 төгрөг, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол /нотариатын зардал/-д 16.000 төгрөг, нийт 36,525,734.3 төгрөг гаргуулах,

1.1. Хариуцагч К.Х*******т холбогдуулан, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн БГХ201843660345 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох арлын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

2. Хариуцагч Г.А*******, Г.Б******* нар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хохиролд нийт 36,525,734.3 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч К.Х******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсанаар талууд маргасан.

3. Нэхэмжлэгч Хаан Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Хариуцагч Г.А*******, Г.Б******* нар тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөг зээлж авсан боловч гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирлын төлбөрийг Г.А*******, Г.Б******* нараас гаргуулах үндэслэлтэй хэмээн тодорхойлсон.

3.1. Хариуцагч К.Х*******т холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ: Хаан Банк ХК нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843660345 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдөр БГХ201843660345 дугаартай барьцааны гэрээг Г.А*******, Г.Б******* нартай байгуулж, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин болох арлын дугаартай, Lexus RX400h маркийн автомашиныг барьцаалсан бөгөөд барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул энэ хөрөнгөөс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй хэмээн тодорхойлсон.

3.2. Хариуцагч К.Х*******ын хувьд тэрээр хөрөнгө барьцаанд байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй буюу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

4. Нэхэмжлэгч Хаан Банк ХК хариуцагч Г.А*******, Г.Б******* нар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843660345 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

5. Хариуцагч Г.А*******, Г.Б******* нар нэхэмжлэлийн энэ шаардлага /зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол/-ыг бүхэлд нь зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэгчийн шаардсан 36,525,734 төгрөгийг эдгээр хариуцагч нараас гаргуулна.

6. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Г.А*******, Г.Б******* нартай 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БГХ201843660345 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр арлын дугаартай, Lexus RX400h маркийн автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцсон боловч гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, арлын дугаартай, Lexus RX400h маркийн автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн аваагүй, хариуцагч Г.А*******гийн эзэмшилд үлдээсэн байна. Энэ гэрээ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байна.

7. Хаан Банк ХК нь дээрх хөрөнгийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий баримт болох цахим мэдээллийн санд уг хөрөнгийг барьцаалсан мэдээлэл бүртгэгдээгүй байна.

7.1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа, гуравдагч этгээд /К.Х*******/-ийн хувьд энэ эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэдгээ өөр бусад байдлаар нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

8. Хариуцагч К.Х******* нь ******* улсын дугаартай, арлын дугаартай, Lexus RX400h маркийн автомашиныг Л.З*******аас 23,250,000 төгрөгөөр худалдан авсан болох нь К.Х*******ын Капитрон Банк ХХК дахь тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь хариуцагчийн энэ тайлбарын эсрэг өөрийн барьцааны эрхийг К.Х******* мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэх өөрт ашигтай тайлбараа мөн баримтаар нотолж чадаагүй. Ийнхүү хариуцагч К.Х*******ыг хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хамгаалагдана.

9. Нэхэмжлэгч Хаан Банк ХК хариуцагч Г.А*******, Г.Б******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч Г.А******* Г.Б******* нараас 36,525,734.3 төгрөгийг гаргуулан Хаан Банк ХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч К.Х*******т холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 410,778.67 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,778.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******, Г.А******* нараас 340,578 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан Банк ХК-нд олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан Г.А*******, Г.Б******* нараас 36,525,734 төгрөгийг гаргуулан Хаан Банк ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан ******* улсын дугаартай, арлын дугаартай, Lexus RX400h маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай К.Х*******т холбогдуулан гаргасан Хаан Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,778.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А*******, Г.Б******* нараас 340,578 төгрөгийг гаргуулан Хаан Банк ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР