Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 26

 

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2016/0026

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Тогоочийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 тоот актыг хүчингүй болгуулах, тус актын дагуу төлсөн төлбөр болох 1.294.700 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/-н төгрөгийг Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэйзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тогооч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тогооч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдажмийн дагуу аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2012-2013 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгасан Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №19-08-026-33 тоот акт нь иргэн Ц.Тогооч миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан акт гэдгийг би Эрүүгийн хэрэгт шалгуулах явцдаа мэдсэн. Түүнээс өмнө хүлээн зөвшөөрч актанд тавигдсан мөнгийг төлчихсөн. Ингээд тухайн акт тавьсан газрын дээд газарт гомдол гаргах ёстой боловч, миний шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байсан. Мөн тухайн үед дээрх актыг тавьсан газрын дээд газар нь солигдож түүний бүтцэд өөрчлөлт орж Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Сангийн яамны харъяа болж энэ алба нь Аймгийн Санхүү хяналт аудитын албанд шилжсэн байсан. Би Мэргэжлийн хяналтын газрын дарга Мөнсүлдтэй өөрийн биеэр уулзаж энэ актын талаар хэлэхэд одоо энэ асуудал манай байгууллагад хамааралгүй өөр албанд шилжсэн тул таны мөнгийг өгөх боломжгүй гэсэн. Ц.Тогооч надад 2014 онд аймгийн МХГ-аас хийсэн санхүүгийн баримтын шалгалтаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх эсспедицэд ажилласан нэмэгдэл цалинг ЦУОШГ-ын даргын холбогдох шийдвэрүүдийн дагуу олгосон байхад илүү бодож олгосон хэмээн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №19-08-026-33 тоот актаар 1.294.700 төгрөгний төлбөр тавьсан юм. Энэ актуудаар намайг байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэж үзэж Төв аймгийн УЦУОШ газрын даргын албан тушаалаар ажлаас минь халсан. Би иргэний шүүхэд үндэслэлгүй халагдсан гэж үзэж гомдлоо гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний тал гарч намайг ажилд минь эргүүлэн тогтоосон. Гэтэл мөн л дээрх акт зөрчлүүдээр надад Эрүүгийн хэрэг үүсгүүлэн Төв аймгийн цагдаагийн газарт 2011-2014 оны хооронд байгууллагын болон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж гомдол гаргаж шалгуулж байх явцад Төв аймгийн цагдаагийн газраас дээрх актуудад шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд явуулахад 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтийн хариултанд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн улсын байцаагчийн 19-08-026-33 тоот актуудаар тавигдсан зөрчил дутагдлыг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

Мөн актын 3-дахь хэсэгт 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн улсын байцаагчийн 19-08-026-33 тоот актаар дарга Ц.Тогоочид цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг бодож олгохдоо УЦУОШГ-ын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан тушаалын ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцохыг ТҮ-11 зэрэглэлийн цалингаас тооцож, 1.294.700 төгрөгийг илүү бодож олгосон гэх зөрчил нь үндэслэлгүй байна. Учир нь: Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2010 оны03 дугаар сарын 23-ний өдрийн 36 дугаар, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны 99 дүгээр, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар, 2012 оны 03 дугаар сарын 23-ны 61 дүгээр, 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаар тушаалуудыг үндэслэн цалинг олгож байсан байна гэсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тус дүгнэлтээр дээрх актыг үгүйсгэсэн дүгнэлт гарсан. МХГ-ын тавьсан актыг УЦУОША-наас барагдуулж Төрийн сангийн 140000982 тоот дансанд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн хүсэлт №70-аар 3.287.286 төгрөгийг, мөн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийн хүсэлт №94-өөр 2.801.414 төгрөгийг , нийт 6.088.767 төгрөгийг УЦУОША-наас шилжүүлж барагдуулсан ба УЦУОША нь хуваарь гаргаж төлбөр тавигдсан хүмүүсээс цалингаас нь суутгаж байгууллагын дансанд үлдээсэн болно. Би Төв аймгийн энэхүү МХГ-ын актанд заагдсан 1.294.000 төгрөгийг 2014 онд 3-4 удаа таслаж буюу 2014 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг, мөн оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 11-р сард 351,468 төгрөгийгцалингаасаа суутгаж төлж дуусгасан. Гэтэл намайг дээрх 1.294.000 төгрөгийг төлсөний дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс Шинжээчийн 190 дүгээр дүгнэлтээр уг акт үндэслэлгүй тавигдсан байна. Ц.Тогооч надад холбогдох эрүүгийн хэргийг Прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 435 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан яллагдагч Ц.Тогоочид холбогдох эрүүгийн 201519000367 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэсэн тогтоол гарсан.

Надад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад миний хэргийг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байсан мөрдөн байцаагч н.Нармандах Төв аймгийн МХГ-ын тавьсан актуудыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчээр дахин дүгнэлт гаргуулахаар явуулаад түүний хариуд дээрх актыг үндэслэлгүй гэж ирсэн юм. Иймд надад холбогдсон эрүүгийн хэрэг дуусаагүй байсан тул би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дахь заалтын дагуу иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаагүй юм. Ц.Тогооч надад үүсгэсэн эрүүгийн хэргийн эцсийн шийдвэр гарсан хойно Шүүхийн шилжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг актнаас болж надад 1.294.700 төгрөгний гэм хорын хохирол учирсан гэж уг хохирлыг гаруулахаар 2016 оны03 дугаар сарын 11-ний өдөр хандсан боловч шүүх дээр хэрэг байх хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ татаж авсан учир дээрх актанд гомдол гаргаж захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн. Иймд дээрх актыг бүхэлд нь хүчингүй болгуулж, актад тавигдсан 1.294.000 төгрөгийг үндэслэлгүй төлүүлсэн дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгуулах шийдвэр гаргуулах, түүнчлэн шүүхээр өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулан сэргээлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч акт тавьсан. Уг байцаагч одоо тэтгэвэртээ гарсан. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа акт тавьсан учраас Мэргэжлийн хяналтын газрын энэ актийг хүчингүй болгож өгнө үү гэсэн, гэтэл бүтэц нь өөр болсон учир 1.294.700 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/-н төгрөгийг Аймгийн Санхүү, хяналт аудитын албанаас гаргуулаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн улсын байцаагчийн 19-08-026-33 тоот актаар Ц.Тогоочид цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг бодож олгохдоо Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын баталсан ажлын байрын тодорхойлолтод заасан ТҮ-9-н зэрэглэлийн цалингаас тооцохыг албан тушаалын ТҮ-11 зэрэглэлийн цалингаас тооцож 1.294.700 төгрөгийн цалин илүү бодож олгосон гэсэн акт нь үндэслэлгүй байна. Учир нь Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын2010 оны 03 сарын 23-ны өдрийн 36 тоот, 2010 оны 9 сарын 23-ны өдрийн 99 тоот, 2011 оны 03 сарын 10-ны өдрийн 32 тоот, 2012 оны 12 сарын 03-ны 61 тоот, 2012 оны 4 сарын 26-ны өдрийн 83 тоот тушаалуудыг үндэслэж цалинг олгосон нь зөв байна. Дээрх акт нь үндэслэлгүй гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Оюунтуул шинжээчийн дүгнэлт гарсан байна. Иймээс Ц.Тогоочийн эрх ашиг зөрчигдөж, цалингаасаа 1.294.700 төгрөг төлсөн нь Ц.Тогоочийг хохироосон байна гэж үзэж байна. Дээд газруудын тушаал шийдвэрүүд гарсан байхыг мэргэжлийн хяналтын байцаагч үл тоож акт гаргасан нь миний үйлчлүүлэгчийг хохироосон байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж уг актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 тоот тогтоолоор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба-нд шилжсэн тул манай байгууллага санхүүгийн хяналт шалгалттай холбоотой хариуцахгүй бөгөөд Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.Тогоочийн нэхэмжлэлд хариуцагчаар оролцох боломжгүй. Иймд холбогдох одоог хүртэл санхүүгийн хяналт шалгалтаа бие даан явуулж байгаа Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандана уу гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Төв аймгийн Санхуүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэг нь 2014 онд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанд санхүүгийн хяналт шалгалт хийхэд тус албаны дарга Ц.Тогооч нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд удирдах, хяналт тавих чиг үүрэг бүхий цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж 1.294.700 мянган төгрөгийн нэмэгдэл хөлс авсан байсан тул улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-26-33 тоот акт тогтоож төлбөрийг аймгийн орон нутгийн төсвийн орлогын 140000982 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дээрх актыг хуулийн үндэслэлтэй тоггоогдсон байна гэж үзжээ. Ц.Тогооч нь дээрх актыг хүлээн зөвшөөрч актанд гарын үсэг зурсны зэрэгцээ төлбөрийг тухайн ондоо багтаан Төв аймгийн төсвийн орлого төвлөрүүлэх 140000982 тоот дансанд төлсөн байна. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 84 тоот тушаалаар баталсан аймаг, нийслэлийн ус цаг уур,орчны шинжилгээний албаны даргын эрхлэх асуудлын схемд цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц байхаар заажээ. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь заалтуудыг зөрчин Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот. 2013оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 тоот тушаалуудаар хавсран ажилласны нэмэгдэл олгохоор заасаннь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болно. Дээрх схемээр Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагаа нь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын эрхлэх ажлын хүрээнд хамаарч байгаа тул байгууллагын төсвийн шууд захирагч Ц.Тогооч нь өөрийн удирдлага, хяналтандаа байдаг ажлыг хавсран гүйцэтгэсэн нь дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.2-т заасан заалтыг зөрчиж хавсран ажилласны нэмэгдэл авсан гэж үзжээ. Хавсран ажилласны нэмэгдэл олгохоор заасалЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот. 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 тоот тушаалууд нь Хөдөлмөрийнтухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа болно. Төрййн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасан байдаг тул тухайн актыг тогтоосон улсын байцаагч бүрэн хариуцах нь зүйтэй юм.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт,шалгалтын чиг үүрэг, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд 2014 оны 11 сард шилжиж ирсэн. Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэг нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тэтгэвэрийн тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үеийн байгууллага, улсын байцаагчийг хариуцагчаар татах нь зүйтэй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 тоот актыг хүчингүй болгуулах, тус актын дагуу төлсөн төлбөр болох 1.294.700 төгрөгийг Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн хяналт, аудитын алба-наас 1.294.700 төгрөгийн хохирлын төлбөрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг өөрчлөн тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ

Нэхэмжлэгчээс ...Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 тоот акт нь иргэн Ц.Тогооч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж гарсан акт гэдгийг би эрүүгийн хэрэгт шалгуулах явцдаа мэдсэн. Түүнээс өмнө зөвшөөрч актаар тавигдсан төлбөрийг төлсөн байсан. Энэ акттай хамт манай байгууллагад 4 акт тавьсанд, намайг байгууллагын өмч хөрөнгө хувьдаа завшсан, үрэгдүүлсэн гэж үзэж ажлаас минь халсанд шүүхийн шийдвэрээр ажилд минь эргүүлэн тогтоосон. Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг нь Сангийн яамны харъяа болж, энэ алба нь Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба болсон. ...Миний шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэж дуусаагүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр уг акт үндэслэлгүй тавигдсан байна гэсэн, иймд хууль бус актыг хүчингүй болгож, актаар төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдан оролцсон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн тайлбарт ... Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Санхүүгийн хяналт, аудитын алба-нд шилжсэн ба манай байгууллага санхүүгийн хяналт шалгалттай холбоотой ... нэхэмжлэлд хариуцагчаар оролцох боломжгүй тул санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг шилжсэн байгууллагад хүсэлтээ гаргана уу. ... [1] гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татагдсан аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас шүүхэд ирүүлсэн тайлбарт ... байгууллагын төсвийн шууд захирагч Ц.Тогооч нь өөрийн удирдлага, хяналтандаа байдаг ажлыг хавсран гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 28.1, 28.2-т заасан заалтыг зөрчиж хавсран ажилласны нэмэгдэл авсан гэж үзжээ. Жич: Хавсран ажилласны нэмэгдэл олгохоор заасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа болно. ... Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэг нь албаны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тэтгэвэрийн тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үеийн байгууллага, улсын байцаагчийг хариуцагчаар татах нь зүйтэй[2] гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий акт буюу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 19-08-026-33 дугаартай актад 2012 оноос 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн гээд ... дарга Ц.Тогоочид цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг бодож олгохдоо Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолдод заасан ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцохыг албан тушаалын ТҮ-11 зэрэглэлийн цалингаас тооцож 1.294.700 мянган төгрөгийн цалинг илүү бодож олгосон байна. гэж дүгнээд илүү тооцож олгосон гэх 1.294.700 мянган төгрөгийг Ц.Тогоочоор төлүүлэх төлбөр тогтоож, [3] нэхэмжлэгч Ц.Тогооч нь 2014 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин, хөдөлмөрийн хөлснөөс 1.294.700 мянган төгрөгийг суутгуулан Төрийн сангийн дансанд талсөн болох нь Ус цаг уур орчны шинжилгээний албаны Цалингийн тооцооны хүснэгт, мөнгөн төлбөр шилжүүлсэн Төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар[4] тогтоогдож байна.

Маргаж буй актын үндэслэлээс үзвэл Ц.Тогоочид цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг бодож олгохдоо Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцохыг албан тушаалын ТҮ-11 зэрэглэлийн цалингаас тооцож 1.294.700 мянган төгрөгийн цалинг илүү бодож олгосон гэсэн үндэслэлээр төлбөр тогтоосон байх бөгөөд Ц.Тогоочид цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг бодож олгохдоо Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга болон тус газрын захиргааны хэлтсийн дарга нарын баталсан Төв аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын ажлын байр (албан тушаалын)-ны тодорхойлолт нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар албан тушаалын ТҮ-11 зэрэглэлд хамаарахаар батлагджээ. Мөн үүнээс хойш Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36, 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 99, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 61, 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 [5] Цалин, ажил хавсарсны нэмэгдлийг шинчлэн тогтоох тухай, Цалин шинэчлэн тогтоох тухай зэрэг тушаалууд, түүний хавсралтуудаар Төв Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан тушаалын зэрэглэл нь тус тус ТҮ-11 гэж тодоройлж байснаар нэхэмжлэгчийн ажил албан тушаалын зэрэглэл ТҮ-11 байсан байна. Үүнээс маргаан бүхий актад нэхэмжлэгчийг ...газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцохыг албан тушаалын ТҮ-11 зэрэглэлийн цалингаас тооцож 1.294.700 мянган төгрөгийн цалинг илүү бодож олгосон гэсэнд, ажлын байрны тодорхойлолтод заасан ТҮ-9 зэрэглэлд хамаарах гэсэн ямар нэгэн баримт, үндэслэл байхгүй, харин эрх бүхий байгууллага албан тушаалтнаас баталсан баримтаар нэхэмжлэгч нь албан тушаалын ТҮ-11 зэрэглэлд хамаарч, тус батлагдсан баримтын үндсэн дээр цалин, нэмэгдэл авч байсан нь нотлогдсон тул маргаан бүхий актад нэхэмжлэгчийг газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцох ёстой байсан гэсэн энэ үндэслэлээр үндэслэлгүй маргаан бүхий акт гарсан нь хууль бус болсон байна.

Тодруулбал, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-тбатлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан бөгөөд хуульд заасан эрхийн хүрээнд агентлагийн даргаас гаргасан ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын цалингийн тогтоосон тушаал зэрэг баримтын дагуу нэхэмжлэгч нь ТҮ-11 гэсэн албан тушаалын зэрэглэлийн цалинтай тул түүнээс нэмэгдэл тооцож авсныг нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт албан тушаалын ТҮ-9 зэрэглэлд хамаарахаар байхад ТҮ-11 зэрэглэлээр тооцсон гэж буруутган төлбөр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Харин энэхүү хууль бус захиргааны актын хариуцагчийн хувьд Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс нь чиг үүргээрээ Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 327 дугаар тогтоолын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба болж, акт гаргасан албан тушаалтан болох Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэг нь тус албанд албан тушаалаараа шилжиж ажилласан болох нь хэргийг оролцогчдын тайлбараар тодорхойлогдон тогтоогдож байх бөгөөд, улсын байцаагч Т.Уранчимэг нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тус албанаас тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож байх тул тухайн чиг үүрэг шилжсэн байгууллага болох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь эрх залгамжлах буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актын үр дагаварыг хариуцах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө, 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж, мөнТөрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасанзэргээр хариуцагч байгууллага нь аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба болох бөгөөд тус актыг гаргасан этгээд болох Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоод, ажил үүргээ гүйцэтгэхгүй байх учир маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчид учирсан актын төлбөр, хохирлыг хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл маргаан бүхий акт түүнд дурьдсан үндэслэл нь хариуцагчийн гаргасан тайлбартай нийцээгүй, үндэслэлгүй шалтгаан үндэслэл дурьдаж тавьсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн тайлбар дахь үндэслэл нь ч мөн актын зорилгодоо нийцэхгүй тайлбар буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын баталсан тушаалыг буруутгасан нь хариуцах этгээддээ чиглээгүй буюу маргаан бүхий актад шууд хамаарах боломжгүй тайлбар гэж үзэхээр байгаа тул, тайлбарт дурьдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2012 оны 61, 2013 оны 83 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн хуулийн заалтыг зөрчсөн байгаа болно гэснээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд үндэслэл баримтгүй гарсан хууль бус маргаан бүхий актыг хүчингүй болгож, түүний улмаас төлбөр төлж эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, актын дагуу төлөгдсөн 1.294.700 мянган төгрөгийг хариуцагч Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, Төрийн хяналт шалгалтын тухай хулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 тоот актыг хүчингүй болгосугай.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 1.294.700 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/-н төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Цэрэнчимэдийн Тогоочид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР