Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01177

 

Б.Төмөрхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дүгээр шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1562 дугаар магадлалтай,

        Нэхэмжлэгч Б.Төмөрхуягийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-д холбогдох

        Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 87 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

       Хариуцагчийн төлөөлөгч Ч.Бумбаярын гомдлыг үндэслэн, 

       Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгч Б.Төмөрхуягийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, өмгөөлөгч Ж.Базарсад нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Төмөрхуяг нь “Хатансүйх хүнс” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож “Мах” нийлүүлэх аман гэрээг байгуулсан. Тус “Мах” нийлүулэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-ийн захиалгын дагуу мах нийлүүлэх, хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь мах нийлүүлсэн өдрийн зах зээлийн ханшаар тооцож тухайн өдөрт нь үнийг нь төлөхөөр хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 55 тонн, 610 кг, 260 124 680 төгрөгийн үнэ бүхий мах нийлүулсэн бөгөөд хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь бууз, банш гэх зэрэг бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг бөгөөд борлуулалт сайн тул өдөр тутам нийлүүлсэн махны үнийг төлөөд байна гэж анх тохиролцсон. Гэвч хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь 55 тонн, 610 кг махны үнэ болох 260 124 680 төгрөгөөс цувуулан төлж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч талын эрх бүхий хүмүүстэй нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар “Хатансүйх хүнс” ХХК-ийн нягтлан бодогч н.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нар тооцоо нийлж, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Төмөрхуягт 98 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь нэхэмжлэгч Б.Төмөрхуягт үлдэгдэл 87 000 000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь ХААН банкнаас зээл авч байраа барьцаанд тавьж, энэ асуудлаас болж хохирч байгаа иргэн юм. Өнөөдөр ХААН банк нэхэмжлэгчийн байрыг дуудлага худалдаагаар худалдаж, Б.Төмөрхуяг нь өөрийн байраа “Хатансүйх хүнс” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдсан байна. Энэ асуудлыг хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК маш сайн мэдэж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр тооцоогоо яаралтай төлж барагдуулахыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК нь удахгүй төлнө, их хэмжээний зээл авах гэж байна гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар өдийг хүрч байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр болох 87 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Хатансүйх хүнс” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-ийн төлөөлөгч Ч.Бумбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл махыг манай үйлдвэрийн дарга Ч.Өсөхжаргалд хүлээлгэн өгч байсан. Б.Төмөрхуяг нь тус компанитай гэрээ огт байгуулаагүй үйлдвэрийн даргатай аман гэрээгээр тэмээ, ямааны махыг нийлүүлж байсан болно. Тухайн үед тэмээний ястай махыг 4 400 төгрөгөөр нийлүулж байсан бол зах зээлийн ханш иь 3 500 төгрөг, ямааны цул мах махыг 5 700-5 800 төгрөгөөр нийлүүлж байсан бол зах зээлийн ханш нь 5 000-5 100 төгрөг байсан болно. Б.Төмөрхуягт манай нягтлан манайхаас авах авлага чинь хуримтлагдаж байна шүү гэж сануулж хэлэхэд захиралтай ярьсан гээд махаа буулгаад байсан. Бид махны мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй зохих хэмжээгээр байнга төлж байсан. Өнөөдрийн байдлаар бид нэхэмжлэгчдэд 180 124 680 төгрөг төлсөн байна. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ирсэн тэмээний махнаас 749 кг мах муудсаныг өөрт нь хэлэхэд сольж өгнө гээд сольж өгөөгүй учраас устгалд оруулсан баримт байгаа. Иймд устгалд оруулсан 749 кг махны үнэ болох 3 295 600 төгрөгийг хасуулж тооцуулахаас гадна улс орны эдийн засгийн хямралтай хүнд үед үйлдвэрийн бүтээгдэхүүн гүйхгүй байгаа зэргийг шүүх харгалзан Б.Төмөрхуягийн нийлүүлсэн махыг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож тооцон нэхэмжлэлийг ханган өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-иас 87 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Төмөрхуягт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 592 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Төмөрхуягт олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1562 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162,4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч Ч.Бумбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: ИХШХШТ хуулийн 6-р зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, ИХШХШТ хуулийн 6-р зүйлийн 6.4 -д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалтыг 2 шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 11 сая төгрөгийг төлсөөр байтал нэхэмжлэлээс хасч тооцоогүй, муудсан мах акталсан баримт хавтаст хэрэгт өгсөөр байтал шүүх анхаарч үзэлгүй нэг талыг барин талуудын мэтгэлцэх зарчмыг бүрэн хангаагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Мэтгэлцэх эрхээр бүрэн хангаагүй, хэргийн нотлох баримтыг үнэлээгүй гэсэн агууллагаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Төмөрхуяг нь хариуцагч “Хатансүйх хүнс” ХХК-нд нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөрт 87 000 000 төгрөг нэхэмжилж, уг үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх эрх зүйн үндэслэл нь тэдний хооронд амаар хэлэлцэн тохирсон мах нийлүүлэх талаарх худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарласанд, хариуцагч үгүйсгээгүй боловч муудсан махны үнэ 3 295 600 төгрөгийг хасах, мөн  махны үнийг тухайн нийлүүлсэн үеийн ханшаар тооцуулна гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх “Хатансүйх хүнс” ХХК –нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Бумбаярт нэхэмжлэлийг гардуулж,түүнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр хэргийн материалтай хэд хэдэн удаа танилцаж улмаар түүнд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн талаарх шүүхийн ажиллагааг баримтжуулсан байна.

Хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан тэмээний махнаас 749 кг мах муудсаныг нотолж, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мах устгасан тухай болон зарлагын баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргах шаардлагыг хангаагүйгээс гадна мах устгасан тухай баримтыг зөвхөн хариуцагч тал дангаараа, мөн цаг хугацааны хувьд жилийн дараа үйлдсэн нь маргаанд хамааруулан дүгнэхэд эргэлзээтэй нөхцөлийг бий болгожээ. Түүнчлэн махны үнийг нийлүүлсэн өдрийн зах зээлийн ханшаар тооцож төлөх үүрэг хүлээсэн гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч няцаагаагүй байна.

Хэргийн дээрх баримтаас дүгнэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, маргааныг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд мах худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан нь мөн хуулийн мөн заалтыг зөрчөөгүй бөгөөд эд хөрөнгийн доголдлыг хариуцагч нотолж чадаагүй байх тул махны үлдэгдэл үнийг төлж гэрээний үүргийг биелүүлэх ёстой.

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дүгээр зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дээр заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Бумбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дугаар сарын 29-ний өдөр 592 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР