| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2025/00210/И |
| Дугаар | 192/ШШ2025/00777 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/00777
| 2025 01 29 | 192/ШШ2025/00777 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 14 дүгээр гудамж, 29 тоот хаягт оршин суух Боржигон овогт Идэрийн О*******/регистрийн дугаар: УП*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт нуур 1 дүгээр гудамж, 89 тоот хаягт оршин суух Боржигон оточ овогт Дандарын Т*******/регистрийн дугаар: КЮ*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.О*******, хариуцагч Д.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.О******* нь хариуцагч Д.Т*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2013 онд Д.Т*******тай танилцаж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтийн ******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Т.Н******* төрсөн. Ааш зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд 2024 оноос тус тусдаа амьдрах болсон. Охин маань миний асрамжид үлдэх хүсэлтэй байгаа. Одоо хэн хэн нь тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тайлбарласан.
2. Хариуцагч Д.Т*******т 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс И.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн дагуу шүүх шийдвэр гаргахад асуудал байхгүй, санал нэгдэж байна. Дандар овогтой Т******* миний бие 2013 онд Идэр овогтой О*******тэй танилцаж улмаар 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтийн ******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Т.Н******* төрсөн. Бид ааш зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр И.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзсэний дагуу Т.Н******* төрсөн эхийнхээ асрамжид үлдэх хүсэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Т.Н******* миний охин учир эцгийн үүргээ цаашид биелүүлэх болно гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Т.Нандин-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн төвөөс тодорхойлсон эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд Т.Нандин-Эрдэнийн суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл тус тус шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч И.О******* хариуцагч Д.Т*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч И.О******* хариуцагч Д.Т******* нар нь 2013 онд танилцаж, 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Т.Н******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, ******* дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4, 5, 18 дугаар тал/
3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2024 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
4. Зохигчдын хэн аль нь дундын өмчлөлийн маргаан байхгүй талаар мэдүүлсэн ба хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй тул тэдний шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцнэ.
5. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигон овогт Идэрийн О*******/регистрийн дугаар: УП*******/, Боржигон оточ овогт Дандарын Т*******/регистрийн дугаар: КЮ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.О*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР