Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 119/2018/0035/З |
Дугаар | 197 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 197
“Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг
дарга болон Засаг даргын Тамгын
газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын “Э к” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Э к” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компаний хамтын гэрээг бүртгэхийг даалгах
Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0181 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г,
Гуравдагч этгээд Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нар
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1493 дугаар “Э к” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан албан бичгийг нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өндөр сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Э к” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт “Э к” ХХК-ийн захиргаа болон нийт ажилчдын төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0181 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Б.Э-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Компанийн тухай хуулийг хэрэглээгүйд тухайд: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг зохицуулсан бөгөөд 9.2-т .Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Энэ нь "Натурал текстайл групп” ХХК-ийн хамтын гэрээгээр хүлээсэн үүргийг “Э к” ХХК нь хүлээхгүй болохыг илэрхийлж байна. Хэрэгт тус компанийн дүрэм авагдсан бөгөөд дүрмийн 3.2-т “компани нь бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээх, хувьцаа эзэмшигчийн оруулсан тодорхой тооны хувьцаанд хуваагдаж түүнийг захиран зарцуулах эрх нь иргэний хууль болон Компанийн тухай хууль, энэхүү дүрмээр хязгаарлагддаг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллана” гэж заасан.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглээгүй талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-15.5 дахь заалтуудад Хамтын гэрээ түүнийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан болон татгалзах хууль зүйн үндэслэлийг зааж өгсөн. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас “Э к” ХХК-д явуулсан албан бичиг “Танай байгууллагаас ирүүлсэн хамтын гэрээ, хурлын тэмдэглэлтэй танилцаж дараах шийдвэрийг гаргав. “Н т г” ХХК, “Эрдэнэт нашмер” ХХК, “О и м” ХХК, “Э х” ХХК, “Э т” ХХК болон “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд хөдөлмөрийн хамтын маргаан үүссэн байна. Иймд дээрх хамтын гэрээнүүдийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байх тул бүртгэхээс татгалзаж байна” гэжээ. Мөн татгалзалд дурдсан 4 компани болон “Н т г” ХХК-ийн үйлдвэрчдийн эвлэлийн хороо хамтын маргаан үүсээгүй болно. ... Хариуцагчийн татгалзал Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулиудад үндэслээгүй тул шүүхээс хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.1.7-д ажил олгогч, ажилтан, хамтын гэрээ, ажилтны төлөөлөгчид гэх нэр томъёог тодорхойлсон бөгөөд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 247 дугаартай лавлагаагаар компанийн дэргэд Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаагүй болох нь нотлогдоно. Нэгэнт дэргэд нь Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаагүй компани буюу ажил олгогч нь ажилтны төлөөлөлтэйгөө хамтын гэрээ байгуулах хууль, эрх зүйн орчин нээлттэй бөгөөд үүнээс шалтгаалан “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж болзошгүй нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын гэрээ түүнийг бүртгүүлэхтэй холбоотой зохицуулалтууд нь зөвхөн дан ганц ажилтны эрхийг дээрдүүлэхтэй холбоотой гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд ажил олгогчид Хөдөлмөрийн харилцаатай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй асуудлуудыг ажилтны төлөөлөгчидтэй харилцан тохиролцох байдлаар зохицуулах эрх олгосон зохицуулалт гэж үзнэ. Нэгэнт ажилтны төлөөлөл хамтын гэрээ байгуулах талаар саналаа ирүүлсэн тул хамтын гэрээгээ тохиролцон байгуулж хуульд заасан журмын дагуу ажил олгогч болох компани бүртгүүлэх талаар холбогдох арга хэмжээг авахаас өөр аргагүй юм.
6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.4-т заасанд нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч “Э к” ХХК нь дэргэдээ Үйлдвэрчний эвлэлгүй, толгой компани болох “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд харьяалал /гишүүнчлэл/-гүй, иймд, ажилтны төлөөлөгчидтэй байгуулсан “хамтын гэрээ”-г бүртгэж баталгаажуулахгүй байх үндэслэлгүй гэж, хариуцагч нь “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Н т г” ХХК болон түүний охин компаниуд болох “Э т”, “Э х”, “Э к”, “О и м” ХХК-ийн хооронд хамтын гэрээ байгуулах, биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар хөдөлмөрийн хамтын маргаан үүссэн,... “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь “Э к” ХХК-ийн ажилчдыг төлөөлөх Үйлдвэрчний эвлэл мөн эсэх нь хууль журмын дагуу шийдвэрлэгдээгүй байгаа тул “бүртгэх” үндэслэлгүй гэж маргасан, 2018 оны “Хамтын гэрээ” байгуулах явцад үүссэн бөгөөд “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь “Н т г” ХХК-ийн охин компаниудыг төлөөлөх эрхгүй асуудлаарх хамтын маргааныг Хөдөлмөрийн арбитраар хэлэлцэж гаргасан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөмжид “Э к” ХХК-ийн ажиллагсад нь “Н т г” ХХК /толгой компани/-ийн ажиллагсадын Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй талаар дурджээ.
9. Гэтэл, анхан шатны шүүх “Э к” ХХК-ийн ажиллагсад тус үйлдвэрчний гишүүд эсэхийг тодруулаагүй, 2018 оны 9 дүгээр сарын 3, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Хамтын гэрээ”-г ажилтны төлөөлөгчид байгуулах болсон үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд “гэрээ дуусгавар болох” талаар өөр нөхцөлийг тохиролцсон гэж гуравдагч этгээд маргасан байхад уг гэрээг хэрэгт баримтаар аваагүй атлаа 2 жилийн хугацаатай байгуулсан тус гэрээг “хугацаагаар” нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр тус тус заасанд нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
10. Түүнчлэн маргааны зүйл нь охин компани болон түүний хувьцааг эзэмшдэг толгой компанийн хүлээх үүрэг, хариуцлагатай холбоогүй учир давж заалдах шатны шүүх нь Компанийн тухай хуулийг хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
11. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн захирал М.Э-О-ы хяналтын журмаар гаргасан “... 4 компанитай “Н т г” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын маргаан үүсгээгүй, хариуцагчийн татгалзал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ...нэгэнт ажилтны төлөөлөл хамтын гэрээ байгуулахаар саналаа ирүүлж, тохиролцон байгуулсан байхад ажил олгогч компани бүртгүүлэх талаар холбогдох арга хэмжээ авсан” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ