| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2024/0016/З |
| Дугаар | 118/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 118/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б........
Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Л.С.......... нарын хоорондын өвөлжөөний газар эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А........, хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М........., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С........... /цахимаар/, түүний өмгөөлөгч П.Ц........ /цахимаар/, иргэдийн төлөөлөгч С.А............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” А/10 дугаар, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10 дугаар захирамжаар Дархан-Уул багийн нутаг дэвсгэр дэх ******* гэх нэршилтэй байршилд 5500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар Л.С.........д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
2.1 Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/132 дугаар захирамжаар Дархан-Уул багийн ******* гэх нэршилтэй байршилд 7500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар нэхэмжлэгч П.Б......... эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
2.2. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар “Өвөлжөөний газрыг давхардуулан эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр дээрх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 дугаар захирамжийн П.Б........д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч тал “.........” гэх газар манай аав П. 1998 .......оноос хойш өвөлжиж ирсэн...С.......... гэдэг хүний газартай манай өвөлжөөний газар хэдэн метрээр давхардаж байгаа нь тодорхойгүй байхад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй” гэж, хариуцагч тал “...сумын Засаг дарга хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул маргаан бүхий захирамж хуульд нийцсэн...” гэж, гуравдагч этгээд “...нэхэмжлэгч П.Б.........д газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон...” гэж тус тус маргасан.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний аав ............ Идэр сумын Дархан-Уул багийн "........" гэх газар 1998 оноос хойш өвөлждөг байсан. П.Б........ би гэр бүл болж, 2000 оноос хойш 2023 оныг хүртэл өвөлжиж, өвөлжөөний татварыг төлсөөр ирсэн. Би өвөлжөөний гэрчилгээг авахыг удаа дараа хүссэн боловч тусгай хамгаалалттай газар учир гэрчилгээг гаргах боломжгүй гэдэг хариуг өгсөөр байсан. Ингээд 2017 онд Идэр сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 дугаартай захирамжаар 7500 м2 хэмжээтэй "........." гэх газрыг хөдөө аж ахуйн барилга байгууламж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар П.Б..... надад эзэмшүүлэх захирамж гарч, ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн А/24 дугаар захирамжаар “сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамжаар иргэн Б........д Дархан-Уул багийн Халуун усны ......... өвөлжөөг эзэмшүүлсэн нь нэг газрыг давхардуулан олгосон байна. Тухайн газрыг 2002 оны 03 сарын 11-ны өдрийн 10 тоот захирамжаар иргэн Л.........н С.........д Халуун усны ......... өвөлжөөг эзэмшүүлэх тухай захирамж гарч, өнөөг хүртэл эзэмшиж байгаа нь холбогдох баримт бичгээр нотлогдож байна. Энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамжаар Б........д эзэмшүүлсэн Дархан-Уул багийн *******н өвөлжөөг эзэмших эрхийг нь цуцалж хүчингүй болгосугай” гэсэн байна... С.......... гэдэг хүний газартай манай өвөлжөөний газар хэдэн метр, хэдэн сантиметрээр давхардаж байгаа нь тодорхойгүй байхад ийм захирамж гаргасанд гомдолтой. Тэр хүн энд амьдардаггүй оршин суугч биш, бид насаараа нутаг усаа харж амьдарч байгаа хүмүүс юм... Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү... Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлийн тухайд: ...Тухайн газрыг 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот захирамжаар Улаанбаатар хотын иргэн Л..........н С.............д Халуун усны .............өвөлжөөг эзэмшүүлэх тухай захирамжийг хууль бусаар гаргасан нь 1998 оноос хойш тухайн өвөлжөөнд амьдарч байгаа миний эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг бол дээрх захирамжаар Л.С.........д эзэмшүүлэхээр олгогдох боломжгүй... Хавтгайн өтгийн өвөлжөөнд С......... гэж хүний үхэр мал байхгүй. Одоо хэдэн адуу байгаа. Би 2 жилийн өмнө очоод өвөлжих гээд очсон чинь хөөгдөөд болохоо байсан. Захирамжийг давхар С......... гэдэг хүн дээр гаргасан гэсэн. Би энэ талаар мэдээгүй байсан. 2 жилийн өмнөөс мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2 захиргааны акт байгаа. Эхнийх Идэр сумын Засаг даргын 2023 оны А/24 дүгээр захирамж байгаа. Захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах үндсэн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг хууль зүйн үндэслэлээр гаргасан гэж үзсэн нь тодорхой харагдахгүй байна. Сая хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа энэ хэрэгт төлөөлөгчөөр орсноос хойш судалсан гэсэн хариулт өгч байна. 2023 оны 3 дугаар сарын 17-ноос өмнө ямар ажилбар хийсэн бэ? гэдэг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариулт авч чадсангүй. Нэгэнт захиргааны акт дээр маргаж байгаа учраас захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагын хүрээнд гаргахаас өмнө бүх шаардлагыг хангасан байх ёстой. Хангасан зүйл огт байхгүй байна. Хоёрт, 2002 оны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан. Нэгэнт шүүхийн ажиллагааны явцад мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. 2002 онд ч мэдэгдсэн юм байхгүй. Тийм учраас манайх хаяглагдсан этгээдэд тодорхойлж гаргаагүй, гардуулж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна. Хоёрдох маргаан бүхий захирамж 2023 оны захирамжтай ойролцоо ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээдээс дагуулж гаргаагүй бодит байдалд ямар нөхцөл байдал байсныг шалгаагүй. ******* өвөлжөөнд манай үйлчлүүлэгчид 7500 м.кв гэсэн хэмжээтэй газар олгогдсон байна. С.......... гэдэг хүнд 7500 м.кв гээд өгсөн байгаа. Тэгэхээр хаана яаж давхцаад гэдэг нь тодорхойгүй байна. Хэмжилт хийгээд үзэхийн бол 10 га байгаа юм уу? 1 га байгаа юм уу? бүү мэд. Эцсийн эцэст тусгай хамгаалалттай газар хоёулаа байж, нэгнийгээ хөөгөөд байгаа асуудал байна. Би давуу эрхтэй. Сумын Засаг даргын захирамж надад байна гээд яваад байгаа учраас өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна... Газрын мэдээллийн санд огт байдаггүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Өвөлжөөний газрыг олгож байгаа бол хэмжээ заасан нь тодорхойгүй байгаа учраас энэ хүний газартай давхацсан юм уу? Үгүй юу? гэдгийг захиргааны байгууллага тодорхой арга хэмжээ аваад манай үйлчлүүлэгчийн өвөлжөөг зайлшгүй очиж үзэх ёстой... Бодит байдал дээр С......... гэдэг хүн тэнд нэг ч ширхэг модоор барьсан зүйл байхгүй. 2002 оны захирамжаар эзэмшүүлсэн боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй. Газрын мэдээллийн санд ч байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг 2023 оны захирамжаар давхацсан байна гэдгийг яаж үзээд байгаа юм бэ? гэдэг нь ойлгомжгүй. Давхацсан байна гэдэг захирамжийг ойлгохгүй байна. Тухайн үед насаараа амьдарч байгаа хүн өөрийн эзэмшлээсээ хөөгдөөд байна. Өмнө нэг ч жил очиж өвөлжөөгүй хүн өвөлжөө булаацаалдаад байна. Захиргааны ерөнхий хуулийн ерөнхий зарчмыг баримтлаад нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна... Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярихад 2023 оны захирамжийн агуулга дээр тавигдсан мэдээллийг шууд тэр 2002 оны захирамжийг мэдсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Тэр захирамжид хэдэн жилийн хугацаатай, ямар зориулалтаар заасныг яаж мэдэх юм. Тэрийг мэдэж байж эрх ашиг хөндөгдсөн үү, үгүй юу гэдгийг шийднэ. Магадгүй тэр захирамж өөр агуулгаар бичсэн иргэний гэр бүлийн зориулалтай ч юм уу, 15 жилийн хугацаатай ч юм уу, үнэхээр 2002 оноос 15 жилийн хугацаатай байгаа ч юм уу гэдгийг мэдэхгүй. Шүүх дээр ирээ л энэ талаар мэдэж байгаа. Хавтаст хэрэг дээр хангалттай нотлох баримт байгаа. Цаг хугацааны хувьд 2002 онд эзэмшсэн учраас давуу байдалтай зохицуулсан байна. Давхацсан гэдэг асуудал дээр маргаж байгаа тэгэхдээ тусгай хамгаалалттай газар гэж үзэхийн бол адилхан хууль бус болно. Тусгай хамгаалалттай газар хууль зөрчиж олгож байгаа нь энэ хүний эрх ашиг хөндөгдөнө. Энэ талаарх баримт хангалттай авагдсан байгаа учраас нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна... гэв.
6. Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хурлаар ороод кадастрыг авсан. Тухайн өвөлжөө рүү яваад очиж чадаагүй доороос нь буцсан. Захирамжийн үндэслэл нь татвар төлсөн байдал, тухайн хүн өөр дээрээ газрын гэрчилгээг гаргаад авсан байсан зэргийг үндэслээд тухайн захирамжаар шийдвэрлэсэн. П.Б........ гэдэг хүн татвар төлсөн баримт байхгүй. С.......... гэдэг хүн газрын татварыг төлсөн баримт байсан. Мөн газрын гэрчилгээ байсан. Эдгээр байдлыг үндэслээд захирамжаар хүчингүй болгосон... Давхцал гэдэг асуудал дээр нэг хүний бичиг баримт гарсан үйлдлийг судлаагүйн улмаас дараагийн хүн дээр гарсан байна. Нарийн газрыг хэмжиж үзээгүй байгаа. Газар дээр нь судалж үзээгүй үндэслэл нь өмнө тэр хүн дээр захирамж гараад 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх хугацаанд нь дараагийн хүнд зөвшөөрсөн байсан мэдээллээр хүчингүй болгосон... гэжээ.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Захирамж дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давхцалын талаар тодорхой ярьж байна. 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Идэр сумын Засаг даргын захирамжаар иргэн Л.С.......д Дархан-Уул багийн газар нутгийн .... зэрэг газрыг тодорхой заасан. ......... гэх газрыг өнөөдрийг хүртэл эзэмшээд явж байгаа. Иргэн П.Б........д газар олгох тухай захирамж гаргахдаа тухайн үеийн сумын Засаг дарга н.Б........ нь судалгаагүйгээр, баримтыг үзэхгүйгээр өмнөх 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжийг хүчингүй болгохгүйгээр давхардуулан алдаа бүхий захиргааны акт гаргасан. Энэ актыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар алдааг зассан. Иргэн Л.С.......... нь уг газрыг эзэмшиж байгаа учраас П.Б........н газар олгосон захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байвал хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан. Үүний дагуу 2023 онд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн П.Б...........д газар олгох захирамжийг хүчингүй болгосон. Давхцаад байгаа газар анх 2002 онд хууль ёсны дагуу С.........ийн нэр дээр байгаа. С.......... нутгийнхаа ах дүүсээр малаа маллуулаад, малжуулаад явж байгаа. Б......... гэдэг хүн энд насаараа амьдарч байна. Өвөлжөө миний нэр дээр байдаг гээд иргэний хэргийн шүүх дээр явж байгаа. Одоо захиргааны хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч А......... олон гэрч асуулгасан байсан. Гэрчүүд нь Б....... амьдарч байгаа гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Өнөөдөр Б......... гэдэг хүн болиод, Б......... гэдэг хүн амьдарсан болоод явж байна. Ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна... Нэхэмжлэгч өөрөө би тэр газар дээр байж байгаад, тэндээсээ хөөгдөөд одоо хадмынхаа өвөлжөөнд хамт байгаа гэж байна. Энэ нь юу гэж байна вэ? гэхээр С........ийн газар давхацсан байна гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. С........д 2002 онд өгөхдөө хуулиар зөвшөөрсний дагуу 30 жилийн хугацаатай олгосон. Давхцал байсан учраас хүчингүй болгосон захирамж нь хууль ёсны дагуу болсон... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ц......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талд газар эзэмших эрх нь бодитойгоор тогтоогдохгүй байгаа учраас Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзээд байх шиг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хувьд газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн тохиолдолд шүүхэд шаардлага гаргах эрх үүснэ. Б........д эзэмшүүлэхээр хурлаар хэлэлцээгүй. ......... өвөлжөөг эзэмшүүлэх талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байна. Мөн Б...... нь газар зохион байгуулалтын эрх авахдаа өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй буюу газар эзэмших эрх олж авахаар өргөдөл гаргаагүй. Захиргааны байгууллага санаачилгаараа Б.д газа.......р эзэмшүүлэх эрх олгосон ийм нөхцөл байдал байна. Энэхүү тохиолдолд 2017 оны Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйл заалт, Газрын тухай хуулийн 61.1-д заасан журмаар гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна... Монгол улсын иргэн хэн ч бай шүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргаж болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болшгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүх өөрийн шийдвэрээр эрх зүйн хамгаалалт тогтоож хамгаалж өгөхөөр зохицуулсан. Шүүх шийдвэр гаргахын тулд шаардах эрхийн дараалал эрх үүссэн дараалал, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Эндээс харахад шүүх цаашаа эрх зүйн хамгаалалт тогтоох шаардлагагүй буюу нэхэмжлэгч Б...........н эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын захирамж авагдсан байгаа. Б......д 2023 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн захирамжийг гардуулав гээд гарын үсэг зураад 2024 оны 2 дугаар сарын 6-нд гэсэн тэмдэглэл байна. Түрүүнд бүрэлдэхүүнд байгаа шүүгчийн асуултад хариулахдаа хэрэгт нотлох баримт цугларахад захирамжийг С..........д 2002 онд газар эзэмшихээр эрх олгосон байна гэдгийг хэлсэн гээд ийм баримтгүйгээр худлаа тайлбар гаргамааргүй байна. 2023 оны захирамжийн агуулгад нь С.........ийн газар эзэмших эрхийн талаарх мэдээлэл тодорхой тусгагдсан. Иргэдээс төрийн байгууллагад гаргаж байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж байгаа. С........ийн 2002 оны 3 дугаарын 11-ний өдрийн захирамж байгаа талаар тодорхой дурдсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбар гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэх нөхцөл байдал үүсгэх гэж гаргаж байгаа худал тайлбар байна гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
9. Иргэдийн төлөөлөгч С.А.............. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа *******н өвөлжөөнд амьдарч байгаа П...........ийн Б........ гэдэг хүн ........ өвөлжөөг эзэмшиж байсан байна. Идэр сумын Засаг даргын тамгын газрын захиргаанаас С........д *******н өвөлжөөг давхардуулж гэрчилгээ олгосон учраас энэ хэрэг үүссэн байна гэж ойлгож байна. Эндээс харахад нэхэмжлэгч талын тухайд эзэмших эрх нь зөв гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б...... нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” А/10 дугаар захирамжийг мөн хүчингүй болгуулахыг хүссэн.
2. Шүүх Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/132 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч П.Б........д Дархан-Уул багийн нутаг дэвсгэр дэх ......... гэх нэршилтэй газарт 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх агуулга багтсан байх ба уг захирамжийн дагуу түүнд 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэгж талбарын ........ дугаар бүхий 7500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн .......... дугаартай гэрчилгээг олгосон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 8 дугаар, 2 дахь хавтасны 34 дүгээр хуудсанд/
4. Маргаан бүхий эхний захиргааны акт буюу Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжаар дээрх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 дугаар захирамжийн нэхэмжлэгч П.Б.....д холбогдох хэсгийг “газар давхардуулан олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон. /Хэргийн 1 дэх хавтас, 5 дугаар хуудсанд/
5. Уг захирамжид Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг хүчингүй болгох тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг үндэслэсэн.
6. Мөн захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах тухай Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байх боловч тухайн захирамжид илэрхий алдаа зассан агуулга байхгүй байна.
7. Маргаан бүхий дараагийн захиргааны акт буюу Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Дархан-Уул багийн нутаг Халуун усны ....... гэх нэршилтэй өтөг бүхий газруудыг мал аж ахуйн хашаа байрны зориулалтаар гуравдагч этгээд Л.С.........д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбар тус бүрээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
8. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлт гаргах, сумын Засаг дарга хүсэлтэд заасан газар болон холбогдох баримтын талаар тодруулах ажиллагаа явуулах талаар заасан ба уг хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцжээ.
9. Дээрх 2002 оны 10 дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Л.С...........д .........., .......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2008 оны 11 дүгээр сарын 04-нд олгосон байх боловч газрын нэр, байршлыг тодорхой тусгаагүй байна. /Хэргийн 1 дэх хавтас 51, 52, 53 дугаар хуудсанд/
10. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн “Газар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэр” гэх баримтын 438, 439, 440 дугаарт Л.С.........той холбоотой мэдээллүүд бүртгэгдсэнийг дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдтэй харьцуулан үзэхэд ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь .......... нэгж талбарын дугаартай, ........ өвөлжөөнд 5500 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон гэрчилгээ буюу энэ хэрэгт маргаж буй газарт хамааралтай гэрчилгээ байна.
11. Бусад гэрчилгээнүүд нь хэрэгт хамааралгүй буюу Хавтгайн өтөг, Зүрх гэх нэртэй газруудад хамааралтай байгааг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 26-27 дугаар хуудсанд/
12. Идэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны ирсэн бичгийн бүртгэлд хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч П.Б........ нь ...........ийн өвөлжөөний газрыг эзэмшихээр өргөдөл, хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байх ба Идэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан тус сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх газрын төлөвлөлт тусгагдаагүй, мөн Идэр сумын 2002 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй болох нь тус Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/2420 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч, гуравдагч нарт эзэмшүүлсэн гэх газрын талаар төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсаныг тодорхойлох боломжгүй байна.
13. Идэр сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 онд 3 удаа буюу 4 дүгээр сарын 22, 5 дугаар сарын 25, 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд хуралдсан ба тэдгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэхэмжлэгч П.Б.......д Х........ийн өвөлжөөний газрыг эзэмшүүлэх, бэлчээр хуваарилахтай холбоотой асуудал тусгагдаагүй, хэлэлцэгдээгүй болох нь тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул уг асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй. /Хэргийн 1 дэх хавтасны 62-72 дугаар хуудсанд/
14. Идэр сумын Дархан-уул багийн нутаг дэвсгэрт Х....... гэх нэршилтэй газар ганц байдаг болох нь гэрч Б.А........., Ц.Д..........., Г.Ш............ нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба энэхүү газар нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй гэх Халуун усны голын Х.......ийн өвөлжөө гэдэгтэй хэргийн оролцогч нар маргахгүй байна.
15. Х.ийн........ өвөлжөөнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн гэх газрууд давхацсан эсэхийг зөвхөн кадастрын зургийг үндэслэн нарийвчлан тогтоох боломжтой боловч тухайн газруудын хил, зааг, цэгүүдийг газарт бэхэлж хүлээлгэж өгсөн баримт, тойм, схем зураг байхгүй, кадастрын зураг хийгдэж байгаагүй, хариуцагчаас газрын давхцалыг нарийвчлан тогтоогоогүй, хэрхэн давхацсаныг баримтаар нотолж чадахгүй байна.
16. Шүүхийн үзлэгээр Х...........йн өвөлжөөний газарт ердийн хөсгөөс бусад унаагаар хүрэх боломжгүй, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Халуун усны голын гарам гараад автомашины замгүй, тээврийн хэрэгсэл явах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг өвөлжөөнд нэхэмжлэгч П.Б....... суурин өвөлжиж, малын хашаа саравч барьсан, зарим жилд газрын төлбөрийг төлсөн, мөн гуравдагч этгээд Л.С........ нарын малыг ах дүү нар нь маллаж, нутаглаж байгаа нь гэрч Г.Ш........, Ц.Д.........., Б.А........ нарын мэдүүлэг, Идэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01/43 дугаар албан бичиг, газрын төлбөрийн баримтаар нотлогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 86, 56-61, 2 дахь хавтасны 37-39, 57-59 дүгээр хуудсанд/
17. Гэвч энэ маргааны тухайд хариуцагч Идэр сумын Засаг даргаас газрыг давхардуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээс илүүтэй нэхэмжлэгч П.Б........., гуравдагч этгээд Л.С............ нарт газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
18. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Засаг дарга газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн гаргах эрхтэй хэдий ч уг эрхийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттайгаас бусад газарт хэрэгжүүлэх ба энэ хэрэгт маргаж буй газрын байршил нь тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн бүс дотор багтаж учраас уг газартай холбоотой маргаан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.
19. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох; 2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж заасан.
20. Дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29 дүгээр тогтоолоор Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумдын зарим нутгийг хамарсан Тарвагатайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хил заагийг баталсан байна.
21. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэж тодорхойлсон.
22. Нэхэмжлэгчээс маргаж буй Х........н өвөлжөөний газар нь тусгай хамгаалалтад авсан Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт дархан цаазат газарт хамаардаг болох нь гэрч Г.Ш........ын мэдүүлэг, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 451 дүгээр албан бичиг, тойм зураг зэрэг баримтаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 184, 189, 192, 193 дугаар хуудсанд/
23. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараах бүсэд хуваана: 1/ онгон бүс; 2/ хамгаалалтын бүс; 3/ хязгаарлалтын бүс”, 9 дүгээр зүйлийн 1-д “Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ”, 2-д “Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 10 дугаар зүйлд “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно: 1/ энэ хуулийн 9,10 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; 2/ хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх; 3/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх; 4/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах; 5/ рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах; 6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах; 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах; 8/ зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах; 9/ уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх; 10/ нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх” гэж заасан.
24. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөл, гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг уг хуульд заасан хүрээ хязгаарын дотор зөвхөн ашиглуулахаар байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 2, 12-д зааснаар тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгохоор байна.
25. Сумын Засаг даргын тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 291 дүгээр зүйлд зааснаар харьяалах нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийг таслан зогсоох, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулах, байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед дархан цаазат, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газар, тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр харьяалах хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах эрх хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх эрхийг сумын Засаг даргад хуулиар олгоогүй.
26. Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны А/11, 2017 оны А/24 дүгээр захирамжуудаар нэхэмжлэгч П.Б......., гуравдагч этгээд Л.С....... нарт тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах Х........ гэх нэршил бүхий байршилд газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь дээрх хуульд тийнхүү нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; ...47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй...” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
27. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-т тухайн захираганы байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдгийг маргааны үйл баримттай холбон дүгнэвэл тухайн харилцааг буюу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд сумын Засаг даргад тусгай хамгаалалттай газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухайлсан эрх олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж иргэнд газар эзэмшүүлсэн байх тул шүүхээс маргаан бүхий Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” А/10 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.
28. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэл нь захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан зэрэг алдааг хамааруулан ойлгоно. Маргаан бүхий энэ хэргийн тухайд хариуцагч нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” А/10 дугаартай захирамжаар тусгай хамгаалалттай газар нутагт Өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг зөрчиж захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, тухайн захиргааны байгууллага эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй тул шүүхээс мөн эл үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
29. Хариуцагчаас газар давхардуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлийг баримтаар тогтоогоогүй, газар эзэмшүүлэх асуудлаар гаргасан маргаан бүхий захирамжид хамааралгүй буюу захиргааны актын илэрхий алдаа засах тухай Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь заалтуудыг баримталсан хэдий ч нэхэмжлэгчид уг өвөлжөөний газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй учраас маргаан бүхий захиргааны актуудаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, түүний тухайд маргаан бүхий газрыг эзэмших эрх, ашиг сонирхол хамгаалагдахгүй юм.
30. Түүнчлэн дээрх үндэслэлээр “...хариуцагч Идэр сумын Засаг даргаас гуравдагч этгээд Л.С...........д Х.........н өвөлжөөг давхардуулж гэрчилгээ олгосон тул нэхэмжлэгч уг газрыг эзэмших эрхтэй...” гэх агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч С.А...........ийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
31. Иймд нэхэмжлэгчийн “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд “Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/10 дугаар захирамжийг илт хууль бус болох”-ыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
32. Нэхэмжлэгч П.Б........ нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/10 дугаар захирамжийг “хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсон хэдий ч уг захирамж нь хуульд заасан “илт хууль бус”-д тооцогдох захиргааны акт байх тул шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байх ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэх нөхцөлд хамаарахгүй юм.
34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол...” гэж заасан тул нэхэмжлэгчээс хариуцагч Идэр сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргад гомдлоо гарган урьдчилан шийдвэрлүүлж хариу авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
35. “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” хэмээн гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарлан маргасан.
36. Нэхэмжлэгч П.Б....... нь “Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. /Хэргийн 1 дэх хавтасны 206 дугаар хуудсанд/
37. Хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны акт буюу Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн зүүн доод хэсэгт “П.Б....... уг захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан” агуулга бүхий тэмдэглэгээг бичиж тэмдэглэсэн байх ба хэн бичсэн гарын үсгийн тайлалгүй, нэхэмжлэгчийн зүгээс захирамжийг хүлээж, авч гарын үсэг зурсан тухай тэмдэглэлгүй уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий Идэр сумын Засаг даргын 2002 оны А/10 дугаар захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тоолох үндэслэлгүй. /Хэргийн 1 дэх хавтасны 5 дугаар хуудсанд/
38. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон Б.А......... нь анх нэхэмжлэгч П.Б...........с 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож ирсэн байна. /Хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр хуудсанд/
39. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгож, энэ талаар шүүхэд даруй мэдэгдэхээр заасан ба нэхэмжлэгч П.Б........н тухайд шүүх хуралдаанд оролцохдоо Б.А..........д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ биечлэн илэрхийлсэн тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдал тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй, дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Б.........ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” А/10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б..........ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б.........д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ОЮУНСҮРЭН
А.ТҮВШИНТУЛГА