Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 150/ШШ2025/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сум, *** дүгээр баг, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хот, ***дүүрэг, ** дүгээр хороо, ***хотхон, ***тоотод байрлах, ***ХХК,

Хариуцагч: -д холбогдох,

 Өр барагдуулах гэрээний үүрэгт 254,673,321.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “***” ХХК нь  хариуцагч “***” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц201404 дугаартай цемент худалдах худалдах авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний үлдэгдэл төлбөрөөс үүдээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨБГ/2016/200 дугаартай "Өр барагдуулах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний үүрэгт “***” ХХК  нь 169,782,214.40 төгрөг, алданги 84,891,107.2 төгрөг, нийт 254,673,321.6 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Нүүрс нийлүүлэн үүргээ гүйцэтгэхээр тохирсон боловч төлбөрөө төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч, компанийг хохироож байна. 2017 онд *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №43 дугаартай "Эвлэрлийн гэрээ"-ээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Уг эвлэрлийг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжаар баталсан. Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нарын зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл "***" ХХК-ийн хамаарал бүхий компани болох "***" ХХК-ийн зүгээс *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан ба тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт дахин хуульд заасан ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болж, ажиллагааг дуусгавар болгосон. *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 150/шш2023/00161 дугаартай шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч ***эрэн сурвалжлах шийдвэр гарсан ба *** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс хариуцагч ***эрэн сурвалжилж *** хот, ***дүүрэг, ** дүгээр хороо, ***хотхон, ***тоотод оршин суудаг болохыг тогтоосон тул уг хаягаар нэхэмжлэл гаргаж байна. Уг гэрээний 5.2-д үүрэг гүйцэтгүүлэгчийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэлийг уг шүүхэд гаргасан. Иймд хариуцагч "***" ХХК-иас Өр барагдуулах гэрээний үүрэгт 169,782,214.4 төгрөг, алданги 84,891,107.2 төгрөг, нийт 254,673,321.6  төгрөг гаргуулж, манай компанид олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа...” гэв.

Хариуцагч Ж.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "***" ХХК нь "***" ХХК болон иргэн Ж.*** нарт холбогдуулан нийт 254,673,321.6 төгрөгийг гаргуулан авах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Манай компани тус гэрээний асуудлаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Өр барагдуулах гэрээ"-г байгуулан ажиллаж байсан ба гэрээний төлбөрт алданги тооцохгүй байхаар харилцан тохирсон байсан. Үүний дагуу эвлэрлийн гэрээг байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад тус гэрээг хүчингүй болгож шийдвэрлүүлж ажиллагаа зогссон байсан.
Мөн манай компанийн өр төлбөрийг тухайн үед компанийг хариуцаж байсан ***нь орон сууцны төлбөрт авсан дизель түлшээр "***" ХХК-ийн өрийг төлж барагдуулахаар болсон.

2. Мөн энэхүү гэрээ хэлцэл нь компани хоорондын гэрээний асуудал тул иргэн Ж.*** надад огт хамаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Манай компани болон иргэн миний бие *** хотын ***дүүрэгт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж, оршин сууж байхад *** аймгийн *** суманд хандсан байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд "***" ХХК ийн нэхэмжлэлтэй "***" ХХК болон иргэн Ж.*** нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ХХК болон Ж.***т холбогдуулан өр барагдуулах гэрээний үүрэгт 254,673,321.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц201404 дугаартай “Цемент худалдах, худалдах авах гэрээ” байгуулсан байдаг. Уг гэрээний үлдэгдэл төлбөрөөс үүдээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨБГ/2016/200 дугаартай "Өр барагдуулах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний үүрэгт “***” ХХК  нь 169,782,214.40 төгрөг, алданги 84,891,107.2 төгрөг, нийт 254,673,321.6 төгрөгийг хариуцагч нараас  гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,

Хариуцагч нар нь гэрээний төлбөрт алданги тооцохгүй байхаар тохиролцсон, манай компанийн өр төлбөрийг ***нь орон сууцны төлбөрт авсан дизель түлшээр өрийг төлж барагдуулахаар болсон, мөн энэ гэрээ нь компани хоорондын асуудал тул иргэн Ж.***т огт хамааралгүй, манай компани болон иргэн Ж.*** би *** хот ***дүүрэгт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг, оршин суудаг тул *** аймгийн *** сум дахь сум дундын шүүх шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч дээрх татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 “***” ХК, “***” ХХК-ийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц/201404 дугаартай “Цемент худалдах, худалдах авах гэрээ” гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч “***” ХК нь ОРС42,5 маркийн 1000 тонн задгай цементийг 1 57,780,000 төгрөгөөр худалдах, цементийг 2014 оын 04-р сард 100тн, 05 дугаар сард 120тн, 06 дугаар сард 180тн, 07-11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 120тн цемент нийлүүлэх, худалдан авагч тал цементийн үнийг  сар бүхийн 10-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч худалдсан бараа материалын үнийг шаардах эрхтэй. 

*** ХХК нь 169,172,214.60 төгрөгийн гэрээний үүргээс үүссэн өр төлбөртэй гэж нэхэмжлэгч тодорхойлж байгаа ба хариуцагч тухайн нэхэмжилж байгаа дүнд маргаагүй болно.

“***” ХК, “***” ХХК, “***” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Өр барагдуулах тухай” ӨБГ/2016/200 дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч “***” ХК, үүрэг гүйцэтгэгчээр “***” ХХК, *** ХХК оролцжээ.

Дээрх гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн төлөх нийт өр 424,491,959.55 төгрөг байхаар тооцоо нийлж, өрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 141,000,000 төгрөгийн 2000тн, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 141,000,000 төгрөгийн 2000тн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 142,480,500 төгрөгийн 2021тн нүүрсийг нийлүүлэхээр тохиролцсон байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т тогтоосон хугацаанд өрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. Хэрэв үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр өр төлөх хугацаагаа зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заажээ.

Дээрх гэрээний хавсралт 1 буюу тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд өгч авсан зүйлээ байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 424,491,959.55 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ.

Тооцоо нийлсэн явдал нь үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсныг нотлохоос гадна хугацааг дахин шинээр тоолох үр дагавартай болохыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан.

Зохигч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч  *** ХХК нь 169,782,267.29 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн *** ХХК-ийн авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 60-61/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  169,782,214.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц201404 дугаартай “Цемент худалдах, худалдах авах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.3, 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨБГ/2016/200 дугаартай "Өр барагдуулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.2-т тус тус алданги төлөхөөр тохиролцсон байх тул мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг гаргуулах нь хуульд нийцнэ.

2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨБГ/2016/200 дугаартай "Өр барагдуулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2-т талууд энэхүү гэрээтэй холбоотой үүссэн санал зөрөлдөөн үл ойлголцол, маргааныг харилцан тохиролцож, эв зүйгээр шийдвэрлэх ба тохиролцоонд хүрч чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба зохигч гэрээндээ үүрэг гүйцэтгүүлэгчийн харьяаллын шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Харин гэрээ хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан байх тул хариуцагчийн энэ татгалзлыг хүлээн авч, иргэн Ж.***т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар “***” ХХК-иас 254,673,321.6 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д олгож, иргэн Ж.***ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,431,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,431,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш нэхэмжлэгч,  хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА